Home Blog Page 119

БОЛОВСРОЛЫГ ХУВИРГАН ӨӨРЧЛӨХ ХҮМҮҮС БОЛ БАГШ НАР ЮМ

Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас “Хувьсаж буй боловсрол” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр дэлхий нийт боловсролын хэрхэн хувиргахаар төлөвлөж байгаа талаар боловсрол шинжлэх ухааны сайд мэдээлэл өгсөн юм.

-Байгаль, цаг уурын өөрчлөлт

-Дижитал шилжилт

-Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал

-Геополитик

-Цар тахлын нөхцөл байдал зэргээс шалтгаалан олон салбарт өөрчлөлт хийгдэнэ. Түүний нэг нь боловсролын салбар юм. Өөрчлөлт шинэчлэлийг хийх хүмүүс нь багш нар болохыг энэ үеэр онцолж байлаа.

Монголчуудын тухайд энэ өөрчлөлтийг боловсролын их нүүдэл гэж тодорхойлж байна. Суурин соёл иргэншилтэй улс орнууд аливаа өөрчлөлт шинэчлэл, шилжилт, нүүдэл суудалд төдийлөн бэлэн биш, энэ үйл явц нь урт удаан үргэлжилдэг бол Монголчууд өөрсдийн давуу байдлыг ашиглан Их нүүдэлд манлайлах боломжтой юм. Үүнийгээ ч Нью Йорк хотод болсон дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр баталж чадсан. Unesco, Unicef тэргүүлэгч 5 улсын нэгээр Монгол улсыг тодруулахдаа дараах 8 үзүүлэлтийг онцолсон юм.

Цар тахлын үеийн зайн сургалт:

-5/9 стратеги

-Medle.mn цахим платформ

-Сураад.мн хоцрогдол арилгах платформ

-Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн

-Цар тахлын үед боловсролын санхүүжилт бууруулаагүй

-Ариун цэврийн байгууламжийг сайжруулж байгаа

-Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн зэргийг нэрлэлээ.

Цаашид сургуулиуд hybrid болж, хүүхэд бүрийн онцлог, ялгаатай байдалд нийцүүлэн хичээллэж, багш нар “дасгалжуулагч”-ийн үүрэг гүйцэтгэнэ. Сургуулиуд сурагчдаас шалгалт авахын тулд биш тэдэнд ур чадвар олгохын тулд үйл ажиллагаа явуулах болно.

Шадар сайд С.Амарсайхан: Стандарт бол улс орны хөгжлийн үндэс учраас Засгийн газар энэ салбарын шинэчлэлд анхаарч байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар Стандарт, хэмжил зүйн газарт ажиллалаа.
Шадар сайд С.Амарсайхан “Стандартын байгууллага зөвхөн стандарт батлаад, эсвэл батлуулахыг хүлээгээд суудаг биш, хаана ямар стандарт шаардлагатай байна, түүнийг боловсруулах, батлуулах, мөрдүүлж хэвшүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, улмаар хяналт тавих учиртай гол байгууллага. Энэ зарчим хэдийнэ алдагдсан.
Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг тусгаж өгөөгүйгээс төрийн худалдан авалт чанаргүй болж, олон талын шүүмжлэл дагуулдаг. Иймд холбогдох хууль тогтоомж, эрх зүйн баримт бичигт стандарт, техникийн зохицуулалтыг заавал тусгах зохицуулалтыг бий болгохоос энэ салбарын шинэчлэл эхэлнэ.
“Төрийн байгууллагын тогтолцоо, бодлого, шийдвэрээс эхлээд ард иргэд, ААН-үүдийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой бүхий л салбарт стандарт хамааралтай. Улс орны хөгжлийн үндэс нь стандарт, стандарт гэдэг бол улс орны хөгжлийн гол шалгуур, Үндэсний аюулгүй байдлын нэгэн баталгаа, Хүн амын амьдралын чанарыг сайжруулах үндэс суурь нь учраас Засийн газар стандарт, хэмжил зүйн салбарын шинэчлэлд онцгой анхаарал хандуулж буй” хэмээн онцолж хэллээ.

Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Үндсэн хуулийн чиг үүргийн дагуу иргэнээ эрүүл аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Үүний гол үндэс суурь нь Стандарт. Гэтэл бүх салбарт, бүх шатандаа хямд үнийн стандарт байдаг учраас чанар ярих боломжгүй болсон. Хамгийн энгийн жишээ дурдахад Олон улсын стандартад нийцсэн эмийн чанар, Монгол Улсад худалдаалж байгаа эмийн чанарыг харьцуулахад л ямар өөр байгааг харж болно. Тиймээс стандартыг шинэчлэх, Олон улсын стандартад нийцүүлэх зайлшгүй шаардлага байгаа тул энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулна” гэсэн юм.
Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн “2022 оны стандартчиллын ажлын төлөвлөгөөнд төрийн 11 байгууллагын 107 стандартыг батлуулахаар тусгасан. Үүний 644 нэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг заавал баталгаажуулалтад хамруулахаар заасан ч одоогоор 344 буюу 53.4 хувийг баталгаажуулаад байна” гэж танилцуулгадаа хэлэв.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 235 дугаар тогтоолоор хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдалтай холбоотой шинээр болон шинэчлэн батлах 18 техникийн зохицуулалтын жагсаалтыг баталсан. Гэтэл өнөөдрийн байдлаар эцэслэн батлагдаагүй 12 техникийн зохицуулалт, 2022 оны төлөвлөгөөнд тусгасан нийт 55 стандартаас боловсруулан батлуулаагүй 25 стандарт байгааг 2022 онд багтаан боловсруулж батлуулахыг БХБЯ, ЭХЯ, ХХААХҮЯ, УУХҮЯ, ХНХЯ, ЗТХЯ, БШУЯ болон Стандарт хэмжил зүйн газар, нийслэлийн ИТХ-ын удирдлагуудад үүрэг болголоо.

Европын холбоо цөлжилт, хөрсний бохирдол, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах боломжтой гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Аксель Никэйзийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай гуравдагч хөрш болох Европын холбоо, түүний гишүүн орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг гэдгийг уулзалтын эхэнд тэмдэглээд Монгол Улс, Европын холбооны хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр хэрэгжиж, Европын холбоо манай улсад Төлөөлөгчийн газраа нээсэн нь хоёр талын харилцаанд томоохон түлхэц үзүүлж буйг онцоллоо. Мөн цар тахлын амаргүй цаг үед Европын холбоо Монгол Улстай ойр дотно хамтран ажиллаж, вакцины дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж Боомтын сэргэлтийн хүрээнд агаарын тээврийг хөгжүүлэх зорилт тавьсан. Мөн Монгол Улс ирэх жилийг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарлахаар төлөвлөж, энэ хүрээнд Европын холбооны улсуудруу хийх нислэгийн тоог нэмэхийг чухалчилж байна. Эрчим хүчний хараат байдлаас гарах зорилтын хүрээнд эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг бий болгох тэр дундаа усан цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд хэрэгжүүлэхээр “Шинэ сэргэлтийн бодлого”-доо тусгасан. Ногоон хөгжил, цөлжилтийг бууруулахад ч анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Европын холбоотой хамтран ажиллах, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзаж буйд Элчин сайд Аксель Никэйз  талархал илэрхийлээд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” нь цаг үеэ олсон, ялангуяа боомтын болон эрчим хүчний сэргэлтийн бодлого нь олон улс, бүс нутгийн хэрэгцээ сонирхолд бүрэн нийцсэн, сайн жишиг болж буйг онцлон тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын Засгийн газар төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж, эерэг үр дүн гарч эхэлснийг сайшаалаа. Европын холбоо цөлжилт, хөрсний бохирдол, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд Монгол Улсыг дэмжиж, хамтран ажиллахад нээлттэй байгааг онцоллоо.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо агаарын бохирдлын эсрэг шуурхай штаб байгуулж ажиллана

Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон Агаарын чанарын суурин харуулын Дамбадаржаа станц, “Таван толгой түлш” ХХК-ийн “Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын нэгдсэн төв”-д ажиллалаа.
Нийслэлд 197 мянган өрх сайжруулсан түлш түлж байна. Тэдгээрийн 80,758 нь стандартын бус, гэмтэлтэй зуухтай гэсэн статистик гарчээ. Үүнээс шалтгаалж галлагааны үеэр хүний амь нас, эрүүл мэнд эрсдэх аюул гарч болзошгүй учраас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг тусламж шаардлагатай өрхүүдийн зуухыг засварлах, янданг хөөлөх ажлуудыг хийж байгаа  талаар “Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын нэгдсэн төв”-өөс мэдээллээ. Мөн 44 мянган өрх угаарын хий мэдрэгчгүй байгаа нь болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагатайг харуулж байна. Агаарын бохирдол буурахгүй байгаа үндсэн шалтгааныг иргэд рүү чиглүүлэхээс илүүтэйгээр төр өөрөөс шалтгаалах арга хэмжээнүүдээ яаралтай авч хэрэгжүүлэхийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан үүрэг болголоо. Дулааны цахилгаан станцуудын утааны шүүлтүүрийг  стандартад нийцүүлэх, автомашинаас гарч байгаа хорт утаанд хяналт тавих зэрэг иргэдээс шалтгаалахгүй асуудлуудад бохирдол бууруулах үүрэг хүлээсэн албан хаагчид ажиллах цаг болсныг анхаарууллаа.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос Шуурхай штаб байгуулан ажиллана. Тус штаб нь агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийг нэн даруй хэлэлцэж, шийдлүүдээ яаралтай хэрэгжүүлэхийг ЗГХЭГ-ын дарга үүрэг болголоо.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ДАВТАН БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2019 оноос хойш Олон улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны (ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018) стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Бид стандартуудын гэрчилгээг Франц улсын баталгаажуулалтын Афнор группээс авсан бөгөөд өнгөрсөн гурван жилийн хугацаанд Нэгдсэн менежментийн тогтолцооны  стандартуудын дагуу бүтээгдэхүүний  чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон байгаль орчны үйл ажиллагаанд тасралтгүй байнгын сайжруулалт хийн ажиллаж байна.

Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудын баталгаажуулалтыг дахин магадлах зорилгоор гурван жил тутамд дахин баталгаажуулалтын аудит хийдэг бөгөөд аудитыг Афнор группийн нэрийн өмнөөс томилогдсон баталгаажуулалтын байгууллага нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффис болон Өмнөговь аймаг дахь Салбар уурхай дээр амжилттай хийж гүйцэтгэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь гэрээт, туслан гүйцэтгэгч компаниудад нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудыг нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд  давтан баталгаажуулалтын аудитын баг, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэгдсэн менежментийн тогтолцооны багийн гишүүдийн хамт Цанхийн баруун болон зүүн уурхайн гэрээт олборлогч “Хишиг арвин индустриал” ХХК, “ТиТиЖиВиСиӨү” ХХК, “Платинум Ланд” ХХК-д очиж стандарт нэвтрүүлэлтийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Европын хөрөнгө оруулалтын банкны Хятад, Монголыг хариуцсан Төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү нар Европын хөрөнгө оруулалтын банкны Хятад, Монголыг хариуцсан Төлөөлөгчийн газрын дарга Ауво Кайкконен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.  Уулзалтын үеэр талууд өөрсдийн үйл ажиллагаа, стратегийн чиглэл, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ядуурлыг бууруулах, авлига, хүнд суртлыг халах, байгаль орчныг хамгаалах, баялгийн шударга хуваарилалт, бизнесийн орчныг сайжруулах зэрэгт онцгой анхаарч байгааг зөвлөхүүд тэмдэглэв.

Энэ хүрээнд хоорондоо цогц уялдаатай “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн санаачлан хэрэгжүүлж байгааг дурдав.

Зөвлөхүүд мөн Монгол Улсыг Европын ногоон санаачилгын нэг хэсэг болох “Ойн түншлэл” хөтөлбөрт урьж, тус хөтөлбөрт хамрагдах Ази тивийн анхны улс болох боломж олгосонд талархаж байгаагаа илэрхийлэв.

Европын хөрөнгө оруулалтын банкны Хятад, Монгол хариуцсан Төлөөлөгчийн газрын дарга Ауво Кайкконен Монгол Улсын хөгжлийн гол шинэчлэлүүдийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд, Монгол Улсад хэрэгжиж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцууллаа.

Талууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний гурван хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, хамтран ажиллах шинэ боломжуудыг эрэлхийлэх, харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Дархан-Уул аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дархан-Уул аймгийн “Шинэ орчин трейд” ХХК, “Өег гурил” ХХК, “Дархан-Эрдэнэ мах комбинат” ХХК-д ажиллалаа.

Дархан-Уул аймаг улсын хэмжээнд газар тариалангийн 4.2 хувь, төмсний 4.4 хувь, хүнсний ногооны 18 хувийг үйлдвэрлэдэг. Тус аймаг энэ жил 22 мянга гаруй га талбайд, түүний дотор 646 га-д төмс, 1,525 га-д хүнсний ногоо, 549 га-д малын тэжээл тариалжээ. 46 мянган тн ургац хурааж авах урьдчилсан баланс гарсан байна.

2022 онд улсын хэмжээнд 330 мянган тн улаанбуудай хурааж авах бөгөөд  гурилын хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломжтой юм.

Мөн 480 гаруй мянган тн мах бэлтгэж, 350 мянга гаруй тн-ыг нь дотоодын хэрэгцээнд нөөцлөн, 50 мянга гаруй тн-ыг экспортод гаргахаар төлөвлөсөн.

Мах бэлтгэх болон боловсруулах үйлдвэрүүд дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэсэн тооцоог салбарын яам гаргасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллан, ургац хураалтын явцтай танилцаж, газар тариалан эрхлэгчидтэй уулзаж байна. Төв аймаг нийт төмс, хүнсний ногооны хэрэгцээний 70 хувийг хангадаг бөгөөд 7,607 га-д улаанбуудай, 256 га-д арвай, 1,967 га-д овьёос, 1, 824 га-д малын тэжээл, 6,429 га-д тосны ургамал, 238,4 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, ургац хураалт 36 хувьтай бна. Тариаланчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөнийг талархан хүлээн авч, бүх боломжоо дайчлан ажиллаж байгаагаа хэллээ. Мөн төмс, хүнсний ногоогоо зах зээлд борлуулахад хүндрэл үүсдэг учир энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг хүсэж байлаа.

Ирэх таван жилийн дотор хүнсний 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилт дэвшүүлсэн. Энэ жил төмс, хүнсний ногооны тариалалт хоёр дахин нэмэгдсэн нь үүний үр дүн. Цаашид “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд газар тариалан эрхлэгчдээ бүх талаар дэмжинэ гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Сэлэнгэ аймгийн “Өгөөж Мандал Уул” ХКК-ийн ургац хураалтын явцтай танилцаж, тариалангийн талбайн ойн зурвас, мод үржүүлгийн төвд ажиллалаа. Сэлэнгэ аймгийн хэмжээнд үр тариа хураалт 32, төмс, хүнсний ногооны хураалт 60 хувьтай байна. 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 55 мянган тн улаанбуудай, 964 тн тэжээлийн ургамал, 4 мянган тн тосны ургамал, 15 мянган тн төмс, 20 мянган тн хүнсний ногоо хурааж авчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн өдөр Дархан-Уул аймгийн “Шинэ орчин трейд” ХХК, “Өег гурил” ХХК болон “Дархан-Эрдэнэ мах комбинат” ХХК-д ажиллана.

Энэ онд улсын хэмжээнд 470 мянган тн үр тариа, үүнээс 441 мянган тн улаанбуудай, 234 мянган тн төмс, 126 мянган тн хүнсний ногоо, 56 мянган тн  тосны ургамал, 104 мянган тн малын тэжээлийн ургамал хураан авах төлөв гарсан.

Ингэснээр улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 хувь, таримал тэжээлийн 50 хувь, тослог ургамлын 32 хувийг  дотоодоос хангах боломж бүрдэх бөгөөд хүнсний ногооны үйлдвэрлэл өнгөрсөн жилийнхээс 10 гаруй хувиар өсөхөөр байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш-тэй уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш-т манай урилгыг хүлээн авч, Монгол Улсад айлчилсанд талархал илэрхийлэв.

Монгол Улс НҮБ-тай хөгжүүлж ирсэн харилцаа, хамтын ажиллагаанд тэргүүлэх чухал ач холбогдол өгч, тус байгууллагын хүрээнд дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж ирснийг тэмдэглэлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улсад айлчилсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын улс төр, эдийн засгийн хөгжил тогтвортой байгаа төдийгүй энхийг эрхэмлэгч, энх тайванч улсын хувьд бүс нутгийн болон олон улсын өмнө тулгарч буй чухал асуудалд идэвхтэй байр суурьтай оролцдогийг өндрөөр үнэлдэг гэдгээ энэ үеэр хэллээ.

Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын өнгөрсөн 08 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ярилцаж, тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгоход анхаарч, идэвхтэй хамтран ажиллахаа талууд нотоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Борут Пахор-тай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Борут Пахор-тай уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын эхэнд Монгол, Словенийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн босгон дээр уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ. Хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхийн төлөө байгаагаа хэлэв.

Талууд харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлал, ойн менежмент зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтойг тэмдэглэлээ.