Nlive.mn

“Huawei” компанитай хамтарч ажиллах Ажлын хэсгийг Ц.Баатархүү ахална

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-оо үргэлжлүүлж, технологийн хөгжлийн дагуу гурван шилжилт хийхээр шийдвэрлэсэн. Нэгдүгээрт, хиймэл оюунд түшиглэсэн цахим, ухаалаг технологийг хөгжлийн хурдасгуур болгох, хоёрдугаарт, ногоон хөгжлийн шилжилт, гуравдугаарт, хүний нөөцийн шилжилт буюу хүний нөөцийг чадавхжуулах, орчин үеийн техник, технологийг ашиглаж бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүд БНХАУ-ын Шанхай хотноо болох “Хятадын олон улсын импортын VII экспо”-д оролцох айчлалын хүрээнд “Huawei” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн “Huawei” компанийн шинэ технологийн туршлагуудыг судлах, ухаалаг хотыг бүтээн байгуулах, дижитал эрчим хүч, технологийн салбарын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Монгол Улсын Засгийн газар тус компанитай хамтран ажиллахаар болов.

Улмаар хамтын ажиллагааг Засгийн газраас дэмжиж, эрчимжүүлэхийн тулд 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic, ногоон эрчим хүчний чиглэлээр хоёр талын хамтарсан Ажлын хэсгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгээр ахлуулж байгууллаа.

“Huawei” технологийн компани Монгол Улсад 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Олон улсын мэргэжлийн сертификаттай Монгол болон бусад орны нийт 50 гаруй инженер, технологийн мэргэжилтнүүд өндөр хурдны, чанартай, найдвартай сүлжээг Монгол Улсын хот, аймгийн төвүүд, алслагдсан сум, багт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүч, хөдөө, орон нутгийн харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Судалгаa хөгжүүлэлтийн төвүүд нь хиймэл оюун (AI), үүлэн тооцоолол, их өгөгдөл (big data) зэрэг салбарт төвлөрдөг онцлогтой.

“Huawei”  компани нь 170 гаруй улсад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт Cloud AI, ногоон эрчим хүч, цахилгаан машин, ухаалаг утас, өндөр хурдны 5G, 6G сүлжээний технологийг түгээдэг. 2018 онд “Apple”, 2020 онд “Samsung” брэндийг борлуулалтаараа гүйцэж түрүүлж байсан юм.

Exit mobile version