More
    Нүүр хуудас блог Хуудас 113

    ЭЕШ өгөх хүүхэдтэй эцэг, эхэд өгөх ЗӨВЛӨГӨӨ

    0

    Жил бүрийн энэ үед эцэг, эхчүүдийн хамгийн их санааг зовоож, анхаарал хандуулдаг асуудал бол Элсэлтийн Ерөнхий Шалгалт. Суурь боловсрол эзэмшиж, ЕБС төгсөн их дээд сургуульд элсэх бэлтгэлээ базааж буй сурагчдын завгүй өдрүүд үргэлжилж байна.

    Яг энэ цаг үед “СИТИ” Их сургуулиас ЭЕШ өгөх хүүхэдтэй эцэг, эхчүүдэд хандан зөвлөгөө гаргажээ. Хичээлдээ анхаарал хандуулж буй хүүхэдтэйгээ хэрхэн хамтран ажиллах талаарх зөвлөгөөг эцэг, эхчүүд та бүхэнд хүргэж байна. Шалгалтад амжилт үзүүлэх нь зөвхөн хүүхдээс бус танаас ч хамаарна гэдгийг тэд анхааруулан зөвлөжээ.

    1. Чиглүүл, тусал

    Хүүхэдтэйгээ үр дүнтэй зөв яриа өрнүүлж, чиглүүл. Та хүүхдийнхээ сэтгэлзүйд эерэг нөлөө үзүүлж, стресс бухимдлаас хол байлган, цагаа зөв зарцуулахад нь туслаарай.

    2. Цагаа удирдахад нь тусал

    Математикаа анхаарах, уран зохиолдоо санаа зовох, англи хэлээ давтах, монгол хэлээ судлах, шалгалтад бэлдэх, ирээдүйгээ төлөвлөх гэх мэт ачаалал огцом нэмэгдэнэ. Та тэдэнд туслахын тулд долоо хоног, өдөр, цагаар нь хуваарь гаргаж, үр дүнтэй хичээл давтахад нь чиглүүлээрэй.

    3. Дэмж, урамшуул

    Хүүхдийнхээ чадаж байгаа зүйлийг чин сэтгэлээсээ дэмжиж, сайхан үгээр урамшуулан магтаарай. “Чиний ирээдүй энэ шалгалтаас хамаарна”, “Хэрвээ чи мөрөөдөлдөө хүрэхийг хүсэж байгаа бол шалгалтаа сайн өгөх ёстой” гэх мэт хөндий, албархаг үгээс зайлсхийж “хамгийн сайнаараа л ажилла”, “Энэ бол зүгээр л шалгалт, миний хүүгийн/охины ирээдүй хичээл зүтгэлээс л шалтгаална” гэх мэт үгсийг ашиглаарай.

    4. Хариуцлага бүү үүрүүл 

    “Шалгалтад хангалттай оноо авбал” гэх зэргээр ямар нэг зүйл амлах нь тэдэнд том дарамт гэдгийг санаарай. Хангалттай оноо авахгүй байсан ч бид үргэлж дэргэд чинь байна гэдгийг мэдрүүлж, илүү анхаарал хандуулаарай. Мөн өөртөө итгэлтэй, тайван, нухацтай байхыг зөвлөж, хэт их ачаалал, хариуцлага үүрүүлэхгүй байхыг хичээгээрэй.

    5. Орчин, нөхцөлийг бүрдүүлж өг

    Хэдий та чухал ажилтай байсан ч аль болох хойш тавьж хүүхдийнхээ шалгалтад бэлтгэх орчин нөхцөлийг нь гэртээ бүрдүүлж, шаардлагатай сургалтад хамруулж, зөвлөгөө мэдээлэл өгөх хүмүүстэй холбож, хэрэгцээт зүйлсийг бэлдэж өгөөрэй.

    Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан хэвлэлийн хурал болно

    0

    Төв талбайд

    10:00 цагт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 108-н-уурхайг эсэргүүцэж буй малчдын төлөөлөл, ИТХ-ын даргатайгаа хамт өнөөдөр ҮАБЗ-д хандахаар мэдээлэл хийнэ.

    Төрийн ордны А танхимд

    10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.

    14:00-15:30 цагийн хооронд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөгч иргэдийг дуудаж байцаах нэрээр өрөөнийхөө үүдэнд хэдэн цаг, өдрөөр суулгадаг байдаг эргэн ирэх гэж байна. Энэ хүрээнд хүний эрхийг хумих хуулийн төслийн талаарх иргэдийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулна.

    UB Grand зочид буудал, 17 давхарт

    10:00 цагт Геронтологийн үндэсний төв , Эрүүл мэндийн яам “Эрүүл, идэвхтэй, оролцоотой насжилтын төлөө-хамтдаа ухуулга нөлөөллийн ажил”-ын үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн зорилгот бүлгийн 60-аас дээш настнуудын дунд зохион байгуулсан ахмад настны ээлтэй орчинг үнэлсэн судалгааны үр дүнг танилцуулна.

    Монгол ньюс мэдээллийн төвд

    11:30 цагт иргэн Д.Даваадорж 12 хүртэлх насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн нөхцөл байдлын тухай болон “Positive networks” төслийн талаар мэдээлнэ.

    12:00 цагт “Тавхан хором хүлээе” хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх төсөл 2 сарын хугацаанд амжилттай хэрэгжиж дууслаа. Төслөөс гарсан үр дүн цаашид хийгдэх ажлын талаар төсөл санаачлагч Зариг.мн болон дэмжигч байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийнэ.

    12:30 цагт Эх, үрсийн баярыг тохиолдуулан “Монгол хурандаа нийгэмлэг”-ээс эмэгтэй цэргийн алба хаагчид болон хүүхдүүдэд зориулсан хүндэтгэлийн ёслол зохион байгуулах талаар мэдээлнэ.

    Хангарди ордны 14 давхарт

    12:00 цагт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан зохион байгуулах арга хэмжээ, хөтөлбөр, нэгдсэн зохион байгуулалтын талаар өнөөдөр мэдээлэл хийнэ.

    Н.Алтанхуягт хилийн хориг тавьлаа

    0

    Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн Банкны хэрэгт холбогдсон нэр бүхий улстөрчдөд хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлсэн тухай өмнө нь мэдээлсэн.

    Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр /Фортуна/ нарыг хилээр гарахыг хориглох шийдвэрийг шүүхээс гаргажээ.

    Энэ тухай шүүхийн албан ёсны мэдээлэлд:

    Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Н.Алтанхуяг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Н.Батбаяр нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар ирүүлсэн прокурорын саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч:

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагч Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарт 2022 оны тавдугаар сарын 27-ны өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

     

    Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

    Өмнөговь аймагт инженерүүдийг бэлтгэхээр Засгийн газар шийдвэрээ гаргасан гэв

    0

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Засгийн газрын зарим гишүүний хамт ажиллаж байна. Тэрбээр тус аймгийн залуучуудын төлөөлөлтэй уулзаж, Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонсож ярилцлаа.

    Залуучуудын уулзалт дээр Ерөнхий сайд хөгжлийн хязгаарлагч зургаан хүчин зүйлсийг шийдэхийн тулд “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын эхний 10 жил буюу 2030 он хүртэлх хугацаанд Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулав. Мөн тус аймгийн хөгжилд уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх авто болон төмөр замын хилийн боомтууд, хил холболтын  цэгүүд, уул уурхай, аж үйлдвэрийн цогцолборуудыг цогцоор нь хөгжүүлэхийн ач холбогдол, үүнд Өмнөговь аймгийн залуучууд хэрхэн оролцож үр шимийг нь хүртэх боломжтой талаар ярилаа. Мөн энэ эгзэгтэй цаг үед улстөржилт хэрэггүй, харин ч том зорилгын төлөө нэгдэж нийлж ажиллах нь илүү үр дүнтэй гэлээ.

    Оюутолгой,  Тавантолгой, уул уурхайн бусад ордууд, аж үйлдвэрийн цогцолборуудыг түшиглэж ойрын жилүүдэд Өмнөговь аймгийг улсын чанартай гурван хотын нэг болгож хөгжүүлэх томоохон зорилтыг Засгийн газар бодит ажил болгохоор ажиллаж буйг онцлов. Цар тахал, ОХУ, Украины асуудлаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн хүнд сорилтыг Монгол Улс эрсдэл багатай давж гарахын тулд төр, хувийн хэвшил хамтарч уул уурхайн бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай байна. Уул уурхай, ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад тулгамдаж буй нэг асуудал нь мэргэжилтэй боловсон хүчний дутагдал учраас Өмнөговь аймагт инженерүүдийг бэлтгэхээр Засгийн газар шийдвэрээ гаргасан гэлээ.

    Өмнөговь аймагт тулгамдаж байгаа усны асуудал, цалин хөлсний нэмэгдэл, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, ачаа бараа нийлүүлэлт тасалддаг хүндрэл, боловсролын индексийг дэлхийн жишигт хэрхэн хүргэх зэрэг цаг үеийн бусад асуудлаар залуучуудтай илэн далангүй ярилцаж, сонирхсон асуултад нь Засгийн  газрын холбогдох сайд нар хариуллаа.

    Шивээхүрэн боомтод ачаа тээврийн терминал энэ оны есдүгээр сард ашиглалтад орно

    0

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүний хамт Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагаа, ачаа шилжүүлэн ачиж, буулгах терминалын бүтээн байгуулалттай танилцлаа.
    Цар тахлын улмаас 2021 оны аравдугаар сараас үйл ажиллагаа нь зогсоод байсан тус боомт өчигдрөөс /2022-05-25/хэвийн ажиллаж эхэлсэн. Улс хоорондын тээвэрлэлт эхэлж, экспорт импортын урсгал саадгүй боллоо. Өчигдөр боомтоор 220 чингэлэг нүүрс гарсан байна. Ойрын хугацаанд өдөрт 400-500 чингэлэг буюу 16000 тонн нүүрс экпортолно. Шивээхүрэн-Сэхээ  боомтын үйл  ажиллагаа зогссоноос хойш тэнд 10 сая  тонн нүүрс хуримтлагджээ. Хуримтлагдсан нүүрсийг богино хугацаанд гаргахаар төлөвлөж буйг Хилийн боомтын захиргааны Шивээхүрэн боомт хариуцсан төлөөлөгч Н.Амарзаяа хэллээ.


    Шивээхүрэн боомтод 17 га талбайд чингэлэг тээврийн терминал байгуулах ажил хийгдэж байна. Бүтээн байгуулалт 87 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ оны есдүгээр сард шинэ терминал бүрэн ашиглалтад орно. Ингэснээр зөвхөн уг талбайгаас жилдээ 17 сая тонн нүүрс экспортлох боломжтой болно. Тус ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллгаа явуулдаг найман компани гүйцэтгэж байгаа юм.  Тэр дундаа “Монголын Алт” ХХК манлайлан ажиллаж байна. Мөн Шивээхүрэн боомтод анх удаа  жолоочгүй ухаалаг автомшинаар тээвэрлэлт хийх бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байна.
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүтээн байгуулалтын ажилтай танилцах үеэрээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Шивээхүрэн боомтод хэрэгжих төслүүд хөдөлж байгаад баяртай байна. Бүтээн байгуулалтад оролцож буй аж ахуй нэгжүүдэд талархал илэрхийлье. Төлөвлөгдсөн ажлууд хэрэгжиж дууссанаар Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадал дөрөв дахин нэмэгдэж жилдээ 40 сая тонн нүүрс экпортлох боломж бүрдэнэ” гэв
    Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн шинэ төмөр замын сүлжээ байгуулах, Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминал байгуулах төслүүд багтсан. Энэ ажил эхнээсээ хэрэгжиж орчин үеийн технологи бүхий ачаа тээврийн терминал Шивээхүрэн боомтод ашиглалтад ороход бэлэн боллоо. Мөн тус боомтод PCR шинжилгээний лаборатори, ариутгах байгууламж ашиглалтад оржээ.

    Баянхошуу, Өнөр бүсэд E-Mongolia төрийн үйлчилгээний төв ажиллаж эхэллээ

    0
    Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх зорилгоор Баянхошуу, Өнөр бүсэд E-Mongolia төрийн үйлчилгээний төв ажиллаж эхэллээ. Тус төвөөр дамжуулж иргэд төрийн үйлчилгээг цаг алдалгүй авах, цахим үйлчилгээг авч чадахгүй байгаа иргэд зөвлөгөө, тусламжийг ойроос авах боломж бүрдэж байна.
    Энэ хүрээнд Инновац,цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал тойргийнхоо иргэдийн санал, хүсэлт, хэрэгцээ шаардлагад тулгуурлан иргэддээ илүү ойртож Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Өнөр бүсэд E-Mongolia төвийг түшиглэж иргэдийг хүлээн авах танхим, бие төлөөлөгчийн газрыг нээжээ. Бие төлөөлөгчийн газраар дамжуулан иргэд эрхэм гишүүний хийж хэрэгжүүлж буй ажил, санаачилж буй хуулийн төслүүдийн талаарх мэдээллийг цаг алдалгүй авч, санал хүсэлтээ тусгах боломжтой.
    Та бүхнийг E-Mongolia салбар болон Инновац,цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учралын төлөөлөгчийн газраар үйлчлүүлж санал хүсэлтээ тогтмол илэрхийлж эргэх холбоотой ажиллахыг хүсье.
    Баянхошуу бүс: Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Мэдээлэл Холбоо Сүлжээний Баянхошуу төв
    Бие төлөөлөгч:З.Одончимэг
    Утас:89015066
    Өнөр бүс: Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Монголын цахилгаан холбоо ХК-ийн байр
    Бие төлөөлөгч:О.Дуламдорж
    Утас:91162113

    18 сэтгэгдэл

    “Нэг ажилтан-Нэг мод” аяны хүрээнд мод тарина

    0
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг Тавантолгой түлш ХХК дэмжин ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд манай компани “Нэг ажилтан-Нэг мод” аяныг хэрэгжүүлж Баруун бүсийн үйлдвэрийн орчинд таван төрлийн 1000 ширхэг модыг тариална. Мөн үйлдвэрийн орчныг зүлэгжүүлэх ажлыг энэ аяны хүрээнд хийнэ гэдгийг компанийн удирдлагууд хэлэв.
    Мод тарих аяныг хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний шатанд үйлдвэрийн орчинд мод тариалах бол хоёрдахь шатыг “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд хоёр сая ширхэг мод тарих юм.

    Оюу Толгой төслөөс ирэх таван жилд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

    0

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллаж байна. Тус аймгийн Ханбогд суманд болсон “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040”хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зураг ёслолын ажиллагаанд оролцож үг хэллээ.

    Тэрбээр,

    Эрхэм Монгол ахан дүүс ээ,
    Эдүгээ цагт Монгол Улсын эдийн засгийн ачааны тэн хагасыг үүрч буй Өмнийн их говийн иргэд ээ, хүндэт ханбогдчууд аа,
    Энд хуран цуглаж түүхэн мөчийн гэрч болж буй хүндэт зочид, төлөөлөгчид өө

    Миний бие 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр буюу одоогоос яг гурван сарын өмнө Оюу Толгой төслийн Монголын талд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, Оюу Толгойн гүний уурхайн эхний тэсэлгээг хийх түүхэн мөчид хөрөнгө оруулагчдын хамт Ханбогд суманд ирж байсан.

    Өнөөдөр ч мөн  “Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 103-р тогтоолыг ханган хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ханбогд сумыг орчин үеийн жишиг хот болгон хөгжүүлэх их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр дахин ирж байгаадаа баяртай байна.

    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймгуудыг Улсын чанартай хот болгон хөгжүүлэх томоохон зорилтыг дэвшүүлсэн билээ.

    Энэ ажлыг эхлүүлж Ханбогд суманд Оюу Толгой төслөөс ирэх таван жилд 50 сая ам долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрт гарын үсэг зураг зуран баталгаажуулах түүхэн мөчийн гэрч болохоор Та бид өнөөдөр хуран цуглаад байна.

    Цаашид Монгол Улсын Засгийн газраас Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд өөрийн эдийн засгийг бие даан бүрдүүлж, Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй аймаг орон нутгийг бодлогоор онцгойлон дэмжиж ажиллах болно.

    Ханбогд сумыг жишиг хот болгон хөгжүүлэх өнөөдрийн хөрөнгө оруулалт нь Өмнийн их говьд шинэ хот сүндэрлүүлэх Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжих түүхэн үйл явдлын зөвхөн эхлэл юм аа.

    Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгаараа дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр нийт хүн амын 50 хувь нь амьдарч байна. Тиймээс бид улсын нийслэлтэйгээ дүйцэхүйц шинэ хотуудыг эдийн засгийн бүс нутгууддаа, шинээр байгуулагдах боомтуудыг түшиглэн байгуулах болно.

    Монгол Улсын Засгийн газраас Өмнөговь аймагт дэд бүтцийн болон хот байгуулалтын хөрөнгө оруулалтуудыг үргэлжүүлэн хийхээс гадна эрхзүйн хувьд бие даан хөгжих, санхүүгийн хувьд бие даасан шийдвэр гаргах бодит боломжийг бүрдүүлэх болно.

    Ханбогд сумыг зөвхөн уул уурхайгаас гадна галбын говийг түшиглэсэн аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлж, бурхны шашны өвөрмөц дурсгалууд, үлэг гүрвэлийн хосгүй олдворууд, Улаан номонд орсон нэн ховор ан амьтад, мөн 33 мянга гаруй тэмээн сүргээрээ ялгарч экологийн тэнцвэртэй, тогтвортой хөгжлийн бодлогод нийцүүлэн хөгжүүлэх нь Шинэ сэргэлтийн бодлогын Ногоон хөгжлийн сэргэлтийн зорилтын цөм хэсэгт багтсан гэдгийг дурдах нь зүйтэй.

    Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

    “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн бодлого Монгол Улсын өнцөг булан бүрт эрчимжин хэрэгжиж байна.

    Ханбогдыг орчин үеийн хот болгон хөгжүүлснээр Ханбогдын иргэд төдийгүй Оюу толгой болон Тавантолгой төслийн ажилтан албан хаагчид, гэр бүлтэйгээ хамт эрүүл аюулгүй шинэ хотод амьдрах таатай боломж бүрдэж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, таталцлын шинэ соронзон орныг үүсгэх боломж бүрдэх юм.

    Та бид хамтдаа цар тахлын мөн дайны үеийн амаргүй цаг хугацааг туулж байна. Дэлхий даяар сорилттой энэ цаг үед Эрдэнэт, Оюу Толгой, Тавантолгой зэрэг уул уурхайн томоохон ордуудаа түшиглэсэн аж ахуйн нэгжүүд тэр дундаа уурхайчин та бүхэн эх орондоо түүхэн хувь оруулсаар байгаад Монгол улсын нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

    Хүнд цаг үе хүчирхэг хүмүүсийг төрүүлж, хүнд сорилт шинэ боломжийг авчирдаг гэдэг.

    “Шинэ сэргэлтийн бодлого”-оо бүх нийтээрээ хэрэгжүүлж, дэлхийд эхний тавд эрэмбэлэгдэх Оюу Толгойн төслийн Гүний уурхай  ашиглалтад оруулах өдөр буюу нэг жилийн дараа дахин уулзахын ерөөл дэвшүүлье.

    Монгол Улс Мандан бадрах болтугай гэлээ.

    Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалт эхэллээ

    0

    Өмнөговь аймагт ажиллаж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд өнөөдөр оролцож үг хэллээ.

    Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн зорилтын хүрээнд Монгол Улсын Гашуунсухайт боомт, БНХАУ-ын Ганцмод боомттой холбогдож экспортын ачаа шилжүүлэн ачих байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг өнөөдөр эхлүүлж байна.

     

    Энэ оны хоёрдугаар сард хоёр улсын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын цэгийг эцэслэн тохирсон. Ингэснээр 14 жил гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн, нарийн царигийн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн.

    Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг эзэлдэг уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг билээ. Хэрэв Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам улс төржин гацалгүй бүтээн байгуулалт нь өрнөж 2013 онд дууссан бол 375 сая тонн бүтээгдэхүүн нэмэлтээр экспортолж, хамгийн багадаа 80 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олох байсныг холбогдох мэргэжлийн байгууллагууд тооцоолон гаргасан. Энэ бол туйлын харамсалтай сургамж бөгөөд дахин давтаж үл болох гашуун туршлага юм. Бидний алдагдсан боломжийн өртөг өнөөдөр Монгол Улсын нийт гадаадын өртэй дүйцэхүйц хэмжээнд байна.

    Нэг үгээр хэлбэл, бид 2013 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулсан байсан бол Монгол Улс гадаад өрийн дарамтгүй байх боломж байсан юм.

    Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж, томоохон төслүүдийг богино хугацаанд хэрэгжүүлэх бодит боломж үүсэж байна.

    Цар тахлын болон дайны нөхцөл байдлаас хамаарч Засгийн газарт бодит сорилт учирч байгаа боловч хүнд өдрүүд шинэ боломжийг бий болгодог гэдэгчлэн Шинэ сэргэлтийн бодлогын зургаан багц асуудлын 40 гаруй том төслүүдийн үндсэн шийдэл гарч дууссаныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

    Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр зам энэ намартаа багтаж бүрэн ашиглалтад орох болно. Энэ хоёр төмөр зам ашиглалтад орсноор жилд 50 сая тонн бүтээгдэхүүн нэмэлтээр экспортлох боломжтой болно.

    Хоёр талын холбогдох байгууллагуудын удаан хугацааны яриа хэлэлцээ болон халдвар хамгааллын дэглэмийг үр дүнтэй зохион байгуулсны үр дүнд энэ тавдугаар сарын 25-наас нүүрсний уртын тээвэр эхэллээ. Мөн энэ сарын 31-нээс задгай тээвэр эхэлснээр боомтын гацаа шийдэгдэж, олон сар огцом буурсан экспортын хэмжээ нэмэгдэж, улсын төсөвт төвлөрүүлэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэвийн болж, Монгол Улсын эдийн засгийн эерэг үзүүлэлт нэмэгдэх боломж бүрдэж байна.

     

    Гашуунсухайт боомтоор энэ нэгдүгээр сард өдөрт дунджаар 120 орчим зэсийн баяжмал, нүүрсний экспортын машин нэвтэрдэг байсан бол энэ сарын байдлаар өдөрт 398 машин нэвтэрч байна. Хэрэв бид халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж чадвал цаашид цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрч, 800 машин нэвтрэх боломж бүрдэнэ.

     

    Эрхэм төрийн тусгай албан хаагчид, инженер техникийн ажилтнууд аа,

     

    Цар тахлын нэн амаргүй цаг үед Гашуунсухайт боомтын Цагаанхад суурьшлын бүсэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, Монгол Улсын экспортыг тасралтгүй үргэлжлэх боломжийг бүрдүүлж чадсан хилийн цэрэг, цагдаа, дотоодын цэрэг, гэрээт цагдаагийн 300 гаруй албан хаагчид, энэхүү онцгой дэглэмийг чанд мөрдсөн экспортын тээврийн жолооч Та бүхэндээ талархал илэрхийлье.

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, Шилжүүлэн ачих терминалын барилгын ажилд оролцож буй нийт хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд, инженер техникийн ажилтнууд, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ажлын амжилт хүсье.

    Бүтээн байгуулалтыг товлосон хугацаандаа буюу Ардын хувьсгалын түүхт 101 жилийн ойгоос өмнө ашиглалтад оруулж, Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдалд шинэ хуудас нээсэн өдөр эргэн уулзах ерөөлийг дэвшүүлье.

    “Шинэ сэргэлтийн бодлого” Монгол Улсын өнцөг булан бүрт хэрэгжиж Монгол Улсын мандан бадрах болтугай гэсэн юм.

    “Сурагчдын амралтын хуваарь өөрчлөгдөөгүй”

    0

    Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт наашилсан гэх мэдээлэл гараад байна.

    Энэ талаар Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад “Сурагчдын амралтын хуваарь өөрчлөгдөөгүй. Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/38 тушаалаар баталсан хуваарийн дагуу амарна” гэлээ.

    Уг тушаалын дагуу

    • 1-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 3-нд
    • 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 10-нд хичээллэснээр III улирал дуусна.
    Мөн 4-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 6-10-нд, 6-12 дугаар ангийнхан 13-17-нд анги дэвших болон улсын шалгалтад хамрагдах хуваарьтай байна.

    Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Сурагчдын амралтын хуваарь өөрчлөгдөөгүй.

    • 1-3 дугаар ангийн сурагчдын амралт зургаадугаар сарын 6-ны өдрөөс
    • 4-5 дугаар ангийн сурагчдын амралт зургаадугаар сарын 13-ны өдрөөс
    • 6-12 дугаар ангийн сурагчдын амралт зургаадугаар сарын 20-ны өдрөөс эхэлнэ” гэлээ.
    зураг