Home Blog Page 115

НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХЭМЖЭЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 61.5 ХУВИАР ӨСӨВ

Аравдугаар сарын 14-өөс 20-ны өдрүүдэд 8,228 автомашин, 1250 чингэлэг нийт 1,047.1 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 1.6 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 21,588.1 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 61.5 хувиар өсөв.

Тайлант хугацаанд 328 автомашин, 78 чингэлэг буюу оны эхнээс 1,161.7 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 5 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 792 автомашин, 721 чингэлэг буюу оны эхнээс нийт 3,656.6 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 42 хувиар буурчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 20-ны өдрийн байдлаар 16.31 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 81.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 119.9%, зэсийн баяжмал 95.8%, төмөр 72.3%, алт 81.6%, газрын тос 45.5%, цайр 115.7%, хайлуур жонш 38.7% тус тус байна.

Эх сурвалж: https://mmhi.gov.mn/

Б.ГАНХУЯГ: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЭНЭ ЖИЛ 1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЦЭВЭР АШИГТАЙ АЖИЛЛАЖ, ТАТВАРТ 800 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛНЭ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай ярилцлаа.

Засгийн газраас валютын нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд тогтоол, тэмдэглэл гарч, уул уурхайн компаниудад тэр тусмаа ЭТТ чиглэгдсэн мөнгөн дүнтэй болон борлуулалттай холбоотой хэд хэдэн нарийвчилсан зохицуулалт хийгдсэн байна. Энэ талаар мэдээлэл өгөөч, энэ шийдвэр ЭТТ-д яаж нөлөөлөхөөр байна? 

Зөв тогтоол, цагаа оллоо. Аль ч улсын эдийн засгийн гол хүчин зүйлийн тэргүүн эгнээнд гадаад валютын нөөц, түргэн хөрвөх чадвар, байнга өсөн нэмэгдэж байх үзүүлэлт чухал байдаг. Сүүлийн жилүүдэд ковидын нөхцөл байдал гадаад валютын нөөцөд сөргөөр нөлөөлж байсан бол дээрээс нь нэмэгдээд ОХУ-аас Украйнд хийж байгаа дайны нөлөөлөл хөрш зэргэлдээ орны хувьд тэр дотроо Монголд илт муугаар нөлөөлж, хүндрэл учруулчихлаа. Нэгэнт улс орны эдийн засгийн үндсэн ачааг үүрч байгаа уул, уурхайн салбарынхан, тэр дундаа тэргүүлэх үүрэгтэй оролцдог Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт үйлдвэрт зайлшгүй үүрэх ёстой ээлжит ачаа болон ирнэ. Энэ бол зүй ёсны хүлээх ёстой ачаа. Өмнө нь ковидын үеийг давахад үүрч байсан вакцин худалдан авах, шинжилгээ, халдваргүйжүүлэлт, түлшний үнийн зөрүү, иргэд, ААН-ийн цахилгааны төлбөрийг даасантай адил хэрэгжүүлэх ёстой үүрэг гэж ойлгож болно. “Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сарын 22-ны Засгийн газрын тэмдэглэл гарсан өдрөөс он дуусах хүртэл хугацаанд 500 сая ам.долларыг Монголбанкнд төвлөрүүлэх үүрэг хүлээсэн, одоогийн байдлаар 130 сая ам.долларыг тушаагаад байна. Оны эхнээс 640 сая ам.доллар тушаасан. Он дуустал олох 500 сая ам.доллароос 200 орчим сая нь ЭТТ ХК-ийн хувьд төлөвлөгдөөгүй байсан орлого хэдий ч санхүүгийн менежментийн хувьд боломжтой байхаар тооцож, худалдан авагч болон тээвэрлэгч талуудтайгаа ажиллаж эхлээд байна.

УИХ-ын Чуулган дээр нүүрсний борлуулалт болон экспортын асуудлаар хэд хэдэн гишүүн, ЭЗХ-ийн сайдаас асуулт асууж, тайлбар авсан мэдээлэл нийтэд хүрсэн. Сайдын зүгээс танай компанийн өр, авлагатай холбоотой тоон мэдээллийг өгсөн. Энэ талаар тодруулах шаардлагатай байна? 

Дутуу мэдээ уншигдсан. Өр төлбөрийг зөв мэдээлсэн боловч авлагын зарим хэсгийг орхигдуулж уншсан. ЭТТ ХК тайлангийн хувьд авлага нийт 3.6 их наяд төгрөг буюу Зүүнбаян төмөр замаас 1.3 их наяд, Тавантолгой төмөр замаас 2.1 их наяд, Эрдэнэс Монгол, Багануур, Шивээ овоо компаниудаас 74.5 тэрбум төгрөг, бусад төсөл хөтөлбөрүүдээс 190 тэрбум төгрөгийг авах бол өр төлбөр 3.4 их наяд төгрөг байна. Өр төлбөрийн хамгийн том дүн нь худалдан авагчдаас авсан урьдчилгаа болон барьцаа төлбөр 2.1 их наяд төгрөг, ЭТТ-Бондын 789 тэрбум төгрөг байна. Энэ харьцааг өнөөгийн хүчин чадлаар тооцоход жилд 25 сая тонн нүүрс олборлож, 24 сая тонн нүүрс борлуулах үед компанид ямар ч ачаалал ирэхгүй. Цаашид бүрэн хүчин чадалдаа хүрэх тохиолдолд санхүүгийн өгөөж огцом өснө. Нэгтгээд дүгнэхэд ЭТТ ХК-ийн өр, авлагын харьцаа зохистой байгаа төдийгүй ойлгомжтойгоор илэрхийлбэл “өр ба авлага” гэж хоёр ангилаад үзвэл 200 орчим тэрбум төгрөгийн авлагатай буюу нэмэх үзүүлэлттэй байна. Өр төлбөрийн 70 орчим хувийг худалдан авагчдаас урьдчилж авсан 2.1 их наяд төгрөг эзэлж байгаа нь санхүүгийн ойлголтын хувьд төлбөрийн таатай нөхцөл бүхий шийдэл гэж үздэг. Өөрөөр хэлбэл, арилжааны зээл биш, бонд биш, ямар нэг хүү, алданги, торгууль тооцохгүй, үндсэн төлбөрийг эргэж мөнгөөр төлөх нөхцөл тавигддаггүй, хатуу нөхцөл тулгасан санхүүгийн хэрэгсэл биш. Ер нь бүхий л шатны бизнес эрхлэгчдийн хувьд урьдчилгаа төлбөрөөр санхүүжилт босгох өндөр сонирхолтой байдаг, мэдээж хийж байгаа бүтээгдэхүүнийг нь хэн нэгэн урьдчилж сонирхоод мөнгөө өгч авна гэдэг бол бизнесээ өргөтгөх, чанаржуулах, дараагийн том зорилт руугаа шилжихэд бүрэн нийцсэн маш сайн нөхцөл гэж үздэг. Жижиг ч бай, дунд, том ч бай ямар ч бизнесийн байгууллага бүтээгдэхүүнээ үйлдвэрлээгүй байхдаа орлого олохын тулд бүхий л маркетингийн зардал, зар сурталчилгаагаа үүнд чиглүүлдэг нь нууц биш, гол нь тэр бүр аж ахуйн нэгжүүдэд олдоод байдаг боломж ч биш, дэлхийн хэмжээний томоохон стратеги бүхий өрсөлдөх чадвар өндөртэй корпорациудын амжилттай хийсэн менежментийн гол онцлох хэсэг нь байсаар байна.

Мөн зөрүүтэй тоон мэдээлэлд санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар сонирхож байсан. Энэ бол ил байх үүрэгтэй тоо, тиймээс ч ЭТТ ХК-ийн хувьд олон жил нээлттэй тавьсаар ирсэн. 2022 оны гүйцэтгэлийн хувьд төлөвлөгөөт тайлангаар 3-р улирлын байдлаар улсын төсөвт 541.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол оны эцсээр 808 тэрбум төгрөг, цэвэр ашиг одоогоор 800.1 тэрбум төгрөг байгаа бол оны эцэст 1 их наяд руу дөхөх төсөөлөлтэй байна.

Нэмээд нэг зүйл шулуухан хэлчихэд Тавантолгойн орд бол 7.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, үүнээс 65 хувь нь эрчим хүчний болон хагас коксжсон нүүрс, 35 хувь нь хатуу коксжсон нүүрс байгаа учир хатуу коксжих нүүрсийг үнэд хүргэх, угааж бусад нүүрстэй холих замаар сайн чанарын бүтээгдэхүүн гаргахад голлон анхаарах бол эрчим хүчний болон хагас коксжсон нүүрсийг аль болох урьдчилж борлуулж, үнэ уналтаас сэргийлэх, цаашилбал Дэлхий нийтээрээ хатуу ярьж, хөдөлж эхлээд байгаа дулаарал, нүүрс хүчлийн хийн эсрэг заалтууд хэрэгжиж эхлэхээс өмнө орлогоо бүрдүүлж авах нь хамгийн том зорилт болоод байгааг нуух шаардлагагүй. Ер нь ЭТТ-н хөрөнгө оруулсан төслүүд, гарсан шийдвэр, оруулсан хөрөнгийн тоо хэмжээ, борлуулалттай холбоотой үнэн худал маш олон мэдээлэл яваад байна. Үүнийг шалгаж нягтлаад, нэг тоо мэдээлэлтэй болгох шаардлагатай. Иргэд хувьцаа эзэмшигчдийг үнэн зөв мэдээллээр хангах ёстой. Тиймээс ч ЗГХЭГ, Үндэсний аудитын газарт хандан, ажлын хэсэг байгуулж шалгаж өгөх хүсэлт тавьсан. ЭТТ олон нийтийн оролцоотой компани. Энэ утгаараа тогтмол хяналт шалгалт хийгддэг. Жил бүр Үндэсний аудитын газар, МХЕГ, Гааль, татвар, Худалдан авах ажиллагаа, ТӨБЗГ, бүр ШӨХТГ-аас давхардсан шалгалтууд 6-7 сарын турш хийдэг нь ажилд жаахан саадтай, дарамттай байдаг. Хуулийн байгууллагуудын хамтарсан шалгалт ч явдаг. Тиймээс нэгдсэн байдлаар шалгаж тогтоогоод явах нь зөв өө.

Шууд асууя. ЭТТ компани 5-7 жилийн нүүрсээ урьдчилаад зараад идчихсэн, улсад валют орж ирэхээ больсон гэсэн маягийн зүйл УИХ-ын танхимд зарим гишүүд, сайд нар хэлэх боллоо. Үнэн юм уу. Хэдий хэмжээний нүүрс урьдчилж зараад, хэдэн төгрөгийн орлого олсон, энэ орлогоо юунд зарцуулсан юм бэ. Компанийн эдийн засаг санхүүгийн байдал ямаршуу байна вэ?

Үндэслэлгүй тооцоо байсан. 2022 оны наймдугаар сарын 30-ны өдрийн байдлаар ЭТТ ХК-ийн нэр дээр экспортлогдсон нийт 6.7 сая тонн нүүрс байгааг шууд 2022 оны жишиг үнэ болох 278 ам.доллар (үндэслэлгүй тооцсон үнэ)-оор шууд үржүүлээд 1.8 тэрбум ам.доллар болгоод тавьчихаж байгаа юм. Гэтэл тэр 6.7 сая тонн нүүрсний 1.9 сая тонн нь л 2022 онд борлуулагдсан бол 3.3 сая тонн нь 2021 онд зарагдсан, 1.5 сая тонн 2020 онд зарагдсан нүүрс буюу тухайн ондоо орлого нь бүртгэгдэж, зарцуулагдаж, 812 сая ам.доллар нь Монголбанканд тушаагдсан байна. Мөн 2020, 2021 ондоо уг нүүрс нь тухайн үеийнхээ үнээр жишиг үнээр буюу 110 орчим ам.доллароор зарагдаад, татвар, тээвэр, бүх төлбөрөө төлөөд, төслүүдээ хүртэл санхүүжүүлсэн орлогыг давхар бүртгэж, нийлбэрийг нь бичих ёстой байтал зөвхөн 2022 онд 510 сая ам.долларыг бичээд мөнгө дутлаа, аймаар зөрүү гарчихлаа гэж ярих нь утгагүй. Харин ч бүгдийг бичих ёстой бол энэ 510 сая ам.доллар дээр 2020, 2021 оны орлого, мөн манай компанийн нүүрсийг тээвэрлэсэн тээврийн компаниудын 2020, 2021, 2022 оны орлого болох 1 тэрбум орчим ам.долларыг хүртэл нэмээд, нийлбэрийг тавих хэрэгтэй шүү дээ. Хамгийн гол асуудал нь болон ЭТТ ХК-иас гадна, “Энержи Ресурс” ХХК ХХК, орон нутгийн “Тавантолгой” ХК, “Монэнко” ХХК зэрэг нүүрс олборлогч компаниудын “Гаалийн мэдүүлгээр-Жишиг үнийг үржүүлсэн тоо”-ноос 51-69 хувь зөрүүтэй байгаа нь нүүрснээс орж ирж байгаа бодит орлого, гарсан нүүрсийг шууд үржүүлж өсгөсөн тооны зөрүүгээс шалтгаалж Монгол Улсын төсвийн тэнцэл хүртэл буруу бодогдсоор ирснийг анхаарах цаг болсон. Сангийн яамны жишиг үнэ гэдэг нь биднээс АМНАТ тооцож авдаг үнэ бөгөөд бодит амьдралаас хэт өндөр тогтоогдож, хөөсөрчихөөд байна. Гэтэл Хятадын гаалийн мэдээний үнэ гэхэд 190 орчим ам.доллар байхад Монголын гаалийн жишиг үнэ 278 ам.доллар байх жишээтэй. Энэ зөрүү компаниудын худалдан авагч талуудтайгаа байгуулсан гэрээ буюу борлуулалтын бодит үнээс хэт өндөр байгаа нь дээрх зөрүүг олон жилийн туршид үүсгэж байна. Ер нь бүх компани нүүрснийхээ үнийг тогтоодог дэлхий нийтийн жишиг аргачлал гбайдаг. Харин ч ЭТТ ХК-ийн хувьд дээрхи аргачлалаас гадна өөрийн сайт дээр борлуулах нүүрснийхээ доод үнийг нь тавьж, дуудлага худалдаа зарлах байдлаар 2019 оноос хойш явуулж, үнийг бодит зах зээлийн үнэнд дөхүүлсээр ирсэн давуу талтай. Та бүхэнд дэлхий нийтэд нүүрсний үнийг тогтоодог Монголд хамаарах хэд хэдэн индексийн мэдээллийг товчхон танилцуулах ёстой. Үүнд 5 индексыг ЭТТ ХК баримталж, үнээ тогтоодог:

• CR China Coking Coal Price Index,

• MB Coking Coal Index, HCC CFR China

• Shanxi Liulin Seam 4 Coking Coal Price

• Platts HCC 64 Mid Vol., CFR China

• Production Areas Primary Coking Average

Харин Сангийн яам жишиг үнийг тогтоохдоо 2021 оны 07 дугаар сараас эхлээд борлуулагч компаниудын Гэрээний үнийг харгалзахаа больсон. Ингэснээр хэт хөөсөрсөн өндөр үнээр тооцож, татвар хураамж авдаг нэг төрлийн дарамтыг бий болгоод удаж байна. Би ойлгомжтой болгох хүрээнд өмнө нь яриад байсан жишиг үнэ болон бодит үнэ, мөн БНХАУ-ын гаалийн тооцсон үнэ, бусад компаниудын үнэ зэргийг харьцуулсан нэг хүснэгт харуулья.

Нүүрсээ урьдчилж зараад идчихсэн, хэдэн жил энэ компани иргэдэд байтугай улсын төсөвт юм өгөхгүй гээд байгаа?

Нүүрсний нийт 88 гэрээ байна. Эдгээрээс 84 нь их, дунд, бага хэмжээтэй үнийн дүн бүхий урьдчилгаа төлбөртэй гэрээнүүд байдаг. Үүний 40 нь коксжих нүүрсний гэрээ, 44 нь эрчим хүчний нүүрсний гэрээ. Гэрээний нийтлэг хугацаа 1-5 жил хүртэл хугацаатай. Гэхдээ нүүрс татан авалтаас хамаарч гэрээний хугацааг багасгаж тооцдог бөгөөд зургаан сарын гүйцэтгэлийн үр дүнгээр гэрээг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэж явдаг. Яг энэ үзүүлэлтээр 2022 оны дөрөвдүгээр сард 16 гэрээг хүчингүй болгосон. Эдгээр гэрээнүүд 2 төрөлтэй. Байгуулагдсан 88 гэрээний үлдсэн 4 нь нүүрсээр төлбөрийг нь төлдөг оффтейк гэрээ байдаг. ЭТТ ХК-ийн нийт 88 гэрээнд туссан дүнгээр 75 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс багтдаг. Үүнээс 5 сая тонноос дээш нүүрсний 7 компани буюу урьдчилгаа төлбөрт Глори таун 14 сая тонн, И коммодит 13 сая тонн, Жиаёо 15 сая тонн гэсэн 3 компани, мөн моффтейк буюу нүүрсээр төлбөр төлөх Бодь интернейшнл 5 сая тонн, Богд хан төсөл 6 сая тонн, Норинко газрын тос 3 сая тонн, Нүүрс баяжуулах үйлдвэр 3 сая тонн буюу оффтейк гэрээний нийт 18 сая тонн болж байна. Үлдсэн 15 сая тонн нүүрсийг нэр бүхий 81 компани байна. Харин ЭТТ ХК жилд 25 саяас 45 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажилладаг. Зөвхөн 2022 оны гүйцэтгэлээр буюу нийт 6.7 сая тонн нүүрсний 770.000 тонн буюу 11 хувь нь оффтейк гэрээтэд нүүрсээр төлбөр төлсөн бол, харин их хэмжээний урьдчилгаа төлбөрт гэрээгээр 1.3 сая тонн буюу 18 хувь, үлдэх 69 хувь нь бусад дунд болон бага урьдчилгаа төлсөн гэрээт компаниуд авсан байна. Бид 2023 онд 25 сая тонн нүүрс олборлож, борлуулахаар төлөвлөсөн. Энэ 25 сая тонн нүүрсний 15 хувь буюу 3.7 сая тонн нүүрсийг оффтейк гэрээний хүрээнд нийлүүлэх бол их хэмжээний урьдчилгаа төлсөн гэрээт компанид 30 хувь буюу 7.5 сая тонн, үлдэх 13.8 сая тонн нүүрсийг бусад дунд, бага буюу богино хугацаат гэрээ байгуулсан компаниудад нийлүүлнэ.

Ер нь олон улсын жишгээр аль ч төрлийн ашигт малтмал олборлогч компанийн хатуу барьдаг бодлого бол бараа, бүтээгдэхүүнээр төлбөр төлдөг гэрээний хэмжээг 30 хувиас ихгүй байхаар төлөвлөдөг. Харин ЭТТ ХК-ийн хувьд 13-18 хувийн дээд хязгаартай байхаар бизнес төлөвлөлтөө хийж, их хэмжээний урьдчилгаа буюу 100 сая ам.доллараас дээш төлбөр төлсөн томоохон топ түншлэгчиддээ тухайн жилд олборлосон нийт нүүрсний 25-30 хувь байхаар тооцсон. Үлдэх 45-55 хувийг спот буюу богино хугацаат гэрээтэй компаниуддаа нийлүүлдэг. Энэ нь ч аль талаасаа эрүүл бөгөөд зохистой харьцаа төдийгүй хөрөнгө оруулалт, санхүүжилт тасралтгүй байх, улс орны валютын нөөцийг тогтмол, байнгын өсөлттэйгээр нэмэгдүүлэхэд хувь оруулах ёстой. Өмнө нь нүүрсээ өгч явуулчихаад хойноос нь мөнгийг нь хөөцөлддөг жишигтэй байсныг өөрчилсөн. Энгийнээр хэлбэл дараа төлбөрт биш урьдчилсан төлбөрт болсон. Энэ бол ЭТТ ХК-д ямар ч эрсдэлгүй, маш сайн менежментийн хэлбэр мөн. Цаашид ч нүүрс авах гэж байгаа хэн ч бай мөнгөө төлөөд төлсөн мөнгөнийхөө 50 хувьд нүүрсээ авсны дараагаас дахин мөнгөө төлж авахдаа, ЭТТ ХК-иас тогтоосон квотын хязгаарт нүүрсээ авдаг зарчмаар л явна. Энэ бүтэц таалагдахгүй, эвдэхийг хүсэж байгаа хүмүүс байсан, одоо ч байсаар байна, цаашид ч энэ хүслээ дарж чадахгүй юм шиг байна. Тэгэхээр хэдэн жилээр нүүрсээ урьдчилаад зарсан гэдэг яриа хэр үндэслэлтэй гэдэг нь ойлгогдох байх.

Хэдэн их наядаар хэмжигдэх Оффтейк гэрээ сонгон шалгаруулалтгүй хийчихсэн, одоо тэр гэрээний дагуу нүүрс өгөөд таарч байна, гуравхан хувийнх нь мөнгө орж ирж байна гэсэн мэдээлэл сайд өгсөн байсан. Ямар дүнтэй хэдэн оффтейк гэрээ хийсэн, яаж шалгаруулсан, гүйцэтгэл ямар байгаа, гэрээнүүдийн хэдий хэмжээний өр байгаа вэ?

Нийт 4 гэрээ нүүрсээр төлбөр-(оффтейк)-ийг нь хийх нөхцөлтэй байгуулагдсан. Бүх гэрээнүүд Засгийн газрын тогтоол, шийдвэртэй төдийгүй энэ гэрээнүүдийн хүрээнд холбогдох яамдын сайд, төрийн байгууллагуудын 100 гаруй тогтоол, тэмдэглэл, захирамж, шийдвэрүүдээс гадна ЭТТ ХК-ийн ХЭХ, ТУЗ-ийн шийдвэр, олон тооны тогтоолуудаар баталгаажсан. Мөн “Тавантолгой Түлш” ХХК-ийн үйл ажиллагааны онцлогоос хамаарч барьцалдуулагч, түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмж, туршилтын хагас коксжсон түлш нийлүүлэх зарим гэрээний хэсгийг нүүрсээр төлөх, бүр шаардлагатай тохиолдолд валютаар төлөх нөхцөлтэй гэрээнүүдийг онцолж болно. За ЭТТ ХК-ийн байгуулсан 4 оффтейк гэрээг танилцуулья.

1. Тавантолгой Гашуунсухайтын төмөр зам. Гүйцэтгэгч нь Бодь интернэйшнл ХХК. Нийт өртөг нь 1 тэрбум ам доллар. Засгийн газрын 2019 оны 304-р тогтоол, ТУЗ-ийн 2019 оны 53,56-р тогтоол, УУХҮЯ-ны 2019 оны 19/20, 19/22, 19/23 тоот удирдамж, УУХҮ-ийн Сайд, ЗТХ-ийн сайд, ТӨБЗГ-ын даргын хамтарсан А/184, 284, А/2389 дугаартай тушаалын дагуу гэрээ байгуулж, 10 жил гацаад байсан Гашуунсухайтын төмөр замыг үргэлжлүүлэн барьсан. Бодь интэрнэйшнл ХХК өөрсдөө хөрөнгөө гаргаж бариад, төлбөрийг нь ЭТТ нүүрсээр төлөх агуулгатай ийм гэрээ. Энэхүү гэрээний дагуу Гашуунсухайт чиглэлд 1-р зэрэглэлийн 235 км төмөр зам баригдаж дуусаад ашиглалтад орсон. Өнөөдөр 7 хоногт 300-450 чингэлэг нүүрс тээвэрлэж байна. Тээвэрлэлтийн өртөг хэд дахин буурсан, эдийн засгийн ач холбогдол өндөртэй төсөл. Одоогийн байдлаар энэ оффтейк гэрээгээр 454 сая ам.долларын нүүрсийг төлбөрт өгсөн.

2. ЭТТ ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн оффтейк гэрээ. Засгийн газрын 2021 оны 113 дугаар тогтоол, ТУЗ-ийн 2022 оны 14 дүгээр тогтоол, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 2022 оны 1-р сарын 28-ны өдрийн удирдамжаар байгуулсан. ЭТТ ХК арав гаруй жил нүүрсээ түүхийгээр нь зарж ирлээ. Цаашид угааж баяжуулах, гүн боловсруулалт хийж кокс үйлдвэрлэж экспортлох төлөвлөгөөтэй. ТУЗ-өөр батлуулсан А-6/20 бизнес төлөвлөгөөний дагуу Нүүрс баяжуулах үйлдвэр бариулахаар Олон улсын тендер зарласан. Энд БНХАУ-ын Норинко гэж компани шалгарч, барилгын ажлаа эхлээд эрчимтэй явж байна. Төсөв нь 314 сая ам.доллар буюу 3 сая тонн нүүрс нийлүүлнэ.

3. Богдхан төмөр зам. Засгийн газрын 2021 оны 206, 353 тоот тогтоол, ТУЗ-ийн 2022 оны 28, 31 дүгээр тогтоол, Эрдэнэс Монгол ХХК-ийн 2022 оны 2-р сарын 18-ны өдрийн удирдамжийн дагуу гэрээ байгуулсан. Нийт өртөг 1.4 тэрбум ам доллар. Нүүрсээр 7 сая тонн. Энэ бол нийслэлийн авто замын ачаалал, ачаа эргэлт, экспорт, импортын өндөр ач холбогдолтой төсөл.

4. Газрын тос дамжуулах хоолойн гэрээ. Засгийн газрын 2022 оны 94 дүгээр тогтоол, ТУЗ-ийн 2022 оны 23 дугаар тогтоол, Эрдэнэс Монгол ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн удирдамжтай. Манай улс Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгааг бүгд мэднэ. Энэ үйлдвэрт нефть дамжуулах хоолой барих санхүүжилтийг ЭТТ хариуцаж, төлбөрийг нүүрсээр хий гэсэн шийдвэрийг УУХҮЯ гаргасан. Сонгон шалгаруулалтыг ч УУХҮЯ хийсэн. Нийт өртөг 388 сая ам доллар буюу 3 сая тонн нүүрс нийлүүлэгдэнэ. Нийтдээ дээрх оффтейк гэрээнүүдэд нийтдээ 18 сая тонн нүүрсийг нийлүүлнэ.

Эдгээр гэрээнүүд чинь бүгд нууц уу. Танайхыг чинь нууцаар гэрээ хийгээд нүүрс зараад байдаг гэх юм?

Төрийн болон албаны нууцын тухай хуулиар зохицуулагддаг асуудал. Дотроо Төрийн болон Албаны гэж хоёр янз гэсэн үг. Манай компанийн хувьд байгууллагын буюу албаны нууцад авсан гэрээ болон худалдан авалт байхгүй, бүгд нээлттэй, ил тавигдаж явдаг. Харин хэрэгжүүлж байгаа төслүүдтэй холбоотойгоор хэд хэдэн төрийн нууцын жагсаалтад хамрагддаг ажлууд байгаагаас Төмөр замын хоёр төсөл, усны систем, түлш үйлдвэрлэл гээд улсын стратегийн шинж чанартай хэд хэдэн үйл ажиллагаануудыг нэрлэж болно. Эдгээр нь Засгийн газрын тогтоолоор эрх олгогдож, төрийн нууцын тухай хуулийн дагуу жагсаалт бичигддэг. Дээрх төслүүдэд ер нь нуугаад байх зүйл их ховор доо, тиймээс аль болох нууцад оруулахгүй байх арга хэмжээг эхнээс нь авч ажиллавал их сайн санагддаг. Нэгэнт орчихсон зүйлийг гаргахын тулд өмнөх бүх тогтоол, шийдвэрүүдээ цуцлах шаардлага үүсэж, шат дараалсан олон ажлыг буцааж хөрвүүлэх хэрэгтэй болох байх.

Зүүнбаян, Гашуунсухайт чиглэлийн төмөр замууд баригдаж дууссан гэж ойлгож байгаа. Тээвэр явж байгаа юу. Гашуунсухайтын замыг хил болон уурхайтайгаа холбогдоогүй гэсэн шүүмжлэл гардаг? 

Аль аль нь дууссан. Гэхдээ хоёр замыг хооронд нь болон уурхайтай холбох, Гашуунсухайтын замыг хил дээр холбох ажлууд дутуу үлдсэн, одоо хийгдэж байгаа. Зүүнбаян чиглэлийн төмөр замаар “Тавантолгой Түлш” ХХК-ийн сайжруулсан түлшний түүхий эд тээвэрлэж байна. Гашуунсухайтын замаар туршилтын тээвэр долдугаар сараас эхлэсэн. Сая есдүгээр сард албан ёсоор нээлтээ хийсэн. Төслийн хүрээнд хөдлөх бүрэлдэхүүнийг давхар шийдсэн. “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн нэг ээлжиндээ 50 вагоноор чингэлэгтэй нүүрс тээвэрлэлт хийж байна.

Таныг Эрдэнэс Тавантолгойн захирлаар ажиллах болсноосоо хойш огцом хөрөнгөжсөн, тансаг хаусанд амьдардаг гэхчлэн мэдээлэл сошиал орчинд мэр сэр гардаг. Хуурамч хаягнаас голдуу гарч харагддаг ч гэсэн Та хэр хөрөнгөтэй хүн бэ. Хардаад байгаачлан гадаадад нуусан данс, мөнгө төгрөг байдаг юм уу? 

Ажил хийж байгаа хүн цалин авдаг. Тэр хэмжээндээ л Хөрөнгө орлогын мэдүүлгээ жил бүр бөглөөд өөрчлөлт гарвал тухайн үед бүртгүүлээд явдаг. Тэр ХОМ-ийн мэдээллээс хэн ч харж болдог, сонирхож байгаа бол судлаад, харьцуулна биз дээ. Задлаад хэлэхэд авлага гэх юм алга, худлаа үнэн үнэт эдлэл, хувьцаа, мал, амьтан гэх зүйл бага. Харин автомашины зээл болон хүүхдийн сургалтын төлбөрийн зээл гээд хэд хэдэн өглөг байгаа. Сар сард нь төлөөд явж байна. Хаустай гэж бичсэн байсан. Үнээн үнэн. 2019 онд өөрийн орон сууц, зуслангийн байрыг борлуулаад, зөрүү төлөх замаар 850 сая төгрөгний үнэлгээ бүхий хувийн байшин авсан. Эхнэр бид хоёр дундаа нэг хувийн машин унадаг. Гэхдээ гол нь хүлээсэн үүрэг, хариуцуулсан ачааг хэнээр ч муу хэлүүлэхгүй хэмжээнд, бусдаас дутахгүй хийгээд явчихья гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй ажилладаг даа. Ядаж л бүх ажилчдаасаа өмнө эрт ирэх ёстой гэсэн хандлагыг ажил хийж эхэлсэн цагаасаа хойш л баримталсан, одоо ч хэвээрээ. Учир нь хэн нэгэнд ажил үүрэг өгч, ачаа үүрүүлэх гэж байгаа бол эхлээд тэр хүмүүст шаардлага тавих эрхтэй болох хэрэгтэй. Энэ нь бүх ажилдаа чадах хэмжээнд гүн орж, асуудлыг ойлгож, ядаж л заавал боловсруулсан материал, төслийг нь уншсан байх ёстой. Тэгэж байж эргээд хариу нэхэж, илүү байх, удирдах, чиглүүлэх үүрэг үүснэ. Тэрнээс биш ажилчдаасаа хэзээ хойно, үд өнгөрсөн хойно ирчихээд, явуулсан материалыг нь сөхөж ч үзээгүй байж, ойлголтгүй асуудлаар чиглэл өгч, удирдана гэж юу байхав дээ. Тиймээс жижиг, том хамаагүй ямар ч байгууллага удирдаж байгаа хүн бусдаасаа илүү ажиллаж, илүү санаачлага гаргаж, илүү хөдөлмөрлөж байж ажил бүх түвшиндээ ахиж, амжилт авчирдаг гэдэгт би итгэдэг, цаашид ч ийм байж, энэ чигээрээ ч дуусах байлгүй дээ.

УИХ-ын гишүүн асан Л.Энхболд Эрдэнэс Тавантолгойгоос алдагдсан 260 мянган тонн нүүрсний асуудлыг хэдэн жил ярьсан. Хэргийг шалгаад дууссан, хулгайчдыг барьж хорьж шийтгэх гээд байсан, өнөө хүртэл таг. Танай компанийн талбайгаас орон нутгийн Тавантолгой нүүрс олборлоод экспортолчихсон асуудал гэж ойлгодог. Та нарын өмнөөс Энхболд гэж хүн алдагдсан нүүрсийг чинь олж өгөх гээд яваад байх шиг байх юм? 

Чухал асуудал. Хэзээ ч орхигдуулж, мартаж болохгүй. Л.Энхболд гишүүний хичээл зүтгэл, шаардлага бодит үр дүнд хүрсэн. Хууль, хяналтын байгууллагын бүрэлдэхүүн орсон хамтарсан Ажлын хэсэг нэлээдгүй урт хугацаанд ажиллаж, шалгалтын шугамаар хийсэн дүгнэлтээ холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Энэ нь ЭТТ ХК-ийн лицензийн талбайтай шууд зэрэгцээ байрладаг орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК олборлолт хийх явцдаа техникийн хувьд өртсөн буюу зам талбай гаргах, өргөтгөх, уурхайгаас шинэ траншей нээх, ул, тааз бэлдэх зэрэг олон ажлын хүрээнд манай талбайгаас нүүрс олборлож авсан асуудал гарсны дагуу шалгаж, нийт 341.000 тонн нүүрсийг ЭТТ ХК-д өгөх үүрэг хүлээсэн дүгнэлт ирсэн. Энэ дагуу хамгийн сайн чанарын нүүрсийг тус компаниас авахаар гэрээ байгуулж, одоогоор 63 мянган тонн нүүрс авсан. Л.Энхболд гишүүний ачаар ЭТТ ХК-ийн 2.5 сая иргэн болон төр өөрийн өмчөө баталгаажуулж авсан гэж хэлж болно.

Ногдол ашиг хэзээ хуваарилах бол гэсэн хүлээлт иргэдэд их байдаг. Энэ жилийн ашгаас ногдол ашиг өгөх үү?

Ногдол ашиг өгөх шийдвэрийг ТУЗ, хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргадаг. Гүйцэтгэх удирдлагын баг ашигтай ажиллуулж, ногдол ашиг хуваарилах санхүүгийн боломжийг бүрдүүлж өгөх үүрэгтэй. А-6/20 бизнес төлөвлөгөөнд тооцсоноор 2020, 2021 онд компани төслүүддээ хөрөнгө оруулж, ногдол ашиг хуваарилахгүй гэж үзсэн. Цар тахлаас үүдэлтэй нүүрсний экспорт, тээвэр зогсож, компанийн ашиг ч бага гарсан. Харин энэ жил компани нэлээд ашигтай гарах төлөвтэй байна. Есдүгээр сарын байдлаар гэхэд 800 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байгаа. Оны эцэст нэг их наяд орчимд дөхсөн дүн гарах байх. Ногдол ашиг өгсөн 2019 оныхтой дөхөх үзүүлэлт. Тиймээс 2022 оны ашгаас иргэдэд ногдол ашиг хуваарилах боломж бүрдэнэ. Гэхдээ эцсийн шийдвэрийг ТУЗ гаргана. Гүйцэтгэх удирдлагын багийн хувьд ногдол ашиг өгөх саналаа ТУЗ-д танилцуулна гэсэн бодолтой байгаа.

 

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хариу мэндчилгээ илгээв

Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсгээс ангид хэмээн зарласны 30 жилийн ойг тохиолдуулан Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд  мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Монгол Улс цөмийн зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх чиглэлээр тууштай ажиллаж буйд талархаж, цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг цогцлоох нийтлэг зорилгын төлөөх дараагийн алхмаа хийхийн тулд цөмийн зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх чиглэлээр тогтоосон хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш-д хариу мэндчилгээ илгээлээ.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусыг бэхжүүлэх үйлсэд Нэгдсэн үндэстний байгууллага тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа  талархал илэрхийлэв.

Мөн Монгол Улс дэлхий дахинд цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад цаашид ч хувь нэмрээ оруулах чиглэлээр идэвхтэй ажиллах чин хүсэл эрмэлзэлтэйг дахин нотлов.

Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсгээс ангид хэмээн зарласан нь цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, бүс нутаг дахь итгэлцлийг нэмэгдүүлэх, улмаар олон улсын энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх үйлсэд зохих хувь нэмэр оруулсан гэж үздэгээ илэрхийлэв.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-Д ЗУРГААН САРЫН ХУГАЦААГААР ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООЛОО

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томиллоо.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, тус компанид тогтоосон онцгой дэглэмийн үр дүн, явцын байдлыг сар бүр Засгийн газарт танилцуулж, тодорхой чиглэл авч ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгалаа.

Эх сурвалж: https://mongolia.gov.mn/news/view/26519

ЭМЧИЙН БАГЦ ҮЗЛЭГТ ХАМРУУЛАВ

Тавантолгой түлш ХХК, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран ажилчдаа эмчийн багц үзлэгт хамруулж байна. Эмчийн үзлэгийг гурван багцад 12 төрлөөр явуулж байгаа юм. Нэгдүгээр багц нь лабораторийн шинжилгээ, хоёрдугаар багц нь багажийн шинжилгээ, гуравдугаар багц нь нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээ явагдаж байгаа юм. Эмчийн үзлэгт нийтдээ 1874 ажилтан хамрагдана.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Малчдын орлого, нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганаар “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн орчин”, ”Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй”, “Малчдын нийгмийн хамгаалал”, “Мал, амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх цогц арга хэмжээ”, “Мал аж ахуйн ирээдүй”, “Мал аж ахуйн салбарын хүний нөөц”, “Хувийн мал эмнэлгийн өнөөгийн байдал”, “Арьс, шир, мах, сүү бэлтгэх, боловсруулах, нийлүүлэхэд тулгамдаж буй асуудал” зэрэг сэдвээр илтгэл сонсож, хэлэлцэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Эрхэм нөхөд өө,

Монголын нүүдлийн мал аж ахуйн өв соёлыг өвлөн уламжлагч малчид, фермерүүд болон мал аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачид, мал зүйч, малын эмч, үйлдвэрлэгч, төрийн албан хаагч Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Монголчууд бид байгалиас заяасан баялаг, нөөц боломждоо тулгуурлан хөгжих учиртай. Буянт мал сүрэг бол манай ард түмний үнэт эрдэнэ, манай улсын үндэсний баялаг юм.

Мал аж ахуй бол олон мянган жилийн турш нүүдэлчин монголчуудын ахуй амьдралын үндэс, улс орны хөгжил дэвшлийн суурь, тусгаар тогтнол, аюулгүй байдлын үнэт баталгаа болж ирсэн уламжлалт салбар төдийгүй эдийн засгийн хоёр дахь том салбар юм. Нүүдлийн соёл иргэншил, газар нутаг, цаг агаарын онцлогт тохируулан мал маллах уламжлалт арга ухааныг үе дамжин эзэмшиж, монгол ёс заншил, өв соёлоо тээж ирсэн, өсөн үржиж, урган төлждөг баялаг бүтээгч, малчин олон түмэндээ ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. 2021 оны байдлаар манай улсын малчин иргэдийн тоо 300 мянга гаруй  байгаа бөгөөд энэ нь хөдөлмөр эрхлэх боломжтой нийт иргэдийн 15 орчим хувийг бүрдүүлж байна. Нийт малын тоо 1990 онд 26 сая байсан бол 2021 оны байдлаар 67 саяд хүрч, сүүлийн 31 жилийн дотор 41 саяар буюу 2.6 дахин өсөөд байна. Ий

нхүү өнөөдөр мал аж ахуйн салбар нь манай улсын нийт эдийн засгийн 15 хувийг бүрдүүлж, албан ёсоор ажил эрхэлж байгаа таван хүн тутмын нэг нь мал аж ахуйн салбарт ажиллаж, 2021 онд 7.2 их наяд төгрөгөөр хэмжигдэх баялаг бүтээжээ.

Малын тоо, толгой эрс өсөж, малчдын орлого, амьжиргаа, нийгмийн хамгаалал тодорхой хэмжээнд сайжирч байгаа ч нийт малын бэлчээрийн 65 хувь доройтсон, газар нутгийн 77 орчим хувь цөлжсөн, хөдөө орон нутгаас хот суурин газар руу чиглэсэн иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн зэрэг олон сорилт, бэрхшээл малчид, мал аж ахуйн салбарын өмнө тулгарч байна. Түүнчлэн дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, геополитик, геостратегийн хурцадмал байдлаас шалтгаалсан хүнс, эрчим хүчний үнийн өсөлт болон дотоодын хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлууд нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлөө эрс эрчимжүүлэхийг шаардаж байна.

Иймээс тэнгэр, хангайгаа шинжиж, буянт мал сүргийнхээ үр шимийг хүртэж ирсэн монголчууд бид мал аж ахуйн салбарыг шинжлэх ухаанчаар хөгжүүлж, шинэ шатанд гаргах, цогц шинэчлэл хийх шаардлага зүй ёсоор урган гарч байна.

Эрхэм хүндэт нөхөд өө, зочид, төлөөлөгчид өө,

Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 гаруй хувийг гаднаас авдаг бөгөөд зөвхөн өнгөрсөн онд гэхэд нэг тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээний хүнсний бүтээгдэхүүнийг импортоор авчээ. Тухайлбал, олон зуун жилийн нүүдлийн мал аж ахуйн соёлтой, 70-аад сая малтай, сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах нөөц бололцоотой манай улс импортын хуурай сүүгээр хийсэн сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна.

Түүн дотроо нялх нярай, бага насны хүүхдүүд, өвгөд хөгшид маань эх орондоо үйлдвэрлэсэн шим тэжээлт сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх таван жилийн хугацаанд мал сүргээ эрүүлжүүлж, малын ашиг шим, чанарт анхаарч, эрчимжсэн газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, өргөн хэрэглээний 19 хүнсний нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох зорилт дэвшүүлэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байгааг Та бүхэн мэдэж байгаа.

Дээрх зорилтыг ханган хэрэгжүүлэх хүрээнд Улсын Их Хурал “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчин, удирдлага зохион байгуулалт, бодлого, үйл ажиллагааны цогц шинэчлэл хийх бөгөөд ирэх таван жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд зориулан 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээр шийдвэрлээд байна.

Дээрх тогтоолд мал аж ахуйн салбарын хувьд малын удмын санг хамгаалах, бэлчээрийн менежментийг сайжруулах, усан хангамжийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг тохиромжтой бүс нутагт хөгжүүлэх, мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бүрэн хяналтад авах зэрэгт 478 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Энэ бодлого, зорилтыг амжилттай хэрэгжүүлж, улмаар хүнс экспортлогч орон болоход малчид, мал аж ахуйн салбарын хамт олон Та бүхний идэвх, санаачилга, хандлага, хамтын ажиллагаа туйлын чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Дэлхийн найман тэрбум хүн амын 1.6 тэрбум нь манай улсыг тойрон амьдарч байна. Цаашид ч дэлхийн хүн амын тоо хурдацтай өсөх хандлагатай байна. Энэ бол монголчууд бидний хувьд асар их боломж, асар том зах зээл юм. Энэ боломж, бололцоо, зах зээлийг бүрэн ашиглах ёстой. Өсөн үржиж, урган төлждөг хөдөө аж ахуйн баялаг, түүн дотроо мах, махан бүтээгдэхүүний экспортоор энэ том зах зээл рүү гарч, ашиг, орлого олохын зэрэгцээ бүс нутгийн болон дэлхийн хүн амын хүнсний хангамжид Монгол Улс хувь нэмрээ оруулах учиртай.

Цаашид малчдын орлого, амьжиргаа, амьдралын чанар сайжирсан, байгаль орчинд ээлтэй, мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг бий болгоход дараах асуудлуудад анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт, малчдынхаа орлого, нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай байна. Мал аж, ахуйн салбарын хөгжлийн нэг суурь асуудал нь малчдын орлого, нийгмийн баталгааг хангах асуудал юм.

Эн тэргүүнд малчдыг эрүүл мэнд, нийгмийн даатгалд бүрэн хамруулах, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг боловсронгуй болгох, малчдад төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, чанартай хүргэхэд анхаарах ёстой.

Энэ хүрээнд төр, засгаас бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэж нэмсэн нь иргэдийн амьжиргааг дэмжих нэг чухал алхам болсон төдийгүй малчид таван жилээр эрт тэтгэвэр тогтоолгох эрх зүйн боломж бүрдээд байна. Цаашид тэтгэврийн зөрүүг бууруулах, малчдыг эрүүл мэндийн эрт оношилгоо, үзлэгт тогтмол хамруулах, тэдний хүүхдийн сургуульд орох нас, дотуур байрны хүртээмж зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд холбогдох яам, төр, захиргааны байгууллага анхаарч ажиллах нь зүйтэй.

Мөн малчдын залгамж халааг бэлтгэх, шинэ залуу малчдыг дэмжин урамшуулах, орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэх ёстой.

Ингэж байж монголчууд бид өв уламжлал, зан заншил, нүүдлийн соёл иргэншлээ хадгалж, уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуйн салбарыг хослуулан хөгжүүлэх болно. Мал аж ахуйн салбарын суурь шинэчлэл бол малчид хүч хөдөлмөр, хөрөнгө, малаараа хоршин нэгдэж, хамтран ажиллах аливаа хэлбэрийг бүх талаар дэмжих асуудал юм. Хоршин ажилласнаар үр ашиг, бүтээмж сайжрах, хөдөлмөрийг хөнгөвчлөх, үйлдвэрлэл, борлуулалтын оновчтой сүлжээ, кластер бий болох, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэгүйдэл арилах, малчдын орлого, амьжиргаа сайжрах нөхцөл боломж бүрдэнэ. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын даатгал, биржийн тогтолцоог боловсронгуй болгож, хөдөө аж ахуйн зах зээлийн боломж, эрсдэлийг зөв тооцох малчдын мэдлэг боловсрол, чадварыг дээшлүүлэхэд анхаарах ёстой.

Хоёрдугаарт, малын тооноос илүүтэй чанар, ашиг шим, үйлдвэрлэлийн бүтээмжид онцгой анхаарах шаардлагатай байна. Олон жилийн турш монголчууд мал сүргийнхээ ашиг шим, үр өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэхээс илүүтэй малын тоо, толгойг өсгөхөд анхаарч ирсэн нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн олон хүндрэл, бэрхшээлийг бий болголоо. Тухайлбал, малын тоо, толгой хэт нэмэгдсэнээр бэлчээрийн даац хэтэрч, өвс, ургамлын гарц, шим тэжээл жил ирэх тусам муудаж байгааг та бүхэн маш сайн мэдэж байгаа. Ийм учраас эн тэргүүнд бэлчээрийн менежментийг эрс сайжруулах асуудал нэн чухал байна.

Малын үүлдэр, угсааг сайжруулж, нэг малаас авах ашиг шим, үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг кластераар хөгжүүлэх, малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог боловсронгуй болгох, мах, сүү, ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, энэ чиглэлээр эхлүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдээ цаг хугацаанд нь хэрэгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна. Мөн бүс нутаг, аймаг, сумдад нь тохирсон мал, аж ахуйн бүтээгдэхүүний брэнд бий болгох, зах зээлд нэвтрүүлэхэд нь төрийн бодлогоор дэмжлэг үзүүлэх явдал чухал юм.

Энэ хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолд махны чиглэлийн цэвэр  үүлдрийн 50 мянган толгой, сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн 50 мянган толгой үхрийн аж ахуй, махны болон нарийн ноост хонины үржлийн цөм сүргийн аж ахуйг  байгуулахаар тусгаад байгааг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Гуравдугаарт, ирэх таван жилд Монгол Улсыг малын халдварт болон гоц халдварт өвчингүй эрүүл бүс болгох шаардлагатай байна. Энэ хүрээнд юуны өмнө мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх стратегийг сайжруулж, вакцинжуулалтын хамрагдалтыг үе шаттайгаар бүсчлэн хэрэгжүүлэх, эрсдэлтэй бүс нутгийн гоц халдварт өвчинд мэдрэмтгий мал, амьтныг технологит хугацаанд нь вакцинд бүрэн хамруулах ажлыг үр дүнтэй, чанарын өндөр түвшинд хариуцлагатай зохион байгуулах ёстой.

Цаашлаад био бэлдмэлийн дэвшилтэт үйлдвэрлэлийг эх орондоо бий болгож, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болох шаардлагатай. Үүний зэрэгцээ мал эмнэлгийн үйл ажиллагаа, хүртээмжийг сайжруулж, мал зүйч, малын эмч нарыг эрэлт хэрэгцээтэй нь уялдуулан үе шаттайгаар бэлтгэх, давтан бэлтгэх хэрэгтэй байна.

Түүнчлэн ойрын хугацаанд экспортод чиглэсэн малын өвчингүй эрүүл бүсийг бий болгох ажлыг эрчимжүүлж, хорио цээрийн бүс тогтоож, дотоод, гадаадын мэргэжлийн байгууллагуудын шаардлага, стандарт, зөвлөмжийг ханган хэрэгжүүлж, монгол малыг эрүүл гэдгийг баталгаажуулах  ажлын явц, үр дүнг олон улсын түвшинд сурталчлан таниулж, хүлээн зөвшөөрүүлэхийн зэрэгцээ малын эрүүл мэндийг хамгаалахад малчдын үүрэг, оролцоо, хариуцлагыг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байна. Дээр дурдсан үндсэн гурван зүйлийг амжилттай хэрэгжүүлэхэд малчид, мал аж ахуйн салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, холбогдох мэргэжлийн байгууллагуудын үүрэг, оролцоо, хамтын ажиллагаа болон төр, хувийн хэвшлийн оновчтой түншлэл туйлаас чухал гэдгийг тэмдэглэж байна.

Эрхэм хүндэт нөхөд өө,

Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой. Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байна.  Иймээс төрийн тэргүүний санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнүүд өөр хоорондоо нягт уялдаа холбоотой хэрэгжих ёстой. Ялангуяа малчид, мал аж ахуйн салбарынхан Та бүхэн энэ гурван үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд онцгой үүрэгтэй бөгөөд та бүхний манлайлал, оролцооноос дээрх зорилт бодлогын хэрэгжилт, үр дүн шууд шалтгаална. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлснээс хойш тариаланчид, хүнс үйлдвэрлэгчид болон салбарын эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан гурван удаагийн үндэсний чуулган зохион байгууллаа.

Эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн та бүхэн өнөөдрийн “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” үндэсний чуулганаар тулгамдсан асуудал, цаашдын бодлого, зорилт, хийж хэрэгжүүлэх ажил, ололт амжилт, алдаа дутагдлаа илэн далангүй хэлэлцэн ярилцаж, ажил хэрэгч санал, санаачилга гарган үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.

Манай улсын мал сүрэг эрүүл, үр өгөөж, ашиг шим нь өсөн нэмэгдэж байж үндэсний баялаг арвижих болно. Энэ их үйл хэргийг ажил хэрэг болгоход эрхэм хүндэт та бүхний итгэл сэтгэл, хичээл зүтгэл, хамтын хүчин чармайлт туйлаас чухал болохыг эцэст нь тэмдэглэе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

 

 

 

 

 

 

ТАВАНТОЛГОЙ ТҮЛШИЙН 3500 МОД ТАРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, үндэсний мод тарих өдрийн хүрээнд Тавантолгой түлш ХХК-ийн ажилтан албан хаагчид зүүн болон баруун бүсийн үйлдвэрийнхээ орчимд 6000 мод тарина.

Үүний эхлэл болгож Үндэсний мод тарих өдрөөр баруун бүсийн үйлдвэрийн орчинд Хайлаас, Улиас нийлсэн 3500 модны суулгацыг тарилаа. Зүүн бүсийн үйлдвэрт 1000 модны суулгацыг тариад байгаа бол ирэх хаврын үндэсний мод тарих өдрөөр 1500 мод тарихаар төлөвлөөд байгаа юм.

Тавантолгой түлш ХХК-ийн ажилчид Тэрбум мод хөтөлбөрийг дэмжиж “Нэг ажилтан-нэг мод” аяныг эхлүүлээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улам эрчимтэй ажиллах шаардлагатай байна

Уур амьсгалын өөрчлөлт болон Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцуудын талуудын бага хурлыг угтсан уулзалт, хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт, хэлэлцүүлэгт 17 орны Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, олон улсын болон төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын 130 орчим төлөөлөгч оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалт, хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт болон Биологийн олон янз байдлын тухай суурь конвенцийн талуудын бага хурлыг угтан дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах талаар Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа бодлого, санал, санаачилга, үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал бодлоо солилцож, зөвлөлдөхөөр хуран цугласан Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, гүн талархал илэрхийлье. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт, хэлэлцүүлэг нь дэлхий нийтээр цар тахлын давлагаа үргэлжилсэн, түүнээс шалтгаалсан хил, гааль, тээвэр, логистикийн хүндрэл, эрчим хүч, хүнсний хангамж, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, геостратеги, геополитикийн хурцадмал нөхцөл байдал үүссэн зэрэг улс төр, нийгэм, эдийн засгийн тулгамдсан олон асуудалтай нүүр тулсан хүнд үед болж байна. Олон хүндрэл, бэрхшээл байгаа хэдий ч хүн төрөлхтөн байгаль орчноо хайрлан хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тэмцлээ хэрхэвч сулруулж болохгүй, харин ч улам эрчимжүүлэх ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгч эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах, зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, сөрөг нөлөөллийг бууруулах, ойн хомсдол, доройтлыг багасгах, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдрал, эрүүл мэндэд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй сөрөг нөлөөлөл, түүнтэй хэрхэн тэмцэх арга зам, ойжуулалт, ногоон байгууламжийн ач холбогдлын талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын ойлголт, хандлага сайжирч, эх байгаль, хойч үеийнхээ сайн сайхны төлөө мод тарьж, ургуулах, арчлан хамгаалах үйлсэд хамтдаа зүтгэж байгаа нь нэн сайшаалтай.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй мод үржүүлгийн газруудын тарьц, суулгацын нөөц 37 сая болж, нэг жилийн хугацаанд 4 дахин нэмэгджээ. Энэ бол чамлахааргүй амжилт, үр дүн. Цаашид тарьц, суулгацын жилийн нөөцийг 100 саяд хүргэж нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийн төлөө бүх түвшинд онцгой анхааран ажиллаж байна.

Монгол Улсын ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ хүн ам болон эдийн засгийн хэмжээтэйгээ харьцуулахад өндөрт тооцогддог ч дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын ердөө 0.1 хувийг эзэлдэг. Олон улсын байгууллагын судалгаагаар Монгол Улсын ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ сүүлийн 20 жилд 65 хувиар өссөн байна. Энэ өсөлтөд эрчим хүч, хөдөө аж ахуй болон аж үйлдвэрийн салбар голлох нөлөө үзүүлжээ. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбаруудын үүрэг, оролцоог нарийвчлан тодорхойлж, засаглалыг сайжруулан, эдийн засгийн төрөлжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Монгол Улс газар зүйн байршил, байгаль, цаг уурын нөхцлийн хувьд 2600 гегаваттаар үнэлэгдэх сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй бүс нутаг юм. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг огцом нэмэгдүүлэх, улмаар бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулах бүрэн боломжтойг харуулж байна. Тиймээс усан цахилгаан станц болон сэргээгдэх эрчим хүчний бусад эх үүсвэрийг ашиглах, өндөр багтаамжтай нөөцлүүрийн төслүүдийг эхлүүлж, цаашид эрх зүйн болон бодлогын шинэчлэлийг эрчимжүүлэхээр зорьж байна. Түүнчлэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад метан хийн ялгаралд онцгойлон анхаарч, “Даян дэлхийн метаны амлалт”-д саяхан нэгдлээ. Уур амьсгалын өөрчлөлт нь хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөтэй хавсран биологийн олон янз байдлын хомсдол, газрын доройтол, цөлжилтийн явцыг түргэтгэж байна. Иймээс Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын Талуудын XVII бага хурлыг зохион байгуулахаар бэлтгэж байна.

Манай улс байгаль хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхдээ төр, засгаас гадна хувийн хэвшил, нутгийн иргэдийн оролцоо, санаачилга, санхүүжилтийг дэмжих замаар хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, сайжруулах нь чухал гэж үзэж байна. Цаашид бид дэд бүтцийн хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхдээ биологийн олон янз байдлын нэгдмэл чанарыг алдагдуулахгүй байхад онцгой анхаарах ёстой. Энэ хүрээнд олон улсын сайн туршлага, технологийг нэвтрүүлж, нутагшуулах замаар богино хугацаанд үр дүнд хүрэх нь зүйтэй юм. Уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэхэд төсөв, санхүүгийн нөөц боломжоо зөв тооцож бүрдүүлэх, гадаад зээл, тусламж, хувийн салбарын санхүүжилтийг оновчтой ашиглах, бүс нутгийн болон олон улсын хамтарсан томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд Монгол Улсын болон бүс нутгийн хэмжээнд хамтран хэрэгжүүлэх боломжтой байгаль орчны төслүүдийн санал боловсруулж, хөрш болон бусад улс орон, олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Дэлхий нийт төдийгүй Монгол Улсад тулгарч буй байгаль орчны эрсдэлийн эсрэг үр дүнтэй тэмцэж, хойч үедээ эрүүл орчин, ногоон ирээдүйг өвлүүлэхэд Та бидний хамтын хүч, тууштай бодлого, нэгдмэл байдал туйлын чухал гэдгийг хэлье.

Ирэх саруудад зохион байгуулагдах НҮБ-ын Суурь конвенцын талуудын бага хурлуудыг угтан зохион байгуулж буй өнөөдрийн уулзалт, хэлэлцүүлгээр Та бүхэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах чиглэлээр бодит үр дүнд чиглэсэн, ажил хэрэгч санал, санаачилга, зөвлөмж гаргаж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.”

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ СТАНДАРТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАГДЛАА

0

Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаар хуралдаанаар Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага – MNS 5679 : 2019 стандартыг шинэчлэн боловсруулах даалгавар өгсөн. Үүний дагуу Стандартчиллын үндэсний зөвлөл 2022 оны наймдугаар сарын 14-нд Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага MNS 5679:2022 стандартыг хэлэлцэж баталсан байна.

Шинэ стандартын дагуу 13-50 мм ширхэглэлтэй түлшийг сайжруулсан шахмал түлшинд тооцож байна. Харин 13 мм-ээс бага хэмжээтэй байвал ширэмний завсраар унаж дутуу шаталт явагдах сул талтай тул түлшний үйрмэг гэж үзэх юм.

Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний анхны хэлбэр алдагдаж, бутарч 13 мм-ээс бага хэмжээтэй болсон жижиг хэсгүүдийг түлшний үйрмэг гэж үзэх юм байна.

Шахмал түлшний чийглэгийн хэмжээг 10 хувь байсныг шинэ стандартаар 6 хувь болгосон. Энэ нь түлшний шаталтаас ялгарах нүүрстөрөгчийн дутуу исэл буюу угаарын хийг бууруулахад ач холбогдолтой юм байна. Өмнөх стандартаар үнслэгийн хувь 29 байсан бол шинэ стандартаар 27 хувь болгож бууруулсан. Ингэснээр түлшний шаталтаас хаягдах үнсний хэмжээ 10 орчим хувиар буурах тооцоо гаргажээ.

Шадар сайд С.Амарсайхан “Газпром банк” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

“Газпром банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэд дарга Алексей Петрович Белоус өөрийн багийн хамт энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Газпром банк” ХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч  уулзаж эрчим хүчний эх үүсвэр, Ази Европийг холбосон транзит тээвэр, боомтын хүчин чадлыг чадавхжуулах зэрэг ОХУ-тай хамтран хэрэгжүүлж буй ажлуудын талаар ярилцлаа.
Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын Засгийн газраас баримталж буй Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд “Газпром банк” ХК-ийн үүрэг оролцоо дэмжлэг болох болно. Тэр дундаа миний ахалж буй Боомтуудын хүчин чадлыг сайжруулах, ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий дамжуулах хоолой барих, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг томоохон төсөлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналтай байна” гэлээ. Мөн Засгийн газар  Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд гаднын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад бэлэн байгааг тэмдэглээд Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Богдхан болон Чойбалсан-Эрээнцав зэрэг төмөр замын төслийн талаар онцлон ярилаа.