Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Мэдээлэл, технологийн үндэсний парк, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамтран нээлттэй өгөгдөлд тулгуурлан эрүүл мэндийн салбарын асуудлыг шийдэх туршилтын загвар бүтээх зорилгоор “Хакатон-2024” тэмцээнийг зохион байгуулсан. Тус тэмцээнд шалгарсан 2 багийг “JICA Mongolia”-ын дэмжлэгтэйгээр 3 сарын хугацаанд хурдасгуур хөтөлбөрт хамруулж, хөгжүүлэлт хийжээ.
Тэргүүн байранд орсон “Rookie systems” компанийн залуус 1111 төвд ирж буй мэдээллийг судлан, хиймэл оюунд суурилсан “Дуудлагын төв” байгуулах шийдлийг гаргаж ирсэн байна. Тэдний судалгаанд хамрагдсан иргэдийн 20 гаруй хувь нь утсаа авдаггүй, холбогдож чаддагүй гэх гомдол илэрхийлжээ. Тиймээс операторын үйлчилгээг хиймэл оюунтай холбож, иргэдийн дуудлагад хариу өгөх системийг нэвтрүүлэхээр хөгжүүлж байна.
Харин дэд байранд орсон “Data med”-ийн залуус эрүүл мэндийн зөвлөгөө өгөх чатбот хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болсон. Тодруулбал, сошиал орчинд эх сурвалж нь баталгаагүй мэдээлэл түгээмэл. Тиймээс үндэслэлтэй, эх сурвалж нь тодорхой эрүүл мэндийн зөвлөгөөг иргэдэд өгөх юм. Мөн өөрийнхөө зовиур, оношид тохирсон эмийн зөвлөгөө өгөх чатботыг хөгжүүлжээ.
ЦХИХХ-ны сайдын зөвлөх М.Тулгат “Технологийн үсрэнгүй өөрчлөлтийн эрин үед хиймэл оюун өгөгдөл дээр суурилж байна. Засгийн газраас цахим шилжилтэд онцгойлон анхаарч, багц хуулиудыг баталсан. Цаашид өгөгдлийн засаглалыг бий болгохоор зорьж байна. Ялангуяа нээлттэй өгөгдлийг бизнес, судалгаа шинжилгээнд хэрхэн ашиглахад суралцаж, хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий” гэж онцоллоо.
Багууд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээг сайжруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор нээлттэй өгөгдлийг ашиглан, бизнесийн загваруудыг боловсруулж өрсөлдсөн. Тэргүүн байранд “Rookie systems”, дэд байранд “Data med” 2 баг шинэ санаа, шилдэг бүтээлээрээ шалгарч байсан юм.
Жайка УОХАБ-ын Хувийн хэвшил хариуцсан ажилтан Накамура сан “Японд нээлттэй өгөгдөлд суурилсан бизнес загвар нэлээд хөгжсөн. Энэхүү технологийгнэвтрүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Мобиком корпорацтай хамтарч төсөл хэрэгжүүлж байна. Энэ нь нээлттэй өгөгдлийг бизнест ашиглах давуу тал бий болох юм” хэмээн ярилаа.
Дээрх хугацаанд багуудыг зөвлөх үйлчилгээнд хамруулж, бүтээлийг нь хөгжүүлж, зах зээлд гаргахаар ажиллаж байна.