Nlive.mn

Сансар судлалын чиглэлээр Франц улстай хамтран ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Коринн Пэрераг өнөөдөр (2024.10.23) хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд Монгол Улсын Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зарласны хоёр нь Франц Улстай хамтран хэрэгжүүлэхээр байгаа талаар онцолж, Үндэсний хиймэл дагуултай болох мега төслийг хэлэлцэж байх үеэр эрхэм Элчин сайдтай уулзаж байгаад талархал илэрхийллээ.

Цахим хөгжил,инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү

 

Үндэсний хиймэл дагуул мега төсөл нь УИХ-ын Байнгын хороо болон нэгдсэн Чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэхээр төлөвлөгдөөд байна. Улсын Их Хурлаас зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсны дараа хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээ хийгдэж, гэрээнд гарын үсэг зурах үйл явц эхэлнэ. Энэхүү төсөл нь улс орны бие даасан байдалтай холбоотой стратегийн өндөр ач холбогдолтой” гэдгийг онцлов.

БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Коринн Пэрера

 

БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Коринн Пэрера хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа өргөжин, бэхжиж буйг онцолж, 2023 оны 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц Улсад айлчлах үеэр харилцаа холбооны үндэсний хиймэл дагуулын техникийн нөхцлийг тодорхойлох, гэрээний төсөл боловсруулах чиглэлээр тухайн үеийн ЦХХХЯ болон БНФУ-ын Талес Алениа Спейс компани хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан хамтын ажиллагааг эхлүүлсэн. Уг төслийн өртөг хэдий өндөр ч дунд болон урт хугацаандаа Монгол Улсад авчрах өгөөж нь хамгийн чухал юм. Үндэсний хиймэл дагуулын төслийг Франц Улсын зүгээс дэмжиж, хамтран ажиллаж байгаад бид бүхэн баяртай байна. Мөн уг төсөлд ашиглаж байгаа технологийн хувьд 2019 оноос олон улсад ашиглагдаж эхэлсэн бөгөөд АНУ, БНСУ, Индонез зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй улсууд хиймэл дагуулдаа ашиглаж байгаа технологи тул итгэж болно” хэмээн онцоллоо.

Exit mobile version