Site icon Nlive.mn

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ ГАРГАЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийлээ.

Хоёр улсын төрийн тэргүүн (цаашид “Талууд” гэх) 1992 оны “Дипломат харилцаа тогтоох тухай Протокол” болон 1993 оны “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-гээр бэхэжсэн Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа 1998, 2007, 2008 оны “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хамтарсан мэдэгдэл”-ийн зарчимд тулгуурлан тууштай хөгжиж ирснийг өндрөөр үнэлэв.

Талууд Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр, логистик, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарт өргөжин хөгжиж, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжиж буйг сайшаан тэмдэглэв.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын уламжлалт найрсаг харилцааг НҮБ-ын Дүрмийн дагуу, хоёр талын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх тэгш байх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бусад зарчим, хэм хэмжээг хүндэтгэх үндсэн дээр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улс төдийгүй Төв Азийн бүс нутаг, олон улсад энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт Талууд санал нэгдэж, хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тогтов.

Талууд “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан 1. Улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах; 2. Худалдаа, эдийн засаг; 3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн технологи; 4. Тээвэр, логистик, аялал жуулчлал, иргэдийн харилцаа; 5. Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн таван  тулгуур чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэхээр тогтов. 

Нэг. Улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах:

Хоёр улсын төрийн тэргүүн дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний механизмыг тогтмолжуулж, хоёр орны төр, засгийн тэргүүн нарын ойр дотно харилцааг гүнзгийрүүлэн, улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэхээр болов. Мөн хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог бататгаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, хүчний болон хууль сахиулах байгууллага хоорондын харилцааг өргөжүүлэн бүс нутгийн хэмжээнд итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцлов.

Хоёр. Худалдаа, эдийн засаг:

Талууд орчин үеийн техник технологи, хоёр улсын хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Монголын байгалийн арвин нөөц зэрэг Монгол, Казахстаны давуу тал, хөгжлийн нөөц бололцоог ашиглан харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтов. Талууд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д тусгагдсан зорилтуудын хүрээнд хамтран ажиллахаар болов.

Гурав. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн технологи: 

Хоёр улсын төрийн тэргүүн орчин цагийн мэдээлэл технологийн эрин үетэй хөл нийлүүлэн боловсрол, шинжлэх ухаан, цахим технологи, харилцаа холбоо зэрэг ирээдүй рүү чиглэсэн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол, Казахстаны соёлын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, улмаар нүүдэлчин соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгдэв.

Дөрөв. Тээвэр, логистик, аялал жуулчлал, иргэдийн солилцоо: 

Талууд худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх хүрээнд агаарын тээврийн харилцааг эрчимжүүлэх, Улаанбаатар-Астана чиглэлийн шууд нислэг үйлдэх, тээвэр, логистикийн шинэ маршрутыг шат дараатайгаар бий болгох, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар иргэдийн солилцоог нэмэгдүүлэх, хоёр орны ард түмний хэлхээ холбоог бататган бэхжүүлэхийн чухлыг онцлов.

Тав. Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа 

Хоёр улсын төрийн тэргүүн бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тогтов.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев-ын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлж, хоёр улсын харилцааны шинэ түүхэн хуудсыг нээсэн онцгой ач холбогдолтой үйл явдал болов.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд Казахстаны төлөөлөгчдийг халуун дотно, найрсгаар хүлээн авсанд талархал илэрхийлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тааламжтай цагтаа Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхийг урив.

Exit mobile version