Home Улс төр Засгийн газар Төрийн байгууллагын дижитал шилжилтийг эрчимжүүлнэ

Төрийн байгууллагын дижитал шилжилтийг эрчимжүүлнэ

0
Төрийн байгууллагын дижитал шилжилтийг эрчимжүүлнэ

НҮБ-аас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс энэ онд 193 орноос 46 дугаар байрт эрэмбэлэгджээ. Тус үзүүлэлтээр 2022 онд 74 дүгээр байрт жагссан бол 2024 онд 28 байраар урагшиллаа. Гэвч төрөөс үзүүлж буй үйлчилгээ иргэдэд хэрхэн хүрч байна вэ, иргэдийн хэрэгцээг хангаж чадаж байна уу, үр дүнтэй байна уу гэдгийг эргэн харах шаардлага бий. Учир нь дээрх асуудлыг шийдвэрлэхэд  зөвхөн хуулийн шинэчлэл хангалтгүй юм. Төрийн байгууллагын бүтэц, институц, хүний нөөц зэрэг өргөн хүрээнд авч үзэн, реформ хийх асуудлыг Ерөнхий сайдын дэргэдэх “Эдийн засгийн бодлогын зөвлөл”-ийн өнөөдрийн хурлаар хэлэлцлээ. Ингэснээр “Төрийн байгууллагын бүтцийн дахин шинэчлэл”-ийг хийх юм.

Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас төрийн үйлчилгээг цахимжуулах, дижитал хөгжлийг түүчээлэх бодлогыг хэрэгжүүлж буй. Тухайлбал, иргэд e-mongolia платформоор дамжуулан төрийн үйлчилгээг цахимаар авах боложийг бүрдүүлсэн. Мөн цахим шилжилтийг орон нутагт хэрэгжүүлж “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг гаргасан. Одоогийн байдлаар Дархан-Уул, Өвөрхангай аймагт амжилттай хэрэгжээд байна. Цаашид бусад аймагт нэвтрүүлэхээр ажиллаж буй. Түүнчлэн эрүүл мэнд, батлан хамгаалах зэрэг бүхий л салбарын цахим шилжилтийг хурдасгах зорилгоор үе шаттай уулзалт зохион байгуулж байна.

 

ЦХИХХ-ны сайдын зөвлөх М.Тулгат “Цахим шилжилт хэмээх нэрийн дор хоорондоо уялдаагүй системийн хөгжүүлэлт хийгдэж байна. Тиймээс төрийн үйл ажиллагааг цахимжуулахад нэгдсэн загвар, дизайн гаргах шаардлага бий. Төрийн үйлчилгээ, цахимжилтад дахин инженерчлэл хийх, хөгжүүлэх тухай яригдаж байна. Мөн платформ хөгжүүлэлтийг цаашид аваад явах төрийн албан хаагчийн чадвар, удирдлагын менежментээс хамаараад тухайн платформыг ашиглахгүй байх, дата бүрддэггүй зэрэг асуудлууд гардаг. Тиймээс төрийн албан хаагчдын цахим  ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй” хэмээн ярилаа.

ЦХИХХЯ шинэ бүтцээ баталж, Дахин инженерчлэлийн нэгжтэй болсон. Тиймээс Засгийн газрын 36 агентлагт процессын дахин инженерчлэлийг хийхийн тулд шилжилтийн хугацааг тооцох, мөн энэхүү шинэчлэлийг нэгдсэн зохион байгуулалттайгаар зэрэг хийх үү эсвэл асуудал ихтэй яам, агентлагаас эхлэх үү гэдгээ тодорхойлох шаардлагатай. Улмаар хувийн хэвшлийн байгууллагатай хэрхэн хамтарч ажиллах асуудал ч хөндөгдөнө.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар “Агентлаг байгуулагдаад нэг жилийн хугацаанд “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”, хувийн хэвшлийн байгууллагтай хамтран жижиг дунд үйлдвэрийн газарт процессын дахин инженерчлэл хийсэн. 35 хүний нөөцтэй жижиг агентлагт үүнийг хэрэгжүүлэхэд 2 сар 15 хоног зарцуулсан. Энэ хүрээнд ЖДҮГ-аас 7-8 байгууллага руу явж бүрдүүлдэг байсан материалыг цахимаар шийдэх боломжийг олгосон. Энэ мэтчилэн шинэчлэл хийх 36 агентлаг бий. Мөн 21 аймгийн мэдээллийг нэгтгэхээр ажиллаж байна. Үүнээс 18 аймаг нь мэдээллээ ирүүлж, 6391 үйлчилгээ үзүүлж буй статистик гарсан. 36 агентлагаас 755 үйлчилгээний жагсаалт ирсэн. Үүнээс цахимжих боломжтой, боломжгүй үйлчилгээнүүд ч бий. Энэ бүгдийг нарийвчлан судалж, ангилах шаардлага үүссэн” гэж онцлов.

Үүний зэрэгцээ, тус яам нь Дэлхийн банктай хамтран “Ухаалаг засаг-2” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд төрийн 100 үйлчилгээнд цахим үйлчилгээний нэгдсэн стандарт нэвтрүүлэхээр зорьж буй. Тухайлбал, e-mongolia системд төрийн бүх үйлчилгээг цахимжуулж, шийдэх бус, яам, агентлаг, төрийн статустай байгууллага бүр тодорхой шаардлага хангасан үйлчилгээг нэгдсэн стандартын дагуу нэвтрүүлэх тухай хөндлөө. Учир нь хоорондоо ямар ч уялдаагүй, төрийн байгууллага бүр өөрийн үйлчилгээгээ иргэдэд санал болгодог ийм замбараагүй байдал үүсжээ.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр “Манай байгууллага 2023 онд байгуулагдсан. Энэ хугацаанд “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” болон зарим яам агентлагтай хамтран дахин инженерчлэл хийсэн. Гэвч 1992 онд батлагдсан анхны Үндсэн хуульд үндэслээд бүтэц, төрийн байгууллагын чиг үүрэг, хүний нөөцийн бодлого анхны зарчим өнөөдөр ч огт өөрчлөгдөөгүй. Тиймээс иргэн, хуулийн этгээдэд нээлттэй байх, өргөдөл гомдлыг нь цаг алдалгүй шийдвэрлэх, шийдвэр гаргалт, хүний нөөцийн бодлого хаана алдагдаж байна, чиг үүргийн чадамжийг үнэлэх, дүгнэх, хамтарч ажиллах, төрийн бүтээмжийг үр ашигтай, хүртээмжтэй байлгах чиглэлд уялдаатай шийдвэр, бодлогыг хэрэгжүүлдэг байх шаардлагатай. Үүн дээр НҮБ, Дэлхийн банк, Олон улсын зөвлөхтэй хамтран ажиллаж байна. Удахгүй аль чиглэлээр явах нь үр дүнтэй эсэх нь тодорхой болно” гэлээ.

Төрийн чадамжийг нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах, төрийн үндсэн үүргийг алдахдуулахгүйгээр шинэчлэх  нь чухал. Энэ хүрээнд төрийн байгууллагыг цомхон болгох асуудал ч хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс “Төрийн байгууллагын бүтцийн шинэчлэлийн хүрээнд зөвхөн албан хаагчдыг ярих бус төрийн байгууллагын тогтолцоо ямар түвшинд байх, төрөөс ямар чиг үүргийг хэрэгжүүлэх, төрийн системээ хэрхэн шинэчлэх тухай хөндөх шаардлага бий. Одоогийн байдлаар Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагч 10 гаруй чиг үүргийг хэрэгжүүлж байна. Тиймээс хүний нөөцийн мэдээлэлд аудит хийж, нийт төрийн албан хаагчдыг бүртгэх цахим системийг бий болгоод байна” гэж онцлов.

Засгийн газрын Хүний нөөцийн газрын хэлтсийн дарга Ж.Гантулга “Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, бүтцийн өөрчлөлтийг ярихаас өмнө төрд ямар ур чадвар нөөц байна вэ гэдгийг эхэлж тодорхойлох хэрэгтэй. Төрийн үйлчилгээ авч буй иргэдийн сэтгэл ханамж бага байхад нөгөө талдаа төрийн үйлчилгээ сайн гээд дүгнээд байж болохгүй. Төрийн албан хаагч, хүний нөөцийн бодлогыг тодорхойлохдоо гүйцэтгэлийн үр дүнг тодорхойлдог байх, их өгөгдөлд суурилсан хүний нөөцийн бодлогыг дүгнэх шаардлагатай. Гэтэл төрийн байгууллагын хүний нөөцийн мэдээлэл шинэчлэгддэггүй, архивын шинжтэй байдаг. Ялангуяа боловсролын чиглэлийн мэдээлэл огт байдаггүй. Мэдээллээ өөрсдөө шалгадаг, мэдээлэл нь шинэчилэгдээгүй бол хүний нөөцтэйгөө ярьж, өөрчлөлт оруулдаг байх процесс огт алга. Тиймээс их өгөгдлийн мэдээллийг шинэчлэх зорилгоор өнгөрөгч зургадугаар сард систем нэвтрүүлсэн. Түүнчлэн төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээг хийхийн тулд ЗГХЭГ, Койкатай хамтран 2023-2025 онд төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд цахим ур чадварыг нэмэгдүүлэх, удирдах ажилтны чадварыг сайжруулах, гүйцэтгэлийн үнэлгээний шинэ системийг нэмэгдүүлэхээр зорьсон” хэмээн ярилаа.

Ордны баруун жигүүрээс зүүн жигүүр рүү бичиг баримт очих гэж 8 дамжлага дамжиж, сар орчмын хугацаа зарцуулж байна. “Цаасгүй засаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй энэ үед цахим шилжилт хийхэд хөтлөх 109 хуулиа “амилуулах” тухай ч ярилаа. Цаасаар харилцдаг хуучин соёлыг халж, Засгийн газраас гаргасан шийдвэрийг амьдрал дээр хэрэгжүүлэх, төрийн бүх салбарт бүтээмж нэмэгдүүлэх, Төрийн албанд реформ хийх тухай хөндөв.

 

Профессор, МУИС-ийн Бизнес сургуулийн захирал Н.Батнасан “Бүтцийн шинэчлэл хийхээс өмнө энэхүү шинэчлэлийн систем нь Олон улсад хөрвөх чадвартай эсэхийг тодорхойлох нь чухал. Жишээлбэл, ГЕГ-ын системийг гурван удаа шинэчилсэн боловч ашиглаж чадахгүй байна. Шинэчлэлийн системээ  гадаадын мэргэжилтнүүдээр хийлгэж, өнөөх нь нутагшдаггүй. Тиймээс өөрсдөө эх кодоо бүтээх, хийх шаардлага байна. Мөн төр цомхон бүтэцтэй бизнесийн зарчмаар ажилладаг корпорац шиг болох. Түүнчлэн төрд санах ой, уураг тархи алга. Төрийн байгууллага Их дээд сургуулийг түшиглэсэн “Тинк Танк” байгуулах, Их сургуулийн эрдэмтэн мэргэдтэй хамтран ажиллах хэрэгтэй” хэмээн ярилаа.

Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвөөс төрд байгаа их өгөгдөлд анализ хийсэн. Тус судалгаагаар төрийн албанд голч дүн багатай хүмүүс үлдэж, өндөр голч дүнтэй мэргэжилтнүүд ажлаас гардаг нь харагдсан” хэмээн ярив.

Түүнчлэн төрийн байгууллагууд лицензтэй програм болох “0ffice 365” ашиглах, улмаар мэдээллээ хамгаалах тухай хөндөгдлөө. Яам, агентлаг бүрт мэдээллийн технологийн зардал тусгагддаг ч лицензгүй програм ашиглаж, төрийн мэдээллийг эрсдэлд оруулах нөхцөл үүсэж байна.

Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны ажлын албаны дарга С.Тэнгис “Олон тооны систем, хоорондоо уялдаагүй чиг үүрэг, давхцалыг шийдвэрлэхийн тулд төрийн үйлчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлсэн. Цахим хөгжлийн багц хууль ч гарсан. Энэ хүрээнд 109 хууль, түүнийг дагалдах дүрэм, журам бий. Хамгийн гол нь Социализмын үеийн үндсэн дүрэм журам, төрийн тогтолцоо амь бөхтэй оршиж байна. Иргэдийн хандлагыг ч өөрчлөх асуудал бий” хэмээн онцлов.

Хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам, Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Эдийн засгийн бодлогын зөвлөл, Төрийн бүтээмжийн үндэсний хороо,  “Алсын хараа 2050”, Салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо, Засгийн газрын хүний нөөцийн газар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын төлөөллүүд оролцлоо.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here