More
    Нүүр хуудас блог Хуудас 104

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен-тэй уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен-тэй уулзав.

    Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэр Монгол Улсын “гуравдагч хөрш” Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг гэдгийг хэллээ.

    Европын Холбоо нь манай улсын ардчилал, нийгмийн шилжилтийг тууштай дэмжиж, өнгөрсөн хугацаанд болон цар тахлын үеэр дэмжлэг, туслалцаа үзүүлснийг онцлон тэмдэглэв.

    Дэлхий нийтийн өмнө тулгараад буй байгаль орчны доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах чиглэлд хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа хэлж, Европын Холбооны “Ойн түншлэл” хөтөлбөрт Монгол Улсыг хамруулахаар урьсанд талархал илэрхийлэв.

    Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдалд Монгол Улсын явуулж буй бие даасан, нээлттэй, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогын ач холбогдлыг онцолж, газар зүйн байрлалын онцлогийг бүрэн ойлгож, хүндэтгэж буйгаа хэллээ.

    Цаашид хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлж, эрчим хүч, ногоон хөгжлийн салбарт хамтран ажиллах өргөн боломжтойг онцлон тэмдэглэв.

    Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа хэллээ.

    Иймд Европын Ногоон санаачилгын нэг хэсэг болох ойг хамгаалах, сэргээх, ой ашиглалт, ойн тогтвортой менежментийг эдийн засгийн ашигтай хэлбэрээр хөгжүүлэх зорилго бүхий “Ойн түншлэл” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн буйгаа хэллээ.

    Ингэснээр Монгол Улс “Ойн түншлэл” хөтөлбөрт хамрагдах Ази тивийн анхны улс болно.

    Талууд Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан эрчимтэй бэхжиж буй сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, үр өгөөжтэй, бодит үр дүнтэй харилцааг хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллахаар санал нэгдэв.

    Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нь ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Гэр бүл, ахмад настан, эмэгтэйчүүд, залуучуудын асуудал эрхэлсэн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан.

    АГУУЛАХАД ХАДГАЛЖ БУЙ БОЛОН ҮЙЛДВЭРЛЭСЭН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ЧАНАРТ ТОГТМОЛ ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА

    Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг халж, сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсоор дөрөв дэх өвөлтэй золгох гэж байна. Намрын сэрүүн орж, нийслэлчүүд галлаж эхлэхээс урьтан нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 15-ны өдрөөс сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг ажиллуулж эхэлсэн. Энэ жил нийслэлийн хэмжээнд шахмал түлш борлуулах 670 цэг ажиллуулахаас одоогийн байдлаар 450 нь борлуулалтаа эхлүүлээд байгаа юм. Нийслэлийн тухайд сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, агуулах /нөөц бүрдүүлэх/ асуудлыг хариуцдаг бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас түлшний чанарыг орхигдуулалгүй, долоо хоног тутамд хяналт тавьж ажиллаж байгааг тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Даваасүрэн тодотгож байлаа. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Манай мэргэжлийн хяналтын байгууллага “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй  болон агуулахад хадгалж байгаа түлшний чанарт байнгын хяналт тавин ажиллаж байна. Нийт 32 агуулах болоод үйлдвэрүүдээс гарч буй бүтээгдэхүүний дээж авч шинжилсэн. 2022 оны 4-9 дүгээр саруудад үйлдвэрлэн хадгалж буй түлшнээс дээж авч шинжлээд байна. Стандартад дурдсанаар сайжруулсан шахмал түлшний чийглэг зургаан хувиас ихгүй, илчлэг 4800 ккал-аас өндөр, бат бөхийн чанар 80 хувиас дээш байх учиртай. Тэгвэл 4-7 дугаар сард баруун үйлдвэрт үйлдвэрлэж агуулахад шилжүүлсэн түлшний чийглэг 1.1-2 хувь, илчлэг 6000-6400 ккал, бат бөхийн чанар 93-98 хувьтай байгаа нь маш сайн үзүүлэлт юм. Баруун үйлдвэрийн нэгдүгээр үйлдвэрийн 1,2,3 дугаар  шугамаас дээж авч шинжлэхэд нэгдүгээр шугамын чийглэг 3.4-6.8 хувьтай гарсан. Ийнхүү чийглэг өндөр байгаа нь утаа үүсэх эрсдэлтэйг сануулсан. Зүүн үйлдвэрийн тухайд чийглэг 1.3-2 хувьтай, илчлэг 6200-6300 ккал, бат бэхийн чанар 92-98 хувьтай сайн чанарын түлш үйлдвэрлэж байгаа нь шинжилгээгээр тогтоогдсон. Зүүн үйлдвэрийн хоёрдугаар шугамаас гарч буй түлшийг байгалийн 60 цагийн хатаалгад оруулсан. Тэндээс авсан шинжилгээгээр чийглэг бага гарсан ч бат бэх чанар нь 85 хувьтай гарсан. Тиймээс байгалийн хатаалт тийм ч оновчтой биш гэж үзэж байна” гэсэн юм.

    “Таван толгой түлш” ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Г.Ундармаа:

    Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүрэгт 71, Сүхбаатар дүүрэгт 44, Баянзүрх дүүрэгт 100, Сонгинохайрхан дүүрэгт 146, Хан-Уул дүүрэгт 41, Баянгол дүүрэгт 22, Налайх дүүрэгт 26 цэг нийт 450 цэг үйл ажиллагаагаа эхлээд байна. Нийтдээ цэгүүдэд 1676.7 тонн түлш нөөц бий. Өдөр тутамд түлшний захиалга авч байгаа. Өдрийн захиалга 1600 орчим тонн буюу одоохондоо бага хэмжээний захиалгатай байна. Баруун, зүүн үйлдвэр нийлээд өдөрт 1900 тонн түлш үйлдвэрлэж байгаа. Одоогоор нөөцөлсөн түлшний хэмжээ 110 553 тонн, мидлинг 227 681 тонн, барьцалдуулагч 2059 тонн, 1 204 691 ширхэг шуудай нөөцлөөд байна. Налайх дүүргийн 7000 гаруй өрхийн 4000 гаруйд нь хэрэглэгчийн карт тараагаад байна гэлээ. Энэ жилээс агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг багтаасан. Тиймээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд Налайх дүүрэгт ажиллаж, айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл, заавар хүргэжээ. Түүнчлэн шахмал түлшний түүхий эд болох мидлинг, барьцалдуулагчид сар тутамд шинжилгээ хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар түлшний чанар стандарт хангагдаж байгааг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас онцолж байлаа.

    Дэлхийн экспортыг хөгжүүлэх олон улсын форумыг ирэх жил Монгол Улсад зохион байгуулна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Хуулийн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Байгаль орчны бодлогын зөвлөх Н.Батхүү нар Швейцар Улсын Женев хотод төвтэй Олон улсын худалдааны төвийн дэд захирал Дороти Тембо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

    Уулзалтын үеэр 2023 онд Улаанбаатар хотноо Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн экспортыг хөгжүүлэх олон улсын форум зохион байгуулах талаар санал солилцлоо.

    Монгол Улс төдийгүй бүс нутаг, дэлхийн экспортын хөгжлийг дэмжихэд талуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, ажил хэрэгч санал, санаачилга чухал гэдэгт талууд санал нэгдэв.

    Ялангуяа Монгол Улс богино хугацаанд экспортыг огцом нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа энэ үед олон улсын форумыг Улаанбаатар хотод зохион байгуулах нь хөрөнгө оруулагчдыг татах ач холбогдолтойг Ерөнхийлөгчийн зөвлөхүүд илэрхийлэв.

    Ерөнхийлөгчийн санаачилсан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, бүс нутагтаа хүнс экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд энэ форум чухал хувь нэмэр оруулахыг онцлов.

    Дэлхийн экспортыг хөгжүүлэх олон улсын форумд дэлхийд танигдсан, нэр хүндтэй шилдэг мэргэжилтэн, улс төрийн зүтгэлтэн, хөрөнгө оруулагчид оролцдог юм.

    ЦАНХИ ХОТХОНД ХОГ ХАЯГДЛЫГ ШАХАЖ, ЖИЖИГЛЭН САВЛАХ ТӨХӨӨРӨМЖ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Захиргаа бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газар санаачилснаар хог хаягдлыг шахаж, жижиглэн савлах /преслэх/ зориулалтай төхөөрөмжийг 2022 оны 9 дүгээр сараас “Цанхи” хотхонд ашиглаж эхэллээ.

    Цаас, хуванцар, даавуу зэрэг зөөлөн эд зүйл шахаж преслэх зориулалттай уг төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр хогийг ангилан ялгаруулж дахин боловсруулах эхний алхам болж байна.

    Шил, лааз, лонх, ундааны төрөл бүрийн сав, гялгар уут зэрэг хуванцар хог хаягдал нь байгальд устдаггүй, 200-400 жил оршдог хор уршигтай нь судалгаагаар тогтоогдсон аж.

    Ийн компаниас хог хаягдлыг преслэх болж буй нь  хаягдлыг байгаль орчиндоо хаягдалгүй түүвэрлэж, ангилан ялгахаас гадна овор хэмжээг багасгаж, тээвэрлэхэд хялбар болж байгаа ач холбогдолтойг холбогдох мэргэжилтнүүд тайлбарлав.

    Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2040 оны мөрийн хөтөлбөрт хог хаягдлын менежментийг сайжруулах талаар онцгойлон тусгаж заасныг хэрэгжүүлэхэд компаниас үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байгаагаараа давуу талтай болж байна.

     

     

    НҮҮРС ЭРЧИМ ХҮЧНИЙ ГРУППИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛНА

    Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Уул уухайн долоо хоног 2022” арга хэмжээ өнөөдөр эхэлж байна.

    Долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээний хүрээнд “Монгол Улсын уул уурхайн салбар 100 жил” сэдэвт Засгийн газрын цаг, “Нэн тэргүүнд аюулгүй байдал” бага хурал, “Mongolia mining 2022” хөрөнгө оруулалтын форум, “EDTalk-Уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүд” бага хурал, “Гүний уурхайн симпозиум”, “Үүсмэл ордын ашиглалт” онол практикийн бага хурал, “Орон нутаг ба иргэдийн оролцоо” бага хурал, “Үйлдвэржилтийн төлөвлөлт”онол практикийн бага хурал, Степ арена дахь “Монголд үйлдвэрлэв” ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн гээд олон төрлийн цогц арга хэмжээ зохион байгуулагдах юм.

    “Уул уухайн долоо хоног 2022” арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК оролцож буй бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал, Нүүрс эрчим хүчний группийн дарга  Б.Ганхуяг  2022.09.21-ний лхагва гарагт “Нүүрс эрчим хүчний группийн стратеги төлөвлөгөө”-ний талаар танилцуулна. Мөн 2022.09.23-ний баасан гарагт “Нүүрсхүчлийн хийг бууруулах стратеги” сэдвээр илтгэл тавих юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлздэг гэдгийг тэмдэглэв. Энэхүү олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд Монгол Улс ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол, идэвхтэй оролцож, хамтран ажиллаж ирснийг хэлэв.

    Цаашид ч ШХАБ-ын гишүүн орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тээвэр ложистик, байгаль орчин, аялал жуулчлал, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, хүнсний хангамж-аюулгүй байдал, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, улс хоорондын болон бүс нутгийн эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, бодит ажил хэрэг болгох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүрээлэн буй орчны доройтол болон хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлуудад улс орнууд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа тэмдэглэв. Иймд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай тэмцэх, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эх орондоо өрнүүлж эхлээд байгааг дуулгалаа.

    Уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж байгаа улс орнуудын нэг болохын хувьд Монгол Улс хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр хөрш болон бүс нутгийн улс орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ыг 2026 онд эх орондоо зохион байгуулахаар болсныг хэлэв.

    Мөн түүнчлэн дэлхий даяар үнийн өсөлт-инфляц нэмэгдэж, дэлхийн улс орнууд хоол хүнс, эрчим хүч, нефть шатахуун болон бусад амин чухал бараа бүтээгдэхүүний хомсдолд орж байгааг дурдав.

    НҮБ-ын мэдээлснээр 2019 онд дэлхийн хэмжээнд 135 сая хүн хүнсний хэт дутагдалд орж байсан бол энэхүү үзүүлэлт өнөөдөр 2.5 дахин нэмэгдэж, 345 саяд хүрээд байна.

    Иймд улс орон бүр хүнсний хангамж, аюулгүй байдалдаа ихээхэн анхаарах шаардлагатай байгаа бөгөөд энэ хүрээнд Монгол Улс хүнсний хангамж, аюулгүй байдлаа сайжруулж, цаашид хүнс экспортлогч улс болохыг зорьж байгааг онцоллоо.

    Монгол Улс нь Ази, Европыг холбосон газар зүйн байршлын онцлог байдалдаа тулгуурлан худалдаа, аялал жуулчлал, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа тээврийн  урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол” болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгааг хэлэв.

    Энэ хүрээнд ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн өргөн хүрээтэй, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд онцгой анхаарч, “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т туссан авто зам, төмөр зам, эрчим хүч, аялал жуулчлалын томоохон төслүүд болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхээр идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ.

    Энэ удаагийн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит өргөтгөсөн хуралдааны дүнгээр:

    • Самаркандын тунхаглал,
    • Иран Улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн улс болохтой холбогдуулан хүлээх үүргийн тухай санамж бичиг,
    • Египет, Саудын Арабын Хаант Улс, Катар зэрэг улсад ШХАБ-ын яриа хэлэлцээний түншийн статус олгох тухай санамж бичиг,
    • Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газар хоорондын хэлэлцээр,
    • ШХАБ-ын гишүүн орнуудын дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр, бизнесийн салбарын аж үйлдвэрийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх хөтөлбөр,
    • ШХАБ-ын хүрээнд бүс нутгийн худалдааг хөгжүүлэх үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөө,
    • ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар, Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК) хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг нийт 40 гаруй баримт бичгийг батлан гаргасан байна.

    Энэ удаагийн ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан, Иран, Беларусь, Турк, Азербайжан, Армени, Балба, Камбож, Мьянмар, Шри-Ланка, Мальдив, Бахрейн, Сири, Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт, Туркменистан зэрэг улсын төлөөлөгчид болон НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, Арабын орнуудын лиг, “Астана” Oлон улсын санхүүгийн төв зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.

    Заавар зөвлөгөө өгөх сургалт зохион байгууллаа

    Орчны бохирдлыг бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Сургалт, гадаад харилцааны алба, ТТТ ХХК-ны ХҮА хамтран өвөлжилтийн бэлтгэл хангах, сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг, борлуулалт, түлшний карт, угаарын хийн хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг сэдвүүдээр мэдээ, мэдээлэл, заавар зөвлөгөө өгөх сургалт зохион байгууллаа. Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн иргэдэд стандартын шаардлага хангасан зуух хэрэглэх, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн ашиглалтын заавар, сайжруулсан түлшний зөв галлагааны талаарх зөвлөмж, угаарын хийн эрсдэлд өртсөн тохиолдолд үзүүлэх анхан шатны тусламж, мэдээ мэдээллийг иргэд олон нийттэй ойрхон ажиллаж байгаа хороодын засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нараар дамжуулан сургалтаас өгсөн заавар, зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах юм.

    “Сайн түлш”-ний ноцолт 8-12 цаг байдаг

    Өчигдөр буюу 9 сарын 15-наас эхлэн нийслэлийн 7 дүүргийн гэр хорооллын хэрэглэгчдэд сайжруулсан шахмал түлш нийт 450 цэгээр худалдаалж эхлээд байна. Намрын сэрүүн өдрүүдэд монгол гэртэй айлууд галлагаатай л бол өрхөө бүтээхгүй байхыг сануулж байна. Учир нь илчлэг өндөртэй сайжруулсан түлш бүрэн шаталттай тул угаартах эрсдэл үүсдгийг сануулж байна.

    Утаагүй, эрсдэлгүй, ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ!

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан-тай уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоантай уулзаж, хоёр талын болон олон улсын  харилцааны зарим асуудлаар санал солилцов.

    Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч манай улсын “гуравдагч хөрш”, Иж бүрэн түншлэлийн харилцаатай Бүгд Найрамдах Турк Улстай өрнүүлж буй харилцааг өргөжүүлэх, шат ахиулан хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа хэллээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхий дахиныг хамарсан цар тахал болон олон улсын харилцаанд тулгарч буй хүндрэлтэй цаг үед Турк Улсаас хэрэгжүүлж буй хүмүүнлэгийн болон дипломат үйл ажиллагааг сайшааж, энэ чиглэлээрх хүчин чармайлт нь мөргөлдөөнийг намжааж, бүс нутаг, олон улсад тогтвортой байдлыг сэргээхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

    Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан ах дүүгийн харилцаатай Монгол Улстай бүх салбарт хамтран ажиллаж, хоёр орны харилцааг улам бүр бэхжүүлэхийг зорьж байгаагаа хэллээ.

    Талууд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг онцолж, энэ онд хоёр орны худалдааны эргэлт 100 сая ам.долларт хүрэх төлөвтэй байгааг сайшаан тэмдэглэв.

    Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал онцгой ач холбогдолтойг тэмдэглэж, цаашид өндөр түвшний яриа хэлэлцээг тогтмол өрнүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэв.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин-тэй уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын дарга Ши Жиньпин-тэй уулзав.

    Хоёр орны Төрийн тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт өгч, цаашдын төлөв болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцолж, хоёр улсын хамтын ажиллагааг тус тусын хөгжлийн бодлого, зорилтуудтай уялдуулан хөгжүүлэхийн ач холбогдлыг онцлов.

    Түүнчлэн цар тахлын хүнд цаг үед БНХАУ-ын Засгийн газар, ард түмнээс Монголын ард түмэнд вакцин, эмнэлгийн тоног төхөөрөмж, эд материалыг шуурхай нийлүүлж, дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.

    БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсын хөрш орнуудтайгаа хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улс чухал байр суурь эзэлдгийг онцолж, цаашид хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, шат ахиулахын төлөө байгаагаа хэлэв.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хятадын тал дэмжиж, байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгааг мэдэгдлээ.

    Түүнчлэн “Бүс ба Зам” санаачилга, “Талын зам” хөтөлбөрийг харилцан уялдуулж, “Монгол, Хятад, Оросын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн бүтээн байгуулалтыг урагшлуулахын төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

    Уулзалтын үеэр талууд цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.