More
    Нүүр хуудас блог Хуудас 101

    ЭНЭҮТ II хөхний хавдрын буюу маммографийн оношилгоог харьяалал харгалзахгүй хийж байна

    Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II” нь оношилгоо, эмчилгээний нэр төрлөө нэмэгдүүлэх, иргэдэд хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хөрөнгөөрөө шинэ тоног төхөөрөмжийг худалдан авч, суурилуулах ажлыг шат дараатай хийж байна.

    Үүний нэг болох хөхний хавдрын эрт илрүүлэг оношилгооны AIDIA брендийн “Маммографийн аппарат”-ыг хиймэл оюун ухаанаар онош унших программын хамт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 01-ний өдөр суурилуулан үйлчилгээнд нэвтрүүлээд байна.

    Хиймэл оюун ухаанаар онош унших программын тусламжтайгаар оношилгоог шинэ түвшинд гаргахаас гадна цаг хугацааг хэмнэх бүрэн боломжтой болжээ.
    ЭНЭҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Э.Соёл-Эрдэнэ “Тус аппаратын онцлог нь богино хугацаанд буюу гурван секундэд өвчтөнд зовиур багатайгаар шинжилгээ авч, оношийг тодорхойлдог. Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй ажлын өдрүүдэд үйлчлүүлэх бүрэн боломжтой. ” хэмээлээ. Өнөөдрийн байдлаар нийт 300 гаруй иргэнд энэ төрлийн шинжилгээг хийжээ.

    Томуугийн эсрэг вакциныг МАРГААШААС хийж эхэлнэ

    Монгол Улсын Засгийн газар жилээс жилд томуугийн эсрэг вакцины тоо хэмжээг нэмэгдүүлж, хүн амаа вакцинаар сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ жил БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг А, В хүрээний хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакциныг хүлээн авч дархлаажуулалтыг 10 дугаар сарын 15-ны өдрөөс зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
    Томуугийн эсрэг вакцинаар томуугийн өвчлөлд өртөмхий
    • 65-аас дээш насны
    • Архаг хууч өвчтэй хүн ам
    • Эрүүл мэндийн ажилтан,
    • 1-5 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийх бөгөөд харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон цэцэрлэг дээр дархлаажуулалтын түр цэг байгуулан вакцинжуулна.
    Хүүхдүүдэд вакцин хийхийн өмнө эцэг, эх, асран хамгаалагч нарт вакцины талаарх мэдээллийг хүүхдийн байгууллагаар дамжуулан өгч, тухайн хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын бусад вакцинд хамрагдаагүй, аливаа нэг халдварт өвчнөөр өвдөөгүй болохыг баталгаажуулан эцэг эхийн зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зуруулсны үндсэн дээр вакцинжуулна.

    Мөн 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн, эрүүл мэндийн ажилтнууд харьяа эрүүл мэндийн байгууллага болон ӨЭМТ-ийн дархлаажуулалтын нэгжүүдэд вакцинаа хийлгэнэ.
    Томуугийн сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн амбулаторийн 114 тоот дархлаажуулалтын кабинетаар дамжуулан сайн дурын үндсэн дээр иргэд төлбөрөө төлөн хамрагдана.

    Дархлаажуулалт нь халдварт өвчнөөр зөвхөн нэг хүүхдийг өвчлүүлэхгүй байх асуудал биш, олныг хамарсан дэгдэлт, цартахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг ба дэлхийн 194 орон бага насны хүүхдийг томуугийн вакцинаар дархлаажуулж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Тиймээс эцэг, эхчүүд томуугийн цар тахлын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс мэргэжлийн эмчийн зөвлөгөө, зөвлөмжийн дагуу үр хүүхдээ дархлаажуулалтад бүрэн хамруулж, томуугийн өвчлөл хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

    ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба

    Д.Амарбаясгалан: Засгийн газар нийтийн тээврийг либералчлах бодлого баримтална

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нийтийн тээврийг шинэчлэх ажлын хэсэг байгуулж, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатарын хамт салбарын төлөөлөлтэй уулзлаа.

    Нийслэлийн түгжрэлийг бууруулах нэг гарц нь нийтийн тээвэр боловч  тус салбар уналтад орсон.  Учир нь үнэ тарифаас шалтгаалж ашиглалт, засвар үйлчилгээний зардлаа нөхөж чаддаггүй, цалин бага, боловсон хүчний дутагдалд орсон зэрэг асуудлыг салбарын төлөөлөл  хөндөн ярив.

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан  Засгийн газар нийтийн тээврийн салбарыг либералчлах бодлого баримтална гэв. Мөн тэрбээр “Хувийн хэвшлийн компаниуд нэгдсэн бүтэцтэйгээр төртэй хамтран ажиллаж, шинэчлэл хийх боломжтой. Ингэснээр нийтийн тээврийн салбар дахь төрийн оролцоо явцдаа буурч,  төрөөс татаас өгөхгүйгээр аж ахуй нэгжүүд санхүүгийн асуудлаа шийдэх боломж бүрдэнэ” гэлээ.

    Нийтийн тээврийн салбарынханд тулгарч буй  өөр нэг асуудал нь ашиглалтын хугацаа дуусах дөхсөн, засвар арчлалт ихтэй автобус үйлчилгээнд явж байна. Үүнээс үүдэн зардал нэмэгддэг. Тиймээс нийтийн тээврийн автобусны стандартыг өөрчилж өгөхийг тус салбарынхан илэрхийлэв.

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ажлын хэсэгт нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж буй хувийн хэвшлийн компаниуд нэгдэж, төртэй хамтран ажиллах боломжтой эсэхийг судлах үүрэг өгөв.

    2023 оны улсын төсвийн төсөлд нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор шийдвэрлэж, шинэ түвшинд хүргэх томоохон зорилт дэвшүүлж, 339.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгаад байгаа билээ.

    ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХБНГУ-ЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ФРАНК-ВАЛЬТЕР ШТАЙНМАЙЕРТ БАРААЛХАВ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерт 2022 оны аравдугаар сарын 14-ний өдөр бараалхав.

    Тэрбээр ХБНГУ-д хийж буй албан ёсны айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал түлхэц болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улсын хувьд ХБНГУ нь Европ дахь гол түнш, гуравдагч хөрш тул хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа өндөр ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж байгаа Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түншлэлд хүргэхийг зорьж буйгаа тэмдэглэв.

    Ардчилал, хүний эрхийг дээдэлдэг нийтлэг үнэт зүйлстэй Монгол Улсын Ерөнхий сайд ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж байгаад баяртай байгаагаа Холбооны Ерөнхийлөгч илэрхийлж, өндөр, дээд түвшний харилцан айлчлал нь хоёр орны харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал үүрэгтэйг онцоллоо.

    ХБНГУ гадаад улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааны шинэ боломж, замуудыг эрэлхийлж байгаа бөгөөд Азийн орнуудтай тухайлбал, Монгол Улстай харилцаагаа улам бүр өргөжүүлэхийг чухалчилж байна. Ирэх 2024 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиохтой холбогдуулан түүнийг үр дүнтэй тэмдэглэх, дээд түвшний айлчлал хэрэгжүүлэхээр талууд тохиролцов.

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр мордлоо. Ерөнхий сайдын айлчлал 2022 оны аравдугаар сарын 12- 16-нд үргэлжилнэ.

    Энэ удаагийн айлчлал нь ХБНГУ-тай дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой.

    Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольцтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцана. Түүнчлэн ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайерт бараалхаж, Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд зэрэг Засгийн газрын зарим гишүүнтэй албан уулзалтууд хийнэ.

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Розенберг нар үдлээ.

    “Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнд бүтээл хүлээн авна

    Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл бүтээл хүлээн авна.

    “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2011 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж байна.

    Энэ жилийн үзэсгэлэнг “Чингис хаан ба Монголын их амар амгалан” сэдвээр зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнгийн бүтээлүүдийг өнөөдрөөс эхлэн Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн байранд болон Бичиг соёл төвийн bichigsoyol2020@gmail.com цахим шуудангаар хүлээн авч эхэллээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: “Чингис хаан” хаад, язгууртны музей монгол үндэстнийг оюун санаа, зүрх сэтгэл, итгэл үнэмшлийн хувьд нэгтгэн зангидна

    “Чингис хаан” хаад, язгууртны музейг нээх ёслол 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр боллоо.

    Музейд:

    • Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан);
    • Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан);
    • Их Монгол Улс;
    • Монголын Их эзэнт улс;
    • Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе);
    • Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим);
    • Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг байршуулсан байна.

    Музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр бөгөөд үлдэх хувь нь гадаадын 10 гаруй улсын музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн  хуулбар, уран бүтээл юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх музейн нээлтэд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    “Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ,

    Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,

    Эрхэм хүндэт зочид, эрхэм нөхөд өө,

    Ерөөл бэлгэ, өлзий учрал тэгш дүүрэн бүрдсэн энэ сайхан өдөр Эзэн Богд Чингис хаан болон түүний залгамжлагчдын түүхэн гавьяа, үйл хэргийг алдаршуулж, суу алдрыг мөнхжүүлэх зорилгоор, даяар Монголын ариун гал голомт, улсын нийслэл Улаанбаатар хотноо “Чингис хаан” хаад, язгууртны музейг нээж, далай их өвөг дээдэстээ гүн хүндэтгэл үзүүлэхээр Та бид хуран цуглаад байна.

    Энэ жил монголчууд бидний хувьд төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс улбаатай Монгол төрийн гал голомтыг бадраан, Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсаа байгуулж, монгол үндэстний суу алдрыг дэлхий дахинд тунхаглан мандуулсан Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн тэгш ой тохиож байна.

    Их эзэн Чингис хаан Монголын төдийгүй дэлхий ертөнцийн түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс суурийг цогцлооход онцгой гавьяа байгуулсан аугаа их хаан билээ.

    Эзэн хаан, түүний залгамжлагчид Евроазийн өргөн уудам нутагт Ази, Европын олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил, тэмцэлдээнийг зогсоож, дэлхий ертөнцөд “Монголын их амар амгалан”-г тогтоож, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлэн, оюун санаа, шашин шүтлэг, худалдаа арилжаа, соёл, урлаг, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвжих таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан юм.

    Дэлхийн улс түмэн үнэт зүйлсээ харилцан хүлээн зөвшөөрч, олон соёл иргэншил, шашин шүтлэг зэрэгцэн орших учиртайг анхлан мэдрүүлж, хүн төрөлхтний хөгжилд онцгой гавьяа байгуулсан Их Эзэн Чингис хааны түүхэн үйл хэргийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрсөн.

    2005 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх тогтоол гаргаж байсан билээ. Чингис хаан бол дэлхийн олон үндэстэн, ард түмний энх тайвны төлөө тэмцэж, тив, дэлхийд амар амгаланг цогцлоон, хүн төрөлхтний өмнө аугаа үйл хэргийг бүтээсэн их хүмүүн хэмээн олон улсын түүхчид, эрдэмтэн судлаачид онцлон тэмдэглэдэг юм.

    Их эзэн Чингис хаан болон түүнийг залгамжилсан их хаадынхаа үйл хэргийг монголчууд бид судлан шинжилж, хадгалан хамгаалж, улс орондоо төдийгүй дэлхий ертөнцөд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь Эзэн хаанаараа овоглосон хүн бүрийн үеийн үед эрхэмлэн дээдэлж явах учиртай ариун үүрэг мөн.

    Ийм учраас Төрийн тэргүүн зарлиг буулгаж, монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн дээдэлж, Монгол төр, айл өрх, албан байгууллага бүр хүндэтгэн залж, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсан билээ.

     

    Өнөөдөр та бидний өмнө сүндэрлэн байгаа “Чингис хаан” хаад, язгууртны музей манай ард түмэн, бидний үр хүүхэд, ирээдүй хойч үе маань эх орон, ард түмэн, өвөг дээдэс, үүх түүх, үнэт зүйлээрээ бахархах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, дэлхий дахинаа эх орноо сурталчлан таниулах, аугаа түүхт монгол үндэстнийг оюун санаа, зүрх сэтгэл, итгэл үнэмшлийн хувьд нэгтгэн зангидаж, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

    Цаашид Монгол төр, бидний ирээдүй болсон үр хүүхэд, хойч үеийнхэн маань Их хаадынхаа үйл хэргийг улам бүр үргэлжлүүлэн судалж, сурталчлан таниулж, Монгол түмний их бүтээн байгуулалт, бахдал омогшлын бэлгэдэл болсон музейг өргөтгөн, үзмэр, үйлчилгээ, сан хөмрөгийг нь арвижуулан баяжуулж, дэлхий нийтийн анхаарлыг татсан түүхийн музей, олон улсын судалгааны төв болгон хөгжүүлэх учиртай.

    2019 оны Монгол Улсын Засгийн газрын 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” музей байгуулах шийдвэр гарсан цаг мөчөөс өнөөг хүртэл дэлхий нийтийг хамарсан цар тахлаас авахуулаад хүндрэл, бэрхшээл олонтоо тохиолдсон ч музейг богино хугацаанд барьж ашиглалтад орууллаа.

    Монголчууд бид оюун ухаан, мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө нэгтгэн эрч хүчтэй хамтран ажиллаж чадвал  ямар ч зүйлийг хийж бүтээж чаддаг  гэдгээ энэ түүхэн бүтээн байгуулалтаар бас дахин нотлон харууллаа.

    Монголын түүхэнд тодоор бичигдэн үлдэх энэ түүхэн музейг бүтээн байгуулах их үйлсэд оройлон зүтгэж, сэтгэл зүтгэлээ зориулан манлайлан оролцсон эрдэмтэн судлаачид, уран бүтээлчид, барилгачид, инженер, техникийн ажилчид, баялаг бүтээгчид, төрийн албан хаагчид, Соёлын яам, тус музейн удирдлага, хамт олон болон бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцсон бүх хүн, байгууллага, хамт олонд ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

    “Чингис хаан” хаад язгууртны музей Чингис хаан судлалын олон улсын гол төв болж, их хаадын суу алдрыг дэлхий дахинаа үеийн үед түгээн дэлгэрүүлж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

    Дэлхийн мянганы суут хүмүүн Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмний олон зуун жилийн хүсэл мөрөөдлийн биелэл болсон Эзэн Богд Чингис хааны хүндэтгэлийн өргөө- “Чингис хаан” хаад язгууртны музейн өндөр үүдийг өргөж, алтан босгыг мялаан албан ёсоор ёслол төгөлдөр нээж байна.

    Мөнх тэнгэрийн хүчин дор Их Эзэн Чингис хааны суу алдар, сүр хүч монголчууд биднийг өнө мөнхөд ивээх болтугай.

     

     

    Хакухо М.Даваажаргал: Ард иргэдээ вакцинжуулж, ковид цар тахлыг амжилттай давсан Ерөнхий сайд танд талархал илэрхийлье

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзан мэргэжлийн сүмогийн Миягино дэвжээний эзэн болсонд баяр хүргэлээ. Мөн түүний ээж Ө.Тамирт эрүүл энхийг хүслээ.
    Засгийн газар “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого тодорхойлон хэрэгжүүлж буй. 2050 он гэхэд буюу энэ бодлого амжилттай хэрэгжихэд Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 дахин нэмэгдэж, тэр үед Монгол Улсад олон улсын эв нэгдлийн бэлгэ тэмдэг олимпын наадмыг зохион байгуулах боломж бүрдэх юм гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Мөн ирэх 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, Аялал жуулчлалын Үндэсний хороог Ерөнхий сайд удирдан, олон улсад улсынхаа нэр хүндийг өсгөхөд онцгойлон анхаарна гэлээ. Энэ үйлсэд Монгол, Японы харилцааны бэлгэ тэмдэг, соёл, аялал жуулчлалын элч, Монголын их аварга Жигжидийн Мөнхбатын хүү, Хакухо Даваажаргалыг түүчээлэн оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

    Их аварга Хакухо М.Даваажаргал “Токио-2020” наадмын өмнө болсон долдугаар сарын Нагоя башёд нэг ч уналгүй түрүүлж, Монгол Улсын олимпын багийнхандаа том бэлэг барьсан. Энэ нь түүний дээд зиндааны 45 дахь түрүү байсан бөгөөд уг амжилт эвдэгдэхгүй байх хэмээн мэргэжилтнүүд таамаглаж буй билээ. Ерөнхий сайд их аваргын энэ амжилтыг дурдаад Мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүлсэн бөхөд олгодог Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг Хакухо Даваажаргалд үүрд хадгалуулах болсныг дуулгаж, түрүү бөхөд олгодог Ерөнхий сайдын нэрэмжит шилжин явах цомыг шинэчлэх шийдвэр гаргаснаа танилцууллаа.

    Хакухо М.Даваажаргал дөрвөн жил буюу ковидын дараа эх орондоо ирж, ээжтэйгээ, ах дүүс, найз нөхөдтэйгээ уулзаж, нулимс ойрхонтой байгаа тухайгаа хэлээд “Ард иргэдээ вакцинжуулж, ковид цар тахлыг амжилттай давсан, геополитикийн амаргүй цаг үед улс орноо амжилттай удирдаж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танд талархал илэрхийлье” гэлээ. Мөн ирэх оны нэгдүгээр сард болох Зодог тайлах ёслолдоо Ерөнхий сайдыг урилаа.
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэргэжлийн сумод өөр шигээ өндөр амжилт үзүүлэх тамирчдыг бэлтгэж, олон олон аварга төрүүлэн гаргахыг Хакухо М.Даваажаргалд хүслээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга бараалхав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бараалхав.

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг дээдэлсэн нийтлэг үнэт зүйлстэй “гуравдагч хөрш” Канад Улстай “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн хүрээнд улс төр, эдийн засаг болон бусад чиглэлээр  харилцаа, хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

    Сенатын танхимын дарга хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр айлчилж байгаа нь харилцааг “Иж бүрэн түншлэл”-д хүргэх зорилтыг урагшлуулах, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, шинэ агуулгаар баяжуулахад чухал хувь нэмэртэйг  онцлов.

    Мөн Канад Улсын иргэд Монгол Улсад визгүй зорчдог. Монгол иргэдийг Канад Улсад зорчих визийн асуудлыг хөнгөвчлөх чиглэлээр анхаарч ажиллахыг хүсэв.

    Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр талын түншлэл, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх зорилгоор айлчилж байгаагаа тэмдэглэв.

    Тэрбээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа  бэхжиж, уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг олон салбарт хөгжих өргөн боломж байгааг дурдав.

    Уулзалтын үеэр худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах, энхийг сахиулах, байгаль орчин, боловсрол зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

    Мөн Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд  хамтран ажиллах талаар ярилцлаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн өдөрлөгт оролцов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан өдөрлөгт оролцов.

    Тэрбээр өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ, “Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллаж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд талархал илэрхийлэв.

    Үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш мод үржүүлгийн газрууд улсын хэмжээнд 37 сая тарьц, суулгацын нөөцтэй болсон нь жилийн өмнөхтэй харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэнийг тодотгов.

    Цаашид удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт зэрэгт анхаарах, тарьц, суулгацын нөөцийг улам нэмэх, аж ахуйн нэгжүүдийн техникийн болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах, сайн туршлага, шилдэг технологи, инновац нэвтрүүлэх нь чухал байгааг тэмдэглэв.

    Өдөрлөгийн үеэр нийслэлийн Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сурагчдыг модлог ургамлын тарьцыг бортогонд үрээр ургуулах арга зүйн сургалтад хамруулсан байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, “НҮБ-ын нийгэмлэг” НҮТББ-тай хамтран “НҮБ-ын залуу төлөөлөгч-Байгаль орчны манлайлал” хөтөлбөр зохион байгуулсан.

    Энэ хөтөлбөрийн шилдэг хоёр оролцогчийг ирэх саруудад Арабын Бүгд Найрамдах Египет Улс болон Канад Улсад болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын талуудын XXVII бага хурал, Биологийн олон янз байдлын тухай конвенцын талуудын XV бага хуралд оролцох эрхээр шагнасныг гардуулав.

    Монгол Улсын Ерөнхийлөгч мөн мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллага, бордоо үйлдвэрлэгчид, ойн аж ахуйн машин, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн-худалдаанд оролцогсдын төлөөлөлтэй уулзлаа.

    Өнөөдрөөс эхлэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд www.modlog.mn цахим биржээр дамжуулан тарьц, суулгацаа зарах, худалдан авах боломжтой болсныг Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооны тэргүүн Ц.Бямбасүрэн танилцуулав.

    Өдөрлөгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн, Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо, “Байгаль орчны мэдээлэл, сургалтын төв” ТББ, МУИС-ийн “Экологийн боловсролын төв” хамтран зохион байгууллаа.