Европын Холбооны Ойрхи дорнод, Номхон далайн бүсийг хариуцсан захирал Жан Луи Виль тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Төлөөлөгчид МҮХАҮТ, Монгол-Европын ХАҮТ болон манай улсад хэрэгжиж буй төслийн кластеруудын төлөөлөлтэй уулзав. Тодруулбал, уулзалтад Европын Холбооны санхүүжилтээр 2017-2021 онд хэрэгжсэн Монголын Худалдааг дэмжих төсөл (ТRАМ)-ийн дэмжлэгээр байгуулсан экспортын бараа бүтээгдэхүүний 4 кластерийн төлөөлөл, “Монголын Экспортын кластер сүлжээ” ТББ-ынхан оролцож Европын Холбоо, Монгол Улс хооронд худалдааг дэмжих талаар хэрэгжүүлсэн өмнөх хамтын ажиллагаа, цаашид хийх ажлын талаар санал солилцлоо.
МҮХАҮТ-аас “Ноосон эдлэлийн гар урлалыг дэмжих” ТББ, Сарлагийн арьсны кластер, Гоо сайхны бүтээгдэхүүний кластер, Чацарганы кластерын төлөөллүүд 100 гаруй гишүүнийг төлөөлж ололт амжилт болон тулгарч буй бэрхшээлийн талаар санал бодлоо солилцож олон улсын кластерын сайн туршлагаас суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Европын Холбооны төлөөлөгчид Монгол Улс Generalised Scheme of Preferences (GSP+) тогтолцооны шаардлагуудыг хангаж бүрэн ашиг тусыг нь хүртэж буй 7 улсын нэг гэдгийг цохон тэмдэглэв. Монгол Улсын гадаад худалдаа хөгжиж буй энэ үед үйлдвэрлэлийг хөгжүүлж, төрөлжүүлэх, дэд бүтэц бий болгох шаардлага үүсч байгааг онцоллоо. Европын Холбоо GSP буюу Хөнгөлөлтийн ерөнхий системд Монгол Улсыг хамруулж 7200 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх хөнгөлөлтийг бий болгосон. Түүнчлэн худалдааг дэмжих хүрээнд ТRAM төсөл кластеруудын экспортыг дэмжиж чанарын стандартыг нэвтрүүлж байна. Тэр дундаа “Увсын чацаргана” газар зүйн заалтыг Европын Холбоонд бүртгэснээр хуурамч бүтээгдэхүүн борлуулахаас хамгаалж, ажлын байр бий болж, өрсөлдөхүйц үнэ тогтоох боломжтой болох зэрэг ач холбогдолтойг онцлон тодотгож байна.
Европын Холбооны төлөөлөгчид ТRАМ төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэхээр төлөвлөх шатандаа байгааг дуулгалаа. Мөн хамтын ажиллагааны шинэ боломжууд нээгдэхийг илэрхийлж ТRАМ төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн Танхимд талархал илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд төлөөлөгчид экспортын кластерын компаниудын бүтээгдэхүүнтэй танилцав.
Эх сурвалж:/МОНЦАМЭ/