Home Blog Page 118

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бараалхав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг дээдэлсэн нийтлэг үнэт зүйлстэй “гуравдагч хөрш” Канад Улстай “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн хүрээнд улс төр, эдийн засаг болон бусад чиглэлээр  харилцаа, хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Сенатын танхимын дарга хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр айлчилж байгаа нь харилцааг “Иж бүрэн түншлэл”-д хүргэх зорилтыг урагшлуулах, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, шинэ агуулгаар баяжуулахад чухал хувь нэмэртэйг  онцлов.

Мөн Канад Улсын иргэд Монгол Улсад визгүй зорчдог. Монгол иргэдийг Канад Улсад зорчих визийн асуудлыг хөнгөвчлөх чиглэлээр анхаарч ажиллахыг хүсэв.

Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр талын түншлэл, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх зорилгоор айлчилж байгаагаа тэмдэглэв.

Тэрбээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа  бэхжиж, уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг олон салбарт хөгжих өргөн боломж байгааг дурдав.

Уулзалтын үеэр худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах, энхийг сахиулах, байгаль орчин, боловсрол зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Мөн Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд  хамтран ажиллах талаар ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн өдөрлөгт оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан өдөрлөгт оролцов.

Тэрбээр өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ, “Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллаж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд талархал илэрхийлэв.

Үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш мод үржүүлгийн газрууд улсын хэмжээнд 37 сая тарьц, суулгацын нөөцтэй болсон нь жилийн өмнөхтэй харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэнийг тодотгов.

Цаашид удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт зэрэгт анхаарах, тарьц, суулгацын нөөцийг улам нэмэх, аж ахуйн нэгжүүдийн техникийн болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах, сайн туршлага, шилдэг технологи, инновац нэвтрүүлэх нь чухал байгааг тэмдэглэв.

Өдөрлөгийн үеэр нийслэлийн Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сурагчдыг модлог ургамлын тарьцыг бортогонд үрээр ургуулах арга зүйн сургалтад хамруулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, “НҮБ-ын нийгэмлэг” НҮТББ-тай хамтран “НҮБ-ын залуу төлөөлөгч-Байгаль орчны манлайлал” хөтөлбөр зохион байгуулсан.

Энэ хөтөлбөрийн шилдэг хоёр оролцогчийг ирэх саруудад Арабын Бүгд Найрамдах Египет Улс болон Канад Улсад болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын талуудын XXVII бага хурал, Биологийн олон янз байдлын тухай конвенцын талуудын XV бага хуралд оролцох эрхээр шагнасныг гардуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллага, бордоо үйлдвэрлэгчид, ойн аж ахуйн машин, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн-худалдаанд оролцогсдын төлөөлөлтэй уулзлаа.

Өнөөдрөөс эхлэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд www.modlog.mn цахим биржээр дамжуулан тарьц, суулгацаа зарах, худалдан авах боломжтой болсныг Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооны тэргүүн Ц.Бямбасүрэн танилцуулав.

Өдөрлөгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн, Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо, “Байгаль орчны мэдээлэл, сургалтын төв” ТББ, МУИС-ийн “Экологийн боловсролын төв” хамтран зохион байгууллаа.

ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Ханыг хүлээн авч уулзав

Уулзалтын эхэнд, Соёлын сайд Ч.Номин Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа–2050” болон Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг чухалчлан авч үзэж байгааг дурдаад, соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Монгол Улс цаашдаа ч соёлын биет болон биет бус өвийг хамгаалахад ЮНЕСКО-той үргэлжлүүлэн хамтран ажиллаж, хүн төрөлхтний соёлын ололт амжилтаас хуваалцаж, мөн хувь нэмрээ оруулна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн хооронд шинэчлэн байгуулсан хамтын ажиллагааны санамж бичигт туссан үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд ЮНЕСКО-гийн Соёлын салбарын олон улсын хурлыг 2023 онд Улаанбаатар хотноо хамтран зохион байгуулах, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй сорилтуудыг даван туулахад бодит хувь нэмэр оруулна хэмээн үзэж Монгол Улсын соёл, урлагийн салбарын томоохон төлөөлөл болсон уран бүтээлчдийг ЮНЕСКО-гийн Сайн үйлсийн Элч (UNESCO Goodwill Ambassador)-ээр томилох санаачилгыг гарган ажиллаж байгааг дурдаж энэхүү санаачилгыг хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцов.

ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан нүүдэлчин соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалах, соёлын салбарт тулгарч буй саад бэрхшээлийг даван туулахад Монгол Улсын гаргаж буй хүчин чармайлт нь бүс нутгийн хэмжээнд өндрөөр үнэлэгдэж байгааг дурдаад Монгол Улсын Соёлын яамны зүгээс хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр дэвшүүлж буй санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

3000 УУРХАЙЧИН 30000 МОД ТАРИЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК Үндэсний Мод тарих өдрийн хүрээнд “3000 уурхайчин 30000 мод” өдөрлөг зохион байгуулж, гэрээт болон туслан гүйцэтгэгч компанийн ажиллагсад, уурхайчидтай хамтран Өмнөговь аймгийн Цогтцэций суманд уурхайн бүс нутаг болон төлөвлөсөн хэсгүүдэд 30000 мод тарьлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэн 180 сая мод тарихаар төлөвлөн ажиллаж байна.

“Хүрээ” амаржих газрын шинэ барилгын ажил эхэллээ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 150 ортой шинэ барилга баригдаж эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтэд нь оролцлоо.

Монгол Улсын Засгийн газраас хүн амын эрүүл мэнд тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад онцгой анхаарал хандуулж буй. Хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газар 1959 онд үүд хаалгаа нээсэн, энэ хугацаанд 350 гаруй мянган шинэ иргэнийг өлгийдөн авчээ. Мөн олон мянган эмэгтэйчүүдэд эх барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Тус эмнэлгийн барилга хуучирсан, 63 жилийн дараа шинэ барилгын ажлыг ийн эхлүүллээ.

Засгийн газар түүхэндээ анх удаа буюу 2021 онд эрүүл мэндийн салбарт 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь тус салбарт сүүлийн 12 жилд хийгдсэн нийт хөрөнгө оруулалттай тэнцэж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэхэд зориулж 2021 онд Хөвсгөл, Увс, Дорнод аймаг, Баянзүрх дүүргийн хүүхдийн эмнэлгийн барилга, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Өргөө амаржих газрын засвар, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Эх, нярайн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг зарцуулсан.

2022 онд энэхүү хөрөнгө оруулалтын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн “Нөхөн үржихүйн болон хүүхдийн зөвлөх поликлиник”, “Хүрээ” амаржих газрын шинэ эмнэлэг гэх мэт томоохон барилга, тоног төхөөрөмжийн хөрөнгийг шийдвэрлэн ажиллаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны зургадугаар сарын 1-нд “Хүрээ” амаржих газрын үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд 10 жил хүлээгдээд буй шинэ барилгын асуудлыг шуурхай шийдвэрлэж өгөхийг Засгийн газрын тэргүүнээс хүсэж байсан юм. Шинэ барилга ашиглалтад орсноор “Хүрээ” амаржих газрын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, тусламж, үйлчилгээний төрөл, чиглэл, үйлчлэх хүрээ өргөжиж, үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэн, 80 мянга орчим эмэгтэйчүүдэд эх барих, нярайн, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг иж бүрнээр нь үзүүлэх боломжтой болно.

“Хүрээ” амаржих газрын барилгын ажлыг “Өгөөмөр дэнж “ ХХК гүйцэтгэж, 2024 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар 2022 оны аравдугаар сарын 12- 15-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэ удаагийн айлчлал нь ХБНГУ-тай дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольцтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцана. Түүнчлэн  ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайерт бараалхаж, Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд зэрэг Засгийн газрын зарим гишүүнтэй албан уулзалтууд хийнэ. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Европ дахь Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв”-тэй танилцаж, “Дойче Велле” мэдээллийн агентлагт ярилцлага өгнө.

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн орон нутагт амжилттай хэрэгжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор Баянхонгор аймагт 2022 оны 10 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд нээлттэй өдөрлөг зохион байгуулав. Энэ үеэр зохистой хооллолт, эрүүл зан үйл, нийтийн биеийн тамир, эрүүл мэндийн боловсролын талаар сурталчлан таниулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх олон талт арга хэмжээ зохиов.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, 20 сумын Засаг дарга болон байгууллагуудын 150 гаруй төлөөлөл, 450 орчим иргэнд үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж, “Эрүүл Баянхонгор аймаг” хөтөлбөр хэрэгжүүлэх арга зам, иргэдийн оролцоо, санал, сэтгэгдлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Баянхонгор аймаг архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, архинд донтсон иргэдийг эмчлэн эрүүлжүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр хийж байгаа ажлынхаа талаар аймгийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд танилцуулав. Өдөрлөгийн хүрээнд иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийн, зөвлөгөө өгч, түргэвчилсэн шинжилгээнд хамруулан, явуулын шүд, дотрын эмнэлгийн үйлчилгээнд 1,200 гаруй иргэнийг хамруулж, спортын уралдаан, тэмцээн зохиов.

Аймгийн хүн амын дунд түгээмэл тохиолдож буй сэргийлж болох эмгэгийн эрсдэлт хүчин зүйлс, архи, тамхины хэрэглээний өнөөгийн суурь үзүүлэлтийг тодорхойлох цогц судалгааг эхэлж, “Эрүүл Баянхонгор”, “Эрүүл сум”, “Эрсдэлгүй өрх”, “Эрүүл сургууль”, “Эрүүл хамт олон” гэсэн зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Нээлттэй өдөрлөгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгууллаа.

Өдөрлөгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Спортын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх М.Болд, “Эрүүл монгол хүн” төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн нар оролцов.

ЭХЭМҮТ “Харилцагчийн үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг амжилттай хэрэгжүүллээ

ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ-ийн үйлчилгээнд Олон Улсын жишигт нийцсэн харилцаа, хандлагын стандарт нэвтрүүлэх зорилготой “ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ”  төслийг хэрэгжүүлж дууслаа.
2021 оны 10 дугаар сард эхлүүлсэн уг төсөл бүтэн жил хэрэгжсэн бөгөөд төслийг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяагийн дэвшүүлсэн “Хамтдаа Эерэг, Халамжтай, Эелдэг, Мэдрэмжтэй, Үндэсний Төв болох”  уриан дор, өдөр тутмын үйл ажиллагаандаа эерэг харилцааг бий болгох зорилготойгоор хэрэгжүүлсэн юм.

Төслийн хүрээнд үйлчлүүлэгчдийн судалгаанд үндэслэн ЭХЭМҮТ-ийн хэмжээнд баримтлах харилцагчийн үйлчилгээний стандартыг шинээр боловсруулан гаргасан бөгөөд тус стандарт нь ЭХЭМҮТ-д иргэдээс ирдэг түгээмэл 13 төрлийн гомдол, саналыг шийдвэрлэхэд чиглэж боловсруулагдсан. Стандартыг биелүүлж ажиллахад чиглэсэн сургалтыг нийт ажилтнуудад 40 гаруй цаг зохион байгууллаа. Мөн иргэд өөрийн биеэр ирэлгүй зайнаас авч болох үйлчилгээний талаарх түгээмэл 70 орчим мэдээллийг FAQ загварын хүрээнд нийгмийн сүлжээнд түгээж, иргэдэд чирэгдэл учруулахгүй байхад чиглэсэн компанит ажлыг зохион байгуулсан байна.
Төсөл хэрэгжих хугацаанд  эмч, ажилтны харилцаа хандлагыг зөв зохистой болгох сургалтуудыг зохион байгуулж, үүнд  тус төвийн нийт 976 эмч, эмнэлэгийн мэргэжилтэн, ажилчид хамрагджээ. Мөн төслийн хүрээнд зарласан болзолт уралдааныг ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнлэгийн хамт олон тэргүүлж, батламж мөнгөн шагналаар шагнууллаа.

“ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШ НАР“-ыг бэлтгэх сургалт УНТЭ-ийг түшиглэн зохион байгуулж байна

Монголын мэс засалч эмч нарын холбоо нь ДЭМБ, ЭМЯ, Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-тэй хамтран “Аюулгүй, хямд өртөгтэй мэс засал”-ын тусламж үйлчилгээг үзүүлэх, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн хүрээнд “Үндэсний сургагч багш”-ийн сургалтыг УНТЭ-ийг түшиглэн зохион байгуулж байна.

Уг сургалтад УНТЭ, ЭХЭМҮТ, Өргөө амаржих газар, ХӨСҮТ, УГТЭ-ийн Халдварын сэргийлэлт хяналтын албаны мэргэжилтнүүд, мэс заслын эмч, сувилагч, ариутгал халдваргүйжүүлэгч зэрэг нийт 30 гаруй мэргэжилтэн хамрагдаж байна.

“Үндэсний сургагч багш”-ийн сургалтыг ДЭМБ-ын зөвлөх, ариутгалын мэргэжилтэн Жон Муррей, Марианне Коффи нар удирдан, хоёр өдрийн турш онол болон дадлагын хэлбэрээр амжилттай явуулж байна.Түүнчлэн бэлтгэгдсэн сургагч багш нар хөтөлбөрийн хүрээнд үргэлжлүүлэн орон нутгаар сургалт зохион байгуулах юм.

ҮНДЭСНИЙ ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНЫ СУУРИЙГ ТАВЬСАН УУГАН ИХ СУРГУУЛИЙН 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

1942 оны энэ өдөр МУИС-ийг байгуулж байсан юм. Монгол улсын хөгжлийн түүчээ болсон нийгэм соёлын зүтгэлтнүүд, үндэсний оюуны сор болсон олон зуун эрдэмтэн мэргэд, улс орны удирдагчид энэ их сургуулиас төрөн гарч, үндэсний хөгжлийг төдийгүй дэлхийн хэмжээний боловсрол, шинжлэх ухааны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. МУИС нь өнөөдөр 8 бүрэлдэхүүн сургууль, орон нутаг дахь 3 салбар сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, 22000 гаруй суралцагч, 1200 гаруй багш, ажилтантай дэлхийн энтэй үндэсний их сургууль болон хөгжиж байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа улс орны сорилт бэрхшээлийг шийдэх зорилго чиглэлд тэмүүлсэн дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх, эрдмийн эрх чөлөөнд тулгуурласан, судалгаанд суурилсан их сургууль бий болгох, дэлхийн жишигт хүрсэн чадварлаг хүний нөөцийг бэлтгэх сургалтын чанарыг тогтоох бодлого, үйл ажиллагаанд МУИС нь Монголын бусад их, дээд сургуулиудыг манлайлан түүчээлэх учиртай.

Цаашид Монголын дээд боловсролын хөгжлийн манлайлагч нь байж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулахад МУИС-ийн эрдэмтэн-багш, ажилтан, суралцагч, төгсөгчид чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна.

ЭРДМИЙН ХЭТ ЦАХИВААС ХӨГЖЛИЙН ГАЛ БАДАРМОЙ!