More
    Нүүр хуудас блог Хуудас 108

    ТТТ:Мэдэгдэл

    0

    Тавантолгой түлш ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах салхины хаалтыг хийж гүйцэтгэх ажлын тендэрт ялсан “Цагаан толгойн нуур” ХХК-ийн туслан гүйцэтгэгч компанийн ажилтан осолд орж, амь насаа алдсанд гүн эмгэнэл илэрхийлье.

    “Цагаан толгойн нуур” ХХК нь зүүн бүсийн үйлдвэрт салхины хаалт/ нүүрсний нарийн ширхэгт тоосонцор агаарт дэгдэхээс сэргийлэх/ хийх тендэрт 2020 онд шалгарсан бөгөөд өнөөг хүртэл ажлаа гүйцэтгэж байгаа юм. Осолд өртсөн ажилчид нь Цагаан толгойн нуур ХХК-д давхар туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулсан компанийн ажилтан юм.

    “Цагаан толгойн нуур” ХХК-тай холбогдох уг ослыг хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа болно.

    ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 583.2 МЯН.ТН НҮҮРС ЭКСПОРТОЛСОН НЬ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 300 ХУВИАР ӨСЖЭЭ

    0

    Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор 2022 оны 6 дугаар сарын 24,25-ны өдөр нүүрс тээврийн 904 автомашин, Ханги боомтоор 146 автомашин, Булган боомтоор 277 автомашин, Шивээхүрэн боомтоор 171 автомашин хил нэвтэрчээ.

    Харин зэсийн баяжмалын тухайд, Гашуунсухайт боомтоор дээрх өдрүүдэд нийт 103 автомашин нэвтэрчээ. Мөн өнгөрсөн 7 хоногт 583.2 мян.тн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 300.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

    ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТОД AGV ТЭЭВЭР НЭВТРҮҮЛСНЭЭР НҮҮРС ТЭЭВЭР 10 САЯ ТОННООР НЭМЭГДЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

    0

    Монгол Улсын нүүрс тээврийн хамгийн том гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтод анх удаа AGV буюу автомат удирдлагатай тээврийн технологи нэвтрүүлж байгаа билээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр тус боомтод ажиллаж, AGV-ийн маршрутыг тодорхойлсон байна. Автомат удирдлагатай тээврийг хилийн зурвасаас 150 м-ийн зайд хоёр гарцаар явуулахаар тогтсон. Энэ хүрээнд БНХАУ-ын инженерүүд соронзон замыг  ирэх амралтын өдрүүдэд тавьж дуусгана. Ирэх даваа гарагт автомат удирдлагатай 9 тээвэрлэгч дээрх замаар нүүрс тээвэрлэж эхлэх бөгөөд туршилтын хугацааны дараа нэгэн зэрэг 40 зам байгуулахаар ажлын хэсгийнхэн хэлэлцээ хийж байгаа аж. Ажлын хэсгийнхний өгч буй мэдээллээр нэг AGV нэг удаагийн тээвэрлэлтээрээ 64 тонн нүүрс тээвэрлэх чадалтай. Тиймээс уг технологийг нэвтрүүлснээр зөвхөн Гашуунсухайт боомтын экспорт урьдчилсан байдлаар 10 сая тонноор нэмэгдэнэ гэсэн тооцоо гарчээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг ирэх долоо хоногт тус технологийг Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтод нэвтрүүлэх хэлэлцээг Хятадын талтай хийх аж.

    Х.Нямбаатар: Дотоодын тээврийн нэгдэл, иргэдийг нүүрс тээвэрт түлхүү явуулна

    Засгийн газраас томилсон хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсэг  AGV буюу автомат удирдлагатай тээврийн технологи нэвтрүүлэх хүрээнд замын маршрутыг тогтох, “Чалко” компанийн хүсэлтийн дагуу тээврийн шинэ гарц нээх ажиллаж байгаа юм. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай холбогдож, цөөн асуултад хариулт авлаа.

     

    -Гашуунсухайт боомтод тээврийн шинэ технологи нэвтрүүлж байна. Үр дүнг нь хэрхэн харж байна вэ?

    -Ерөнхий сайдын 2022 оны 47 дугаар захирамж, Сангийн сайдын 2022 оны 106 тоот тушаалаар байгуулагдсан манай ажлын хэсэг өчигдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын болон Ганцмод боомтын захиргааны албаны хүмүүстэй цахим хурал хийсэн. Хурлаар Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат удирдлагатай тээвэр нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж, энэ сарын 27-28-ны өдрүүдэд туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэх тогтлоо. Энэ хүрээнд өнөөдөр  хятад инеженерүүдийн хамт Гашуунсухайт боомтод ажиллаж байна. AGV явуулах замын маршрут, гарцыг тогтож, соронзон зам тавих ажил эхлүүллээ. Ийнхүү тээврийн асуудлыг шийдвэрлэснээр Гашуунсухайт боомтод нүүрсний экспорт урьдчилсан байдлаар 10 сая тонноор нэмэгдэх тооцоолол бий. Цаашид автомат удирдлагатай тээврийг Шивээхүрэн-Сэхээ болон Ханги-Мандал боомтуудад хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

    -Тус технологийн онцлог юу вэ?

    -Гашуунсухайт, Ганц модны боомтын хооронд ах удаа хил дамнасан жолоочгүй тээврийн хэрэгслийг ирэх долоо хоногт нүүрс тээвэрт нэвтрүүлэхээр болж байна. Голдуу далайн боомт хотуудад ашигладаг сүүлийн үеийн технологийг бид хуурай боомтод нэвтрүүлж буйгаа онцлог гэж болно. Өнгөрсөн хоёр жил цар тахлын улмаас хил хаагдаж, дэлхий нийтээрээ хүнд байдалд орлоо. Тэгвэл хилийн боомтуудад жолоочгүй  технлоги  нэвтрүүлсээр бид ямар ч нөхцөлд тээвэрлэлтээ хийсээр байх боломж бүрдэж байгаа юм. Үүнээс гадна манай ажлын хэсэг нүүрс ачиж, буулгах терминал дээрх үлдэгдэл нүүрсний хэмжээ багасаж байгаатай холбогдуулж уртын тээврийн тоо хэмжээг нэмэгдүүлэхээр хэлэлцээ хийж, тодорхой шийдэлд хүрлээ. Ингэснээр нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, хувь хүмүүс орлоготой болох боломж бүрдэж байна.

    -БНХАУ-ын “Чалко” компанийн тавьсан хүсэлтийг энэ удаа хэрхэх вэ?

    -“Чалко” компанийн зүгээс нүүрс экспортлох тусдаа гарц, замын трасс гаргах хүсэлтээ удаа дараа ирүүлсэн. Бид өнөөдөр гарц, трассыг эцэслэн тохирч Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-аар шийдүүлэхээр холбогдох байгууллагад дэмжих бичгээ хүргүүлэхээр боллоо. Шинэ гарц нээгдсэн тохиолдолд дотоодын тээврийн нэгдэл, аж ахуйн нэгж, иргэдийг түлхүү тээвэрт явуулах бодлого  барина.

    Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцлээ

    0

    Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы /2022.06.17/ нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг сонсож, хэлэлцлээ.

    Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан илтгэлийн товч дүгнэлтийг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2021 онд явуулсан судалгаа, хяналт, шинжилгээ үнэлгээ, Комиссын гишүүний санаачилгаар болон иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр явуулсан хяналт шалгалт, төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэл, хөндлөнгийн бусад судалгаа, эх сурвалжид үндэслэн 6 сэдвийн хүрээнд боловсруулж УИХ-аас шийдвэр гаргуулахаар 30 санал гаргаж УИХ-д өргөн барьсныг дурдлаа.

    74e73d9a-6c4f-433c-855d-8b7563914b83.jpg“Ковид-19” цар тахалтай холбоотой авч хэрэгжүүлсэн шийдвэр, арга хэмжээ, бодлого, туршлагаас хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр авч үлдвэл зохих сургамжийг тэмдэглэн оруулахыг зорьж “Ковид-19” цар тахалтай холбоотой үүссэн хүний эрхийн нөхцөл байдалд дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

    1/Коронавируст халдварыг нутаг дэвсгэртээ тархаахгүй байх зорилгоор авсан өргөн хүрээтэй хяналт, хязгаарлалтын арга хэмжээ, дархлаажуулалтыг шуурхай явуулсны үр дүнд иргэдийнхээ амь насыг хамгаалах үүргээ Монгол Улс харьцангуй амжилттай биелүүлсэн.

    2/”КОВИД-19” цар тахлыг даван туулахад эрүүл мэндийн салбар онцгой хүчин чармайлттай ажилласан боловч эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийг хүрэх боломжтой төвшнөөс доогуур биелүүлсэн. Энэ байдал нь эрүүл мэндийн салбарт хүний гоц халдварт өвчинтэй тэмцэх суурь чадавх муугаас гадна “КОВИД-19” цар тахлыг даван туулах удирдлага, зохион байгуулалт тогтворгүй, салбарын дотоод уялдаа холбоо муу, төсвийг үр ашиггүй, хяналтгүй зарцуулсан, эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг дэмжих талаар хангалтгүй ажилласан, цар тахлыг даван туулах бэлтгэл хангах цаг хугацааны боломжийг оновчтой ашиглаж чадаагүйтэй холбоотой гэж үзсэн.

    3/Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг шуурхай явуулснаараа хүн амын дунд гарч болзошгүй нас баралтыг бууруулсан боловч дархлаажуулалттай холбоотой цөөнгүй чухал асуудлаар олон нийтийн мэдэх эрхийг хангаагүй, вакцинд хамрагдсан байх шаардлага нь хүний эрх, эрх чөлөө хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хязгаарлагдах нөхцөл болсон, вакцины үр нөлөө, тарилгын дараах хүндрэлийг хянах механизм сул, хүндрэл гарсан тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөө байхгүй, бэлтгэл хангаагүй, тарилгын хүндрэлийн талаарх Дархлаажуулалтын тухай хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй нь хүний эрх зөрчигдөх эрсдэл үүсгэсэн байна.

    4/Цар тахлын жилүүдэд хүн амын амьжиргааг дэмжих арга хэмжээнд дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг зарцуулсан нь төсөвт хэт их ачаалал үүсгэхийн зэрэгцээ хүртээмж, үр ашиг нь муу байсан. Хүүхдүүд, залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, гэр хорооллын оршин суугчид, албан бус хөдөлмөр эрхлэгчид, гадаад оронд оршин сууж байгаа Монгол Улсын иргэд “КОВИД-19″цар тахлын сөрөг нөлөөлөлд илүүтэй өртөх эрсдэлтэй байлаа.

    5/Иргэний, улс төрийн эрхийг хүндэтгэн сахисан байдалд эерэг үзүүлэлт бий ч “КОВИД-19” цар тахлын хариу арга хэмжээг хэрэгжүүлэх явцад иргэний, улс төрийн эрх, эрх чөлөө түгээмэл зөрчигдсөн. Монгол Улсын олон мянган иргэн эх орондоо ирэх боломжгүй, өвчлөл хэрхэх нь тодорхойгүй, түгшүүртэй нөхцөлд, цалин орлогогүй, олон сараар гадаад улсад амьдарч, эх орондоо ирсэн боловч тусгаарлалтын урт хугацаа, хатуу шаардлагын улмаас эмнэлгийн тусламж зохих ёсоор аваагүй, гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ салах ёс хийж чадахгүй хагацсан тохиолдлууд гарсан. Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах гэнэтийн шийдвэр гаргахдаа эрүүл мэнд, аюулгүй байдал нь эрсдэлтэй хүмүүсийг хамгаалах бодлого, арга хэмжээг төлөвлөөгүйгээс 2020 оны 11, 12 дугаар сард олон мянган иргэн халдвар авах, тархаах илүү эрсдэлтэй нөхцөл байдалд нэг сар илүү хугацаанд хөл хоригдсон юм.

    6/Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах үндэслэл, зарчмуудыг “КОВИД-19” цар тахлын хуульд тусгаж, хууль зүйн хэрэглээнд оруулсан нь эрх зүйн хувьд дэвшил болсон боловч эдгээр зарчмууд бодит байдал дээр хангалттай хэрэгжээгүй. Хувийн нууцыг хамгаалах горим тогтоогүй, хүний хувийн амьдрал, хүнд хүндэтгэлтэй хандах хандлага төрийн албан хаагчдад төлөвшөөгүйгээс халдвар авсан байж болзошгүй хүмүүс, тэдний гэр бүлийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах нөхцөлд хүргэсэн. Төрийн байгууллага, улс төрчид олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан боловч төрийн үйл ажиллагааг шүүмжлэх зорилготой тайван цуглааныг халдвараас сэргийлэх шалтгаанаар тарааж, нийтлэг байдлаар хязгаарлаж байсан нь “КОВИД-19” цар тахлын хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.5-д тогтоосон зарчмыг зөрчсөн гэж үзсэн.

    7/Эдгээр хүний эрхийн зөрчил, эрсдэл дутагдлын голлох шалтгаан нь нэг талаас хүний гоц халдварт өвчний хариу арга хэмжээний удирдлага, зохион байгуулалтад цөөнгүй байгууллага, албан тушаалтан оролцдог, шийдвэр гаргах шат дамжлага олон, байгууллагуудын бүрэн эрх, чиг үүрэг ойлгомжгүй, сүүлийн хоёр жилд УОК, УОК-ын Шуурхай штаб зэрэг бүтэц, алба хэдэн удаа өөрчлөгдсөн, нөгөө талаас Монгол Улсын нийтийн эрүүл мэндийн гамшиг, гоц халдварт өвчний үед авах арга хэмжээний төлөвлөгөөнд халдварт өвчний тархалтыг хязгаарлах, хянах үйл ажиллагаа тусгагдсан, нийгэм, эдийн засгийн өргөн хүрээтэй нөлөөллийг тооцох чиглэл байхгүйтэй холбоотой гэж дүгнэснийг ХЭҮК-ийн дарга мэдээлэлдээ онцолсон.

    Мөн тэрбээр, шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцооны талаар судалгаанд оролцогчдын 63 хувь нь улс орны хувьд ардчилсан тогтолцоог бий болгохын тулд улс төрийн шийдвэр гаргалтад эмэгтэйчүүд оролцдог байх нь чухал гэж дэмжиж байгаа ч шийдвэр гаргах бүх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгааг онцлохын зэрэгцээ комиссоос 2021 онд Төрийн захиргааны байгууллагын орчинд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой төрийн албан хаагчдын 8.2 хувь нь асуудлаа шийдүүлэхээр албан ёсны субьектэд хандаж байсан бол 2022 онд энэ нь 20 хувьд хүрснийг ахиц гарсан гэж үзэхээр байна гэв.

    Ажил эрхлэлт, хөдөлмөрийн хүрээний дарамт хүчирхийллийн төлөв байдлыг тандах судалгаанд оролцогчдын 80 гаруй хувь нь хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийг “хүний эрхийн зөрчил” гэж ойлгож байгаа ч түүнийг хөдөлмөрийн харилцааны бусад зөрчлөөс ялгахгүй байна. Зөрчлийн тухай хуульд хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийг зөрчилд тооцох зохицуулалтыг нэмж оруулах, хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийлэл болон бэлгийн дарамтад өртсөн хохирогчийг хамгаалах, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхэд чиглэгдсэн зохицуулалт шаардлагатай байгааг Ж.Хунан дарга танилцуулгадаа дурдаад Хөдөлмөрийн дотоод журам, дүрэмд хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн талаарх заалт байгаа эсэхийг судалгаанд оролцсон 5 хүн тутмын 2 нь мэдэхгүй байна. Иймээс холбогдох зохицуулалтыг бодлогын баримт бичиг, дотоод хэм хэмжээндээ ажилтанд ойлгомжтой байдлаар нарийвчлан тусгах, мөн нийгмийн түншлэлийн чухал хэлбэр болох хамтын гэрээ, хэлэлцээрт хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийлэл болон бэлгийн дарамтаас сэргийлэх, таслан зогсоох хүрээнд талууд хамтран ажиллах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд тусгах буюу хуулийн хэрэгжилтийг хангах нь чухал байна гэв.

    Түүнчлэн тэрбээр, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг таслан зогсоох талаар манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжууд хүчин төгөлдөр үйлчилж үр дүнгээ үзүүлж байгаа хэдий ч судалгааны дүнгээс үзэхэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэг зарим хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байсаар байгааг дурдаад хэт олон цагаар эсвэл олон өдрөөр ажиллах, ажлын байранд хийх ажил болон гүйцэтгэх нөхцөл тодорхойгүй байх, цалингүй эсвэл бага цалинтай ажиллах, цалингаа үндэслэлгүй хасуулах, цалин хөлсөө эцэг, эх, асран хамгаалагч болон зуучлагч зэрэг бусад этгээдэд суутгуулах эсвэл шууд өгөх, нийгмийн хамгаалалд хамрагдах боломжгүй байх, боловсролын үйлчилгээнд хамрагдахгүй, нийгмийн амьдралаас тусгаарлагдсан нөхцөлд ажил, хөдөлмөр эрхлэх зэрэг боолчлолын шинжтэй нөхцөлүүд хүүхдийн хөдөлмөрийн харилцаанд тулгарч байгааг анхаарах зайлшгүй байна гэж байлаа.

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг эрт шатанд илрүүлэх, хохирогчид хуульд заасан 7 төрлийн үйлчилгээг үзүүлэх зэрэг зохицуултууд хэрэгжиж эхлээд 6 жил байгаа хэдий ч өнөөг хүртэл орон нутагт хамтарсан баг, түр хамгаалах байр, нэг цэгийн төвийн үйл ажиллагаа нь жигдрээгүй, үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй байгааг ХЭҮК-ийн дарга мэдээлэлдээ дурдсан.

    Хугацаат цэргийн алба хаагчдын дүрмийн бус харьцааны өнөөгийн нөхцөл байдлыг дахин үнэлж, үр дүнг Улсын Их Хуралд танилцуулахаар шийдвэрлэсэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдэж, хамгийн багадаа 44 хүний амь нас хохирсноос хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 20, эрүүл мэнд хохирсон 126, цэргийн албанаас оргон зайлсан 56, дүрмийн бус харьцааны зөрчилд өртсөн 105 тохиолдол бүртгэгджээ. 2021 онд хийсэн ХЭҮК-ын судалгаагаар хугацаат цэргийн алба хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь нь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртсөн гэж хариулжээ. Энэ нөхцөл байдлыг 2006 онд ХЭҮК-оос хийсэн судалгаатай харьцуулахад цэргийн дүрмийн бус харьцааны зөрчлийн хэлбэрээсээ хамаарч 11.3-20.4 хувиар буурсан гэдгийг Ж.Хунан мэдээлэлдээ дурдаад цэргийн алба хаагчдын хоорондын дүрмийн бус харьцаа, түүнээс үүдэлтэй хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан нь нэг талаас цэргийн албаны үйл ажиллагааны доголдол, хяналт шалгалт тогтолцоо сул, урьдчилан сэргийлэх ажил үр нөлөө багатай, нөгөө талаас хугацаат цэргийн албанд татагдан ирж байгаа иргэдийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хувь хүний төлөвшилтэй холбоотой байгааг онцолсон.

    Хүний эрхийн Үндэсний Комисс 2021 онд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид нөлөөлж буй хүчин зүйлүүд болох эмнэлгийн барилга байгууламж, орчин нөхцөл, эмч, эрүүл мэндийн ажилтны ажлын ачаалал зэрэг асуудалд үнэлгээ хийсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “КОВИД-19” цар тахлын эмчилгээнээс бусад төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг эмч, эрүүл мэндийн ажилтнууд болон үйлчлүүлэгчдийн зүгээс үнэлсэн байдлыг нэгтгэн дүгнэвэл эмч, эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгчдийн аль аль нь эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмж, хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан гэж үзсэн ч тасралтгүй байж чадсан гэж 70 орчим хувь нь үзсэн байна гэв.

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцуулсан.

    Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 21 дэх илтгэлийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 112 дугаар зүйлд заасан журмын дагуу Хууль зүйн байнгын хороо 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн гэдгийг тодотгоод Хууль зүйн байнгын хороо Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийн сэдэв болох ковид-19 цар тахлын хүний эрх, эрх чөлөөний сургамж, жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал, гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрх, цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээ гэсэн 6 бүлэг сэдвийн хүрээнд илтгэлийг хэлэлцсэн гэв.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, С.Одонтуяа, Ш.Адьшаа, О.Цогтгэрэл нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс, өнгөрсөн хугацаанд тус комисс сайн ажиллаж байгааг дурдаад жендерийн эрх тэгш байдлыг хангахгүй байгааг илтгэлдээ хөндсөн нь сайшаалтайг тэмдэглэн цаашид хүний эрх, хүүхэд, гэр бүлийн тухай хуулийн төслүүдэд ХЭҮК түрүүлж ажиллаж, санал гаргах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

    Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан илтгэл, зөвлөмжийг хэрэгжүүлэх тогтолцоо, бүтэц байгаа эсэх цаашлаад уг зөвлөмжийг хэрэгжүүлээгүй албан тушаалтанд ямар хариуцлага тооцдогийг тодруулахын зэрэгцээ хүүхдийн эрхийг хангахад хууль тогтоолын хэрэгжилт хэр байгааг лавлаж байлаа.

    Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан хариултдаа, Хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг өргөн барьсны дагуу УИХ-аас шийдвэр гаргадаг. 2020 оны илтгэлийг хэлэлцээд УИХ-аас 2021оны 07 дугаар сарын 07-ны өдөр 67 дугаар тогтоол гарсан бөгөөд үүний хэрэгжилтэд тус комисс үнэлгээ хийсэн. Нийтдээ 14 заалт бүхий УИХ-ын тогтоолын хэрэгжилтэд үнэлгээ хийхэд биелэлт 70 орчим хувьтай, хэрэгжилт дундаж гэсэн үзүүлэлттэй байгааг тодотгов. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хяналт, шалгалт явуулан зөвлөмж, шаардлагыг хүргүүлэн ажилладаг. Үүнийг заавал биелүүлэх шинж чанартай болгосон зохицуулалтыг 2020 оны Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулсан. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн хяналт, шалгалт явуулан зөвлөмж, шаардлагыг биелүүлээгүй хуулийн этгээд, албан тушаалтанд тухайн албан тушаалаас чөлөөлөх, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно гэсэн зохицуулалттай гэж байлаа.

    Мөн ажлын хэсгийн зүгээс хүүхдийн эрхийн зөрчлийн асуудал нь хүний эрхийн ноцтой зөрчил гэдгийг тодотгоод тус комисст хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар нэлээдгүй өргөдөл, гомдол ирдэг. Монгол Улс хүүхдийн эрхийн талаар нэлээдгүй хууль, тогтоомж баталсан ч эдгээр хууль тогтоолууд давхардал багагүй байна. ХЭҮК-оос 2021 онд гэр бүлийн хүчирхийллийн хамтарсан багийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийсэн гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн. Үүгээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын ХМОНХХ-ээс мэдээллээ.

    Эх сурвалж:www.parliament.mn

    0

    Тавантолгой түлш ХХК-ийн ахлах зөвлөх Гүржавын Бадамхатан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол тэмдэгээр шагнууллаа.

    Зөвлөх Г.Бадамхатангийн хувьд монгол орны хөрсөнд байгаа хүрэн нүүрсээр сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх, хүрэн нүүрсийг боловсруулж нефть гаргаж авах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж авах судлагаа шинжилгээний ажилд амьдралынхаа 40 гаруй жилийг зориулсан эрдэмтэн хүн юм.

    Түүний уйгагүй олон жилийн судалгааны үр дүнд Тавантолгойн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд нэвтрүүлж агаарын бохирдлыг 50 гаруй хувиар бууруулаад байгаа билээ.

    ТТТ:Төслийн баг шалгаруулж авна

    0

    Төслийн баг шалгаруулна.

    Төсөлт ажил гүйцэтгэх хугацаа: 3 сар

     Гүйцэтгэх ажил

    • Өртгийн тооцоолол, хувиарлагдах зардлын аргачлал боловсруулах, зардлын бүртгэлд дүн шинжилгээ хийх
    • Компанийн засаглалд шинжилгээ хийж, удирдлага, бүтэц орон тоог оновчтой тодорхойлох
    • Компанийн цалин хөлсний системийг боловсронгуй болгох
    • Дээрх чиглэлийн хүрээнд дүгнэлт гаргаж, сайжруулах санал, зөвлөмж аргачлал боловсруулах

    Хийгдэх ажилбар:

    • Суурь өгөгдөл цуглуулах, шинжилгээ
    • Боловсруулалт
    • Дүгнэлт, санамж, зөвлөмж, сайжруулалт

    Багт тавигдах шаардлага

    1. Санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай байх;
    2. Багийн гишүүд нь санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, судалгаа шинжилгээний ажлын 3-аас доошгүй жилийн туршлагатай байх;
    3. Баг 5-аас доошгүй гишүүнтэй, ахлагч нь дээрх чиглэлээр мэргэшсэн эрдмийн зэрэг цолтой байвал давуу тал болох;
    4. Багийн гишүүд нууц хадгалах, мэргэжлийн ёс зүйг баримталж ажиллах чадвартай байх;

    Бүрдүүлэх материал

    • Багийн товч танилцуулга
    • Багийн гишүүдийн дэлгэрэнгүй CV
    • Хуулийн этгээд бол дүрэм, гэрчилгээний хуулбар, баг томилсон шийдвэр
    • Ижил төстэй ажил гүйцэтгэж байсан талаарх мэдээлэл

    Материал ирүүлэх хугацаа

    2022.06. … –ний дотор …………………… хаягаар ирүүлнэ.

    Хуваалцах:

    “Эрдэнэс тавантолгой” ХК ” Бизнес ба хүний эрх” төслийг анх удаа нэвтрүүллээ

    0

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хариуцлагатай уул уурхайн ажлын хүрээнд НҮБ-ын хэрэгжүүлж буй “Бизнес ба Хүний эрх” төслийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж, хүний эрхийн магадлан шинжилгээ хийх ажлыг эхлүүллээ.

    Энэ ажлын хүрээнд НҮБ болон “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ-ын ажилтнууд 2022 оны 6 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарт ажиллав. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа хариуцсан захирал Карлос Эскрива Жие, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Байгаль Орчны Засаглал төслийн зохицуулагч Р.Ариунбилэг тэргүүтэй төслийн зохицуулагчид болон Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн О.Туяа, тус холбооны зөвлөх Ш.Байгальмаа, Б.Хэрлэнчимэг нар уурхайн үйл ажиллагаатай танилцаж, магадлан шинжилгээний ажлын хүрээн дэх төлөвлөгөөт ажлуудаа гүйцэтгэлээ.

    Хүний эрхийн магадлан шинжилгээний төсөлд Салбарын газар нэгжийн ажилтнууд болон удирдлагууд оролцсон бөгөөд зөвлөхүүдийн ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагад хамрагдав.

    Хүний эрхийн магадлан шинжилгээний төслийн хүрээнд ажилтнуудын хөдөлмөрлөх эрхээ эдлэхтэй холбоотой зөрчлүүдийг илрүүлж, арилгах, гарч болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээлэл цуглуулсны үндсэнд эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хүндэтгэх, ажил олгогчийн үүрэг хэрхэн ямар түвшинд үл нийцлийг бий болгож буйг олж илрүүлэх, эрсдэлийг бууруулах, шийдвэрлэх, хамтын бүтээмжийг нэмэгдүүлэх, үр дүнг сайжруулах зорилготой юм.

    Өмнөговь аймаг ба говийн бүсийн уул уурхай, ил тод байдал нэгдсэн чуулга уулзалт эхэллээ

    Нэгдсэн чуулганаар:

    – Төрөөс эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчны хэрэгжилт, салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцох,

    – Ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжлийг хангах чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулахад хөхиүлэн дэмжих,

    – Уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтцийн төсөл болон уул уурхайн салбарын ил тод байдлын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар оролцогч талуудын ойлголцлыг нэгтгэж, шийдвэр гаргах, удирдах түвшний хүмүүст хүргэх,

    – Чуулга уулзалт, сургалтаас гарсан санал, санаачилгыг нэгтгэн зөвлөмж боловсруулах юм.

    Мөн чуулганы үеэр Өмнөговь болон говийн бусад аймгийн уул уурхайн компаниуд, тэдгээрийн ханган нийлүүлэгчдийн орон нутгийн хөгжлийг дэмжих зорилготой нээлттэй өдөрлөгийг Даланзадгад сумын Спорт цогцолборт зохион байгуулах юм байна. Үзэсгэлэнгийн үеэр орон нутгийн иргэд ажлын байранд анкет бөглөх, ярилцлаганд орохоос гадна уул уурхайн компаниудтай хэрхэн хамтран ажиллаж ханган нийлүүлэлт хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой аж.

    Н.Учрал иргэдттэй уулзана

    0
    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар Улсын Их Хурлын 28 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн П.Анужин, Э.Батшугар,Н.Учрал нар 2022.06.24-26-ны өдрүүдэд тойрогтоо ажиллаж, иргэдтэйгээ уулзах болно.
    Уулзалтаар Е-mongolia төрийн нэгдсэн үйлчилгээ, Тоон гарын үсгээ баталгаажуулан авах боломжтой.
    Та бүхнийг өргөнөөр оролцож санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэхийг хүсье.
    Уулзалт хийх хуваарь:
    📌2022.06.24
    1. 09:00-21 дүгээр хороо Жаргалант тосгоны Соёлын төв
    2. 13:00- 19, 23, 27, 39 дүгээр хороо 143-р сургууль
    3. 16:00 18, 29, 38 дугаар хороо 153-р
    сургууль
    📌2022.06.25
    1. 10:00-12, 13, 31 дүгээр хороо Ирээдүй цогцолбор сургууль
    2. 13:00- 14, 15, 43 дугаар хороо Ирээдүй цогцолбор сургууль
    3. 17:00- 16, 17, 30 Өнөр цогцолбор сургууль
    📌2022.06.26
    1. 10:00-7, 8, 40 дугаао хороо Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв
    2. 13:00- 9, 25, 42 дугаар хороо 104-р сургууль
    3. 16:00- 10, 11, 28 дугаар хороо 76-р сургууль
    ☎️9910-3427, 8809-0596, 9900-7767