Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-ийн төрийн айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын үеэр талууд хөдөө аж ахуй, мал аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл, мэдээллийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Үүнд:
- “ӨНДӨРЛӨГ ГАЗРЫН МАЛ АЖ АХУЙ, БЭЛЧЭЭРИЙН ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, БУТАНЫ ХААНТ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, МАЛ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”
Малын удмын санг сайжруулах, уг салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэх, үр хөврөлийн солилцоо хийх замаар малын үр шимийг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
Энэ хүрээнд сарлаг, адуу, хонин сүргийн удмын сангийн чадавхыг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан төрөлжүүлэх замаар эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллана. Мөн бэлчээрийн нөөц болон экосистемийг бүрдүүлэх зорилгоор бэлчээрийг сайжруулах, нөхөн сэргээх чиглэлээр туршлага солилцоно.
- “БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ БОЛОН БУТАНЫ ХААНТ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”
Хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа уламжлалт анагаах ухаан, гар урлал, уламжлалт соёл, урлагийн чиглэлээр оюутан харилцан суралцуулна.
Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр олон улсын хурал, уулзалт зохион байгуулна.
- “СОЁЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЯАМ, БУТАНЫ ХААНТ УЛСЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”
Соёлын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг дэмжих, музей хоорондын сургалт, соёлын солилцоог хөхиүлэн дэмжиж, хамтын ажиллагааны суурийг тавилаа. Бутаны Хаант Улсын Дотоод хэргийн яамны харьяа Соёл, хэлний агентлагтай уламжлал, шашин судлал, хэл судлал зэрэг салбарын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцов.
- “УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, БУТАНЫ ХААНТ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”
Уламжлалт анагаах ухааны салбарын эмч, мэргэжилтнүүдийг солилцох, сургалтад хамруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, уламжлалт эмийн үйлдвэрлэлийн талаар харилцан мэдлэг, сайн туршлага солилцоно.
- “МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗ (МNB) БОЛОН БУТАНЫ ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОРПОРАЦ (BBSC) ХООРОНД ТЕЛЕВИЗ, РАДИОГИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”
Харилцан контент, сайн туршлагаа солилцох, уран бүтээл хамтран туурвих, мэдээлэл технологийн салбарт мэдээллээ хуваалцана. Мэдээлэл солилцоо нь иргэдийн тухайн улсын талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх зорилготой бөгөөд үүгээр дамжуулан хоёр улс төдийгүй иргэд хоорондын харилцааг бэхжүүлэн хөгжүүлнэ.
Цог Жавхлант Хааны төрийн анхны айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүд байгуулж, хөдөө аж ахуй, мал аж ахуй, уламжлалт анагаах ухаан, соёл урлаг, зан заншил, үндэсний хувцас урлал зэрэг хоёр улсын хувьд харилцан ашигтай, нийтлэг сонирхол бүхий салбаруудаа хөгжүүлэхээр тохиролцлоо.