Home Улс төр Ерөнхийлөгч Морин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ

Морин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ

0
Морин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгох тухай зарлиг гаргасан.

Зарлигт “Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх” заалт туссан юм.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр “Эгшиглэн” морин хуур хөгжмийн үйлдвэрт ажиллаж, морин хуур урлаачидтай уулзан морин хуур үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжийг ярилцлаа.

Улсын хэмжээнд 15 орчим морин хуурын урлан, 60 гаруй морин хуур урлаач бий бөгөөд жилд 3,000 орчим морин хуур үйлдвэрлэх хүчин чадалтай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гарснаас хойш морин хуур хөгжмийн эрэлт хоёр дахин нэмэгдсэн байна.

Морин хуур үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, морин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг аж ахуйн нэгжийн түвшинд хүргэн хөгжүүлэхийн тулд санхүүжилтийн хөнгөлөлттэй нөхцөлийг бүрдүүлэх, төрөөс бодлогоор дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг морин хуур урлаачид онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан “Эгшиглэн” үйлдвэрт ажилласан Боловсролын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн удирдлагууд нөхцөл байдалтай танилцаж, төрөөс үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал, мэдээлэл солилцсон юм.

Цаашид морин хуур урлах үндэсний арга, технологи, мастер урлаачдын ур чадварыг өвлүүлэн үлдээх, шинэ үеийн морин хуур урлаачдыг бэлтгэх, салбарын хүний нөөцийн асуудал тулгамдаж байгааг Морин хуур урлаачдын холбооны тэргүүн Б.Баярсайхан энэ үеэр хэллээ.

Морин хуурын мэргэжлийн урлаачийг бэлтгэхэд 5-10 жил, мастер урлаачийг бэлтгэхэд 15-20 жил зарцуулдаг гэдгийг “Эгшиглэн” хөгжмийн үйлдвэрийн захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Байгалжав онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт морин хуурын тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх заалт туссан. Энэ чиглэлд Боловсролын яамнаас Ажлын хэсэг гарган ажиллаж буйг Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал тэмдэглэв.

Түүнчлэн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд мужааны мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг морин хуур урлалаар мэргэшүүлэх боломжийг судалж, хамтран ажиллахаар боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үндэсний өв соёлоо хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн ач холбогдлыг онцолж, морин хуур хөгжмийг түгээн дэлгэрүүлэхэд бие, сэтгэлээ зориулж ирсэн морин хуур урлаачдад талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлигт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын олон улсын наадам”-ыг гурван жил тутам зохион байгуулах” гэж заасны дагуу Морин хуурын олон улсын наадмыг 2024 оны 07 дугаар сард Өмнөговь аймагт зохион байгуулсан.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here