More
    Нүүр хуудас блог Хуудас 105

    Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар уулзав

    Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын ээлжит зургаадугаар уулзалт Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо 09 дүгээр сарын 15-ны өдөр болов.

    Талууд Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорын хэрэгжилтийг эрчимжүүлэх, гурван талын хамтын ажиллагааны тодорхой чиглэлд ахиц гаргах талаар хэлэлцлээ.

    Тухайлбал, “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан гурван улсыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, техник, эдийн засгийн үндэслэлийн ажлыг эхлүүлэхээр тохиролцов.

    Түүнчлэн төмөр замын зүүн, баруун коридорыг байгуулах, хил, гаалийн чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг харилцан онцоллоо. Гурван улсын хооронд авто тээврийг хөгжүүлэн, Азийн авто замын сүлжээгээр гурван улсын хооронд тээврийг нэмэгдүүлэх талаар ярилцав.

    Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл нь гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой болохыг талууд онцоллоо.

    Төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллаж, төслийг хариуцсан холбогдох аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог хангах нь чухал гэдэгт талууд санал нэгдэв.

    Иргэд хоорондын харилцаа, хил дамнасан аялал, жуулчлалыг хөгжүүлэх нь гурван улсын харилцаанд чухал ач холбогдолтой гэдэгт Төрийн тэргүүн нар санал нэгдлээ.

    “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хугацааг таван жилээр сунгасныг Төрийн тэргүүн нар уулзалтын үеэр тэмдэглэлээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын газарзүйн байршлын онцлогт тулгуурлан олон улсын транзит тээврийг хөгжүүлэх, энэ хүрээнд гурван улсын эдийн засгийн коридорын хөтөлбөрт тусгасан төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь чухал байгааг онцлов.

    Түүнчлэн дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг гурван улсын хүчин чармайлтыг нэгтгэж, байгаль орчны чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг уялдуулан, Монгол Улсад хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх саналыг дэвшүүлэв.

    Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийг бууруулж, тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд эдийн засгийн үр өгөөж өндөртэй, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь Монгол Улсад чухал буйг онцлон тэмдэглэлээ.

    Энэ хүрээнд “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”, “Эгийн голын усан цахилгаан станц” байгуулах төслүүдэд хөрш орнуудтай идэвхтэй хамтран ажиллах саналаа илэрхийлсэн бөгөөд энэ чиглэлд шинжээчдийн түвшинд ажиллахаар болов.

    Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгасан томоохон төслүүд хэрэгжиж эхлээд байгаа энэ үед 2018 онд тохиролцож байсны дагуу Хөрөнгө оруулалтын хамтарсан төвийг Улаанбаатар хотноо байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлэх саналыг дэвшүүлэв.

    Үүнээс гадна шинжлэх ухаан, соёл, боловсрол, хүмүүнлэг, аялал жуулчлал, гамшигтай тэмцэх зэрэг гурван улсын хамтын ажиллагааны бусад салбарт анхаарал хандуулах хэрэгтэйг онцоллоо.

    Талууд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын уулзалт амжилттай болж, хамтын ажиллагааны олон асуудлаар санал нэгдсэн гэдгээ дүгнэн тэмдэглэв.

    Монгол Улс 2012 оноос эхлэн ОХУ, БНХАУ-тай гурван талаар эдийн засгийн салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх транзит коридор байгуулах саналыг дипломат шугамаар илэрхийлж ирсний үр дүнд гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулах болж, Монгол, Орос, Хятадын гурван талт хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан болно.

    Стратегийн түнш, хөрш орнуудын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, улс төр, эдийн засгийн гурван талт хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх зорилго бүхий энэхүү уулзалтыг 2014 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

    Уулзалтыг зохион байгуулж эхэлснээс хойш “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг байгуулж, хэрэгжүүлэх чиглэлд гурван талаас томилсон Ажлын хэсгийн дарга нарын уулзалт болон шинжээчдийн түвшний уулзалтыг тогтмол зохион байгуулж ирлээ.

    Гурван талт яриа хэлэлцээний давтамжийг хадгалах хүрээнд гурван улсын дэд сайд нарын уулзалтыг тогтмол зохион байгуулж байна.

    Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын уулзалт нь КОВИД-19 цар тахлын дэгдэлтээс үүдэн 2019 оноос хойш түр хугацаанд завсардаад байв.

    Энэ жилийн Төрийн тэргүүн нарын уулзалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин даргалсан бөгөөд ирэх жилийн уулзалтыг БНХАУ-ын дарга, үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч даргална.

    Борлуулалтын цэгүүдийн шахмал түлшний таталтыг 9 сарын 14-нөөс тасралтгүй тээвэрлээд эхлэлээ

    “Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” уриатай “Таван толгой түлш” компаний баруун бүсийн үйлдвэрээс өчигдөр орой 20 цагаас эхлэн тасралтгүй ачсаар 9 сарын 15-ны өглөөний 8 цаг гэхэд нийт давхардсан тоогоор 91 машин 153 борлуулалтын цэг рүү 1765тн түлшний таталт хийгдсэн байна.

    Хотын зургаан дүүрэг Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргүүдэд нийт 450 борлуулалтын цэгүүд шаардлага хангаж гэрээгээ сунгасан байна. Эдгээр цэгүүдийн захиалгаа өгсөн цэгүүдэд түгээлтийн ажил явагдаад байгаа юм. Хамгийн нягтрал ихтэй Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд өглөөний 8 цагийн байдлаар 80 хувийн захиалгын гүйцэтгэлтэй түлш таталт хийгджээ. Зуух пийшин, байшин сууцныхаа битүүмжлэлийг ханган, “Өвлийг өнтэй давья”

    Нийслэл Улаанбаатар хотоо утаагүй байлгахад үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа 250 000 гаруй гэр хороолллын хэрэглэгчиддээ баярлалаа.

    Сайжруулсан шахмал түлшийг 450 цэгээр борлуулж эхэллээ

    0

    Сайжруулсан шахмал түлшийг нийслэлийн хэмжээнд 450 цэгээр нь өнөөдрөөс борлуулж эхэллээ. Галлагааны улиралд нийт 650 цэг ажиллахаас өнөөдөр 450 цэгийг нээсэн бол ирэх сарын 1 гэхэд үлдэгдэл цэгийг нээн ажиллуулах юм. Сайжруулсан шахмал түлшний үнэ өөрчлөгдөөгүй, 3750 төгрөгөөр зарагдаж байна. Өнөөдрийн байдлаар Тавантолгой түлш компани 110 мянган тонн сайжруулсан шахмал түлш, 200 мянган тонн мидлинг нөөцлөөд байна. Энэ жилээс Налайх дүүргийн айл өрх сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлж байна. Тус дүүрэгт борлуулалтын 32 цэгээр 7800 айл өрхөд сайжруулсан шахмал түлшээр үйлчлэх аж.

    Зуухны БОРТОГО буюу түлш хэмнэгчийг хэрэглээнд нэвтрүүлж эхлэлээ

    0

    “Таван толгой түлш” компанийн Хэрэглэгчдэд Үйлчлэх төвийн хамт олон Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айлуудад түлш хэмнэх БОРТОГО суурилуулах ажлыг эхлүүлээд байна.

    Ингэснээр хэрэглээний түлшний 50-60 хувийг хэмнэж, утаагаа зуухан дотроо бүрэн шатаан угаар гаралтыг эрс багасгаж, шаталтын явцад үүссэн утааны эвгүй үнэр байхгүй болох давуу талтай юм. Энгийн зууханд нэг удаагийн хэрэглээний түлшээр 4-6 цаг дулаанаа барьдаг байсан бол бортого хэрэглэснээр 8-12 цаг дулаанаа барих боломж бүрдэж байна. Бортогыг гэр хорооллын уламжлалт зуухтай айлуудад үнэ төлбөргүй суурилуулж өгч байна. Уламжлалт зуух нь олон жилийн хэрэглээнээс үүдэн битүүмжлэл алдагдаж, хуучирч муудан, өндөр илчлэгтэй түлш хэрэглэхэд дутуу шаталт үүсгэх, угаартах эрсдэл өндөр байдаг. Харин бортого хэрэглэснээр эдийн засгийн хувьд хэмнэлттэй, аюулгүй байдал талдаа эрсдэл багатай юм.

    Бортогыг Сонгинохайрхан дүүргийн X хорооны нутаг дэвсгэрийн уламжлалт зуухтай 68 айлд суурилуулаад байгаа бол тус дүүргийн 28 дугаар хороонд амьдардаг уламжлалт зуухтай айлуудад суурилуулах ажил ид өрнөж байна. Нийтдээ 30000 ширхэг бортого суурилуулахаас Сонгинохайрхан дүүрэгт 12000 ширхэгийг хэрэглээнд нэвтрүүлэх ажээ.

    Бортогыг Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн сонгогдсон хороодын 25-30 см өндөртэй монгол зууханд үнэ төлбөргүй суурилуулж байгаа бөгөөд иргэд 3 хоногийн өмнө “Тавантолгой түлш” компанийн “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн 70119410 утсанд хандаж хүсэлтээ гаргаж болно. Хүсэлтийн дагуу тухайн айлын зуухны нөхцөл байдалд тохируулан бортого суурилуулах эсэхийг шийдэх аж.

    “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК МИДЛИНГЭЭ ТӨМӨР ЗАМААР ТЭЭВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

    “Галбын говиор ган зам зурайж, галт тэрэгний хүчирхэг хөдөлгүүр Монгол Улсын хөгжүүлэхийн төлөө зүтгэж эхлэлээ”

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн анхны хүнд даацын төмөр замын нээлтэд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ийн хэлж, энэ төмөр замыг хөгжлийн зам гэдгийг онцолсон билээ. Энэ үйл явдалтай шил даран Тавантолгой түлш ХХК сайжруулсан шахмал түлшнийхээ түүхий эдийг төмөр замаар тээвэрлэж эхэллээ.

    “Энержи ресурс” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээ нийслэлчүүдэд үнэ төлбөргүй өгч буй. Тавантолгой түлш ХХК-ийн хамт олон угааж баяжуулсан нүүрсийг Тавантолгой төмөр замын гаалийн талбайд овоолго үүсгэж, тэндээсээ төмөр замаар тээвэрлэх ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд эхлүүллээ. Тавантолгойгоос нүүрс ачсан галт тэрэг 460 гаруй км замыг туулж Улаанбаатарыг чиглэсэн төмөр замтай нийлнэ. Ингэхдээ Тавантолгой төмөр зам-Монголын төмөр зам-Улаанбаатар төмөр зам гэсэн гурван байгууллагын эзэмшилд буй ган замаар дамжиж 7-8 хоногийн дараа Улаанбаатар хотод хүрнэ. Анхны тээвэр учраас тэд хоног яваад тэдний өдөр очно гэсэн нарийн хугацаа хэлэх боломжгүй аж. Харин энэ тээвэр амжилттай болсоноор дараа дараагийн тээврийн хугацаа нарийвчлан тодорхойлогдоно. Хамгийн чухал нь тээврийн зардал тонн тутамдаа 40 хувиар буурах боломжтой гэдгийг Тавантолгой түлш ХХК-ийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Б.Лхагвасүрэн хэлж байна.

    Тээврийн зардал буурахаас гадна хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл ч буурах юм. Мидлинг тээврийн ажлыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Дундговь, Төв аймгийн нутгаар дамжуулан авто замаар тээвэрлэдэг. Шахмал түлш үйлдвэрлэж эхэлсэн цагаас хойш авто замаар тээвэрлэж буй. Хүнд даацын автомашины хөдөлгөөн их байгаа нь замын даацад сөргөөр нөлөөлж, зам эвдрэх, эдэлгээний хугацаа богиносохоос эхлээд хүний амь нас эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж байна гэх шүүмжлэл бишгүй. Тиймээс төмөр замаар хэдий хэмжээний тээвэр хийнэ тэр хэрээр байгаль, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл буурна гэсэн үг юм.

    Төмөр замын тээврийг эхлүүлснээр авто замаар тээвэрлэж байгаа тээврийг зогсооно гэсэн үг биш ээ. Тавантолгой өртөөнөөс хөдөлсөн 50 вагон буюу 3500 орчим тонн нүүрс нь нийслэлчүүдийн нэг хоногийн л хэрэгцээг хангахуйц шахмал түлш болно. Тэгэхээр авто замын тээврийг зайлшгүй давхар хийх учиртай. Мөн нөгөө талдаа нүүрс ачих вагоны тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Энэ асуудалд анхаарал хандуулж ажиллахаа Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга, сайд Д.Амарбаясгалан нар Тавантолгой түлш ХХК-д ажиллах үеэрээ хэлсэн билээ. Хэдий даацын төмөр замаар тээвэр эхлүүлж байгаа ч Улаанбаатар төмөр замын даац нь вагоны нэг тэнхлэгт ногдох даацын хэмжээ нь тодорхой хязгаартай байдаг аж. Тиймээс нэг вагонд 65 тонноос хэтрүүлэхгүй ачих ёстой гэнэ.

    Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг 34 компани 300 гаруй тээврийн хэрэгслээр тээвэрлэж байна. Тодорхой нөөц бүрдүүлсний дараа авто замаар тээвэрлэж байгаа нүүрсний хэмжээг төмөр замаар тээвэрлэж эхэлбэл машинаар зөөх асуудлыг бүрэн зогсоох аж. Төмөр замаар тээвэрлэн ирсэн түүхий эдийг баруун, зүүн үйлдвэрийн бүсэд буулгана. Өнгөрөгч долдугаар сараас эхлэн өндөрлөсөн тавцан бүхий төмөр замыг барих ажлыг эхлүүлсэн. Баруун бүст байсан хуучин төмөр замыг даацын бетон суурьтай болгож засч янзалсан бол зүүн бүст шинээр бүрэн цутгамар даацын тавцан бүхий төмөр замыг ашиглалтад оруулаад буй. Ирэх сарын дундуур бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг компанийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн хэллээ.

    Ийнхүү хөгжлийн төмөр замаар дамжуулан сайжруулсан шахмал түлшний тээврийг амжилттай эхлүүллээ.

    “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОВ

    Монгол дахь Нэгдсэн үндэстний байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг олон нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг өнөөдөр /2022.09.10/ боллоо. Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжихэд чиглэсэн уг нээлттэй өдөрлөгт “Эрдэнэс Тавантолгой” ХК оролцов.

    Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг оролцож “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ болон нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулдаг ажлуудын тухай мэдээлэл өгснөөс гадна Нэгдсэн үндэстний байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана гэдгийг хэллээ.

    Өдөрлөгийн үеэр компанийн үйл ажиллагаа болон компаниас хэрэгжүүлж буй “Сая тонн – Сая мод” хөтөлбөр, “А6-20” бизнес төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж буй ажилчдын “Green center” төсөл болон боловсролыг дэмжих хөтөлбөрийн талаар танилцуулав.

    ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр /2022.09.09/ боллоо.

    2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх тухай” 242 дугаар тогтоол гарган, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр ийнхүү ашиглалтад оруулж байна.

    Засгийн газрын 2018 оны 242 тоот дээрх тогтоолоор “Тавантолгой төмөр зам” ХХК байгуулагдсан бол 2019 оны 304 тоот тогтоолоор тус компанийн 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлж, төслийн санхүүжилтийг хариуцах үүрэг өгсөн. Үүний дагуу Тавантолгой Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын төсөлд өнөөдрийн байдлаар 2,1 их наяд төгрөгийн санхүүжилтийг хийгээд байна.

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын төмөр зам бөгөөд жилд дунджаар 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нүүрс тээврийн өртөгийг 3.8 дахин багасгахаас гадна улсын төсөвт жилд дунджаар 44 сая ам.долларын татвар төлнө.

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор:

    • БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг 40 ам.доллароос 8 ам.доллар болж, тонн тутамд 5 дахин буурна.
    • Төмөр замаар дамжуулах нүүрс, зэсийн экспортын хэмжээ нэмэгдэж, БНХАУ төдийгүй тус улсын далайн боомтуудаар дамжин гуравдагч орон руу тээвэрлэлт хийх боломжтой болно.
    • Монгол Улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломж бүрдэнэ.
    • Малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдол үлэмж хэмжээгээр багасна.
    • Авто тээврийн осол, зөрчил буурч, хөдөлгөөний аюулгүй байдал дээшилнэ. -2000 орчим тогтмол ажлын байр шинээр бий болно.
    • Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

    Монгол Улсын эдийн засгийг хоёр дахин тэлнэ.

    Монгол Улсын их сургууль Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залав

    0

    Дээд боловсролын ууган байгууллага-Монгол Улсын их сургууль 80 дахь хичээлийн шинэ жилийн нээлтийн өдрөө Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа.
    Эш хөрөг залах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, тус сургуулийн удирдлагын баг, эрдэмтэн багш, ажилтан, оюутан, төгсөгчдийн төлөөлөл  болон бусад хүн оролцлоо.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс “Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” 159 дүгээр зарлиг гаргасан.

    Зарлигт  Эзэн Богд Чингис хааны эш хөргийг төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллага болон иргэн, айл өрх бүр  дээдлэн залахыг тусгасан юм.

    НИЙЦЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГ ҮНДЭСНИЙ СТАНДАРТ БОЛГОН БАТЛУУЛЛАА

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санаачилгаар Олон улсын ISO 37301:2021 Нийцлийн менежментийн тогтолцоог Монгол Улсын стандарт болгон батлууллаа.

    MNS ISO 37301:2022 Нийцлийн менежментийн тогтолцоо стандартыг “Монсертф” ХХК-ийн аудиторууд өнөөдөр /2022.09.01/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягт гардууллаа.

    Энэхүү стандарт нь байгууллага холбогдогч талуудын хэрэгцээ, хүлээлтийг харгалзан комплайнсын соёлыг бий болгож, комплайнсыг байгууллагынхаа соёл, ажилчдын хандлагад шингээх замаар хэрэгжүүлдэг.

    Байгууллагын хэмжээнд нэвтрүүлсэн, үр дүнтэй, комплайнсын тогтолцоо нь тухайн байгууллагад холбогдох хууль тогтоомж, журам, салбарын дүрэм, байгууллагын стандарт, сайн засаглалын стандарт, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг туршлага, ёс зүй, амлалтаа харуулах боломжийг олгодог.

    Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагууд мөн групп компаниуд, хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд энэхүү стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллахыг уриалж байна.

    “Эрдэнэс тавантолгой” ХК боловсролыг дэмжих хөтөлбөрөө зарлалаа

    0

    “Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн боловсролын салбарыг дэмжих зорилгоор 2022-2023 оны хичээлийн жилийн Оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа.

    Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг улсын хэмжээнд болон орон нутгийн буюу Өмнөговь аймгийн харьяат оюутнуудын дунд зарлаж байна.

    “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ийн Боловсролыг дэмжих хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд доорх мэдээлэлтэй танилцаарай.

    Улсын хэмжээнд:

    Өмнөговь аймгийн хэмжээнд: