Home Blog Page 116

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Орон нутагт ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлж байж хотын төвлөрлийг бууруулна

Ерөнхий сайдын захирамжаар энэ сарын 4-нд Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, дэд сайд нар, аймаг, дүүргийн Засаг даргын орлогчдыг багтаасан юм. Тус ажлын хэсгийн анхны  хурал өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, үүрэг чиглэл өглөө. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хот хөдөөгийн тэнцвэрт бус хөгжил, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг гал унтраах байдлаар бус, харин асуудлын шалтгааныг нь шийдвэрлэх замаар цогцоор нь шийдэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгааг Ерөнхий сайд хэллээ.

2023 оны Улсын төсвийн төсөлд Хот, хөдөөгийн хөгжлийг тэнцвэртэй хангах чиглэлээр,
–       Хотын хэт төвлөрөл багасна гэдэг бол дагуул хотууд болон хөдөө орон нутгийн хөгжлийн асуудалтай салшгүй холбоотой. 2023 оны улсын төсөвт Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалтын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр тусгасан.
–       Орон нутгийн хөгжлийн бодлогыг дэмжих зорилтын хүрээнд орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувьд хүргэх,
–       Чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэгдүүлэх ажлыг ирэх жилийн төсвийн жилээс эхлэн зохион байгуулна.
–       Орон нутагт ашигт малтмалын орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхай эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс орон нутагт олгодог хандив тусламжийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэдийн оролцоог хангах эрхзүйн зохицуулалтыг бий болгоно.
–       Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төслийг орлого олж эхэлсний дараачийн жилээс эхлэн 3 жил 90 хувиар, дараагийн 3 жил 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ.
–       Нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ.
–       Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймгаас бусад аймгууд төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг Засгийн газар бодлогоор дэмжихээр тусгажээ.

2023 оны төсвийн төсөлд тусгасан эдгээр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллах нь тус Ажлын хэсгийн гол үүрэг гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Мөн орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим системийн хэрэглээг нэмэгдүүлэх, орон нутагт шинээр бий болох ажлын байрны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “E-Мongolia” системд байршуулах шаардлагатайг тэмдэглэлээ.

Орон нутагт ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлж байж Улаанбаатарын төвлөрлийг бууруулах учиртай гэж Ерөнхий сайд хэлээд аймаг, бүс нутгийн онцлогт тулгуурласан, хэрхэн хөгжүүлэх, улсын хэмжээнд шилжин суурьшилтыг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо.

 

ЭЛЧИН САЙД Л.БОЛД ЛЮКСЕМБУРГИЙН ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХҮМҮҮНЛЭГИЙН САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСГИЙН САЙД Ф.ФАЁ-ТАЙ УУЛЗАВ

Элчин сайд Л.Болд Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн сайд бөгөөд Эдийн засгийн сайд Ф.Фаё-тай Люксембург хотноо 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр уулзав.

Уулзалтаар сайд Ф.Фаёгийн Монгол Улсад 2022 оны 7 дугаар сард хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо. Сайд Ф.Фаё манай улсад хийсэн айлчлалынхаа үеэр Люксембургийн Засгийн газраас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олгосон нийт 10,0 сая еврогийн буцалтгүй тусламжийн баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм. Энэ удаагийн уулзалтаар манай улсад дахин 5,0 сая еврогийн буцалтгүй тусламжийг эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад зориулж олгох болсноо сайд Ф.Фаё илэрхийлж, санхүүжилтийн баримт бичиг батлагдах шатандаа байгааг мэдээлэв. Мөн дээрх айлчлалын үеэр талуудаас тавьсан саналын дагуу эрүүл мэндийн салбарт Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Люксембургийн Их Гүнт Улс хоорондын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, логистик, карго үйлчилгээний чиглэлээр хамтрах боломжийг эрэлхийлж ажиллахын чухлыг тэмдэглэв.

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хууль тогтоомжийн давхардал, зөрчлийг арилгана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны аравдугаар сарын 19-нд боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны захирамжаар байгуулагдсан “Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд төрийн үйлчилгээ авах, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудлаар тус ажлын хэсгээс гаргасан дүгнэлтэд,
-Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох (Хөрөнгө оруулалтын босго үнэ өндөр, Гадаадын хөрөнгө оруулалтай хуулийн этгээдийн эцсийн өмчлөлийг тогтоож бүртгэхэд хүндрэлтэй, нотлох баримтын үнэн зөвийг шалгах боломжгүй байдаг)
-Шийдвэр, тогтоол бусад бичиг баримт нь гадаад улсаас баталгаажиж ирэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан 15 хоногийн хугацаа хэтэрсэн байдаг
-“Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үнэлэх, тооцох, тусгай зөвшөөрөл шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах аргачлал” ойлгомжгүй
-Гомдол, маргаан шийдвэрлэлт удаашралтай, хугацаандаа шийдвэрлэгддэггүй, тодорхой хариу өгдөггүй
-Иргэний эрх зүйн маргаан эрүүгийн хэрэг болох тохиолдол нэмэгдсэн
-Цагдаа прокурорын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хөрөнгө оруулагчийн баталгаа хангадаггүй, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зохицуулалт хангалтгүй
-Арбитраар шийдэгдсэн маргаантай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэл удаан байдаг гэхчлэн гарчээ.
Ажлын хэсгийн дүгнэлт, саналтай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журамд гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн бүртгэлийн нарийвчилсан зохицуулалтыг бий болгох, хууль тогтоомжийн давхардал хийдэл, зөрчлийг арилгахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа.
Мөн хилээр нэвтэрсэн болон улсын бүртгэл, нийгмийн даатгал, татварын байгууллагад бүртгэгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдтэй холбоотой дундын мэдээллийн сантай болох ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.
 
Допингийн эсрэг үндэсний дүрмийг баталлаа

Допингийн эсрэг үндэсний дүрмийг баталж, тус дүрмийг үйл ажиллагаандаа мөрдүүлж ажиллахыг спортын байгууллагуудад зөвлөлөө.
Дүрэм батлагдсанаар үндэсний хэмжээнд тэмцээний болон тэмцээний бус үеийн допингийн хяналт явуулах, спортын байгууллагууд допингийн эсрэг хяналтын нэгдсэн дүрэм мөрдөж, үр дагаврыг тооцох, улмаар маргаан үүсэхгүй байх боломж бүрдэнэ. Мөн оролцогч талуудын чиг үүрэг, хэрэгжүүлэх ажил, салбар байгууллагын уялдааг хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.

Засгийн газар 2023 онд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, нэг их наяд төгрөг хэмнэнэ

Улсын Их Хурлаас зохион байгуулсан “Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар оролцлоо. Анх удаа болж байгаа уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, гадаадын зочид, төсвийн ерөнхийлөн захирагч, эдийн засагч, судлаач зэрэг 400 гаруй хүн танхимаар, орон нутгийн удирдлагууд, гадаад улс оронд суугаа Элчин сайд нар зэрэг 300 гаруй төлөөлөгч цахимаар оролцсон юм. Ирэх оны төсвийн хэлэлцүүлгийн явцад иргэдийн саналыг “Е parliament” болон “D parliament”  цахим системээр авч, 68 мянга гаруй иргэнээс 800 орчим санал ирүүлснээс олонх нь төсвийн зардлыг танах, алдагдлыг бууруулахад илүү анхаарах ёстой гэжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа баримталсан бодлого, үзэл баримтлал, 2022 оны төсвийн жилийн онцлог, нийгэм, эдийн засагт тулгарсан гадаад дотоод хүчин зүйлс, цаашид эдийн засгийн хямралыг сөрсөн ямар арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

2022 оны төсвийг боловсруулахад цар тахлын хямралыг даван туулах эдийн засгаа сэргээхэд төсвийн бодлогыг чиглүүлж, Засгийн газар үйл ажиллагаагаа бүхэлд нь зориулсан. Харин энэ удаагийн төсвөөр олон жил ярьсан төсвийн шинэчлэлийг хийх гэж буй нь хамгийн том давуу тал гээд  цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, дэлхий дахинд энэ оны эхээр бий болсон шинэ сорилт буюу Орос, Украины дайнаас хамааралтай геополитикийн тодорхойгүй үед 2023 оны төсвийг хэлэлцэж байгааг тэмдэглэв. Мөн Засгийн газраас бодлогын дөрвөн томоохон үр дүн гаргахад анхаарсан. Нэн түрүүнд эдийн засгийн макро тэнцвэрийг хангаж, эдийн засгийн өсөлтийг 5-6 хувьд тогтвортой барих нь Монгол Улсын хувьд ойрын жилүүдэд хамгийн чухал юм. Үүнийг гаднын хөрөнгө оруулагчид таатай үзүүлэлт гэж үздэг. Өнөөдөр 15 хувьд хүрээд байгаа инфляцийг нэг оронтой тоонд оруулах, үнийн өсөлтийг хязгаарлахад Засгийн газар онцгой анхаарсан. Төсвийн алдагдал өр үүсгэж байсныг өөрчлөх, үргүй зардлыг бууруулах, халамжийг шат дараатай хумих, төлбөрийн баланс буюу орж, гарч байгаа валютын урсгалын тэнцвэрийг хангахыг чухалчилсан. Ялангуяа, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, валютын нөөц, төгрөгийн ханшийн уналтын эсрэг бодлогын арга хэмжээ авахаар ирэх оны төсвийг боловсруулсан. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимжүүлэх талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй боомт, аж үйлдвэржилт, эрчим хүч, хот хөдөөгийн сэргэлт, хотын түгжрэлийг бууруулахаар төлөвлөсөн томоохон төслүүдийн ач холбогдлын талаар байр сууриа илэрхийллээ.

ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, 2023 оны төсөөлөл, бодлогын чиглэл” сэдвийн хүрээнд цар тахлаас өмнөх ба одоогийн эдийн засгийн харьцуулалт болон валютын ханшийн өсөлт, нөөц буурахад нөлөөлсөн хүчин зүйлүүд, мөнгөний нийлүүлэлт, зээлийн гарц буурч байгаа шалтгаан, болзошгүй эрсдэлийн талаар оролцогчдод мэдээлэл өгсөн юм. Эдийн засгийн өсөлт саарч, инфляц өсөж, ажил эрхлэлт буурснаар өнөөдөр стагфляц үүсэх нөхцөл бүрдсэн байгаа, ирэх онд ч инфляц зорилтот түвшнээс өндөр байх төлөвтэй байгаа аж.  Тиймээс ирэх онд Засгийн газраас  эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхийн тулд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, экспорт болон хувийн хэвшлээ  дэмжих бодлогыг хэрэгжүүлж ДНБ-ийн өсөлтийг 2019 оны үзүүлэлт буюу таван хувьд хүргэх боломжтой гэсэн юм.

Сангийн сайд Б.Жавхлан 2023 онд эдийн засагт нөлөөлөх гадаад хүчин зүйлс, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн үр дүн, татварын ямар бодлогын дэмжлэг үзүүлэх гэж байгаа, “үр дүнд суурилсан” цалингийн системийг хэрхэн нэвтрүүлэх, хүүхдийн мөнгийг ямар хувилбараар олгох, Засгийн газрын гадаад өрийг хуваарийн дагуу төлөхөд ямар нэгэн хүндрэл үүсэхгүй зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ. 2023 онд Засгийн газар Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж нэг их наяд төгрөг хэмнэхээр төлөвлөсөн, шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, харин шилжих хөрөнгө оруулалтын 86 хувийг дуусгах, төсвийн алдагдлыг 5.1-ээс 2.8 хувь хүргэж бууруулна. Макро эдийн засгийн хувьд чанартай экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг таван хувь, жилийн эцэст инфляцийг инфляцийг 10-аас доош түвшинд хүргэж, зээлжих зэрэглэлээ хадгалахаар зорьж байгааг дэлгэрэнгүй танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч “Үлэмж органик” ХХК болон “Баялаг фийд” ХХК-д ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна.

Тэрбээр өнөөдөр “Үлэмж органик” ХХК болон “Баялаг фийд” ХХК-д ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч цар тахлын хүнд жилүүдэд үйл ажиллагаагаа тасалдуулалгүй, олон арван хүний ажлын байрыг хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад талархал илэрхийлэв. Цаашид “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үйлдвэрлэгчдээ бүх талаар дэмжихийн зэрэгцээ, иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангахын төлөө төр, хувийн хэвшил хамтдаа хүчин чармайх нь чухал байгааг хэлэв.

“Үлэмж органик” ХХК 11 нэр төрлийн 30 шилэн савлагаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. “Монтаримал” ХХК-ийн ферм нь жилд 370 гаруй тн сүү, 7 тн мах үйлдвэрлэдэг. Мөн 310 га талбайд тэжээлийн манжин, овъёoс, вандуй, арвай зэрэг тэжээлийн ургамал тариалж, жилд 700 тн дарш, 550 тн ногоон тэжээл, 100 тн байгалийн хадлан бэлтгэдэг байна.

Улаан буудайн болон сүүний урамшуулал өгч байгаа нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд томоохон дэмжлэг болж байгааг “Үлэмж органик” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Далайжаргал хэллээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дотоодын аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ өргөтгөх, шинэ техник, технологи нэвтрүүлэх боломж бүрдэж байгааг хэлэв.

Цаашид малын тэжээл, бордоог НӨАТ-аас чөлөөлөх, хуурай сүүний импортыг бууруулах, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлбэл аж ахуйн нэгжүүд ирэх таван жилд 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж чадна гэж үздэгээ Ерөнхийлөгчид танилцуулав.

“Баялаг фийд” ХХК 2018 оноос эрчимжсэн аж ахуйн нэгжүүдэд уураг, амин дэм, витаминаар баялаг бүтээгдэхүүн нийлүүлж байна.

Үйлдвэр нь өдөрт 240 тн, сард 5,000 тн бүрэн найрлагат тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай. Өндөглөгч шувууны 50 гаруй аж ахуйн нэгж, 300 гаруй иргэнд сар бүр 600 тн өндөглөгч шувууны тэжээл борлуулдаг. Мөн махны шувуу, гахай, адуу, үхэр, хонины аж ахуйнуудад тэжээлээ нийлүүлдэг байна. Дотоодын аж ахуйн нэгжүүд шувууны тэжээлийн зах зээлийг 100 хувь хангадаг юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр “Гацуурт хүнс” ХХК-д ажиллана.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК УРТЫН ЭЭЛЖИЙН ГОРИМЫГ ЖИШИГ БОЛОХУЙЦ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙГ ОНЦЛОВ

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд уртын ээлжээр ажиллуулах зохицуулалт шинээр тусгагдсантай холбогдуулан уртын ээлжийн горимын хэрэгжилтийн байдалтай танилцах ажлын хэсгийнхэн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарт ажиллалаа.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа тэргүүтэй МҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Эрчим хүч, Геологи, Уул уурхайн үйлдвэрчний эвлэл, Уул уурхайн ассоциацийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг  Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалтай танилцаж, ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж санал бодлоо солилцож, асуултад хариулав.

Ажлын хэсгийн гишүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг сайтар мөрдөж, 14/14 ростерийн горимыг хэвшүүлж, уртын ээлжийн зохион байгуулалтыг уул уурхайн бусад аж ахуйн нэгжид жишиг болохуйц хэрэгжүүлж байгааг онцоллоо.

Мөн энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хүний нөөц, хөгжил сургалтын хэлтсийн хөдөлмөрийн хуульч М.Чингис компаниас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн заалтын хэрэгжилтийг хэрхэн хэрэгжүүлж буй талаар ажлын хэсгийнхэнд танилцуулга хийв.

Нэг цэгийн үйлчилгээнд менежментийн шинэчлэл хийж, операторын горимд шилжүүлэх ажлын хэсэг хуралдаж байна

Газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн бус байгууламжийн ажил 70 гаруй хувьтай байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн төвд ажиллаж “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажлыг явцыг дүгнэж, төр засгаас шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан асуудлуудын талаар ярилцаж, тодорхой асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг дөрвөн багц ажилд (EPC) хуваан хэрэгжүүлж буй. Одоогийн байдлаар EPC 01 буюу “Технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, усны нөөцийн резервуар, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн байгууламжийн ажлыг БНЭУ-ын “Жэй Эм Си Прожектс Индиа” ХХК 2021 оноос эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 70 гаруй хувьтай үргэлжилж байна.

Дараагийн гэрээний багцууд болох EPC 02 буюу Анхдагч процессийн болон дагалдах байгууламж, EPC 03 буюу Үйлдвэрийн цахилгаан станцын ерөнхий гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхэд бэлэн болоод байгаа талаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцууллаа.
Мөн тэрбээр үйлдвэрийн гүн боловсруулалтын, патенттай технологийн долоон байгууламжийн зураг төсөл, инженерчлэлийн багц боловсруулах ажлууд дуусах шатандаа орж байгаа талаар танилцуулаад уг багц ажлын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2022 онд багтаан зарлахаар ажиллаж байгааг хэллээ.
Шадар сайд С.Амарсайхан EPC 02, 03 багц ажлуудын тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулах болон төслийн ажилд тулгамдсан бусад асуудлыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрүүдэд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний салбарын үйлдвэрүүдэд ажиллалаа.

“Цалуут импекс” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэр хоногт 1,000 бог, 250 бод төхөөрч, ангилан боловсруулах хүчин чадалтай. Хоногт 60 тн мах гүн хөлдөөж, 500 тн мах хадгалах агуулахтай. Мөн хоногт 15 тн мах дулааны аргаар боловсруулах цехтэй.

Бүтээгдэхүүнээ томоохон сүлжээ дэлгүүрээр борлуулж, уул уурхайн болон  бусад аж ахуйн нэгж, байгууллагад нийлүүлдэг. Иран болон Төв Азийн орнуудад халал аргаар бэлтгэсэн мах нийлүүлж, БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан мах экспортлохоор төлөвлөж байна. Зах зээлд байгаа махны 90 хувийг гар аргаар бэлтгэсэн малын мах эзэлдэг бөгөөд энэ эрүүл ахуйн болон чанарын наад захын шаардлага хангадаггүй. Иймээс үйлдвэрийн аргаар бэлтгэхийг дэмжих нь зүйтэй гэж “Цалуут импекс  ХХК-ийн удирдлагууд үзэж байна.

Тухайлбал төсвийн байгууллагууд болон сургууль, цэцэрлэгүүд хэрэгцээт махаа мах боловсруулах үйлдвэрүүдээс авдаг байх хувилбарыг санал болгов.  Мөн үйлдвэрүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь чухал байгааг хэлэв. Улсын хэмжээнд мал төхөөрөх 100 орчим, мах боловсруулах (хиам) 90 орчим, дулааны аргаар мах боловсруулах 80 гаруй үйлдвэр, цех бүртгэлтэй байна. 2021 онд нийт бэлтгэсэн махны 3.4 хувьтай тэнцэх махыг дотоодын үйлдвэрүүд үйлдвэрийн аргаар боловсруулжээ.

“М-Си-Эс Кока Кола” ХХК нь 21 брэндийн 150 төрлийн ундаа, ус, жүүс, цай үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг бөгөөд 950 хүнийг ажлын байраар хангаж байна.

2018 оноос “Элсэн чихрийн агууламжийг бууруулах хөтөлбөр”-ийн хүрээнд  жил бүр 1-2 төрлийн амтыг бууруулж байхаар төлөвлөжээ.

Компани өнгөрсөн хугацаанд Үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэх байгууламж, Хийн түлшээр ажилладаг утаагүй уурын зуухыг ашиглалтад оруулаад байна. Мөн 2030 он гэхэд борлуулсан ундааны бүх хуванцар саваа дахин боловсруулах зорилт тавьж, “Хуванцрын хаягдалгүй дэлхий” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тухай гүйцэтгэх захирал Л.Мягмаржав танилцуулав.

 

Хүнсний тухай хуулийн “импортлох хүнсний хадгалах хугацааны 2/3 нь хүчинтэй хугацаа байх” гэсэн заалтыг мөрдөхөд тээвэрлэлт, хил, гаалийн асуудлаас шалтгаалан хүндрэл үүсэж байна. Иймээс импортлох хүнсний түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүнийг тусад нь авч үзэж, хуулийн энэ заалтыг өөрчлөх шаардлагатай байгааг хэллээ. Ирэх таван жилд 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээ хангаж, улмаар экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд  үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид чухал хувь нэмэр оруулна гэж үздэгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэллээ.

Иймээс төр, засгийн зүгээс хууль эрх зүйн орчныг сайжруулж, урт хугацаатай, хүү багатай зээл олгох, татварын бодлогоор дэмжих гээд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ, ХБНГУ-ЫН ХОЛБООНЫ КАНЦЛЕР О.ШОЛЬЦ НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын орнууд дахь анхны албан ёсны айлчлалаа Герман Улсаас эхлүүлсэн. Тус улсад хийсэн айлчлал болон  Холбооны Канцлер О.Шольцтой хийсэн албан ёсны хэлэлцээ үр дүнтэй боллоо гэж тэрбээр дүгнэж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Ерөнхийлөгчид бараалхаж, Холбооны Канцлертай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлд хүргэх талаар зарчмын хувьд тохиролцлоо.  Мөн Олон улсын болон бүс нутгийн түвшинд үүсэж буй цар тахал, геополитикийн хурцадмал байдлын талаар санал солилцлоо. Монгол Улс Герман Улсыг Европ дахь манай итгэлт түнш, гуравдагч хөршөө гэж үздэг бөгөөд улс төр, батлан хамгаалах,  нийгэм эдийн засаг, ногоон хөгжил, цахим засаглал зэрэг бүхий л салбарт харилцаагаа ахиулан нягт хамтран ажиллахаар ярилцав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Канцлер О.Шольц нарын албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар талууд хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эрчим хүчний салбарын хөгжлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Их долоогийн Дээд хэмжээний уулзалтаар яригдсан дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрт Монгол Улс багтаж түншлэн ажиллах, Өмнийн говьд баригдаж буй Тавантолгой цахилгаан станц, Дулааны V цахилгаан станц зэрэг томоохон төслүүдэд ХБНГУ хамтрахыг Ерөнхий сайд хүсэв.

Аж үйлдвэрийн сэргэлтийн бодлогыг Герман Улстай хамтран хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов. Зэс боловсруулах үйлдвэр, Цахилгаан автомашин техник хэрэгслийн гол түүхий эд болох газрын ховор элементийг хагас боловсруулах үйлдвэрлэлийг Монгол Улс, ХБНГУ-тай хэрэгжүүлэх талаар ярилцаж, судалгааны ажлыг хамтран эхлүүлэхээр тогтлоо. Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдээр Монгол Улсын Засгийн газар Герман Улсын Засгийн газартай хамтран эрчим хүч, тээвэр логистик, уул уурхай, мэдээлэл технологи, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй, ойн инженер зэрэг 1000 инженерийг үе шаттай бэлтгэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ. Улс хоорондын харилцаанд иргэд, аж ахуйн нэгж хоорондын харилцаа нэн чухал. Монгол Улс 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байгаатай холбогдуулан иргэдийн харилцан зорчих визийн хөнгөлөлт, шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх мөн Монгол судлал болон соёлын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээр талууд тохиролцов.

Монгол Улс зам тээвэр, нийтийн тээврийн шинэчлэлийг евро стандартад хүргэх зорилтын талаар дэлгэрэнгүй санал солилцож, хоёр улсын Зорчигч, ачаа тээврийн албан ёсны хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах, Монгол Улсад гарын үсэг зурах, Цахим шилжилт, Тээврийн яамны сайдаар ахлуулсан хоёр талын хамтарсан ажлын хэсгийг Монгол Улсад ажиллуулахаар харилцан тохиролцов. Энэ хүрээнд нийтийн тээврийг евро стандартад шилжүүлэх асуудал яригдсан байна. Хүнсний аюулгүй байдал, хангамж, нийлүүлэлт, нэмүү өртөг шингэсэн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд хувийн хэвшлийн үйлдвэрлэл, экспортод чиглэсэн бизнесийг дэмжих, санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах талаар хэлэлцээний үеэр ярилцжээ.

Энэ удаагийн албан ёсны айлчлал, Канцлертай хийсэн яриа хэлэлцээний үеэр яригдсан асуудлууд биеллээ олж, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд ярилцлага өгөхдөө илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй айлчлал өнөөдөр өндөрлөнө.