More

    Тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг 35 хувь бууруулна

    Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Олон улсын тээврийн форум хамтран “Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг тодорхойлох нь” сэдэвт семинарыг 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж байна. Үйл ажиллагааг нээж Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич, Олон улсын тээврийн форумын нарийн бичгийн даргын ажлын албаны дарга Яри Кауппила нар үг хэлэв.

    Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Монгол Улсын хувьд Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”  бичиг баримтад хүлэмжийн хийн ялгарлыг 2030 гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаар төлөвлөөд байгаа. Тэр дундаа тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг 2030 онд 35 хувь бууруулахаар төлөвлөн ажиллаж байна. Тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд хийн, цахилгаан, хосолмол гэх мэт байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, Евро-5 стандартын шатахуунд бүрэн шилжих, нийтийн тээврийн шинэ төрлийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд хийсэн судалгаанаас харахад иргэд түгжрэлд нэг өдөрт 2.5 цаг, нэг жилд 35 өдрийг буюу түгжрэлийн улмаас нийт 2.7 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн.

    Зам, тээврийн хөгжлийн яам болон нийслэлийн удирдлага дээрх асуудлуудыг шийдвэрлэх арга замуудыг эрэлхийлэн буй энэ үед Олон улсын тээврийн форумаас “Улаанбаатар хотын тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг нийтийн тээврийг хөгжүүлэх замаар бууруулах судалгаа-г тээврийн загварчлал дээр тулгуурлан хийж буй явдал цагаа олжээ.

    Тус төслийн багийн судалгаанд амжилт хүсэж Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-аас Төв Ази болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгийг хамарсан НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт болон уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад улс орнуудын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх 4 жилийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа явдалд мөн талархал илэрхийлье” гэв.  Үүний дараа Нийтийн тээврийн газар  “Улаанбаатар хотын тээврийн систем”,  Хот төлөвлөлт, судалгааны институтээс “Хотын бүс, хүн ам, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа” сэдвээр танилцуулга хийлээ.  Тус семинар үргэлжилж байна.

    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img