Home Blog Page 117

Умайн хүзүүний хорт хавдрын бүх төрлийн тусламж, үйлчилгээг ЭМД-аас 100 хувь хариуцна

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01-р тогтоолд тус хавдрын бүх төрлийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцахаар тусгасан. Тогтоолын хүрээнд энэхүү тусламж, үйлчилгээний эмийн эмчилгээг 628 мянган төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээг тухайн мэс заслын багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 3.043.000-4.526.000 төгрөгөөр санхүүжүүлдэг.
Улмаар өнгөрөгч наймдугаар сарын байдлаар умайн хүзүүний хорт хавдрын тусламж, үйлчилгээнд нийт 172 даатгуулагч хамрагдаж, амьдралын чанараа дээшлүүлжээ. Эдгээр иргэдийн авсан тусламж, үйлчилгээний төлбөрт ЭМД-аас 362 сая төгрөгийн санхүүжилийг ЭМБ-уудад олгоод байна.

Та умайн хүзүүн хор хавдрын тусламж, үйчилгээг ХСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сонгдо, Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг зэрэг ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн нийт 30 гаруй эмнэлгээс авах боломжтой.  Хэрэв ЭМД-тай гэрээт эмнэлгүүд иргэнээс нэмэлт төлбөр авсан тохиолдолд “Хэрэглэгчтэй харилцах төв”-ийн лавлах утас 1800-1363 дугаарын утсанд мэдээллэх боломжтой.

З.ЗОЛЖАРГАЛ: “БОРТОГО” ХЭРЭГЛЭСНЭЭР ТҮЛШЭЭ ХОЁР ДАХИН ХЭМНЭЖ, УТААНЫ БОХИРДЛЫГ 17 ДАХИН БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ

-Юун түрүүнд өөрийгөө танилцуулаач. “Бортого” гээд таны бүтээсэн бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлэх гэж байна. Өмнө нь та энэ чиглэлээр ажиллаж байв уу?

Би өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийг төгсөөд ШУТИС-ийг инженер, математикч мэргэжлээр төгссөн. 2006 оноос л сонирхлоороо шинэ бүтээгдэхүүн зохиох, турших ажлыг хийж эхэлсэн гэж болно. Анхны бүтээл маань гадаа ил зогсоол дээр тавьсан автомашиныг халаах төхөөрөмж. Мөн дулаалгын материал, цонхны шүүлтүүр гээд янз бүрийн л бүтээгдэхүүн хийж, шинэ бүтээлийн патент авч байлаа. Утааны бохирдлыг бууруулах талаар 2012 оноос судалгаа хийж, эхлээд яндангийн шүүлтүүрийг бүх төрлөөр нь судалж, мөн зуухны шаталтын технологи, утааны шүүлтүүр гээд олон төрлийн туршилт, судалгааны ажил хийлээ. Өнгөрсөн хугацаанд яндангийн шүүлтүүр, шаталтын технологи гээд судалж байхдаа инновацийн уралдаан тэмцээнд оролцоод түрүүлсэн нь ч бий, шагналт байр ч авсан. Гэхдээ ихэвчлэн яндангийн шүүлтүүрийн технологиуд дээр төвлөрч ажиллаж байсан юм. Яндангийн цахилгаан шүүлтүүр маань хэрэглээнд нэвтрэхэд жаахан түвэгтэй л байсан. Заавал кноп дарна. Тухайн айлыг хэрэглэж байгаа эсэхийг мэдэж, хянахад тун хэцүү. Дээрээс нь, айлын амьдралын хэв маяг, нөхцөл байдлаас хамаараад ажиллуулах эсэх нь тодорхойгүй бас өртөг нь жаахан өндөр гарсан. Зөвхөн утаа шүүх болохоор иргэдийн хувьд худалдаж авч хэрэглэх эсэх нь ч эргэлзээтэй байлаа. Тийм учраас эргээд шаталтын технологи руу судалгаа хийж эхэлсэн. Утааны шүүлтүүрт илүү ач холбогдол өгч зүтгэж байхдаа хамгийн гол нь зөв шатаах юм байна гэдгийг ойлгосон. Өөрөөр хэлбэл, бүрэн шаталт явагдвал өндөр хэмжээнд утааг цэвэршүүлж чадна гэсэн үг.

Утаагүй зуух гээд нэг төсөл явсан. Улсын төсвөөс ч багагүй мөнгө зарцуулсан. Гэхдээ үр дүнтэй төсөл болсон уу гэвэл “тийм” гэх хүн гарахгүй л болов уу. Тэгэхээр таны “бортого” гэх бүтээгдэхүүнийг бас хүлээж авахад хүндрэл тулгарах л байх. Та гол давуу талыг нь танилцуулаач?

Өнөөдөр утааны бохирдлын талаар манайхан гайгүй сайн мэддэг болсон. CO2, PM 2.5, PM 10, хүхрийн хүчил, азотын исэл гээд. Утааны бохирдлоос гардаг PM2.5 тоосонцор,  нүүрсхүчлийн дутуу исэл бол өндөр температурт шатсан тохиолдолд бохирдлын хэмжээ нь их хэмжээгээр багасдаг. Тэгэхээр эхлээд түлшээ зөв шатаах ёстой. Агаарын хэмжээ, түлшний шаталтын хэм, агаарын соролтын хурд гээд зохистой харьцаа байж гэмээнэ зөв шаталт явагдана. Зуух нь ч тухайн хийцдээ тохиромжтой байх ёстой.

Гэтэл манайхан таны хэлээд байгаачлан “төслийн зуух гээд их хэмжээний мөнгө үрсэн. Утаа багасаагүй, үр ашиггүй төсөл болсон. Тийм учраас ахиад зуух гэж ярихгүй” гэдэг ойлголттой болсон байдаг. Энэ бол шаталтын технологи гэж байхгүй гэдэгтэй огт ялгаагүй мэссэж олон нийтэд өгсөн. Үнэндээ зуухны технологи хөгжиж байж хамгийн зөвийг бий болгоно биз дээ.  Би эхлээд зуух хийх гээд судалгаа, туршилт хийж байсан ч дээрх яриа, ойлголтоос үүдээд одоо ашиглаж байгаа зуухыг нь хамгийн хямд өртгөөр хэрхэн сайжруулах вэ гэдэгт төвлөрч техникийн шийдлээ гаргаад ажиллах нь илүү үр дүнтэй юм байна гээд судалгаа туршилтаа хийсэн. Мэдээж өнөөдрийн бортогыг хийхийн тулд 17 төрлийн загвар гаргаж, туршсан. Дуртай, сонирхолтой зүйлээ хийж байсан болохоор цаг зав, хөрөнгө мөнгө үрсээн, үрсэн. Эцэст нь, хамгийн хялбар, өртөг багатай, хэрэглэхэд тохиромжтой, эдийн засгийн хэмнэлттэй, утаа бага нь энэ бортого буюу түлш хэмнэгч бүтээгдэхүүн гэдгийг л туршилтаар батлаад байна.

Гаднаасаа төмөр сав шиг харагдаж байна. Яг  технологийг нь уншигчдад ойлгомжтой байдлаар тайлбарлаад өгөөч. Мэдээж зуухан дотор энэ савыг байрлуулбал түлш хэмнэх юм байна гэдгийг ойлгож байна. Харин утааны бохирдлыг бууруулах тал дээр тайлбар авмаар байна?

Агаарын бохирдлын хоёр том шалтгаан байна. Технологийн болон хэрэглээний гэсэн. Бид буруу галлагаа хийх нөхцөлийг бүрдүүлсэн технологитой зуух хэрэглэдэг. Төслийн зуух ч ялгаагүй. Гадаадаас худалдаж авдаг. Инженерүүд нь хүн амынхаа хэрэглээ, соёл, ахуй орчноос хамаарч, тухайн улс орондоо зохицсон зуух хийдэг. Гэтэл манай Монголын уур амьсгал, соёл, хэрэглээ, амьдралын хэв маяг өөр. Инженерүүд маань өөрийн орны онцлогт тохирсон зуух зохион бүтээж, үйлдвэрлэх ёстой. Манайх шиг хүйтэн сэрүүн уур амьсгалтай, монгол гэртээ амьдарч байгаа нөхцөлд гал түлэх хэрэглээ хэсэгтээ л байх нь ойлгомжтой. Тиймээс  технологио бид заавал хөгжүүлж байх ёстой.

Шахмал түлш болон төслийн зуухыг ашиглахдаа уг нь дээрээс нь галлана гэсэн заавар анх өгдөг. Утаа нь яндан руугаа татагдахдаа гал дөлөөрөө дамжаад PM2.5 болон CO2 нь шатаад бохирдол нь багасч байна гэдгийг нь тогтоогоод энэ зуухыг авч хэрэглэсэн юм. Харамсалтай нь, дахин галлагаа буюу дараагийн галлагаа дээрээ хэрхэх вэ гэдгээ тодорхойлоогүй. Үндсэн технологиороо дээрээс нь галлах ёстой учраас дараагийн түлшээ ахиад л дээрээс нь галлах ёстой. Цогоо аваад түлшээ хийгээд дээрээс нь галлах ёстой байтал хүмүүст галлах бүртээ ийм үйлдэл хийх нь түвэгтэй санагддаг учраас цогон дээрээ түлшээ хийчихдэг. Үүнээс нь болоод цогон дээрх түлш уугиад гарч байгаа утаа нь асар их бохирдолтой болдог юм. Төслийн зуух хэрэглэсний ач холбогдол буурчихаж байгаа биз. Гол асуудал нь энэ. Уугиад байх чинь утаанаас гадна түлшний хэмнэлтгүй гэсэн үг. Энэ асуудлыг л бортого шийдсэн гэсэн үг. Бортого гэдэг чинь цлиндр хэлбэртэй, түлшний суурьтай, шаталтын ам буюу нээлхийтэй, дээрээ тагтай эд.

Утаа нь бортгоны нээлхийгээр буюу заавал гал дөлөөр дамжиж л гарна гэсэн үг. Тэгэхээр цогон дээр түлшээ хийсэн ч утааны бохирдол, хор багасна гэж ойлгож болно. Бүх төрлийн уламжлалт зууханд таарахаар эхний ээлжинд хийсэн л дээ.

Бортого хэрэглэснээс яг хэдэн хувиар түлшээ хэмнээд утааны бохирдол хэдэн хувиар буурч байна вэ?

Бортого нь түлшийг хэдэн хувь хэмнээд, утааны бохирдлыг хэдэн хувиар бууруулж байна вэ гэдэг нь мэргэжлийн лабораторын үзүүлэлтээр гардаг. Эхний бүтээлийнхээ туршилтыг хийгээд лабораторт шинжлүүлэхэд утааны бохирдлын хэмжээ 17 дахин бага, түлшийг хоёр дахин хэмнэж байна гэж гарсан.  Монгол Улсын MNC52:16 стандартад шууд тэнцсэн. 2016 онд энэ стандартыг шинэчилж, үзүүлэлтийг нэлээн чангаруулсан юм. Тэр стандартдаа бортого тэнцээд гарч ирсэн л дээ.

Бүтээлийн эхний хувилбар хэзээ бэлэн болоод хэдий хугацаанд туршилт хийж байгаад ахуйд нэвтрүүлж байна вэ. Нэгж бүтээгдэхүүний үнэ хэд вэ?

Анх 2018 онд талбай дээр болсон үзэсгэлэнгийн үеэр энэ бүтээлээ  танилцуулсан юм. Бүтээл анхны хэлбэрээр гарч байхад “Тавантолгой түлш “компани мөн сайжруулсан түлшээ үйлдвэрлэж эхэлж байсан. Тус компанийн зүгээс нэлээн сайшааж хүлээж авсан бөгөөд лицензийн гэрээ хийгээд хамтарч ажиллах санал тавьсан.  Ингээд хамтраад хөгжүүлээд явсан. Миний баримжаагаар нэгж бүтээгдэхүүн дунджаар 75 мянган төгрөгөөр гарч байгаа.

Зөв галлагаа хийгээгүй, яндангаа хөөлөөгүй гэх зэргээс болж угаартах тохиолдол багагүй гарсан учраас айл бүрт угаарын хий мэдрэгч тавьсан. Гэвч угаарын хий мэдрэгчээ асаахгүй орхих, хэрэглэхгүй байх тохиолдол зөндөө л гарч байна. Тэгэхээр бортогыг хэрэглээнд нэвтрүүлэхэд тусгай заавар зөвлөмж өгөх үү?

Угаарын хий гэдэг чинь яндан бөглөрөхтэй нэгдүгээрт холбоотой. Дутуу шаталтаас үүссэн утааны хийн бохирдол нь яндан бөглөрөхөд хүргэдэг. Ханан пийшин гэдэг бол маш нарийн технологитой. Гэтэл манайхан хэн дуртай нь өрчихдөг. Мөн зуухны бүрэн бүтэн байдал тун чухал. Зуухандаа битүүртэл хог, нүүрс чихсэнээс үүдээд угаар үүсдэг. Дээрээс нь хүмүүсийн хайхрамжгүй байдал, хэрэглээтэй шууд холбоотой л доо.

Бортого тавиад угаарын хий багасгаж байгаа ч яндангийн таталт муу бол ялгаагүй угаартах эрсдэл үүснэ шүү дээ. Ер нь, яндан бөглөрвөл л шаталтын технологи муудна гэсэн үг.  Бортогоны хувьд хэрэглээний зааврыг тодорхой бичиж өгч байгаа. “Ариун гал” фэйж хуудаснаас хэрэглэх заавар танилцуулгыг харж болно. Шинэ бүтээгдэхүүн учраас өөрийн гэсэн хэрэглэх заавартай. Эхний ээлжийн бүтээгдэхүүнээсээ л үр дүнгээ мэдрэх хэрэгтэй. Миний бодлоор жишээ нь Морингийн даваа орчмын айлуудад ч юм уу, яг бүсчилж хэрэглүүлж үзэх хэрэгтэй. Уг нь ойлгоход, галлахад хэцүү зүйл ерөөсөө биш.

Та түрүүн утааны бохирдлыг 17 дахин бууруулж байна гэсэн. Тоогоор илэрхийлбэл?

Цогон дээр түлш хийж буруу галласнаар 1 куб.метрт 1124 тоосонцор буюу PM2.5 үүсч байдаг. Тэгвэл түлш хэмнэгч хэрэглэснээр 70 болж буурч байгаа. Тэгэхээр 17 дахин багасч байна гэсэн үг. Гэхдээ яг зааврын дагуу галлаж чадахгүй байх тохиолдол гарах л байх. Тэгсэн тохиолдолд арай өөр үзүүлэлт гарна. Гэсэн ч багадаа 4 дахин бууруулж чадна.

“Бортого” гээд яриад эхлэнгүүт олон нийтээс шүүмжлэл ирэх нь тодорхой. Ач холбогдлыг нь зөв таниулах тал дээр хэрхэн ажиллаж байгаа юм бэ?

Байх ёстой зүйл л гэж хүлээж авна даа. Боломжоороо л туршилтаар, практикаар олон нийтэд таниулах ажлыг хийнэ. 70 мянган төгрөгийн бүтээгдэхүүнээр түлшээ хоёр дахин хэмнээд, утааг 17 дахин бууруулж байна. Дээрээс нь хэрэглэхэд хялбар, ойлгомжтой гэхээр манайхан маш хурдан хэрэглээндээ нэвтрүүлээд эхлэх л болов уу. Мөн зуухныхаа халаах хэмжээг ч  энгийн хэрэглээгээр тохируулах боломжтой. Зөвхөн шахмал түлш гэлтгүй түүхий нүүрсэнд ч ашиглах боломжтой юм шүү. Тэгэхээр орон нутагт ч ашиглаж болно. Маш энгийн заавар зөвлөмжтэй.

Бортогоор хэрвээ утааны бохирдлыг хэмжээг багасгаад түлшээ хэмнэж байгаа юм бол сайжруулсан түлш гэж хийх шаардлага байна уу гэх асуулт гарч байна?

Байлгүй яахав ээ. Түлшээ сайжруулна гэдэг чинь нэгдүгээрт, агаарын бохирдлыг бууруулж байгаа. Хоёрт, байнга технологио сайжруулж байх ёстой. Дагаад зуухны технологи ч сайжрах ёстой. Дэлхий нийтээрээ түүхий нүүрснээс аль болох татгалзахыг эрмэлзэж байна. Тэгэхээр сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр байгаль орчны элдэв нөлөөллөөс гадна улсад болон өрхөд маш олон зардал хэмнэгдэнэ шүү дээ.

ЭНЭҮТ II хөхний хавдрын буюу маммографийн оношилгоог харьяалал харгалзахгүй хийж байна

Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II” нь оношилгоо, эмчилгээний нэр төрлөө нэмэгдүүлэх, иргэдэд хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хөрөнгөөрөө шинэ тоног төхөөрөмжийг худалдан авч, суурилуулах ажлыг шат дараатай хийж байна.

Үүний нэг болох хөхний хавдрын эрт илрүүлэг оношилгооны AIDIA брендийн “Маммографийн аппарат”-ыг хиймэл оюун ухаанаар онош унших программын хамт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 01-ний өдөр суурилуулан үйлчилгээнд нэвтрүүлээд байна.

Хиймэл оюун ухаанаар онош унших программын тусламжтайгаар оношилгоог шинэ түвшинд гаргахаас гадна цаг хугацааг хэмнэх бүрэн боломжтой болжээ.
ЭНЭҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Э.Соёл-Эрдэнэ “Тус аппаратын онцлог нь богино хугацаанд буюу гурван секундэд өвчтөнд зовиур багатайгаар шинжилгээ авч, оношийг тодорхойлдог. Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй ажлын өдрүүдэд үйлчлүүлэх бүрэн боломжтой. ” хэмээлээ. Өнөөдрийн байдлаар нийт 300 гаруй иргэнд энэ төрлийн шинжилгээг хийжээ.

Томуугийн эсрэг вакциныг МАРГААШААС хийж эхэлнэ

Монгол Улсын Засгийн газар жилээс жилд томуугийн эсрэг вакцины тоо хэмжээг нэмэгдүүлж, хүн амаа вакцинаар сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ жил БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг А, В хүрээний хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакциныг хүлээн авч дархлаажуулалтыг 10 дугаар сарын 15-ны өдрөөс зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Томуугийн эсрэг вакцинаар томуугийн өвчлөлд өртөмхий
  • 65-аас дээш насны
  • Архаг хууч өвчтэй хүн ам
  • Эрүүл мэндийн ажилтан,
  • 1-5 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийх бөгөөд харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон цэцэрлэг дээр дархлаажуулалтын түр цэг байгуулан вакцинжуулна.
Хүүхдүүдэд вакцин хийхийн өмнө эцэг, эх, асран хамгаалагч нарт вакцины талаарх мэдээллийг хүүхдийн байгууллагаар дамжуулан өгч, тухайн хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын бусад вакцинд хамрагдаагүй, аливаа нэг халдварт өвчнөөр өвдөөгүй болохыг баталгаажуулан эцэг эхийн зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зуруулсны үндсэн дээр вакцинжуулна.

Мөн 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн, эрүүл мэндийн ажилтнууд харьяа эрүүл мэндийн байгууллага болон ӨЭМТ-ийн дархлаажуулалтын нэгжүүдэд вакцинаа хийлгэнэ.
Томуугийн сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн амбулаторийн 114 тоот дархлаажуулалтын кабинетаар дамжуулан сайн дурын үндсэн дээр иргэд төлбөрөө төлөн хамрагдана.

Дархлаажуулалт нь халдварт өвчнөөр зөвхөн нэг хүүхдийг өвчлүүлэхгүй байх асуудал биш, олныг хамарсан дэгдэлт, цартахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг ба дэлхийн 194 орон бага насны хүүхдийг томуугийн вакцинаар дархлаажуулж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Тиймээс эцэг, эхчүүд томуугийн цар тахлын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс мэргэжлийн эмчийн зөвлөгөө, зөвлөмжийн дагуу үр хүүхдээ дархлаажуулалтад бүрэн хамруулж, томуугийн өвчлөл хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба

Д.Амарбаясгалан: Засгийн газар нийтийн тээврийг либералчлах бодлого баримтална

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нийтийн тээврийг шинэчлэх ажлын хэсэг байгуулж, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатарын хамт салбарын төлөөлөлтэй уулзлаа.

Нийслэлийн түгжрэлийг бууруулах нэг гарц нь нийтийн тээвэр боловч  тус салбар уналтад орсон.  Учир нь үнэ тарифаас шалтгаалж ашиглалт, засвар үйлчилгээний зардлаа нөхөж чаддаггүй, цалин бага, боловсон хүчний дутагдалд орсон зэрэг асуудлыг салбарын төлөөлөл  хөндөн ярив.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан  Засгийн газар нийтийн тээврийн салбарыг либералчлах бодлого баримтална гэв. Мөн тэрбээр “Хувийн хэвшлийн компаниуд нэгдсэн бүтэцтэйгээр төртэй хамтран ажиллаж, шинэчлэл хийх боломжтой. Ингэснээр нийтийн тээврийн салбар дахь төрийн оролцоо явцдаа буурч,  төрөөс татаас өгөхгүйгээр аж ахуй нэгжүүд санхүүгийн асуудлаа шийдэх боломж бүрдэнэ” гэлээ.

Нийтийн тээврийн салбарынханд тулгарч буй  өөр нэг асуудал нь ашиглалтын хугацаа дуусах дөхсөн, засвар арчлалт ихтэй автобус үйлчилгээнд явж байна. Үүнээс үүдэн зардал нэмэгддэг. Тиймээс нийтийн тээврийн автобусны стандартыг өөрчилж өгөхийг тус салбарынхан илэрхийлэв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ажлын хэсэгт нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж буй хувийн хэвшлийн компаниуд нэгдэж, төртэй хамтран ажиллах боломжтой эсэхийг судлах үүрэг өгөв.

2023 оны улсын төсвийн төсөлд нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор шийдвэрлэж, шинэ түвшинд хүргэх томоохон зорилт дэвшүүлж, 339.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгаад байгаа билээ.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХБНГУ-ЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ФРАНК-ВАЛЬТЕР ШТАЙНМАЙЕРТ БАРААЛХАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерт 2022 оны аравдугаар сарын 14-ний өдөр бараалхав.

Тэрбээр ХБНГУ-д хийж буй албан ёсны айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал түлхэц болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улсын хувьд ХБНГУ нь Европ дахь гол түнш, гуравдагч хөрш тул хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа өндөр ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж байгаа Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түншлэлд хүргэхийг зорьж буйгаа тэмдэглэв.

Ардчилал, хүний эрхийг дээдэлдэг нийтлэг үнэт зүйлстэй Монгол Улсын Ерөнхий сайд ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж байгаад баяртай байгаагаа Холбооны Ерөнхийлөгч илэрхийлж, өндөр, дээд түвшний харилцан айлчлал нь хоёр орны харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал үүрэгтэйг онцоллоо.

ХБНГУ гадаад улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааны шинэ боломж, замуудыг эрэлхийлж байгаа бөгөөд Азийн орнуудтай тухайлбал, Монгол Улстай харилцаагаа улам бүр өргөжүүлэхийг чухалчилж байна. Ирэх 2024 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиохтой холбогдуулан түүнийг үр дүнтэй тэмдэглэх, дээд түвшний айлчлал хэрэгжүүлэхээр талууд тохиролцов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр мордлоо. Ерөнхий сайдын айлчлал 2022 оны аравдугаар сарын 12- 16-нд үргэлжилнэ.

Энэ удаагийн айлчлал нь ХБНГУ-тай дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольцтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцана. Түүнчлэн ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайерт бараалхаж, Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд зэрэг Засгийн газрын зарим гишүүнтэй албан уулзалтууд хийнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Розенберг нар үдлээ.

“Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнд бүтээл хүлээн авна

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл бүтээл хүлээн авна.

“Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2011 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж байна.

Энэ жилийн үзэсгэлэнг “Чингис хаан ба Монголын их амар амгалан” сэдвээр зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнгийн бүтээлүүдийг өнөөдрөөс эхлэн Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн байранд болон Бичиг соёл төвийн bichigsoyol2020@gmail.com цахим шуудангаар хүлээн авч эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: “Чингис хаан” хаад, язгууртны музей монгол үндэстнийг оюун санаа, зүрх сэтгэл, итгэл үнэмшлийн хувьд нэгтгэн зангидна

“Чингис хаан” хаад, язгууртны музейг нээх ёслол 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр боллоо.

Музейд:

  • Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан);
  • Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан);
  • Их Монгол Улс;
  • Монголын Их эзэнт улс;
  • Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе);
  • Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим);
  • Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг байршуулсан байна.

Музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр бөгөөд үлдэх хувь нь гадаадын 10 гаруй улсын музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн  хуулбар, уран бүтээл юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх музейн нээлтэд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ,

Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Эрхэм хүндэт зочид, эрхэм нөхөд өө,

Ерөөл бэлгэ, өлзий учрал тэгш дүүрэн бүрдсэн энэ сайхан өдөр Эзэн Богд Чингис хаан болон түүний залгамжлагчдын түүхэн гавьяа, үйл хэргийг алдаршуулж, суу алдрыг мөнхжүүлэх зорилгоор, даяар Монголын ариун гал голомт, улсын нийслэл Улаанбаатар хотноо “Чингис хаан” хаад, язгууртны музейг нээж, далай их өвөг дээдэстээ гүн хүндэтгэл үзүүлэхээр Та бид хуран цуглаад байна.

Энэ жил монголчууд бидний хувьд төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс улбаатай Монгол төрийн гал голомтыг бадраан, Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсаа байгуулж, монгол үндэстний суу алдрыг дэлхий дахинд тунхаглан мандуулсан Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн тэгш ой тохиож байна.

Их эзэн Чингис хаан Монголын төдийгүй дэлхий ертөнцийн түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс суурийг цогцлооход онцгой гавьяа байгуулсан аугаа их хаан билээ.

Эзэн хаан, түүний залгамжлагчид Евроазийн өргөн уудам нутагт Ази, Европын олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил, тэмцэлдээнийг зогсоож, дэлхий ертөнцөд “Монголын их амар амгалан”-г тогтоож, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлэн, оюун санаа, шашин шүтлэг, худалдаа арилжаа, соёл, урлаг, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвжих таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан юм.

Дэлхийн улс түмэн үнэт зүйлсээ харилцан хүлээн зөвшөөрч, олон соёл иргэншил, шашин шүтлэг зэрэгцэн орших учиртайг анхлан мэдрүүлж, хүн төрөлхтний хөгжилд онцгой гавьяа байгуулсан Их Эзэн Чингис хааны түүхэн үйл хэргийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрсөн.

2005 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх тогтоол гаргаж байсан билээ. Чингис хаан бол дэлхийн олон үндэстэн, ард түмний энх тайвны төлөө тэмцэж, тив, дэлхийд амар амгаланг цогцлоон, хүн төрөлхтний өмнө аугаа үйл хэргийг бүтээсэн их хүмүүн хэмээн олон улсын түүхчид, эрдэмтэн судлаачид онцлон тэмдэглэдэг юм.

Их эзэн Чингис хаан болон түүнийг залгамжилсан их хаадынхаа үйл хэргийг монголчууд бид судлан шинжилж, хадгалан хамгаалж, улс орондоо төдийгүй дэлхий ертөнцөд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь Эзэн хаанаараа овоглосон хүн бүрийн үеийн үед эрхэмлэн дээдэлж явах учиртай ариун үүрэг мөн.

Ийм учраас Төрийн тэргүүн зарлиг буулгаж, монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн дээдэлж, Монгол төр, айл өрх, албан байгууллага бүр хүндэтгэн залж, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсан билээ.

 

Өнөөдөр та бидний өмнө сүндэрлэн байгаа “Чингис хаан” хаад, язгууртны музей манай ард түмэн, бидний үр хүүхэд, ирээдүй хойч үе маань эх орон, ард түмэн, өвөг дээдэс, үүх түүх, үнэт зүйлээрээ бахархах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, дэлхий дахинаа эх орноо сурталчлан таниулах, аугаа түүхт монгол үндэстнийг оюун санаа, зүрх сэтгэл, итгэл үнэмшлийн хувьд нэгтгэн зангидаж, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Цаашид Монгол төр, бидний ирээдүй болсон үр хүүхэд, хойч үеийнхэн маань Их хаадынхаа үйл хэргийг улам бүр үргэлжлүүлэн судалж, сурталчлан таниулж, Монгол түмний их бүтээн байгуулалт, бахдал омогшлын бэлгэдэл болсон музейг өргөтгөн, үзмэр, үйлчилгээ, сан хөмрөгийг нь арвижуулан баяжуулж, дэлхий нийтийн анхаарлыг татсан түүхийн музей, олон улсын судалгааны төв болгон хөгжүүлэх учиртай.

2019 оны Монгол Улсын Засгийн газрын 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” музей байгуулах шийдвэр гарсан цаг мөчөөс өнөөг хүртэл дэлхий нийтийг хамарсан цар тахлаас авахуулаад хүндрэл, бэрхшээл олонтоо тохиолдсон ч музейг богино хугацаанд барьж ашиглалтад орууллаа.

Монголчууд бид оюун ухаан, мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө нэгтгэн эрч хүчтэй хамтран ажиллаж чадвал  ямар ч зүйлийг хийж бүтээж чаддаг  гэдгээ энэ түүхэн бүтээн байгуулалтаар бас дахин нотлон харууллаа.

Монголын түүхэнд тодоор бичигдэн үлдэх энэ түүхэн музейг бүтээн байгуулах их үйлсэд оройлон зүтгэж, сэтгэл зүтгэлээ зориулан манлайлан оролцсон эрдэмтэн судлаачид, уран бүтээлчид, барилгачид, инженер, техникийн ажилчид, баялаг бүтээгчид, төрийн албан хаагчид, Соёлын яам, тус музейн удирдлага, хамт олон болон бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцсон бүх хүн, байгууллага, хамт олонд ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

“Чингис хаан” хаад язгууртны музей Чингис хаан судлалын олон улсын гол төв болж, их хаадын суу алдрыг дэлхий дахинаа үеийн үед түгээн дэлгэрүүлж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Дэлхийн мянганы суут хүмүүн Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмний олон зуун жилийн хүсэл мөрөөдлийн биелэл болсон Эзэн Богд Чингис хааны хүндэтгэлийн өргөө- “Чингис хаан” хаад язгууртны музейн өндөр үүдийг өргөж, алтан босгыг мялаан албан ёсоор ёслол төгөлдөр нээж байна.

Мөнх тэнгэрийн хүчин дор Их Эзэн Чингис хааны суу алдар, сүр хүч монголчууд биднийг өнө мөнхөд ивээх болтугай.

 

 

Хакухо М.Даваажаргал: Ард иргэдээ вакцинжуулж, ковид цар тахлыг амжилттай давсан Ерөнхий сайд танд талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзан мэргэжлийн сүмогийн Миягино дэвжээний эзэн болсонд баяр хүргэлээ. Мөн түүний ээж Ө.Тамирт эрүүл энхийг хүслээ.
Засгийн газар “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого тодорхойлон хэрэгжүүлж буй. 2050 он гэхэд буюу энэ бодлого амжилттай хэрэгжихэд Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 дахин нэмэгдэж, тэр үед Монгол Улсад олон улсын эв нэгдлийн бэлгэ тэмдэг олимпын наадмыг зохион байгуулах боломж бүрдэх юм гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Мөн ирэх 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, Аялал жуулчлалын Үндэсний хороог Ерөнхий сайд удирдан, олон улсад улсынхаа нэр хүндийг өсгөхөд онцгойлон анхаарна гэлээ. Энэ үйлсэд Монгол, Японы харилцааны бэлгэ тэмдэг, соёл, аялал жуулчлалын элч, Монголын их аварга Жигжидийн Мөнхбатын хүү, Хакухо Даваажаргалыг түүчээлэн оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Их аварга Хакухо М.Даваажаргал “Токио-2020” наадмын өмнө болсон долдугаар сарын Нагоя башёд нэг ч уналгүй түрүүлж, Монгол Улсын олимпын багийнхандаа том бэлэг барьсан. Энэ нь түүний дээд зиндааны 45 дахь түрүү байсан бөгөөд уг амжилт эвдэгдэхгүй байх хэмээн мэргэжилтнүүд таамаглаж буй билээ. Ерөнхий сайд их аваргын энэ амжилтыг дурдаад Мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүлсэн бөхөд олгодог Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг Хакухо Даваажаргалд үүрд хадгалуулах болсныг дуулгаж, түрүү бөхөд олгодог Ерөнхий сайдын нэрэмжит шилжин явах цомыг шинэчлэх шийдвэр гаргаснаа танилцууллаа.

Хакухо М.Даваажаргал дөрвөн жил буюу ковидын дараа эх орондоо ирж, ээжтэйгээ, ах дүүс, найз нөхөдтэйгээ уулзаж, нулимс ойрхонтой байгаа тухайгаа хэлээд “Ард иргэдээ вакцинжуулж, ковид цар тахлыг амжилттай давсан, геополитикийн амаргүй цаг үед улс орноо амжилттай удирдаж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танд талархал илэрхийлье” гэлээ. Мөн ирэх оны нэгдүгээр сард болох Зодог тайлах ёслолдоо Ерөнхий сайдыг урилаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэргэжлийн сумод өөр шигээ өндөр амжилт үзүүлэх тамирчдыг бэлтгэж, олон олон аварга төрүүлэн гаргахыг Хакухо М.Даваажаргалд хүслээ.