Хүүхдийн мөнгө олгох журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан и-халамж систем рүү иргэд нэвтрэхэд мэдээллийн зөрүүтэй байдал гарч, иргэдийг бухимдуулж байна. Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, ХНХЯ-ны дэд сайд С.Зулпхар болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Алдаа гарсныг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Хамгийн том алдаа нь өрхийн мэдээллийн нэгдсэн сан дээр гарч ирээд байна. Өрхийн мэдээллийн сан нь нэгжийн бага түвшиндээ мэдээллээс зохих хасалтыг хийдэггүй, мэдээллээ цаг тухай бүрт нь шинэчлээгүйн улмаас давхардал зөрүү үүсэж алдаа болсныг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн мөнгийг бодох аргачлалд мэдээлэл өгч байгаа
– Нийгмийн даатгалын ерөнхий газар
– Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар
– Авто тээврийн үндэсний төв
– Үндэсний статистикийн хороо
– Улсын бүртгэлийн ерөнхий газар
– Татварын ерөнхий газар гэсэн төрийн зургаан байгууллага нь мэдээллээ хоорондоо хангалттай солилцдоггүй, уялдаа муутай, мэдээллийн давхцал зэргээс хамаарч ийм асуудал үүсээд байна. Иймд эдгээр алдаа дутагдлаас үүдэж олон нийтийг бухимдуулсанд Засгийн газар хүлцэл өчье гэлээ.
Монгол Улс анх удаа төрд байгаа мэдээллээ нэгтгэж, олон улсын жишигт нийцсэн аргачлалаар хүүхдийн мөнгө олгох ажлыг хийж эхэлсэн нь энэ. Өрхийн мэдээллийн сангийн бүртгэл дээр асуудал үүсэж эхэлсэн учраас гарсан алдаануудыг арилгаж, цаашид цахимжих ажлаа улам шинэчлэн ажиллах болно гэдгийг тэрбээр онцоллоо.
Системд хүүхдийн мөнгө авна гэсэн өрхүүд мөнгө нь ямар нэгэн асуудалгүй орно. Харин байр, орон сууц, автомашины бүртгэлийн давхардлаас үүдэж өндөр орлоготой болж харагдаад хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байгаа иргэдийн мэдээллийг шинэчлэх ажлыг 14 хоногийн хугацаанд зохион байгуулж, Хүүхдийн мөнгийг нөхөж олгоно.
Харин иргэдийг шилжилт хөдөлгөөн болон үл хөдлөх хөрөнгийн мэдээллээ нягтлахыг хүслээ. “Мэдээллийн давхардлыг цэгцлэхээр Хүүхдийн мөнгө авах 91 хувь тодорхой болно. Төсөв хөрөнгө хангалттай байгаа” гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ.
Мөн энэ асуудлаар өдөр бүр 11 цагаас мэдээлэл хийж байхаар боллоо.
Home Улс төр Засгийн газар Иргэдийн мэдээллийг шинэчлэх ажлыг 14 хоногийн хугацаанд шийдэж, Хүүхдийн мөнгийг нөхөж олгоно