Nlive.mn

Ц.Баатархүү: Технологийн томоохон компаниудтай хамтран ажиллана

БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд өнөөдөр |2024.11.06| Ханжөү хотод байрладаг дэлхийд нэр хүндтэй “Алибаба групп” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хурдтай хөгжлийн гурван шилжилтийг хийхэд Алибаба групп манай улстай төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хүний нөөц чадавхжуулах, боомтуудын дижитал шилжилт, уул уурхайн ухаалаг тээврийн систем зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар болсныг онцлов.

Мөн “Алибаба групп” компанийн Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Вэнь Жя Тан Монгол Улстай цахим худалдааны платформ хөгжүүлэлт, ухаалаг хотын бүтээн байгуулалт, тус компанийн “Flipig” платформыг түшиглэж хоёр улсын аялал жуулчлалыг шинэ шатанд хөгжүүлэх зэрэг олон талаар Монгол Улсын төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

“Алибаба групп” компани худалдаа, технологи, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том группийн нэг бөгөөд өдгөө дижитал медиа, үүлэн технологи, хиймэл оюун, энтертайнмент, тээвэр логистик, санхүүгийн үйлчилгээ зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан корпораци юм. Үүнээс гадна Ханжөү хотыг түгжрэлгүй, БНХАУ-ын ухаалаг, дэвшилтэт технологийн тэргүүлэх хот болон хөгжихөд тус компани чухал хувь нэмэр оруулжээ.

Exit mobile version