Home Эрүүл мэнд ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД САХИЛГА, ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛАХ АЛБАН ДААЛГАВАР ГАРГАЛАА

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД САХИЛГА, ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛАХ АЛБАН ДААЛГАВАР ГАРГАЛАА

0
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД САХИЛГА, ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛАХ АЛБАН ДААЛГАВАР ГАРГАЛАА
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн салбар, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй бүх шатны байгууллагад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр тодорхой үүрэг бүхий  албан даалгавар гаргалаа.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд ээлтэй зохион байгуулж, эмнэлгийн яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүй үзүүлэх
Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг дээшлүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангах, эрүүл мэндийн удирдах, гүйцэтгэх ажилтны ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор гаргасан уг албан даалгавраар

Эрүүл мэндийн бүх шатны байгууллагын дарга, захирлуудад

-“Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан даалгавар, “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, “Төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах тухай” Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 02 дугаар зөвлөмжийг биелүүлэх,
-Эрүүл мэндийн байгууллага өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авах утас, цахим хаягийг олон нийтэд ил тод байршуулах, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, ажилтнуудын харилцаа, ёс зүйтэй холбоотой асуудлаар иргэд, байгууллагаас төрийн бүх шатны байгууллагад тавьсан өргөдөл гомдол, санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, ил тод мэдээлж байх,
-Байгууллагад авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, шударга бус байдал гаргахгүй байх талаар соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах,
-Байгууллагын “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо”-ны үйл ажиллагааг эрчимжүүлж, эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг чанд мөрдүүлэх, удирдах, ажилтнууд өөрсдөө ёс зүйн манлайлал үзүүлэх,
-Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал болон дотоод асуудал хариуцсан нэгж, албан тушаалтнуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлж, тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалтай холбоотой стандарт, дүрэм, журам, удирдамж, зааврыг эрүүл мэндийн ажилтнуудад тухай бүр танилцуулан чанд мөрдүүлэх, хэрэгжилтэд тавих хяналтыг тогтмолжуулах,
-Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн байгууллагад дархлаажуулалттай холбоотой асуудлаар гарсан алдаа, зөрчлийг давтахгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад анхааруулж, эм, эмнэлгийн хэрэгслийн бүртгэл, хаягжилт, хугацаа, хадгалалт, хэрэглээнд тавих хяналтыг сайжруулах,
-Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмч, эмнэлгийн ажилтны ёс зүйтэй холбоотой асуудлаар гарсан алдаа дутагдал, хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагааг нуун дарагдуулахгүйгээр тухай бүрт хариуцлага тооцож, ил тод мэдээлж байх,
-Төсвийн шууд захирагч нар Төрийн хэмнэлтийн тухай хуулийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, үр ашиггүй зардал гаргахгүй байх, шилэн дансны мэдээллийг хуульд заасан хугацаанд бүрэн гүйцэд байршуулж хэвших,
-Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд ээлтэй зохион байгуулах талаар шинэлэг санаачлага гаргаж үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, байгууллагын үйлчилгээний соёл, ажилтнуудын харилцаа хандлагыг сайжруулах,
-Иргэнд эмнэлгийн яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүй үзүүлж, эмнэлгийн орц, гарцыг түргэн тусламжийн болон үйлчлүүлэгчийн автомашин нэвтрэхээр чөлөөтэй болгох, Хүлээн авах, Яаралтай тусламжийн хэсгийг харагдахуйц, орой, шөнийн цагаар гэрэлтүүлэг бүхий хаяг, тэмдэг, тэмдэглэгээтэй болгох,
-Эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийг тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаарч, хууль бус халаа сэлгээ, томилгоо хийхгүй байхыг үүрэг болгов.

Иргэнээс эм тариа, эмнэлгийн хэрэгслийг давхардуулан гаргаж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж, зөрчлийг таслан зогсоох
Мөн энэхүү албан даалгавраар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт

-Эрүүл мэндийн анхан шатны байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах зорилгоор санхүүжилтийг бүрэн олгох нөхцөл бүрдүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллах,
-Эрүүл мэндийн байгууллагад олгох тусламж, үйлчилгээний сахүүжилтийг “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах тухай” Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 13 дугаар тогтоолын дагуу эрүүл мэндийн тухайн байгууллагатай байгуулсан гэрээнд заасан цаг хугацаанд нь олгож байхыг даалгасан.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт
-Улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн байдалд тогтмол хяналт тавьж, эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал, хомсдол үүсэхээс сэргийлж, нөөц бүрдүүлэхэд эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах,
-Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, тасалдал, эмийн үнэд үзүүлж байгаа хөнгөлөлтийн талаар иргэдээс гаргаж байгаа санал гомдол, шүүмжлэлийг судлан дүгнэлт гаргах, мэдээлэх, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг шуурхай шийдвэрлэх,
-Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэнээс эм тариа, эмнэлгийн хэрэгслийг давхардуулан гаргаж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж, зөрчлийг таслан зогсоох бүх талын арга хэмжээг авч ажиллах үүрэг өгсөн.
Сайдын албан даалгаврыг салбарын хэмжээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагад хэрэгжүүлэн, хэрэгжилтийн тайланг улирал бүр танилцуулахыг ажил хариуцаж буй хүмүүст даалгалаа.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here