Nlive.mn

Кибер аюулгүй байдлыг хангах тусгайлсан төсөвтэй болно

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2024.10.22/ Төрийн ордонд боллоо. Хурлыг тус зөвлөлийн дэд дарга, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү даргалж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Санхүүгийн мэдээллийн технологийн төв зэрэг байгууллагын төлөөлөлүүд нэмэгдэж, шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдав.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү

Хурлаар Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал,  Кибер аюулгүй байдлын зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан,  цаашид кибер аюулгүй байдлын чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Төрийн байгууллагын мэдээллийн технологийн төсөвт Кибер аюулгүй байдлыг хангах зардлыг тусгуулах хэрэгцээ шаардлагын талаар тус зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаяр танилцуулж, хэлэлцүүлэв.

Кибер аюулгүй байдлын Зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаяр

Монгол Улс кибер аюулгүй байдалдаа 2021 онд 13.9 тэрбум төгрөг зарцуулсан бол 2024 онд 24 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Цаашид улсын төсвийн зардлын эдийн засгийн ангилалд кибер аюулгүй байдыг хангахад зориулсан төсвийн ангиллыг тусгах, кибер халдлага, зөрчил, цахим луйврын эрсдэлийг бууруулах стратеги батлах зэрэг асуудлыг зөвлөлийн гишүүд дэмжиж, тогтоол гаргав.

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээлэл солилцох чиг үүрэгтэй байгуулагдсан билээ.

 

Exit mobile version