Home Blog Page 114

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Ерөнхийлөгч А.Танака-г хүлээн авч уулзав.

Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад Япон Улсын дэмжлэг, хөнгөлөлттэй зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг Ерөнхийлөгч тэмдэглэв. Ялангуяа боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбарт тууштай дэмжлэг үзүүлж ирснийг Монголын төр, засаг, ард түмэн  өндрөөр үнэлдгийг дурдаж,  ЖАЙКА-ын тусламж цаг үеэ олсон, иргэдэд хүртээмжтэй, сэтгэл шингэсэн байдгийг онцлов. Цаашид уул уурхай, газрын ховор элемент, хөдөө аж ахуй, хүнс, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг хэлэв.

А.Танака сүүлийн жилүүдэд Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг товч танилцуулж, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч А.Танака-гийн энэ удаагийн айлчлал хоёр орны хооронд  дипломат харилцаа тогтоосны 50 жил, ЖАЙКА-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жил, ЖАЙКА-ын далайн чанад дахь сайн дурын гишүүд Монголд томилогдон ажиллаж эхэлсний 30 жилийн ойн хүрээнд болж байна.

А.Танака нь ЖАЙКА-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж байгаа бөгөөд 2014 онд Монгол Улсад айлчилж байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Мэдээллийн технологийн компаниудыг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Ай Си Ти групп” ХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Иргэд эрүүл мэнд, боловсрол үйлчилгээг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлж, төлбөр тооцооны цахим үйлчилгээ, үндэсний хэмжээний дата төв, клауд системд тулгуурлан Үндэсний орон зайн мэдээллийн болон монгол хэл хөрвүүлгийн систем зэргийг хэрэглээнд нэвтрүүлснийг Ерөнхийлөгч сайшаав.

Мөн технологийн дэвшлийг ашиглан монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэхийг зорьж байгаа тус хамт олныг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

53 аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгэсэн “Ай Си Ти групп” ХК эрүүл мэнд, боловсрол, санхүүгийн салбарт 380 орчим бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд шууд болон шууд бусаар харилцагч, хэрэглэгчийн тоо нь давхардсан байдлаар 2.8 саяд хүрээд байна. Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Г.Лхамсүрэн, цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхийн зэрэгцээ “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнд мэдээллийн технологийн дэвшил, шийдлийг нэвтрүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

“Фибо Клауд” ХХК Бүгд Найрамдах Казахстан Улсын харилцаа холбооны хамгийн том оператор компаниудын нэг болох “Транстелеком” ХК-тай 1.5 сая ам. долларын гэрээ хийсэн байна. Энэ нь  Монголын технологийн компани Төв Азид цахим бүтээгдэхүүнээ нийлүүлэх анхны гэрээ гэдгийг “Фибо Глобал” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Пүрэвбазар энэ үеэр танилцуулав.

Үндэсний аж ахуйн нэгжүүд нэгдэж ажилласнаар 2027 онд цахим үндэстэн болох бүрэн боломжтой гэж үздэгээ “Ай Си Ти групп” ХК-ийн төлөөлөл илэрхийлэв.

Тус компанийн өнгөрсөн 10 жилд бүтээсэн системүүдийг эрүүл мэндийн салбарын 85, боловсролын салбарын 20, банкнаас бусад санхүүгийн салбарын 50 хувийн эцсийн хэрэглэгч, харилцагч хэрэглэдэг. 2021 оноос хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт зориулсан технологийн шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж байна.

БЗД-ийн ЕБС-ийн 400 гаруй сурагчдыг СҮРЬЕЭГИЙН ЭРТ ИЛРҮҮЛЭГ үзлэгт хамрууллаа

ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд “Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ-аас Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэгийн халдварын тохиолдлыг илрүүлэн, баталгаажуулах (IGRA) сүрьеэгийн сорил шинжилгээнд хамруулах ажлыг тогтмол хийж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд ЕБС-ийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэг, ковидын дараах шинж тэмдгийг оношлох үзлэг хийснээр уушгины өөрчлөлт, нурууны муруйлт, архаг бронхит, сүрьеэгийн далд халдвар зэргийг илрүүлсээр байгаа юм.

Энэ ажлын хүрээнд өнгөрсөн 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн ЕБС-ийн нийт 526 багш, ажилчид, сурагчид сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт хамрагдсанаас 15-аас дээш насны 465 сурагч үзлэгт оржээ. Үзлэгээр сурагч тус бүрээр нь асуумж, рентген зураг авч нарийн мэргэжлийн эмч үзлэг хийж, зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаа.

Тус үзлэгийн үеэр уушгины рентген зураг өөрчлөлттэй 25 сурагчдыг илрүүлж, сурагчдын цуснаас баталгаажуулах шинжилгээ авч, эерэг гарсан тохиолдлуудыг эмчилгээнд хамруулахаар болжээ.

Arslan.mn

Сүрьеэгийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх чиглэлээр  үр дүнтэй ажил зохион байгуулж байгаад  ЭМЯ, Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн төлөө ТББ, БЗД-ийн ЕБС-иудын удирдлагууд, ХӨСҮТ, АШУҮИС-ийн Ангаахын ухааны сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхим болон БЗД-ийн сүрьеэгийн диспансерын хамт олонд сурагчдын эцэг, эхчүүдийн зүгээс талархал илэрхийлжээ.

ЭСИТ-ээс 2022 он дуустал нийслэлийн хүн амын сүрьеэгийн өвчлөл өндөр дүүргүүдийн ЕБС-иудаар сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэг, оношилгоо үргэлжлэн явуулахаар ажиллаж байна.

 “Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ нь 2021 онд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн нийт 4860 гаруй, 2022 онд Баянзүрх дүүргийн 4220 гаруй сурагч, багш ажилчдыг сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт хамруулж, нийт 100 гаруй уушгины рентген зураг өөрчлөлттэй тохиолдлыг илрүүлсэн байна. Үүнээс сүрьеэгийн 16 тохиолдлыг илрүүлэн харьяа эрүүл мэндийн байгууллагад эмчилгээнд хамруулан үр дүнгээ тооцсон байна.

Arslan.mn

Arslan.mn

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн 44 дэх удаагийн ЭРДМИЙН ЧУУЛГАН “Оновчтой менежемент-Чанартай тусламж, үйлчилгээ” сэдвийн дор болж байна

0

Улсын хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/-ийн  44 дэх удаагийн эрдмийн чуулган “Оновчтой менежемент-Чанартай тусламж, үйлчилгээ” сэдвийн дор өнөөдөр /2022.10.29/ зохион байгуулагдаж байна. Тус хуралд ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Буянтогтох, УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган бусад эмч, мэргэжилтнүүд оролцож байна.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган хэлсэн үгэндээ  “Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцсэн хоёр жилийн хугацаанд олон зүйл хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдсэний дотор анагаах ухааны салбарт өөрчлөлт нилээдгүй гарлаа. Бид ч энэ хугацаанд өөрсдийн мэдлэг, туршлагад суурилсан судалгааны ажил, эрдэм шинжилгээний туршилтуудыг хийж, үр дүнг нь хүртсэн.

УХТЭ нь сүүлийн жилүүдэд бүхий л чиглэлдээ өргөжин тэлж, үйл ажиллагаа эрчимжиж буй бөгөөд хүний нөөцийн хувьд ч мэдлэг чадвар өсөн нэмэгдэж байгааг харахад таатай байна. Үүний илэрхийлэл бол өнөөдрийн эрдмийн чуулганд оролцож буй эмч нарын судалгаа, бүтээл, тохиолдлын чанар, цар хүрээ олон улсын түвшинд хүрч өрсөлдөх хэмжээний болсон байгаа нь манай эмнэлгийн бахархал гэж хэлмээр санагдаж байна” гэдгийг онцлон хэлээд бидний туршлагыг хамтран суралцахаар ирсэн хамтын ажиллагаатай  орнуудын эрдэмтэд мөн зүүн бүсийн таван аймаг, алслагдсан гурван дүүргийн эмнэлгийн удирдлагад талархаж байгаагаа илэрхийлэв.

Arslan.mn

Энэхүү хуралд БНСУ-ын Канбуг Самсунг эмнэлгийн гурван эрдэмтдээс гадна тус эмнэлгийн эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд нийт 32 аман илтгэл, ханын 19 илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг илтгэлийг шалгаруулах юм.

Arslan.mn

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудын үр дүн нь дэвшилтэд технологи, инноваци нэвтрүүлсэн, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаарх бодлого, менежентийг тодорхойлсон, эмнэлзүйн ховор тохиолдлын оношилгоо, эмчилгээнд туршлага солилцох зэрэг онол практик хосолсон үр өгөөжтэй болж байна.

Arslan.mn

Arslan.mn

Ц.БИЛЭГТСАЙХАН: Томуугийн вакциныг ажлын цагаар бүх ӨРХ, ДҮҮРГИЙН эмнэлгүүдэд хийж байна

Томуугийн эсрэг 545 мянган хүн тун вакциныг хүлээн авсан. Дархлаажуулалт хэвийн явагдаж байна.
Энэ талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан мэдээлэхдээ  “2022 онд Монгол Улсын Засгийн газраас 500,000 хүн тун томуугийн вакциныг худалдан авахаар болсон. Түүнчлэн олон улсын байгууллагаас 45,000 хүн тун вакцины дэмжлэг үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, нийт хоёр эх үүсвэрээс 545,000 хүн тун томуугийн вакциныг хүлээн авсан.

Өнөөдрийн байдлаар БНСУ-д үйлдвэрлэгдсэн Грийн кросс үйлдвэрийн томуугийн эсрэг А хүрээний хоёр вирус, В хүрээний хоёр вирусийн эсрэг хамгаалах чадвартай дөрвөн цэнт вакцин хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл А хүрээний H1N1, В хүрээний H2N3 вирусийн эсрэг хамгаалалт, дархлаажуулалт үүсгэх  вакциныг сонгон авсан.

Вакцинд дараах иргэдийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнд: 

  • 0-5 насны хүртэлх насны  214,060 хүүхэд
  • Жирэмсэн 42,220 эхчүүд
  • 65 ба түүнээс дээш настай ахмадууд болон хавсарсан суурь эмгэгтэй 218700 гаруй хүнийг  хамруулахаар төлөвлөж байсан.

Тав хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулах ажлыг асран хамгаалагчаас зөвшөөрөл авсны дагуу цэцэрлэгүүдтэй хамтран хийж байна.  Өнөөдрийн байдлаар 36,534 хүүхэд, 553 жирэмсэн эх, 65-аас дээш насны 13,287 хүн томуугийн вакцинд хамрагдаад байна.

Томуу, томуу төст өвчний идэвхжилт нэмэгдэж байгаа эдгээр өдрүүдэд цэцэрлэг, сургуулийн бага, дунд насны хүүхдүүдэд асран хамгаалагчид онцгой анхаарах шаардлагатай байна. Хамгийн гол шинжлэх ухааны үндэслэлтэй дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.” хэмээлээ.

“GPE” ТӨСЛИЙН 5 САЯ АМ.ДОЛЛАРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ГУРВАН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

GPE буюу боловсролын төлөөх дэлхий нийтийн түншлэл байгууллагаас боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон манай улсад 5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж байгаа юм. Энэ санхүүжилтээр “ТЭГШ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗАМААР СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ” төслийг хэрэгжүүлнэ. Төслийн нээлт өнөөдөр боллоо. 2022-2025 онд 3 жилийн хугацаатай хэрэгжүүлэх энэ төслийн хүрээнд гурван үндсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ.

ТЭГШ ХАМРАН СУРГАХ БОЛОВСРОЛ

Хан-Уул, Сүхбаатар дүүрэг, Архангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс аймгийн 18 сургуулийн 4693 багшийг чадавхжуулна. Энэ сургалтын үр дүнг хөгжлийн бэрхшээлтэй 742, бага болон дунд ангийн 130 мянган сурагч хүртэнэ гэж тооцож байна.

СУРГУУЛИЙН ҮДИЙН ХООЛ

Улаанбаатар хотын 15, орон нутгийн 30 сургуульд хэрэгжинэ. Энэ сургуулиудад суралцаж буй 6-14 насны 48 мянган хүүхэд уг төсөлд хамрагдах юм. Мөн зорилтот сургуулиудын 36 хоол тэжээлийн мэргэжилтэнг бэлтгэнэ.

ХОСОЛСОН СУРГАЛТ

Сүхбаатар, Хан-уул дүүрэг болон Увс, Ховд, Булган, Сүхбаатар, Дундговь аймгийн 50 сургуулийн 5 мянган сурагч, зорилтот сургуульд хүүхэд нь суралцдаг 500 эцэг эх, асран хамгаалагч, бага дунд сургуулийн мянга гаруй багш, 100 гаруй удирдах ажилтан төсөлд хамрагдана.

 

“Сүрьеэ болон ям өвчний хяналт” төслийн хүрээнд далд сүрьеэг илрүүлэх ИГРА шинжилгээг нэвтрүүллээ

0
Японы эрдэм шинжилгээний хүрээлэнгийн профессор, АУ-ы доктор С.Митарай 2022 оны 10 сарын 17-25 ны хооронд Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв-д ажиллалаа.
Япон улсын ЖАЙКА болон Эрүүл мэндийн судалгаа, хөгжлийн байгууллага (AMED)-ын санхүүжилтээр “Тогтвортой хөгжлийн төлөө шинжлэх ухаан, технологийн судалгааны түншлэл” (SATREPS) -ийн халдварт өвчний талбарт “Сүрьеэ болон ям өвчний хяналт” төслийг 2019 онд баталж,  Монгол Улс хамтран 2020 оны 11 сараас эхлэн ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын даргын удирдлага дор ХӨСҮТ, Мал эмнэлгийн хүрээлэн, Хоккайдо их сургууль, Сүрьеэ судлалын хүрээлэн хамтран гүйцэтгэж, БШУЯ, ХХААХҮЯ, МЭЕГ, Сангийн яам хамтран хэрэгжүүлж эхлээд байна.
Япон-Монголын хамтран хэрэгжүүлж буй “Сүрьеэ болон ям өвчний хяналт” SATREPS төслийн хүрээнд Японы эрдэм шинжилгээний хүрээлэнгийн профессор, АУ-ы доктор С. Митара 2022 оны 10 сарын 17-25 ны өдрүүдэд Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв-д ажиллалаа. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал АУ-ы доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан, дэд захирал Ж.Байгалмаа, Ц.Чинбаяр, СТСА-ы дарга АУ-ы доктор Э.Оюунчимэг, НЛА-ны дарга АУ-ы доктор Б.Бумдэлгэр нартай уулзаж, төслийн хэрэгжилт, цаашдын үйл ажиллагааны төлөвлөлт, анхаарах асуудлын талаар санал солилцсон юм.
Сүрьеэгийн лавлах лабораторид
  • Далд сүрьеэг илрүүлэх ИГРА шинжилгээг нэвтрүүлж,
  • Шингэн тэжээлт орчинд сүрьеэгийн эсрэг шинэ эмүүдийн тэсвэржилт тодорхойлох шинжилгээнд үнэлгээ хийж,
  • Геномын дараалал тогтоох шинжилгээний бэлтгэл ажлыг хангуулж,
  • Хийгдэж буй судалгаа, шинжилгээнд зөвлөгөө өгч, цаашдын хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцав
Мөн Мал эмнэлгийн хүрээлэнгийн лабораторид зочилж, малын сүрьеэг (m.bovis) илрүүлэх шинжилгээний илрүүлэлтийн байдалд зөвлөгөө өглөө.
Уг төслийн хэрэгжилтийн хугацаанд төслийн баг Монгол улсад сүрьеэ болон ям өвчнийг хүн болон малын дундаас эрт илрүүлэх, халдварыг илрүүлэх, хүн, малын хооронд халдварын дамжих эрсдэлийг үнэлэх, өвчний тархалтыг тогтооход шинжлэх ухааны үндэслэлтэй суурь нотолгоог бүрдүүлэх юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Экспортыг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтын нэгдмэл байдал чухал

Монголбанк, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулсан “Экспортлогч үндэстэн-Шинэ сэргэлтийн бодлого” чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Уг чуулганыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан бөгөөд эдийн засгийн чухал үзүүлэлт болох экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, гарц, санхүүжилтийг нэмэгдүүлэх, тулгарч байгаа хүндрэлүүдийг шийдэхэд төр, хувийн хэвшил, гаднын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг чиглүүлэх зорилготой.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зорилт, бодит ажлуудыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцогчдод дэлгэрэнгүй танилцууллаа. УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилт буюу 2020-2030 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого” нь хөгжлийг хязгаарлагч зургаан том хүчин зүйлийг шийдвэрлэх зорилготой. Тэр дундаа боомт, аж үйлдвэржилт, эрчим хүч, төрийн бүтээмж, хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд экспортыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн ажлууд нь бүхэлдээ дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд шууд нөлөөтэй. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүнд ДНБ багадаа гурав дахин нэмэгдэж 120-150 их наяд төгрөг, нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4599 ам.доллар байгааг 12 мянган ам.долларт хүргэх боломж бүрдэнэ. Монгол Улс экспортлогч үндэстэн болох бүрэн боломжтой. Цар тахал манай улсад эрүүл мэндээс гадна эдийн засагт ч сөргөөр нөлөөлсөн.

Гэхдээ вакцинжуулалтыг амжилттай хийж чадсанаар Монгол Улс хилээ нээж чадсан нь эдийн засагт чухал амжилт боловч дараагийн сорилттойгоо нүүр тулаад байгаа нь Орос-Украины асуудал. Энэ нь тодорхойгүй нөхцөл байдлыг дэлхийн төдийгүй манай эдийн засагт дахин үүсгээд байна. Гэхдээ эдийн засаг -5.3 хувьд хүртлээ унаад байсан хүнд үеийг бодвол нөхцөл байдал сайжирч энэ оны эцэст гурван хувьд хүргэх боломжтой болоод байна.

Экспортын гарц, төрөлжилтийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахад төр, хувийн хэвшил, гадаад хөрөнгө оруулалтын нэгдмэл байдал чухал гэдгийг тэрбээр тодотгосон юм. Шинээр байгуулсан Эдийн засаг, хөгжлийн яамаар дамжуулж Засгийн газар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байгаа гээд нэн түрүүнд төсвийн сахилга бат, төлбөрийн тэнцэлд анхаарал хандуулж байгаа. Цаашдаа макро эдийн засгийг тогтворжуулах, экспортыг цар тахлын өмнөх түвшинд хүргэж нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг сайжруулах, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод болгох, хөгжлийг хязгаарлагч салбаруудыг либералчлах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг бодлогуудыг хэрэгжүүлнэ гэлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монгол Улсын өмнө тулгамдаж буй чухал сорилтуудын нэг бол экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, эдийн засгийн бүтцийн төрөлжилтийг үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэх явдал болоод байна. Өнөөдөр нийт экспортын 94 хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн бүрдүүлж, сүүлийн 20 гаруй жилд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортод эзлэх хувь хэмжээ буурсан. Эрдэс түүхий эдийн орлогоос хамааралтай байдал нэмэгдэж байгаа нь гадаад орчинд шинээр үүссэн эмзэг нөхцөл байдал, дотоодын эдийн засагт үзүүлэх нөлөөг улам бүр өсгөж байгааг онцоллоо.
Ялангуяа, “Ковид-19” цар тахал, геополитикийн хурцадмал байдлын хүчтэй нөлөө нь манай эдийн засгийн гадаад орчин талд эмзэг, тодорхойгүй байдлыг бий болгож буй. Монголбанкны судалгаагаар энэ оны наймдугаар сарын байдлаар төлбөрийн тэнцлийн алдагдал 1.5 тэрбум ам.долларт хүрч, жилийн инфляцын 70 орчим хувийг импортын барааны үнийн өсөлт бүрдүүлж байгаа нь үүний нэг илэрхийлэл юм. Тиймээс экспортыг төрөлжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нэгдсэн бодлогоор зохицуулах, үүсээд байгаа нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэх цаг үеийн шаардлага зүй ёсоор тавигдаж буй. Төр, хувийн хэвшил хамтраад экспортын төрөлжилтийг нэмж, дотоод эдийн засгийн мөчлөгийн хэлбэлзлийг бууруулж, тогтворжуулах бодлогын үр нөлөөг сайжруулж, хүртээмжтэй өсөлтийг хангах зорилтыг хэрэгжүүлэх нь чухал байгаа юм.

Д.Амарбаясгалан: Тавантолгойн бүлэг ордоос Цагаанхад суурьшлын бүс хүртэл нүүрс тээвэрлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлнэ

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны анхны хурал боллоо. Хуралдаанаар Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 05-ны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын төсвийн орлогыг бүрэлдүүлэхэд гол нөлөө үзүүлдэг ашигт малтмалын бүтээгдэхүүний экспортын хэмжээ, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв.
Тавантолгойн бүлэг ордоос Цагаанхад суурьшлын бүс хүртэл нүүрс тээвэрлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатайг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Боомтын сэргэлтийн үндэсний хорооны гишүүд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд уртын болон богинын тээврийн уялдааг хангаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах ёстой гэсэн байр суурьтай байна.  Өдөрт хилээр гарах нүүрс тээврийн автомашины тоог БНХАУ-ын тал шийддэг учир халдвар хамгааллаа сайтар баривал машины тоог нэмэх боломжтой. Мөн тээврийн жолооч нарын ажил, амьдралын нөхцөл байдалд анхаарах, Цагаанхад суурьшлын бүсэд цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус болон бусад дэд бүтцийг шийдэх, эмнэлэг барих зэрэг шаардлага байгааг  хорооны гишүүд онцоллоо.
“Эрдэнэс Тавантолгой” компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Экспорт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах замаар 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан “Эрдэнэс Тавантолгой” ХК 500.0 сая ам.доллар орлого төвлөрүүлэх боломжтой” гэлээ.

Хилийн боомтын захиргааны дарга Ш.Лхачинжав Гашуунсухайт боомтын тээвэр зохицуулалтын талаар танилцуулга хийлээ. Танилцуулгатай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Боомт шинэчлэн, хөгжүүлэхдээ тэнд  ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх нь чухал” гэлээ.  Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Боомтын сэргэлтийн үндэсний хороо цаашид хилийн боомт дээр ажиллаж байгаа ажилчдын ундны ус, цахилгааны эх үүсвэрийг хэрхэн шийдэж, суурьшлын бүс болгох вэ гэдэг дээр нэгдсэн төлөвлөгөө гаргаж, анхаарч ажиллах шаардлагатай” гэсэн санал хэллээ.
Боомтын сэргэлтийн үндэсний хорооны өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн бүлэг ордоос Цагаанхад суурьшлын бүс хүртэл нүүрсний тээврийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхээр боллоо.

 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн хоёр, гуравдугаар багцын барилга угсралтын ажил 2025 онд дуусна

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл төлөвлөлт, инженерчлэлийн үе шатнаас 2021 онд бүтээн байгуулалтын ажилд шилжсэн. Тус бүтээн байгуулалтын ажлыг  дөрвөн багцад хуваан ажиллаж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны хуралдаанаар хоёр, гуравдугаар багцад багтсан худалдан авалт, барилга угсралтын ажлын Ерөнхий гүйцэтгэгч шалгаруулах тендерт шалгарсан БНЭУ-ын “Мега инженеринг Инфрастракчер” компанитай Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээ байгуулах асуудлыг шийдвэрлэсэн.

Үүний дагуу өнөөдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, “Мега инженеринг Инфрастракчер” компанийн Үйлдвэрлэл хариуцсан захирал Палимпати Доория нар гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, БНЭУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.П.Сингх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай болон УУХҮЯ, ГХЯ, ЭЗХЯ, Сангийн яамны албан тушаалтнууд, Төслийн менежментийн зөвлөх “Инженерс Индиа Лимитед” компанийн төлөөлөгчид биечлэн оролцсон бол БНЭУ-ын ЭКСИМ банк, “Инженерс Индиа Лимитед” компанийн удирдлагууд цахимаар оролцлоо.

“Мега инженеринг Инфрастракчер” компани хоёр, гуравдугаар багц ажлуудыг хамтад нь гүйцэтгэх бөгөөд 2025 оны дөрөвдүгээр улиралд бүтээн байгуулалтын ажлыг дуусгахаар төлөвлөж буй юм.
Тус бүтээн байгуулалтын эхний багц ажил буюу Технологийн бус барилга байгууламжид, иргэний есөн барилга, 44 км ус дамжуулах хоолой, 30 мянган м.куб багтаамжтай усны нөөцийн резервуар, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн байгууламжууд багтаж буй бөгөөд барилга угсралтын ажлыг БНЭУ-ын “Жэй Эм Си Прожектс Индиа” компани гүйцэтгэж байгаа юм. Тус ажлыг ирэх онд дуусгахаар төлөвлөн, ажиллаж байна.