Home Blog Page 10

Сансрын орон зай дахь Монголын амбиц

Иргэн та техник технологгүйгээр өөрийн ирээдүйг төсөөлж байна уу. Гар утасгүй, интернэтгүй, телевиз, радиогийн өргөн нэвтрүүлэггүй орчинд амьдарна гээд боддоо. Хүн төрөлхтөн техник, технологийн хөгжилгүйгээр цааш алхах боломжгүй эрин үе нэгэнт иржээ. Гэтэл манай улс дээрх үйлчилгээнүүдийг иргэддээ хүргэхийн тулд гадаадаас түрээсэлдэг. Мөн алслагдсан бүсэд амьдарч буй иргэд технологийн хөгжлийг мэдэрч, хэрэглэж чадахгүй байгаа нь бодит үнэн. Шилэн кабелиар Монгол орны өнцөг булан бүрт буй малчдыг интернэтэд холбох дэд бүтцийг бий болгоход бэрхшээл их. Үүнийг шийдэх дөт зам нь “Үндэсний хиймэл дагуул” юм. Улс орон бүр өөрийн хиймэл дагуултай болох зорилт дэвшүүлэн, 2023 онд нийт 42 улс сансрын төсвөө өсгөжээ. Хэдхэн жилийн дотор өөрийн хиймэл дагуулаа хөөргөсөн улсын тоо 91-д хүрэв.

ШУА-ийн ООГХ-ийн Сансар судлалын төвийн дарга, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа “Хиймэл дагуул, сансар судлал бол зөвхөн ганц орны асуудал биш. Сансрын орон зайг хамтарч ашиглах хэрэгцээ бий. Тиймдээ ч сансар судлалын салбарт бүх орнууд хамтарч ажиллаж байна. 1990-ээд оны шилжилтийн үед манай улс сансар манатай байсан бол 2000 оноос энэ асуудал аяндаа сөхөгдөж, 2012-2013 оноос “Үндэсний хиймэл дагуул”-тай болох тухай яригдсан. Мөн 2017 онд “Мазаалай” нам орбитын судалгааны хиймэл дагуулыг Японы эрдэмтэдтэй хамтран хөөргөлөө. Одоо “Тэмүүлэл” хиймэл дагуулыг хөөргөхөөр ажиллаж байна. Түүнчлэн хүнээ дахин сансарт нисгэх асуудал ч хөндөгдөнө. Энэ талаар ОХУ-тай байгуулсан санамж бичиг ч бий” хэмээн онцоллоо.

1957 онд анхны хиймэл дагуулыг задгай сансарт хөөргөснөөс хойш 67 жилийн хугацаанд монголчууд хиймэл дагуулын үйлчилгээг түрээсээр авч ирсэн. Жилдээ 6.9 сая ам.долларыг тус үйлчилгээнд зарцуулдаг. Үүнийг 15 жилээр үржүүлбэл 144 сая ам.доллартой тэнцэнэ. Тэгэхээр монголчууд гаднын хиймэл дагуулыг түрээсэлж, түрээсэнд их зардлыг төлж буй асуудлыг нэг мөсөн шийдэх гарц бий.

“Исатком” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Дөлгөөнтэнгис “Гаднаас түрээсэлж буй зурвасын хэмжээндээ 3.5-4 сая ам.долларыг жилийн хугацаанд түрээсэнд зарцуулж байна. Янз бүрийн бэрхшээлүүд гардаг. Жишээлбэл, тухайн хиймэл дагуулын насжилт, хугацаа дуусаж, үйлчилгээ үзүүлэх боломжгүй болно. Дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор үнэ нэмэх тохиолдлууд ч гарч байна. Энэ бүх асуудал үндэсний хиймэл дагуул хөөрсгөснөөр шийдвэрлэгдэнэ гэж харж байна” хэмээн ярилаа.

Үндэсний хиймэл дагуултай болох тухай асуудал өнөөдөр гэнэт яригдаж байгаа юм биш. 2012-2013 оноос эхлэлтэй. Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ)-аас өгсөн 74°Е градуст геостационар тойрог замын байрлал, 113.6°Е градусын хиймэл дагуулын байрлалд 800МГц зурвас бий. Үүнээс суурин үйлчилгээ болон өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг аль алийг нь хэрэглэгчдэд хүргэхэд 113.6°Е байрлал тохирно гэж эрдэмтэн судлаачид үзэж байна.  Мөн өөрийн хүссэн байрлалд хиймэл дагуул нисгэхийг хүсвэл өөр улсуудтай тохиролцох, ярилцах асуудал сөхөгдөнө. Энэ бүхэн сансрын задгай орон зайг ашиглах, үр шимийг нь хүртэх тухай ойлголт юм.

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны мэргэжилтэн В.Батбаяр “10 гаруй жилийн хугацаанд үндэсний хиймэл дагуултай болох чиглэлээр манайд 5-6 улс санал тавьсан. Энэхүү саналын хүрээнд нийт 10 орчим компанитай хэлэлцэж, хүсэлтийг нь хянаж үзээд сонголт хийсэн. Улмаар 2019 онд Франц Улстай хиймэл дагуулын чиглэлд хамтран ажиллахаар болж, техникийн нөхцөл тодорхойлох, гэрээний төсөл боловсруулах ажлыг эхлүүлсэн. Мөн Францын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр санамж бичиг байгуулсан. Францын Засгийн газар санхүүжилтийг хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэх тухай саналаа Монгол Улсын Сангийн яаманд өгсөн. Үндэсний хиймэл дагуултай болох асуудлыг УИХ-аар эцэслэн шийдвэрлэнэ. Тус төслийг анхнаас нь нууцын зэрэглэлтэйгээр оруулж ирсэн. Тиймээс олон нийтэд дэлгэрэнгүй ерөнхий мэдээлэл өгөөгүй” гэж онцоллоо.

Өмнө нь сансар судлалыг хөгжүүлэхээр ОХУ-ын “Роскосмос”-той хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Мөн БНХАУ-тай сансрын техник технологи нэвтрүүлэх, зохион байгуулах, зайнаас тандан судлах, газрын станц байгуулах, Монголд иж бүрэн лаборатори байгуулах, мэргэжилтэн бэлтгэх зэрэг асуудлаар дөрвөн талт гэрээ хийсэн. Үүнийг сансрын техник технологи бүтээх, мэдээлэл боловсруулах эхлэлийн цэг гэж харж, “Үндэсний хиймэл дагуул” хөөргөхөд анхаарал хандуулж байгаа юм.ЗХ-ны Ажлын албаны дарга А.Лувсан-Очир “Сансрын орон зайд байгалийн асар их нөөц бий. 2023 онд Австрийн Вена хотноо болсон “Дэлхийн сансрын форум”-д сансрын нөөцийг тогтвортой ашиглах, хөгжүүлэх, ил тод байх асуудлыг хөндсөн. Монгол Улсад харилцаа холбооны сүлжээг өргөн уудам, хүн ам таран суурьшсан, алслагдсан орон нутагт ашиглаж ирсэн. Гэвч харилцаа холбооны үүрэн сүлжээний хүртээмжийг цаашид нэмэгдүүлэх шаардлага бий. Монгол Улсын хувьд сансрын орон зайг үр дүнтэй ашиглах түүхэн үе ирээд байна” гэж ярилаа.

Үндэсний хиймэл дагуулгүйгээс болоод бусад улсаас түрээсийн үйлчилгээ авч, ам.долларын ханшийн зөрүүнээс алдагдал үүрч, хүссэн үйлчилгээгээ авах боломж хязгаарлагдмал. Өөрөөр хэлбэл, дэлхийн аль ч бүсийн зургийг авч, судалгаа хийх боломж үгүй гэсэн үг. Мөн тухайн байгууллагын санал болгосон үнээр үйлчилгээ авахад хүрдэг юм. Энэ мэт асуудлыг шийдвэрлэхээр эрдэмтэн судлаачид болон төрийн байгууллагууд ажиллаж байна.

МУИС-ийн дэд профессор Д.Эрдэнэбаатар “Зайнаас тандан судлахын тулд гаднаас үйлчилгээ авч ирсэн. Хүссэн зургаа авахад хүндрэлтэй. Дэлхийн аль ч цэгийн зургийг хүссэнээрээ авах боломж Үндэсний хиймэл дагуултай болж байж бүрдэнэ. Дотоодод “Мазаалай”, “Тэмүүлэл” гээд кубсат төслийг хэрэгжүүлээд, туршлага хуримтлуулчихлаа. Мөн бага оврын зайнаас тандан судалгааг хийж, туршиж байна. Харин цаашид Харилцаа холбооны хиймэл дагуул нисгэх хэрэгцээ шаардлага үүссэн” гэдгийг онцоллоо.

Монгол Улсын хэрэглээг түрээсээр цаашид шийдвэрлэнэ гэвэл манай руу чиглэсэн хиймэл дагуулын цацраг хязгаарлагдмал. Тиймээс Үндэсний хиймэл дагуултай болчихвол өргөн хүрээнд хэрэглээг нэвтрүүлэх боломж бий.

ОБЕГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Содномрагчаа “Онцгой байдлын байгууллага бол радио холбоо, үүрэн холбоо, интернэт сүлжээ, Starlink, Iriduim зэрэг хэрэгслүүдийг ашиглаж байна. Эдгээр нь өөр өөр байгууллагын үйлчилгээ, зарим нь олон улсын байгууллагын үйлчилгээнүүд юм. Үндэсний хиймэл дагуултай болсноор энэ олон үйлчилгээг нэгтгээд, дотооддоо хөрөнгө оруулах боломжтой” гэв.

Сансрын технологи, үндэсний аюулгүй байдал, бие даасан мэдээлэл холбооны дэд бүтэц, сансрын холбооны технологийн чиг хандлага, Монгол Улс харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөж ашиглах шаардлагын талаар “Үндэсний хиймэл дагуул ба түүний хэрэглээ” хэлэлцүүлгийг аравдугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ЦХИХХЯ, ШУА, ХХЗХ, ҮАБЗ, ОБЕГ, МУИС болон ШУТИС-ийн профессор, салбарын судлаач, эрдэмтэд өргөнөөр оролцов. Улмаар зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад нь хүргүүллээ.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Энэхүү төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй  айлчлал юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Мөн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс нь 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Цахим эрүүл мэнд, Сумдын интернэтийн хурдыг сайжруулах чиглэлд ЮНИСЕФ-тэй хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран хэрэгжүүлэх улс орны хөтөлбөр /2023-2027/-ийн 2024-2025 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү болон НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар гарын үсэг зурж баталгаажуулав.

 

Энэ үеэр Ц.Баатархүү сайд Монгол хүүхдүүд, тэр дундаа орон нутгийн хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, хамтран ажиллаж буйд НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олонд талархал илэрхийллээ. Мөн тэрбээр хүүхэд, эцэг эхчүүдэд эрүүл мэндийн дадлыг технологийн шийдлээр суулгах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүүхдийн сан чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлов.

 

НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан: Монгол Улс “Цахим Үндэстэн” болох зорилго тавиад буй. Энэ хүрээнд хүүхдүүдэд бага наснаас нь цахим ур чадвар олгох нь ирээдүйн дижитал иргэнийг бэлдэхэд чухал хувь нэмэртэй. Иймд бид энэ чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллаж байна.Түүнчлэн бид Олон улсын цахилгаан холбооны байгуулагатай хамтран “GiGa” санаачилгын хүрээнд ЕБС-ийн интернэт холболтыг хэмжих, нэгдсэн dashboard дээр харах төслийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 58 сургуулийн интернэт холболтын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг дурдав.

Мөн НҮБ-ын Хүүхдийн сан нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Эрүүл мэндийн яамтай хамтран “Цахим эрүүл мэнд” төсөл дээр хамтран ажиллаж, E-Mongolia системд эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг цахимжуулж, нэгтгэсэн. Түүнчлэн Монгол Улсын “Цахим эрүүл мэнд”-ийн нөхцөл байдлын дүн шинжилгээг хийсэн. Энэхүү судалгаа маань эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн бодлогод үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Эрүүл мэндийн яамны хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайн жишиг болгон харуулахыг бид зорьж байна” гэдгийг онцлов.

 

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: Монгол Улсын эрүүл мэндийн цахимжилтийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ болон И-Монгол палтформд орсон эрүүл мэндийн салбартай холбоотой үйлчилгүүдийн талаар УИХ болон Засгийн газрын гишүүд танилцаж, сайшаасан. Цаашид “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, GiGa-тай хамтран Монгол орны сумдын интернэтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.

 

6G-ээр секундэд 20 гаруй кино татна

Эрдэмтэд “Утасгүй мэдээлэл дамжуулах хурдны шинэ дээд амжилтыг секундэд 938 гигабайт” хэмээн тогтоолоо. Энэхүү хурд нь 30 гигабайт багтаамжтай 4К киног ердөө 0.26 секундэд татаж авах боломжтой.

150 ГГц хүртэлх радио давтамжийг ашиглах боломжийг олгодог радио болон оптик технологийг хослуулснаар ирээдүйд 7-24 ГГц, 90-300 ГГц гэх мэт өндөр давтамжийн зурвасуудыг ашиглан илүү хурдан 6G сүлжээг үүсгэнэ.

Радио дохио үүсгэхийн тулд гэрлийг ашигладаг миллиметр долгионы фотониктэй өндөр хурдны электрон төхөөрөмжийг нэгтгэнэ. Ингэснээр эрдэмтэд өмнөх утасгүй системээс тав дахин их зурвасыг бий болгох юм. Энэхүү технологи нь сүлжээний түгжрэлийг бууруулснаар шоу тоглолт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд утасгүй холболтыг дээд хурдаар ашиглана.

Дээрх технологийг одоогоор лабораторид туршиж байгаа бөгөөд ойрын таван жилийн дотор уг технологийг арилжааны төхөөрөмжид нэгтгэхийг зорьж байна. Мөн арилжааны зориулалттай загвар бүтээхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Technology innovation

Сансар судлалын чиглэлээр Франц улстай хамтран ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Коринн Пэрераг өнөөдөр (2024.10.23) хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд Монгол Улсын Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зарласны хоёр нь Франц Улстай хамтран хэрэгжүүлэхээр байгаа талаар онцолж, Үндэсний хиймэл дагуултай болох мега төслийг хэлэлцэж байх үеэр эрхэм Элчин сайдтай уулзаж байгаад талархал илэрхийллээ.

Цахим хөгжил,инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү

 

Үндэсний хиймэл дагуул мега төсөл нь УИХ-ын Байнгын хороо болон нэгдсэн Чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэхээр төлөвлөгдөөд байна. Улсын Их Хурлаас зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсны дараа хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээ хийгдэж, гэрээнд гарын үсэг зурах үйл явц эхэлнэ. Энэхүү төсөл нь улс орны бие даасан байдалтай холбоотой стратегийн өндөр ач холбогдолтой” гэдгийг онцлов.

БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Коринн Пэрера

 

БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Коринн Пэрера хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа өргөжин, бэхжиж буйг онцолж, 2023 оны 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц Улсад айлчлах үеэр харилцаа холбооны үндэсний хиймэл дагуулын техникийн нөхцлийг тодорхойлох, гэрээний төсөл боловсруулах чиглэлээр тухайн үеийн ЦХХХЯ болон БНФУ-ын Талес Алениа Спейс компани хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан хамтын ажиллагааг эхлүүлсэн. Уг төслийн өртөг хэдий өндөр ч дунд болон урт хугацаандаа Монгол Улсад авчрах өгөөж нь хамгийн чухал юм. Үндэсний хиймэл дагуулын төслийг Франц Улсын зүгээс дэмжиж, хамтран ажиллаж байгаад бид бүхэн баяртай байна. Мөн уг төсөлд ашиглаж байгаа технологийн хувьд 2019 оноос олон улсад ашиглагдаж эхэлсэн бөгөөд АНУ, БНСУ, Индонез зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй улсууд хиймэл дагуулдаа ашиглаж байгаа технологи тул итгэж болно” хэмээн онцоллоо.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэгш байдал” сэдэвт сургалт зохион байгуулав

Манай улс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хэрэгжилтийн тайланг НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороогоор 2023 онд хэлэлцүүлж, тайлангийн мөрөөр 35 зөвлөмж ирүүлсэн.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах,  харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын орон тооны бус дэд зөвлөл” дээрх зөвлөмжийг таниулах зорилгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, И-Монгол академи УТҮГ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал”, “Bэб сайтад тавигдах шаардлага, хүртээмжийн талаарх ойлголт” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.

Тус сургалт нь цахим хуудас, аппликейшн хөгжүүлэгч оюутан, залууст хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлага, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Хятад улс 2035 он гэхэд сарны сансрын станц барихаар төлөвлөж байна

Хятад улс 2024-2050 онуудад сансрын хөтөлбөр, тэр дундаа сарны сансрын станц байгуулах, амьдрах боломжтой гаригуудыг хайх төлөвлөгөөгөө танилцууллаа. ​​

Тус улсын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Дин Чибиао “Сарны станцыг үе шаттайгаар 2028-2035 он хүртэл барьж дуусгана. Энэ станц нь нарны аймаг болон бусад гаригуудыг судлах гол төв болно. Улмаар хүн амьдрах боломжтой гаригуудыг хайж олох, орчлон ертөнцийн үүсэл гэх мэт сансар огторгуйн нууцыг илрүүлэхэд чиглэнэ.

2050 он гэхэд Хятад улс сансрын шинжлэх ухаанд тэргүүлж, дэлхий болон сансар огторгуйн талаарх хүн төрөлхтний ойлголтыг өргөжүүлэхээр зорьж байна” хэмээн онцоллоо.

Эх сурвалж: Tecnology innovation

Кибер аюулгүй байдлыг хангах тусгайлсан төсөвтэй болно

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2024.10.22/ Төрийн ордонд боллоо. Хурлыг тус зөвлөлийн дэд дарга, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү даргалж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Санхүүгийн мэдээллийн технологийн төв зэрэг байгууллагын төлөөлөлүүд нэмэгдэж, шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдав.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү

Хурлаар Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал,  Кибер аюулгүй байдлын зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан,  цаашид кибер аюулгүй байдлын чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Төрийн байгууллагын мэдээллийн технологийн төсөвт Кибер аюулгүй байдлыг хангах зардлыг тусгуулах хэрэгцээ шаардлагын талаар тус зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаяр танилцуулж, хэлэлцүүлэв.

Кибер аюулгүй байдлын Зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаяр

Монгол Улс кибер аюулгүй байдалдаа 2021 онд 13.9 тэрбум төгрөг зарцуулсан бол 2024 онд 24 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Цаашид улсын төсвийн зардлын эдийн засгийн ангилалд кибер аюулгүй байдыг хангахад зориулсан төсвийн ангиллыг тусгах, кибер халдлага, зөрчил, цахим луйврын эрсдэлийг бууруулах стратеги батлах зэрэг асуудлыг зөвлөлийн гишүүд дэмжиж, тогтоол гаргав.

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээлэл солилцох чиг үүрэгтэй байгуулагдсан билээ.

 

Орон даяар радио, телевизийн үйлчилгээг хүргэж буй алба хаагчид ХАБЭА сургалтад хамрагдлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харьяа “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ нь Монгол орон даяар радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг үнэ төлбөргүй ард иргэдэд хүргэх үйлчилгээг хариуцдаг билээ.

Тус байгууллага нь аравдугаар сарын 21-ний өдөр “Амжилт гарц” мэргэжлийн сургалтын төвтэй хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн |ХАБЭА| сургалтыг нийт ажилчдынхаа дунд зохион байгуулав.

Сургалтад “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-ын Захиргаа, Телевизийн төв станц, Радио нэвтрүүлэх төв станц, Хотын шугамын радиогийн албаны албан хаагчид болон Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл, Өмнөговь аймгийн Радио телевизийн сүлжээний газрын нийт 100 гаруй ажилтан, алба хаагчид идэвхтэй оролцлоо.

Энэхүү сургалт нь ажилтан, алба хаагчдын ХАБЭА-н хууль тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх, харилцаа хандлагыг эерэгжүүлэх, ХАБЭА -н соёлыг хэвшүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үр дүнтэй сургалт болов.

Тодруулбал, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн суурь болон хууль эрх зүйн мэдлэг олголоо.

Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ нь Монгол орон даяар 360 тоон телевизийн станц, гадаад хэл дээрх тусгай нэвтрүүлэг дамжуулах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ, Их чадлын 10 станц, 42 FM, шугамын радио, интернэт радио, телевизийн төв цамхаг, орон нутгийн 41 цамхаг, техникийн 27 цамхгийг хариуцаж ажилладаг билээ.

Дэлхийн 42 улс сансрын хөтөлбөрийн төсвөө нэмэгдүүлжээ

“2023 оны дэлхийн сансрын эдийн засгийн хэмжээ 570 тэрбум ам.долларт хүрсэн” гэж АНУ-ын Сансрын сан мэдээллээ. Энэ нь 2022 оны дүнгээс 7.4 хувиар өсөж, арван жилийн өмнөх сансрын эдийн засгийн хэмжээнээс хоёр дахин их болжээ. “The Space Report” сэтгүүлд нийтэлсэн дэлхийн сансрын эдийн засгийн шинжилгээнд энэ онд 54 улс орон, олон улсын байгууллагуудыг хамруулсан сансрын 11 салбарын арилжааны орлого, засгийн газрын зардлыг судалжээ. Арилжааны орлого нийт эдийн засгийн орлогын 78, АНУ-ын сансрын төсөв 13, АНУ-аас бусад улсын зарлага 9 хувийг эзэлж байна. Тухайлбал, Сансрын салбарын арилжааны орлого 2023 онд нийт 445 тэрбум ам.долларт хүрэв. Ингэхдээ байршил, навигац, цаг хугацаа (PNT)-ны мэдээллийг үнэн зөв өгөх хиймэл дагуул үйлчилгээ нь 209 тэрбум ам.долларын орлоготой хамгийн том дэд салбар аж.

Улс орнуудын хиймэл дагуул хөөргөх хурд нэмэгдсэнээр арилжааны хиймэл дагуулын үйлдвэрлэл, хөөргөлтийн орлого хоёр жилийн дотор хоёр дахин өссөн байна. Мөн тус сангийн мэдээлснээр 2023 онд сансрын хөтөлбөрүүдэд олон улсын засгийн газрын зардал 11 хувиар өсөж, 125 тэрбум ам.долларт хүрчээ. Өнгөрсөн онд АНУ, Хятад, Япон, Орос, Европын холбоо, Франц, Герман, Итали, Өмнөд Солонгос зэрэг есөн орон төсвөө хоёр оронтой тоогоор нэмэгдүүлэв. 2023 онд нийт 54 улсын 42 (78%) нь сансрын төсвөө өсгөжээ. 44 улсын 2024 оны урьдчилсан төсөвт зарлага бага хэмжээгээр (64%) өссөн ч олон улс орон сансрын төсвөө огцом нэмсний улмаас дундаж өөрчлөлт 35 хувийн өсөлтийг харуулав.

Сансрын сангийн Гүйцэтгэх захирал Хизер Прингл “Манай жил бүр хийдэг дэлхийн сансрын эдийн засгийн дүн шинжилгээ нь төрийн болон хувийн хэвшлийн аль алинд нь сансрын салбарын ач холбогдол нэмэгдэж байгааг харуулж байна” гэж тайлбарлав. Сансрын сангийн тайлангийн нэгэн адил Дэлхийн эдийн засгийн форумын сансрын технологийн тайланд дэлхийн сансрын эдийн засаг 2023 онд 630 тэрбум доллар байсан бол 2035 он гэхэд 1.8 их наяд ам.доллар болно гэж тодорхойлов.

Хиймэл дагуул гэдэг нь хүний зохион бүтээж, сансрын тойрог замд байрлуулсан зүйлийг хэлнэ. Хүн төрөлхтний бүтээсэн анхны хиймэл дагуул болох Спутник-1 хиймэл дагуулыг хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Сергей Королёв, Мстислав Келдыш нарын олон эрдэмтэд бүтээж, 1957 оны аравдугаар сарын 4-нд сансарт хөөргөжээ. Энэ үйл явдал хүн төрлөхтөний хөгжлийн түүхэнд шинэ эрин нээсэн юм. Түүнээс хойш 9115 хиймэл дагуул сансарт хөөрсөн байна. Нийт сансарт хөөрсөн хиймэл дагуулын цөөн хэсэг нь сансарт угсрагдаж, сансрын станц зэрэг томоохон байгууламжуудыг бий болгож, ихэнх нь ашиглалтаас гарч сансрын хаягдал болж, зарим нь дэлхийн агаар мандалд орж шатаж дуусах эсвэл газарт болон далай тэнгист унажээ.

2018 онд Шинэ Зеланд Улс Электрон цойлуур (пуужин) ашиглан сансарт хиймэл дагуул байрлуулснаар дэлхий дээр нийт 11 улс хөөргөлтийн талбайгаасаа хиймэл дагуул хөөргөх чадамжтай болжээ. Цөөн тооны сансрын судалгааны хөлөг дэлхийгээс бусад Сар, Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир, Нарны тойрог замд байрлан, хиймэл дагуул болон ашиглагдаж буй.

Хиймэл дагуулыг цэрэг болон иргэний зориулалттаар ашигладаг. Мөн Дэлхийн ажиглалтын хиймэл дагуулууд, холбооны хиймэл дагуул, навигацийн хиймэл дагуулууд, цаг уурын хиймэл дагуулууд, судалгааны хиймэл дагуулууд гэж бий. Сансрын станц болон сансрын хөлөг ч тойрог замд байрласан үедээ хиймэл дагуул гэж нэрлэгддэг. Хиймэл дагуулын тойрог зам нь зорилгоосоо шалтгаалаад янз бүр байдаг бөгөөд олон янзаар ангилагддаг.  Хиймэл дагуул нь ихэнхдээ хагас биеэ даасан, компьютерын удирдлагатай системээр ажилладаг. Үүнд эрчим хүчний үүсгүүр, дулааны хяналтын, телеметрийн, чиглүүлэгч, тойрог замын хяналтын гэх мэт дэд системүүд бий.

2022 онд 6000 гаруй хиймэл дагуул идэвхтэй байсан бол 2030 он гэхэд манай гаригийн тойрог замд 60000 орчим хиймэл дагуул байх болно гэсэн тооцоолол бий.

Эх сурвалж: Spacewatch