More
    Нүүр хуудас блог Хуудас 112

    Махны үйлдвэрүүдийг хаалаа

    0

    мээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна.

    Шадар сайд С.Амарсайхан “Эмээлтэд мах боловсруулах 32 үйлдвэр бий. Мөн БНХАУ руу экспортлох эрхтэй 31 үйлдвэр, дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй 15 байгууллага байна.

    Тавдугаар сарын 10-наас МХЕГ-аас мах боловсруулах үйлдвэрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна. Энэ явцад 17 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, лацадсан. Шалгалт үргэлжилж байна.

    Түүнчлэн мах экспортлох зөвшөөрөлтэй үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд түр зогсоож, эрсдэлийн үнэлгээ хийнэ” гэв.

    Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтэд анхаарах асуудал сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    0

    Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос “Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтэд анхаарах асуудал”  сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.05.10) Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн болон 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, яамд, төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжийн удирдлага, албан хаагчдын төлөөлөл танхимаар болон цахимаар оролцлоо.

    Хэлэлцүүлгийг эхэнд УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Н.Учрал энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн цахим хөгжлийг дэмжих багц хуулиудын хамрах хүрээ, онцлог, давуу талын талаар товч танилцуулав. Тэрбээр, “Цахим шилжилт хийхэд хамгийн гол асуудал болох эрх зүйн орчин бүрэн бүрдлээ. Одоо харин хэрэгжилтэд онцгой анхаарах цаг үе та бүхний өмнө ирж байна. Хуулиуд дагаж мөрдсөнтэй холбогдуулан хэрэгжилтийн үед анхаарах асуудлын талаар ярилцаж нэг ойлголттой болох үүднээс өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна. Цахим шилжилтийг хийхэд төрийн байгууллагуудын мэдээллийн технологи хариуцсан албан хаагчид та бүхний хичээл зүтгэл маш их. Хуулийн хэрэгжилтийг хангаж, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх учиртай юм. Инновац, цахим бодлогын байнгын хорооноос та бүхнийг үргэлж дэмжин ажиллана” гэж хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцлов.

    Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдвээр, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр, ЦХХХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхорол “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр, ЦХХХЯ-ны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Насанбат, Тагнуулын Ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газрын хэлтсийн дарга Д.Ганзориг нар “Кибер аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр тус тус мэдээлэл, танилцуулга хийв. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын ахлах мэргэжилтэн О.Тунгалаг Иргэдэд тоон гарын үсгийг олгох талаарх танилцуулга, тоон гарын үсэг олгох ажлын явцын талаар мэдээлэл өглөө.

    Мэдээлэл, танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид асуулт илтгэгчдээс асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Соёлын яамны мэдээлэл технологийн ажилтан н.Ууганбаяр “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд мэдээлэл хариуцагчтай холбоотой хуулиар зохицуулаагүй харилцааг зохицуулсан журам гарах эсэх, мөн мэдээлэл хариуцагчийг тухайн байгууллага ямар шалгуур үзүүлэлтээр  томилох ёстой вэ” гэсэн асуултад ЦХХХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхорол “Хуулийн хүрээнд нарийвчилсан шинжтэй гурван журам батлагдана. Тухайн байгууллага нь үйл ажиллагаандаа эдгээр гурван журмыг харгалзан үзээд дотоод журмыг мөрдөж ажиллах ёстой” хэмээн хариуллаа. Мөн Дундговь, Баянхонгор, Баян-Өлгий  аймгаас цахимаар оролцогчид асуулт асууж, хариулт авсан юм.

    Хэлэлцүүлгийн төгсгөлд  УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Н.Учрал “Цаашид хувийн хэвшлийн төлөөллүүдийн саналыг авч, хуулийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллана. Энэ хуулиудыг хэрэгжүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулж, шаардлагатай гэж үзвэл УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, төсөв мөнгөний асуудлыг 2023 оны төсөвт суулгах асуудлыг онцгой анхаарах нь шаардлагатай гэж үзэж байгаа. Хамгийн чухал асуудал бол хүний нөөцийн ажил. Иймд хүний нөөцийг бэхжүүлж, чадавхижуулах шаардлагатай. Түүнчлэн, төр бие даан бүх ажлыг хийх боломжгүй. Төр өөрөө хувийн хэвшлүүдтэйгээ өрсөлдөхгүй байх зарчмыг энэ салбарт барих ёстой. Тийм учраас миний зүгээс яамдууд дэргэдээ мэдээллийн технологийн төв байгуулдаг асуудлыг таслан зогсоох ёстой гэсэн байр суурьтай байдаг. Бид төрийн хамтын ажиллагаа, эко системийг бүрдүүлэх ёстой” гэдгийг онцлон тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

    ЭТТ: 472 ажлын байр бий болголоо

    0
    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөний хүрээнд хэрэгжиж буй Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл нь жилд 30 сая.тн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий 3 үйлдвэрээс бүрдэнэ.
    2022-2024 онд 10 сая.тн-ын хүчин чадалтай эхний үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах бөгөөд шинээр байнгын 472 ажлын байр бий болно. #ЭТТ #СайнМэдээнийУурхай

    Сайн түлш: Бүтээн байгуулалт эхэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо.
    Тус терминал Тавантолгойн бүлэг ордоос төмөр замаар тээвэрлэсэн чингэлэгтэй ачааг вагоноос вагонд, вагоноос автомашинд ачих, талбайд хадгалах, төлбөр тооцоог хийх нэг цэгийн үйлчилгээ бүхий 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай. Мөн гаалийн хяналтын болон хүлээлгийн талбай зэрэг нийт 74 га талбайгаас бүрдэх байгууламж юм.

    “Дэлхийн сүүний өдөр”

    0

    Төрийн ордонд

    08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

    10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Алдарт эхийн одон гардуулна.

    9:30-14:00 цагт УИХ-ын Байнгын хороод хуралдана.

    Туушин зочид буудалд

    “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих түншлэлийн уулзалт-2022” болно.

    Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын байранд 

    09:00 цагт ШӨХТГ-т МИК-тэй холбоотой зах зээл дээр давамгай байдалтай аж ахуйн нэгж эсэхийг тогтоох асуудлыг хэлэлцэнэ. Үүнээс гарсан шийдвэртэй холбоотой асуудлаар С.Мөнхчулуун мэдээлэл өгнө.

    Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид

    9:30 цагт тус анги хүүхдүүдэд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд  

    9:30 цагт Гадаадын ажиллах хүч, цахим виз, хөрөнгө оруулалт, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцох уулзалт болно.

    11:00 цагт Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан “КОВИД-ын дараах бизнесийг эрчимжүүлэх менежментийн хөтөлбөр” олон улсын сургалт эхэлнэ.

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд

    10:00 цагт “Дэлхийн сүүний өдөр”-ийн хэвлэлийн хурал болно.

    Нийслэлийн иргэний танхимд 

    11:00 цагт Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас санаачлан ахлах ангийн сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан “Эергээр нөлөөлье” аяны хаалт болно.

    Үндэсний мэдээллийн төвд 

    11:00 цагт Бат хааны түүхийг өгүүлэх Унгар-Монгол-Их Британы хамтарсан “1242 Gateway to the West  буюу Барууны Хаалган Дээр” кинонд бага насны хүүхэд хүчирхийлсэн жүжигчин тоглуулах гэж байгааг эсэргүүцэн “Махаан пикчерс ХХК”-ийн хуульч хэвлэлийн хурал хийнэ.

     “Q Art Gallery”-д

    11:00 цагт “Playtime-2022” наадмын хэвлэлийн хурал болно.

    Шонхор Тауэрт

    11:00 цагт Ардчилсан Намын 4/11 мэдээллийн цаг болно.

    Спортын төв ордонд

    11:00 цагт пауэрлифтингийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчид болон дэлхийн дээд амжилт тогтоосон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, ОУХМ Б.Чимэдцэрэн нар хэвлэлийн хурал хийнэ.

    Авлигатай Тэмцэх Газрын төв хаалганы гадна

    11:00 цагт Монголын Залуучуудын холбооны Удирдах хороо, Хариуцлагын хороо, Гүйцэтгэх хорооноос хэвлэлийн хурал хийнэ.  Тус хурлаар 2017-2022 оны хооронд тус холбооны Ерөнхийлөгчөөр ажилласан А.Мөнхбат, О.Гэрэлт-Од нар нь төв холбоог их хэмжээний өр төлбөр буюу 3.2 тэрбум гаруй төгрөгийн өрөнд оруулсан талаар мэдээлнэ.

    Халуун ус хязгаарлах байршил

    0

    Нийслэл хотод дулааны шугамын засвар шинэчлэлийн ажил үргэлжилж байна. УБДС ТӨХК-аас гурав дахь удаагийн зогсолт буюу 12 хоног дулааны шугамд засвар хийх байршлыг нийтэд мэдээллээ.

    Тодруулбал 2022 оны зургаадугаар сарын 2-14-ний хооронд СОТ-3 салаа Говь-1, Вокзал, Наранбулаг, Төмөр замын эмнэлэг, Богд-Ар хороолол, төмөр зам орчим, 2, 3, 4, 6 дугаар бичил хороолол, “Өргөө” кинотеатр, Хөгжил хотхон, Төв гандан хийд, Эх нялхсын эрүүл мэндийн төв, МҮОНРТ орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлана.

    зураг

    Засварын үеэр дулааны шугам тоноглол болон хэрэглэгчийн дулааны оруулгад ээлжит засвар үйлчилгээ, нягтын шахалт хийх юм байна.

    Мах боловсруулах үйлдвэрт хяналт тавина

    0

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.

    Хуралдаанаар,

    • Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээ,
    • Мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийх талаар,
    • Хилийн Замын-Үүд боомтод тогтоосон тусгай горимын хугацааг сунгах тухай,
    • Нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаанд хамаарах цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн бүртгэл хөтлөх журам зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.

    Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.

    Япон монголчуудад виз олгож эхэлнэ

    0

    Япон Улсын Засгийн газар 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн аялал жуулчлалын компанийн шугамаар ирэх бүлэг жуулчдад аялал жуулчлалын виз олгохоор шийдвэрлэв. Эхний ээлжинд Монгол, АНУ, БНСУ зэрэг 98 улсын бүлэг жуулчдад аялал жуулчлалын виз олгох бөгөөд аялал жуулчлалын компаниар дамжаагүй хувийн шугамаар ирэх гадаадын жуулчдад виз олгохгүй юм.

    Тус улс 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэг өдөрт хүлээн авах гадаадын иргэдийн хязгаарыг 10 мянгаас 20 мянга болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлээд байна гэж ГХЯ-наас мэдээллээ.

    НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд жил бүр 900 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

    0

    Олон улсын энхийг сахиулагчдын өдөр, монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн цэргийн ёслолын жагсаал жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх жагсаалыг нээж үг хэллээ. Тэрбээр “Эрхэм хүндэт энхийг сахиулагч цэнхэр дуулгатан дайчид аа!

    Эрхэм хүндэт зочид оо!

    Та бүхэнд Олон улсын энхийг сахиулагчдын өдөр, Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний түүхт 20 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

    2002 онд Монгол Улс цэргийн ажиглагч анхны хоёр офицероо Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад Энхийг дэмжих ажиллагаанд илгээснээс хойш 20 гаруй мянган цэрэг, дайчдаа хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө үйлсэд оролцуулж, монгол цэрэг Дэлхийн цэрэг боллоо.

    Энэ нь манай улс, Зэвсэгт хүчний түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэж байна.

    Энхийг дэмжих ажиллагаанд цэрэг эрсээ оролцуулах нь манай улсын хувьд цоо шинэ бодлого, зорилт бас томоохон сорилт байлаа. Үүнийг Монгол төрийн нэгдмэл бодлого, төрийн байгууллагуудын хамтын хүчин чармайлт, цэрэг дайчдын маань идэвх зүтгэлээр богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж чадсаныг баярын энэ өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна.

    Манай улс өнөөдөр цэрэг хандивлагч орнуудын дотор энхийг сахиулагчдын тоогоор 24 дүгээрт, эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор 17 дугаарт жагсаж байгаа нь Монгол Улс энхийг эрхэмлэгч орон болохын бодит баталгаа болж байна.

    Монгол Улс нь Бүгд Найрамдах Сьерра Леон Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Бүгд найрамдах Өмнөд Судан Улс, Бүгд найрамдах Ардчилсан Конго Улс, Бүгд найрамдах Ардчилсан Баруун Сахар Улс, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улс, Эритрей Улс, Бүгд Найрамдах Гүрж Улс, Бүгд Найрамдах Косово Улс, Бүгд Найрамдах Йемен Улс зэрэг гурван тивийн 10 гаруй улсад цэргийн ажиглагчаас хүчний командлагчийн орлогч, мотобуудлагын салаанаас батальон хүртэл хүчийг сурган бэлтгэж, энхийг сахиулах ажиллагаанд үе шат, бодлого зохион байгуулалттайгаар оролцон, бахдам сайхан амжилт үзүүлсэн юм.

    Манай Улс Бүгд Найрамдах Ирак Улсад явагдсан “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд цэргийн баг, Исламын бүгд Найрамдах Афганистан Улс дахь “Тогтвортой эрх чөлөө”, “Олон улсын аюулгүй байдлыг хангах хүчин”, “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаануудад Артиллерийн сургалтын хөдөлгөөнт баг, Нисдэг тэрэгний техник, засвар үйлчилгээний сургалтын бүлэг, цэргийн хамгаалалтын багуудыг илгээж, дайны дараах сэргээн босголт, хүмүүнлэгийн үйл хэрэг, бүс нутгийн аюулгүй байдлыг тогтворжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж байна.

    Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд жил бүр 900 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа нь манай улсын хүн амын тоо, Зэвсэгт хүчний чадавхтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм.

    Эх орныхоо нэр хүндийг дэлхий ертөнцөд дуурсган, эх дэлхийн энх тайван, хүн төрөлхтөний амар амгалан, аз жаргалтай амьдралыг цогцлоох ариун үйлсэд нэр төртэй зүтгэж байгаа энхийг сахиулагч нартаа ард түмнийхээ нэрийн өмнөөс Төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч чин сэтгэлийн талархал илэрхийлье.

    Монгол Улс Энхийг дэмжих ажиллагаанд оролцох нь олон улсын хамтын нийгэмлэг болон энхийг эрхэмлэгч улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах, төрийн цэргийн шинэчлэлийн бодлогыг эрчимжүүлэх, цэргийн сургалт, бэлтгэлийг олон улсын жишигт хүргэх зэрэг гадаад, дотоод бодлого, цэрэг, улс төр, эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.

    Монгол цэрэг Энхийг дэмжих ажиллагаанд оролцсоноор Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж байна.

    Манай улс Энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноос хойш дэлхийн 52 улстай дипломат харилцаа нэмж тогтоосны зэрэгцээ мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ болон АНУ, ХБНГУ, БНСУ, БНЭУ, БНТУ (Турк), БНФУ (Франц), Канад, Япон, Катар зэрэг гуравдагч хөрш оронтой батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн, идэвхтэй хөгжүүлж байна.

    Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсэн 20 жилийн хугацаанд бидэнтэй хамтран ажиллаж, сэтгэл харамгүй тусалж дэмжин, дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө мөр зэрэгцэн зүтгэж ирсэн зорилго нэгт гадаадын анд нөхөддөө гүн талархал илэрхийлье.

    Цэнхэр дуулгатан дайчид маань эрсдэлтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй гүйцэтгэхэд найдвартай ар тал нь болж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, ар гэрээ авч явах ачааны хүндийг үүрч, ёс суртахууны өндөрлөгт ямагт байдаг Та бүхний хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсдөд баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

    Даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах ариун үйл хэрэгт гар бие оролцон төр, түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа нийт цэнхэр дуулгатан дайчид Та бүхэндээ Олон улсын энхийг сахиулагчдын өдрийн баярын мэндийг дахин дэвшүүлж, ажлын амжилт, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    Монгол цэргийн яруу алдар мандан бадрах болтугай” гэсэн юм. р

    Хүүхдийн бэлгэнд 412 грамм сахар агуулагдаж байна гэв

    0

    Насанд хүрсэн хүний нэг өдрийн сахрын хэрэглээг 25 грамм хэмээн Эрүүл Мэндийн Яамны (ЭМЯ) зөвлөмжид заасан байдаг. Хүүхдийн баярт зориулан багцалсан нэг уут бэлэгт ойролцоогоор 412 грамм сахар агуулагдаж байгаа нь дээрх хэрэглээнээс даруй 16 дахин их юм.

    Сахрын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хэрэглэхэд хүүхдэд цатгалан мэдрэмж төрүүлэн хоолны дуршлыг бууруулдаг. Улмаар шим тэжээллэг хоол хүнс идэхээс дургүйцэх, зөвхөн чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг идэх дуршилтай болж, шүдний өвчлөлд өртдөг.

    Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ бэлэг сонгохдоо сахрын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас аль болох татгалзахыг уриалж байна. Худалдаанаас ууттай бэлэг сонгож буй тохиолдолд багцалсан хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа, чанар, аюулгүй байдал нь алдагдсан эсэхийг шалгаж авахыг зөвлөж байна.

     

    Эх сурвалж: Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар