Home Blog Page 11

Цахим эдийн засгийг эрчимжүүлэхэд Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтарна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такачийг өнөөдөр (2024.10.21) хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд хамтарсан Засгийн газар хөгжил дэвшлийн 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс хоёр нь цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбартай хамааралтай ажлууд бий. Мөн их өгөгдөл, хиймэл оюун ухааны хууль эрх зүйн орчныг бий болгохоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг онцлов.

 

 

Мөн Үндэсний танилт нэвтрэлтийн ДАН системийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр Европын сэргээн босголт, хөгжлийн банк холбогдох зөвлөмжийг гаргаж өгсөнд талархаж байна. Төрийн байгууллагууд ХУР, ДАН системийг ашиглан төрийн үйлчилгээг иргэн аж ахуйн нэгжид саадгүй хүргэх, мэдээлэл солилцох, цаасан суурьтай бичиг баримтыг хэрэглээнээс халах чиглэлээр зорилт тавин ажиллаж байна. Засгийн газрын 100 хоногт дроны зориулалтын туршилтын бүсийг байгуулахаар ажиллаж буйг дуулгав. Ирэх дөрвөн жилд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “Цахим эдийн засаг”-ийг бүтээх, тоон гарын үсгийн хэрэглээг иргэдийн дунд хэвшил болгох үүднээс “Esign Client” программыг хөгжүүлэх төсөл дээр хамтран ажиллах саналаа илэрхийллээ.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач хэлэхдээ Монгол Улсад цахим эдийн засгийг эрчимжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, боломжуудыг тодорхойлох чиглэлд зөвлөх үйлчилгээ үзүүлж, техникийн туслалцааны хоёрдугаар үе шатыг эхлүүлэхэд бэлэн байгаагаа онцлов.

Тус банк нь дэлхийд технологиор тэргүүлэгч орнуудын сайн туршлагыг бусад улс оронд нутагшуулах чиглэлд анхаарч ажилладаг. Энэ хүрээнд Монгол Улстай дата төв байгуулах, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Монголын стартап компаниудыг дэмжих хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах чиглэлд цаашид хамтран ажиллах хүсэлтэй буйгаа онцлов.

Монгол Улсын нийт газар нутгийн 23.8% сүлжээтэй байна

Монгол Улсын хүн амьдрах боломжтой нийт газар нутгийн 23.8 хувь нь газрын болон үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн ба үлдсэн газар нутаг нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй байна.

Хэрэв нийт газар нутгийн зөвхөн 60 хувийг хөдөлгөөнт холбооны сүлжээнд холбоно гэж үзвэл:

1. Үүрэн холбоогоор тооцвол 4G сүлжээний 28,278 баз станц байгуулах шаардлагатай бөгөөд хөрөнгө оруулалтын зардал нь ойролцоогоор 11 их наяд төгрөг болох ба жил бүр ашиглалтын зардал 1,7 их наяд төгрөг зарцуулахаар байна.

2. Орон нутгийн түвшинд ажиллаж буй засаг захиргааны анхан шатны нэгжүүд буюу 1639 багийг шилэн кабелаар холбоход сумаас баг хүртэлх зай дунджаар 29.7 км байх ба 1 км шилэн кабелийн одоогийн суурилуулалтын зардал 8 сая орчим төгрөг гэж тооцоход нийт 292 тэрбум төгрөг, нийт малчин өрхийг шилэн кабелийн сүлжээнд холбоход  29 их наяд төгрөг шаардлагатай болно гэсэн тооцоо тус,тус байдаг.

 

3. Түүнчлэн жилд гадны хиймэл дагуулын түрээсэнд 9.6 сая ам.доллар төлж байна. Үүнийг 15 жилээр тооцвол 144 сая ам.доллар төлөх тооцоолол бий.

Иймд бүс нутгийг бүрэн хамарсан үндэсний харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөх нь техникийн боломж болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 330 дугаар ангид ажиллав

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагчидтай уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ангийн байрлалд хүрэлцэн ирэхэд Дархан цэргийн хүрээний хүндэт харуул угтаж, ангийн үйл ажиллагааг захирагчийн нэгдүгээр орлогч, дэд хурандаа О.Чулуунбаатар танилцууллаа.

Ерөнхийлөгч тус ангийн Гадаад хэлний сургалтын төвд зочилж, англи хэлний анхан шатны хичээлд суралцаж буй ахлагчидтай уулзав.

Тус анги нь 2006 онд Их Британи Улсын хөрөнгө оруулалтаар Гадаад хэлний сургалтын төвийг байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 837 цэргийн алба хаагч англи хэлний сургалтад хамрагджээ. Үүнээс 115 цэргийн алба хаагч АНУ, БНЭУ, Канад, Австрали улсуудад мэргэжил ахиулах дамжаанд суралцжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг төрийн цэргийн байгууллагууд дэмжин, идэвхтэй оролцож буйг сайшаалаа.

Улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн амар тайван байдлыг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж, цэргийн албаны нэр хүндийг өндөрт өргөж явахыг захив.

Бие бүрэлдэхүүний найдвартай ар тал, түшиг тулгуур болж байдаг гэр бүлд нь чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан хот дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Алтан намар-2024” ургацын баярын үйл ажиллагаанд оролцсоныхоо дараа Дархан хот дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шинэ байранд ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэрээ яамны удирдлагын бүрэлдэхүүнтэй уулзаж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нэгдсэн бодлого төлөвлөлт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдал буюу “Хүнсний хувьсгал” болон “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцов.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр энэ үеэр яам Дархан-Уул аймагт шилжсэнээр салбарын хөрөнгө оруулалтын бодлогыг төвийн бүс рүү чиглүүлж, хүнсний болон хөнгөн үйлдвэрийн кластерууд, бусад төрлийн үйлдвэрлэлийг төвийн бүсэд хөгжүүлэхээс гадна тариалангийн эргэлтийн талбайг 200 мянган га-гаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлж “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.

Үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж, бодит үр дүнд хүргэх зорилгоор Монгол Улсын Их Хурал 36 дугаар тогтоол баталж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхээр шийдвэрлэж, Засгийн газарт тодорхой үүрэг, даалгавар өгсөн.

Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг буюу төвийн бүс нутгийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс” болгохоор төлөвлөсөн.

Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймагт шилжүүлэн байршуулах шийдвэр гарсан юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймагт шилжүүлэн байршуулах шийдвэр үе шаттайгаар хэрэгжиж, яамны бүрэлдэхүүний эхний ээлж, Хөдөө аж ахуйн корпорац, Хөдөө аж ахуйн бирж Дархан хотноо шилжин ирсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Алтан намар-2024” ургацын баярт оролцлоо

Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жилийн ой, “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй “Алтан намар-2024” ургацын баяр Дархан-Уул аймгийн Дархан хотод болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх атар газар эзэмшсэний 65 жилийн ойн баярын хуралд оролцож үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жил, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндийг салбарын үе үеийн ажилтан, албан хаагч, малчин, тариаланч, үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд хүргэж, талархал илэрхийлэв.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс ард иргэдийнхээ хүнсний хэрэгцээг хангах, экспортлох зорилгоор Атрын гурван удаагийн аяныг үндэсний хэмжээнд өрнүүлж байсан түүх, ололт амжилтыг дурдлаа.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэг чухал асуудал нь хүн амаа эрүүл, аюулгүй орчин, найдвартай, эрүүл хүнсээр хангах явдал бөгөөд байгаль орчин, хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарах ёстойг онцоллоо.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” болон “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг улс орон даяар санаачлан хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.

Тухайлбал, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төр, захиргааны 35 байгууллага хамтран ажиллаж, хууль дүрэм, төсөв санхүү, хөнгөлөлттэй зээл, гааль татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс эхлүүлээд 114 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

Үндэсний хөдөлгөөн хэрэгжсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд арилжааны банкаар дамжуулан 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, нийт 1.3 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 3,100 орчим хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгч иргэн, аж ахуйн нэгжид олгоод байна.

Үүний үр дүнд хүнсний салбарт нийт 24 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 2023 оны байдлаар хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодоосоо хангаж чадсаныг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Үндэсний хөдөлгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлснээр байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд шинэ боломж нээгдэж, хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжил хангагдах, худалдаа, экспорт, хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэх, ядуурал буурах зэрэг олон эерэг үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Монгол Улс “Эрүүл хүнс үйлдвэрлэгч, хүнс экспортлогч орон” болох зорилтын хүрээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгууд буюу төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс” болгон хөгжүүлэхээр зорьж байна.

Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймагт шилжүүлэн байршуулахаар Улсын Их Хурал, Засгийн газраас шийдвэр гарсан юм.

Цаашид байгаль орчинд ээлтэй, бүсчилсэн хөгжил болон тогтвортой хөгжлийг дэмжсэн газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд тодорхой ахиц дэвшил, үр дүн гарах учиртайг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Тодруулбал, төр, хувийн хэвшлийн зүгээс:

  • Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургыг бууруулж, ногоон хөгжлийг дэмжсэн, дэвшилтэт технологи, инновацад суурилсан, дэлхийн жишигт нийцсэн, экспортод чиглэсэн газар тариалангийн салбарыг хөгжлийн шинэ түвшинд гаргах цогц шинэчлэл, бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
  • Бүсчилсэн хөгжлийг дэмжсэн газар тариалангийн кластер, цогцолборуудыг байгуулах, түүхий эд бэлтгэн нийлүүлэлт, борлуулалтын нэгдсэн тогтолцоо, жижиг, дунд үйлдвэрүүдийг байгуулах, тээвэр логистикийн оновчтой сүлжээг бий болгох, боловсон хүчнийг бэлтгэх;
  • Эрүүл ахуй, чанарын асуудлыг шат шатандаа анхаарч, аюулгүй байдлын хяналтыг эрс чангатгах;
  • Төсөв, хөрөнгийн нөөц боломжоо бүрэн дүүрэн зөв ашиглаж, зээл санхүүжилт, татвар, даатгал зэрэг санхүүгийн хөшүүргүүдийг оновчтой, хүртээмжтэй ашиглаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг дэмжих зэрэгт анхаарах шаардлагатай байгааг онцлов.

Ингэснээр ард иргэдээ гарал үүсэл нь тодорхой, найдвартай, дотоодын эрүүл хүнсээр хангаж, ажлын байрыг нэмэгдүүлж, монгол хүний амьдралын чанар сайжирч, улмаар Монгол Улс хүнс экспортлогч орон болох боломж бүрдэнэ гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх орноо эрүүл хүнсээр хангах их үйлсэд хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажилтан, албан хаагчид, үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн дэмжлэг, манлайлал, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол хамгийн чухал гэдгийг мөн онцлон тэмдэглэж, хурлын оролцогчдод амжилт хүсэв.

Баярын хуралд УИХ-ын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков нарын албаны төлөөлөгчид, салбарын үе үеийн ажилтан, албан хаагчдын төлөөлөл, иргэд оролцлоо.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жилийн ойн баярын мэндийг хүргэв.

Монгол Улсад шинжлэх ухааны үндэслэлтэй хөдөө аж ахуйн салбарыг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд ЗХУ-аас дэмжлэг үзүүлж, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг нийлүүлж, мэргэжилтэн, зааварлагчдыг томилон явуулж байсныг дурдаж, хоёр улсын хамтын түүхийн баатарлаг хөдөлмөрийн хуудас мөн гэдгийг онцоллоо.

Цаашид Дархан-Уул аймаг, Дархан хот шинэчлэгдэн хөгжиж, энэ бүс нутагт шинэ үйлдвэрүүд байгуулагдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд энэ бүс нутгаас гаргаж буй экспортын бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлснээр ОХУ, Монгол Улсын худалдааны эргэлтийг өсгөх, тэнцвэржүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж үзэж байгаагаа хэлэв.

“Алтан намар-2024” ургацын баярын хүрээнд хүнсний ногоо, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн технологи,  шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг Дархан хотноо зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үзэсгэлэнгээр зочлох үеэрээ хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын баялаг бүтээгч, тариаланч, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, иргэдтэй уулзаж, техникийн парадыг үзэж сонирхлоо.

Ташрамд дурдахад, 1959 онд эхэлсэн Атрын анхдугаар аяны үр дүнд 10 сангийн аж ахуй, салбарын үндэсний мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд шинээр байгуулагдаж, зургаан жилийн дотор 1 сая орчим га атар газрыг эзэмшиж, анх удаа 516 мянган тонн үр тариа хураан авсан түүхтэй.

Атрын хоёрдугаар аян 1976 онд эхэлж, үр дүнд нь 1989 оны байдлаар 1.2 сая га эргэлтийн талбайтай болж, 840 мянган тонн үр тариа, 155 мянган тонн төмс, хүнсний ногоо, нэг сая гаруй тонн таримал тэжээл, хадлан хураан авч байсан юм.

Гэвч нийгэм, эдийн засгийн шилжилтээс улбаалан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт сорилт тулгарч, үр тариа, гурилынхаа 70 гаруй хувь, төмс, хүнсний ногооны 50 гаруй хувийг импортоор авч, үр тарианы ургацын хэмжээ 2005 он гэхэд 77 мянган тоннд хүрсэн нь атрын хоёрдугаар аяны үеэс 90 гаруй хувиар буурсан үзүүлэлт болж байв.

Монгол Улсын Засгийн газар 2008-2010 онд Атрын гуравдугаар аян болох Тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг дэвшүүлэн хэрэгжүүлснээр тариалангийн эргэлтийн талбайг 650 мянган га-д хүргэн сэргээж, улаанбуудай, төмсөөр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадсан юм.

Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн 10 мянган га талбайг нөхөн сэргээжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уул уурхайн олборлолтын  улмаас эвдэрч, олон жил эзэнгүй орхигдсон 8,000 га газрыг 2020-2024 онд нөхөн сэргээх үүргийг Ерөнхий сайд байхдаа өгч байсан. Тэр бээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр, Нарийны ам хэмээх газарт ажиллаж, тухайн үед өгч байсан үүрэг, даалгаврынхаа хэрэгжилтийн явцыг шалгалаа. 

2020 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас улсын хэмжээнд тооллого явуулахад 30 мянга гаруй га талбай эвдрэлд орсны 29 орчим мянган га нь уул уурхайн ашиглалтын улмаас  эвдэрсэн. Ялангуяа 8,000 га талбайг нэн тэргүүнд нөхөн сэргээх шаардлагатай гэсэн дүгнэлт гарч байлаа.

 Тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлагагүй уул уурхайтай тэмцэж, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 938 тусгай зөвшөөрлийг цуцлан, эвдэрч сүйдсэн талбайг нөхөн сэргээхийг салбарын яам, ажилтнуудад үүрэг болгож байсан юм.

Тухайлбал Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8,000 га талбайг нөхөн сэргээнэ” гэсэн зорилт тусгаж байлаа. 

БОАЖЯ-аас Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай” хамтарсан тушаал батлуулж, “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн юм.

Энэ хүрээнд 2020-2023 онд нийт 9,773 га талбайд техникийн, 2,549 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн байна.

2020 оноос өмнө улсын хэмжээнд жилдээ 1,000 хүрэхгүй га талбайд нөхөн сэргээлт хийж байсан бол 2020 оноос эрс нэмэгдэж, жил бүр 2,000 га-аас дээш талбайг нөхөн сэргээж иржээ.

Өөрөөр хэлбэл 2018 онд түүхэндээ хамгийн их буюу 912 га талбайд, 2020 онд 1,973 га, 2021 онд 2,123 га, 2022 онд 2,189 га, 2023 онд 3,488 га талбайг нөхөн сэргээсэн байна.

“Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийн ууланд нуусан, манаач айлын гадаа үлдээсэн, эзэнгүй орхисон нийт 57 экскаватор, ковш, бульдозер, алт угаах төхөөрөмж, ачааны автомашин, техник хэрэгслийг журамлаж, хяналтад хүлээлгэн өгч, эвдэрсэн газрын экологи, эдийн засгийн хохирлыг тооцуулжээ.

БОАЖЯ ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагын тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж батлахдаа эвдэрч, эзэнгүй орхигдсон газруудад техникийн нөхөн сэргээлт хийх талаар тусгаж байсан нь үр дүнгээ өгчээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагын болон биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд 2021-2024 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгийн эвдрэлд орсон 2,000 гаруй га талбайг нөхөн сэргээхэд 42 орчим тэрбум төгрөг зарцуулаад байна.

2022-2023 онд 1,230 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн бол 2024 онд 777 га талбайн 480 га-г нь нөхөн сэргээгээд байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж 100 сая мод тарьж, ургуулахаа амласан “Оюу толгой” ХХК дүйцүүлэх хэлбэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийд 400 га талбайг, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт 215 га талбайг нөхөн сэргээжээ. “Жинжий Майнинг” ХХК өнгөрсөн жил Ерөө сумын нутагт 800 га талбайг нөхөн сэргээжээ.

Цаашид:

  • Ойн сан, усан сан, биологийн олон янз байдал бүхий онцгой ач холбогдолтой газар, нутагт хууль бус уул уурхай, бичил уурхайн улмаас эвдрэлд орсон газруудад техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэж, ойжуулах,
  • Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Уул уурхайн нөхөн сэргээлтийн чанар, хяналтыг сайжруулж, нөхөн сэргээлт хийгээгүй хуулийн этгээдэд ногдуулах хариуцлагыг чангатгана” зорилтын хүрээнд биологийн нөхөн сэргээлтийг эрчимжүүлэхэд онцгой анхаарах,
  • 1980-2010 он хүртэлх хугацаанд алт олборлож байсан, үлдэгдэл нөөцтэй гэх шалтгаанаар нөхөн сэргээлт хийлгэхгүй байгаа газруудын асуудлыг яаралтай шийдвэрлэж, нөхөн сэргээлт хийлгэх,
  • Ашигт малтмалыг хууль бусаар олборлоход ашиглаж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хэний өмчлөлд байгаагаас үл хамааран хураан авч улсын орлого болгох, стандарт, технологид нийцэхгүйг нь ашиглуулахгүй байхтай холбогдсон хууль, эрх зүйн зохицуулалт хийх,
  • Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаарх одоогийн зохицуулалтыг дордуулахгүй байх,
  • Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг үе шаттай хориглох,
  • Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ хариуцлагатай, санаачилгатай хэрэгжүүлж байгаа, байгальд ээлтэй үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхайн аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах тогтолцоо бий болгох шаардлагатай гэж салбарын яам үзэж байна.

Жендэрийн үндэсний хорооны ажлын алба ЦХИХХЯ-нд ажиллаж, Ерөнхий сайдын захирамжаар батлагдсан арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулав

Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 71 дүгээр захирамжаар “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлагдсан.

Энэхүү төлөвлөгөөг төрийн захиргааны төв байгууллага болон төрийн холбогдох байгууллагуудад үе шаттай танилцуулах арга хэмжээг Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас зохион байгуулж байгаа бөгөөд тус ажлын хүрээнд өнөөдөр ( 2024.10.18) Цахим хөгжил, инновац харилцаа холбооны яамны албан хаагчид болон яамны харьяа, салбар байгууллагын жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд  танилцууллаа.

Энэхүү төлөвлөгөөний зорилго нь эрэгтэй, эмэгтэй хүний талаарх уламжлалт сэтгэлгээ, нийгмийн хүлээлтээс үүдэлтэй дарамтыг арилгах, хувь хүний заяагдмал эрхээ бүрэн дүүрэн эдлэхэд бодлогын түвшинд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

Монголын эмч нарын VII их хурал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Монголын эмч нарын VII их хурал Төрийн ордонд эхэллээ.

Хурлаар “Эрүүл мэндийн салбарын бодлого, шинэчлэл”-ийн талаар илтгэл сонсож, “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ”, “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого, нийгмийн баталгаа, сургалт, инновац” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, нэгдсэн дүгнэлт, зөвлөмж гаргана.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их хурлыг нээж үг хэллээ. Тэр бээр цар тахлын үед амь биеэ үл хайрлан, цаг наргүй ажиллаж, олон мянган хүний амь насыг аварч, онцгой гавьяа байгуулсан эмч, эмнэлгийн салбарын нийт хамт олон, гэр бүлд нь төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Сүүлийн жилүүдэд шинэ технологи, инновац, хиймэл оюун ухаанд суурилсан эмнэлгийн тусламж, үйлчилгээ нэвтэрч, ард иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, оношилгоо хийлгэх боломж нэмэгдэн, зүрх судас, мэдрэл, гэмтэл, хавдар, хүүхдийн нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээгээр олон улсын түвшинд хүрч байгааг тэмдэглэлээ.

Цаашид энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэх, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлээр анхаарах зүйл байгааг ч хэллээ.

Тухайлбал:

  • Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх чиглэлд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцоог улам бэхжүүлэх,
  • Олон улсын жишигт хүрсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэж, гадагшаа чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээний урсгалыг бууруулах,
  • Улс орноо чадварлаг эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнээр бүрэн хангаж, эдийн засгийн зөв хөшүүргээр орон нутаг, сумдад тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл, боломж бүрдүүлэх,
  • Үр дүн, ажлын гүйцэтгэлд суурилсан санхүүжилт болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог улам боловсронгуй болгож, цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах,
  • Эмийн үнэ, чанар, аюулгүй байдалд онцгой анхаарах, олон улсын стандарт хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг импортлохын зэрэгцээ эх орондоо үйлдвэрлэдэг болох, иргэдэд эмийн зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх,
  • Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэн, эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлэх замаар өвчин эмгэг үүсгэдэг эрсдэлт хүчин зүйл, учир шалтгааныг таслан зогсоох зэрэг чиглэлээр улам эрчимтэй, идэвх, санаачилгатай ажиллах нь зүйтэй гэж үздэгээ илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” гэсэн хоорондоо харилцан уялдаатай үндэсний  хөдөлгөөн, ялангуяа “Эрүүл монгол хүн” хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд эмч, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын  мэдлэг, боловсрол, ур чадвар, хамтын ажиллагаа, манлайлал чухал үүрэгтэйг онцоллоо.

Эмч нарын VI их хурлыг 2019 онд Ерөнхий сайдын ивээл дор “Эрүүл мэнд- хөгжлийн тулгуур” уриатай зохион байгуулж, салбарын тулгамдсан асуудлыг дүгнэн хэлэлцэж, санал бодлоо нэгтгэн, зөвлөмж гаргаж байсан.

Засгийн газар эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргасан нь VI их хурлын шийдвэр бодит ажил хэрэг болох эхлэл болсон юм.

Өнгөрсөн таван жилд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд олон шинэ технологи нэвтрүүлснээр чанар, хүртээмж сайжирч, иргэд эх орондоо оношилгоо, эмчилгээ хийлгэх боломж нэмэгдсэн.

Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогц тогтолцоо бий болгон, эх орондоо чадварлаг боловсон хүчин бэлтгэх нөхцөл бүрдээд байна.

Нярай хүүхдэд төрөлхийн эмгэг илрүүлэх шинжилгээ хийдэг болж,  хүүхэд бүрийг эрт илрүүлэх цогц үзлэгт хамруулан, эрүүл мэндийн салбарт үр дүн, ажлын гүйцэтгэлээр санхүүжилт олгож эхэлжээ.

Мөн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийг УИХ баталж, өвчин эмгэгийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлжээ.

Улсын хэмжээнд 4,700 гаруй эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 15 мянга гаруй их эмч ажиллаж байна.

Хиймэл оюуны эрчим хүчний хэрэгцээг цөмийн реактораар хангана

Google нь хиймэл оюуны нөлөөгөөр нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд жижиг модульчлагдсан реакторуудаас (SMRs) цахилгаан худалдаж авах дэлхийн анхны  гэрээнд гарын үсэг зурсан. Технологийн компани Kairos Power-тэй байгуулсан гэрээ нь Кайросын анхны жижиг модульчлагдсан реакторыг 2030 он гэхэд онлайн болгох, дараа нь 2035 он гэхэд нэмэлт суурилуулалт хийх зорилготой. Тус компани 6-7 реактороос нийт 500 мегаватт эрчим хүч худалдаж авахаар болсон нь өнөөдрийн цөмийн реакторуудын гаралтаас бага аж. Google-ийн Эрчим хүч, цаг уурын асуудал хариуцсан ахлах захирал Майкл Террелл “Цөмийн эрчим хүч нь бидний хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэж чадна. Уламжлалт реакторуудаас жижиг боловч эдгээр SMR нь Google-ийн цэвэр, найдвартай эрчим хүчний зорилгод нийцэж байгаа. Энэхүү төслийн хүрээнд АНУ-ын Цөмийн зохицуулах хороо болон орон нутгийн агентлагуудаас зөвшөөрөл авах шаардлага бий” хэмээн онцолжээ.

Хиймэл оюуны нөлөөгөөр сүүлийн арван жилд анх удаа эрчим хүчний хэрэгцээ нэмэгдэж, технологийн компаниуд цөмийн эрчим хүчний компаниудтай энэ онд хэд хэдэн гэрээ байгуулсан. Тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сард Amazon.com (AMZN.O), Talen Energy (TLN.O)-аас цөмийн эрчим хүчээр ажилладаг дата төвийг худалдаж авсан. Мөн өнгөрсөн сард Майкрософт (MSFT.O) гэрээ байгуулав.

АНУ-ын дата төвийн статистикаас харахад эрчим хүчний хэрэглээ 2023-2030 оны хооронд ойролцоогоор гурав дахин нэмэгдэнэ. Улмаар байгалийн хий, салхи, нарны эрчим хүчийг нөхнө гэж харж байна. Өсөн нэмэгдэж буй хэрэглээнд 47 гигаватт шинэ үйлдвэрлэлийн хүчин чадал шаардагдах аж.

Кайрос өнгөрсөн оны сүүлээр Теннесси мужид реактор барихаар барилгын зөвшөөрөл авчээ. Бага оврын модульчлагдсан реакторуудын барилгын зардлыг бууруулахын тулд газар дээр нь биш үйлдвэрт баригдсан эд ангиудыг өнөөгийн реакторуудаас жижиг хэмжээтэй болгох  аж. зорилготой юм. Ингэхдээ реакторыг нэг нэгээр нь худалдаж авахын оронд урт хугацааны томоохон хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Kairos компанийн гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагч Майк Лауфер “Энэхүү шинэ арга барил нь манай төслүүдийн өртөг зардал, хуваарийн дагуу хэрэгжих хэтийн төлөвийг сайжруулна гэдэгт бид итгэлтэй байна.”

Эх сурвалж: www.reuters.com

Ц.Баатархүү: Үндэсний хиймэл дагуултай болсноор кибер аюулгүй байдал хангагдах боломж бүрдэнэ

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Сансрын үндэсний зөвлөлийн дарга Н.Учрал “Үндэсний хиймэл дагуул” мега төслийн байнгын хорооны гишүүдэд танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, саналаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ч.Анар  “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төсөл”-ийг дэмжиж байгаа ч хэрэгжүүлэх арга зам, төсөв, хөрөнгийн талаар асууж тодрууллаа. Мөн тэрбээр төслийг хэрэгжүүлэх үнэ хэт өндөр буй учраас  дахин судалж ярилцах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, хиймэл дагуул хөөргөснөөр кибер аюулгүй байдлын хамгаалалтыг хэрхэн сайжруулах вэ, эрсдэлийн урьдчилсан тооцооллын талаар тодруулав.

 

Гишүүдийн асуултад Цахим хөгжил, инновац, харилцаа, холбооны сайд Ц.Баатархүү, “Монгол Улс кибер аюулгүй байдлыг үнэлдэг 5 түвшний “Бэхжиж байгаа” буюу дундуур үзүүлэлтийг хангаж байгаа. Монгол Улсад Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх “Үндэсний төв”, ЦХИХХ-ны дэргэдэх Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв, Батлан хамгаалах салбарын кибер аюулгүй байдлын төв гэсэн гурван байгууллага ажиллаж байгаа.

Төр, захиргааны байгууллага болон бүх түвшинд кибер аюулгүй байдлыг хангах бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох шаардлагатай байна. Мөн хууль, эрх зүйн орчин, техник, технологийн хувьд сайжруулах асуудал бий.

ЦХИХХЯ-ны хувьд 2025 онд Монгол Улсын кибер аюулгүй байдлын зэрэглэл ямар түвшинд байгааг мөн аль салбарт мэдээлэл алдах эрсдэлтэй байгааг тодорхойлно. Үүний дараа гадаад хамтын ажиллагааг сайжруулах, өргөжүүлэх зэрэг боломжит бүх арга замаар кибер аюулгүй байдлыг хангахын тулд ажиллана” хэмээн онцоллоо.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төсөл”-ийг хэрэгжүүлэхийн тулд мэргэжилтнүүдийн саналыг сайн сонсож, судлахаас гадна дэд ажлын хэсэг байгуулах шаардлагатай байна. Мөн төслийг гардан хэрэгжүүлэх гадны мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж ажиллан ойлголцох нь чухал гэдгийг онцоллоо.

Үндэсний хиймэл дагуулыг хөөргөснөөр Монгол орны газар нутгийг бүрэн хамарсан харилаа холбооны бие даасан сүлжээтэй болж, интернэт суурьтай бүх төрлийн үйлчилгээг  иргэд гар утаснаасаа авах боломж бүрдэх юм. Түүнчлэн онцгой байдал, гамшиг ослын эрсдэлийг багасгах, хот хөдөөгийн иргэдийн тоон хуваагдлыг бууруулах, малчдын хүүхдүүд зайн сургалтад хамрагдах боломжтой болно.

Монгол Улсын хэмжээнд аймаг сумын төвүүдийг өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээр холбох ажил эрчимтэй хийгдсэн боловч 2023 оны байдлаар хүн амьдрах боломжтой нийт газар нутгийн 23.8 хувь нь газрын болон үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн ба үлдсэн газар нутаг нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй байна.

Иймд манай улс “Koreasat 5A”, “Telesat 18” зэрэг хиймэл дагуулаас транспондер түрээслэн телевиз, интернет, хөдөлгөөнт холбооны сүлжээ, харилцаа холбооны үйлчилгээг алс зайд дамжуулахад ашиглаж байна. Хэрэв өөрийн хиймэл дагуулгүйгээр цаашид явбал Монгол Улс жилдээ 32,6 тэрбумаас 80,8 тэрбум төгрөгийг гадаад орнуудын хиймэл дагуулын түрээсэнд төлсөөр байх юм. Үндэсний хиймэл дагуулыг хөөргөснөөр энэхүү их хэмжээний төлбөрийг гадны орны хиймэл дагуулын түрээсэнд төлөх шаардлагагүй болж, энэ хэмжээний зардал дотоодын зах зээлд үлдэх юм. Мөн онцгой байдал, хил хамгааллын харилцаа холбоо сайжирч, гамшиг, ослын улмаас үүдэх хүний амь нас, эд хөрөнгөнд учрах хохирлыг 30 хувь бууруулна тооцоолол гарчээ.