Сангийн сайд Б.Жавхлан НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра болон НҮБ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар НҮБ-ын зүгээс 2023-2027 он хүртэл баримтлах НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны баримт бичгийг танилцуулсан бөгөөд Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудын индикаторыг хэрхэн сайжруулах, тус үйл ажиллагаатай холбоотойгоор стратеги боловсруулах, холбогдох байгууллагуудад танилцуулах талаар ярилцлаа. Мөн түүнчлэн, НҮБ нь ойрын хугацаанд Монгол Улстай хамтран “Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоо”-г байгуулах талаар санал солилцсон бөгөөд тус үндэсний хөгжлийн бодлогыг боловсруулснаар төсвийн болон хувийн хэвшлийн санхүүжилтийн эх үүсвэрүүдийг тогтвортой хөгжлийн зорилтуудтай сайтар уялдуулах, түүнд чиглэсэн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах замаар тогтвортой хөгжлийн зорилтуудтай хүрэх явцыг хурдасгах боломж бүрдэх юм.