Home Улс төр Засгийн газар “Онц чухал мэдээллийг хадгалдаг дэд бүтэцтэй байгууллагууд кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох шийдвэр гаргалаа”

“Онц чухал мэдээллийг хадгалдаг дэд бүтэцтэй байгууллагууд кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох шийдвэр гаргалаа”

0
“Онц чухал мэдээллийг хадгалдаг дэд бүтэцтэй байгууллагууд кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох шийдвэр гаргалаа”

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2024.11.13) болж, кибер аюулгүй байдлыг хамгаалах, кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд онцгой анхааран ажиллахаар болжээ.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү танилцуулав.

Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар кибер аюулгүй байдлыг хамгаалах, кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр томоохон шийдвэрүүд гаргалаа.

Нэг эмнэлгийн асуудлыг хэвлэлээр мэдээллээд өнгөрөх биш улсын хэмжээнд онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллагуудын кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай.

Нэгдүгээрт, Монгол Улс НҮБ-аас гаргасан Кибер аюулгүй байдлын индексээр 193 орноос 103-т эрэмбэлэгдсэн. Ингэхдээ техник технологийн ур чадвар, гадаад дотоодын хамтын ажиллагааанд хамгийн муу үнэлгээ авч байна. Монгол Улсын кибер аюулгүй байдлын эрсдэлийн түвшинг тогтоох ажлыг Оксфордын их сургуультай хамтран эхлүүлээд  байна.

Хоёрдугаарт, онц чухал мэдээллийг хадгалдаг дэд бүтэцтэй байгууллагууд кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

Гуравдугаарт, улсын төсөв болон тухайн байгууллагын төсөв батлахдаа мэдээллийн технологийн зардал гэх ерөнхий зүйл ангиар биш кибер аюулгүй байдлын зардал гэдэг тусгай зүйл ангитай болж, кибер аюулгүй байдлын технологийн шинэчлэл, тэр дундаа албан ёсны лицензтэй программ хангамж ашиглах шийдвэр гаргаж байна.

Төгсгөлд нь, Монгол Улсад кибер зөрчил, халдлагатай тэмцэх албан ёсны гурван төв ажилладаг. Тагнуулын ерөнхий газрын дэргэд Кибер аюулгүй байдлын эсрэг үндэсний төв, БХЯ-ны дэргэд Батлан хамгаалахын кибер аюулгүй байдлын төв, “Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв” нь иргэд, хувийн хэвшлийг кибер халдлагад өртөхөөс сэргийлэхээс урьдчилан сэргийлэх, танин мэдүүлэх үүрэгтэйгээр ажилладаг.

Өнөөдөр Интермэд эмнэлгийн асуудлыг нийтээрээ ярьж байна. Дэлхийн өнөөгийн чиг хандлага бол кибер халдлагад өртсөн байгууллагыг буруутгахаас илүү дахиж ийм халдлага гаргахгүй байх тогтолцоог бүрдүүлэхийн төлөө ажиллах нь хамгийн зөв арга гэж үздэг. Хэрвээ кибер халдлагад өртсөн хувь хүн, байгууллагыг буруутгавал дараагийн байгууллага халдлагад өртсөнөө нуудаг. Тэгэхийн бол тухайн хортой код хаанаас орж ирснийг илрүүлэх явц нь удааширдаг.

Интермэд эмнэлэгт Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн дөрвөн мэргэжилтэн барьцаалагдсан есөн серверийг бүрэн сэргээхээр ажиллаж байна” гэлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here