More

    Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалт эхэллээ

    Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн шинэ барилгын бүтээн байгуулалт эхэллээ.

    6.6 га газарт баригдах музейн барилга 45 мянга орчим хавтгай дөрвөлжин талбайтай, талбайн хэмжээгээрээ Ази тивийн улс орнуудын байгалийн музейн дунд долоодугаарт эрэмбэлэгдэх юм.

    Өөрөөр хэлбэл Байгалийн түүхийн музей одоо түр байрлаж байгаа Лениний музейн барилгаас 13 дахин том гэсэн үг.

    2019 онд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Их тэнгэрийн аманд баригдаж байгаад ажил нь зогссон “Зочид буудал, хурлын цогцолбор”-ын барилгын зориулалтыг өөрчилж, Байгалийн түүхийн музей болгох шийдвэр гаргасан юм.

    Цар тахлын он жилүүдэд зураг төслийг өөрчлөх, гүйцэтгэсэн ажлыг хөрөнгөд бүртгэх, төлбөрийг нь шийдвэрлэх, гүйцэтгэгчийг шалгаруулах зэрэг ажил хийжээ.

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд оролцохдоо,  Засгийн газар, холбогдох яам, нийслэл, гүйцэтгэгч компанийн хамт олонд талархал илэрхийллээ. Ард иргэдийн оюун санаанд томоохон хөрөнгө оруулалт болох музейн барилгын ажлыг товлосон хугацаанд нь, чанартай барьж ашиглалтад оруулахад онцгой анхаарахыг хүсэв.

    Энэ музей шим ертөнц, хүн төрөлхтний үүсэл хөгжил, геологи, палеонтологи, газарзүй, биологийн төрөл зүйл, байгаль экологи, экосистемийн зүй тогтол, хувьсал өөрчлөлтийн тухай мэдлэг түгээн, байгалийн хуулиудыг хүүхэд багачуудад танин мэдүүлж, эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах, эх орноороо бахархах үзэл санааг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байгаагаа хэллээ.

    Мөн  бүс нутгийн болон олон улсын байгалийн шинжлэх ухааны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, судалгааны эх сурвалж, мэдлэгийн эх булаг болно гэдгийг тэмдэглэв.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Чингис хаан” үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, спорт цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлж байлаа. Цар тахал, эдийн засаг, геополитикийн хүндрэл, бэрхшээл тохиолдож байсан ч “Чингис хаан” үндэсний музей болон олон жил гацсан Үндэсний номын сангийн барилгын ажлыг гүйцээн, ашиглалтад оруулсан юм.

    Эдгээр бүтээн байгуулалт нь монголчууд оюун ухаан, мэдлэг чадвар, хүч хөдөлмөр, хүсэл зориг, эрч хүчээ нэгтгэн хамтран ажиллавал ямар ч зүйлийг даван туулж, хийж бүтээж чаддаг гэдгийн нотолгоо болсныг Ерөнхийлөгч онцоллоо.

    Ногоон байгууламж, авто зогсоол зэргийг цогцоор нь шийдсэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Содон Номин констракшн” компани ажиллаж байна.

    Музей 2026 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно.

    Байгалийн түүхийн музейн үндэс суурь 1924 онд тавигдаж, 1956 онд шинэчлэн байгуулагдсан түүхтэй. 1991 оноос Улсын төв музейн бүрэлдэхүүнээс гарч Байгалийн түүхийн музей болжээ.

    Өдгөө тус музей сан хөмрөгтөө байгаа 12 мянга орчим байгалийн холбогдолтой үзмэр, эд өлгийн зүйлээс нийтэд толилуулж, байгалийн чиглэлээр бие даасан болон хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулж байна.

    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img