Site icon Nlive.mn

Дроны туршилтын бүс байгуулна

Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаар Дроны туршилтын бүс байгуулах шийдвэрийн төслийг баталлаа. Тодруулбал, дрон, хүнгүй агаарын хөлгийн систем (UAS)-ийг 500 метрийн өндөрт турших байнгын ажиллагаатай туршилтын бүс (төрөлжсөн)-ийг Дархан-Уул аймаг болон Баянзүрх-Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байгуулна. Цаашид судалгаагаар тогтоогдсон бусад байршилд дроны туршилтын бүс байгуулахад шаардлагатай эрх зүйн болон бусад зохицуулалт хийх ажлыг эрчимжүүлнэ.

Дроны туршилтын бүс байгуулснаар дэвшилтэт шинэ технологийг эх орондоо турших, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, геологийн хайгуул, байгаль орчны тандалт шинжилгээ хийх, эрчим хүч, онцгой байдал, алслагдсан сум суурин газарт интернэтийн үйлчилгээг хүргэх арга хэрэгсэл болгон ашиглах юм. Мөн “Дрон такси” үйлчилгээг нэвтрүүлэх суурь нөхцөл бүрдэж байна.

Энэ бүхнийг “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” болон урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдуулж, төр, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулсан. Мөн Иргэний нисэхийн Ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар холбогдох бусад байгууллагатай хамтран агаарын замаас зайдуу, өндрийн хязгаарлалтай болон өндрийн хязгаарлалтгүй цэгийг тогтоожээ. Улмаар радио давтамж, радио долгион, цахилгаан соронзон орны нөлөөллийн судалгаа хийн, дроны туршилтын бүс байгуулах боломжтой газрын байршлыг тодорхойлж, Засгийн газрын хуралдаанаар танилцуулж, батлууллаа.

Монгол Улсад аливаа агаарын хөлөг, төхөөрөмжөөр гүйцэтгэх нисэхийн үйл ажиллагааг Иргэний нисэхийн тухай (1999), Радио долгионы тухай (1999), Улсын нисэхийн тухай (2003), Агаарын зайг нисэхэд ашиглах тухай (2003) хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан Иргэний нисэхийн багц дүрмээр зохицуулдаг. Үйл ажиллагаа эрхлэгчийн эрх, үүрэг, аюулгүй байдлын эрсдэл, нислэгт тэнцэх чадварын норм нормативыг тогтоон, нисэхийн агаарын зайг А, В, С, Е, F, G гэсэн ангилалд хувааж, холбогдох зөвшөөрлийг олгох байдлаар хэрэгжүүлж ирсэн.

Үүнээс дроныг нисэхийн агаарын зайг ашиглах G ангилалд хамааруулж, 25 кг-аас ихгүй жинтэй, газрын түвшнээс дээш 120 метрээс хэтрэхгүй өндөрт, зөвхөн өдрийн цагаар нисгэх зохицуулалттай. Мөн үндэсний болон нисэхийн аюулгүйн хамгаалалт, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлын бусад шалтгаанаар олон улс болон орон нутгийн нисэх буудал, “Иргэний нисэхийн дүрэм 71”-д  заасан хязгаарлалттай, хамгаалалттай бүсэд нислэг үйлддэггүй.

Гэвч дэвшилтэт технологийн хөгжлийг дагаад дээрх хууль, эрх зүйн баримт бичгээр зохицуулж байсан дроны жин, хурд, нислэгийн өндөр болон зайн хязгаарлалт зэргээс давсан үзүүлэлттэй дронууд хэрэглээнд нэвтэрч эхэлсэн. Энэ нь агаарын зай болон аливаа нислэг хөдөлгөөнд аюул учруулах, хууль бус зүйлс тээвэрлэх, тагнуулын үйл ажиллагаа эрхлэх, кибер халдлага үйлдэх, зөвшөөрөлгүйгээр дроны туршилт хийж олон нийтийн аюулгүй байдалд халдах зэрэг эрсдлийг бий болгожээ. Тиймээс улс орнууд дэвшилтэт шинэ технологийг турших, нэвтрүүлэх суурь орчныг бүрдүүлж, энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих зорилгоор туршилтын чөлөөт бүс (Dron testing zone, Geo zone) байгуулан, нийгэм, эдийн засгийн хөгжлөө дэмжихээр зорьж байна.

Exit mobile version