More

    Ерөнхий прокурорын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэв

    Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Улсын Ерөнхий Прокурорын Газрын нэхэмжлэлтэй О-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өчигдөр хэлэлцжээ.

    Хариуцагч О-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг үйлдсэн болохыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон тул төрд учруулсан гэм хорын хохиролд 644,955,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгуулах тухай нэхэмжлэлийг Монгол Улсын Ерөнхий прокурорын газар иргэний хэргийн шүүхэд гаргажээ.

    Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч О-гоос 644,955,000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ хэмээн Дээд шүүхээс мэдээллээ.

    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img