Home Нийгэм Боловсрол 36 дахь удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

36 дахь удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

0
36 дахь удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын санаачилсан “Номын баяр”-ыг энэ жилээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байна.

Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагааныхаа хөтөлбөрт “Номын сайн нөхөр” хөдөлгөөн өрнүүлэхээр тусгаж, монгол хүнийг номтой нөхөрлөж соён гэгээрэх үйл явцыг нь дэмжих зорилго тавьсан юм.

“Илүү их уншъя” уриатай баярыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэр бээр ард иргэд, хүүхэд, залууст ном унших соёл, дадал хэвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурч хөгжих хүсэл эрмэлзлийг дэмжихэд “Номын баяр” чухал үүрэгтэй бөгөөд зохиолч, туурвигч, идэвхтэн бичигчид гол хөтөч, түүчээ нь гэдгийг хэллээ.

Ням гарагт өндөрлөх баярт дотоодын 500 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгчээс гадна Орос, Хятад, Солонгос, Польш Улсын төлөөлөл оролцож байна.

Энэ үеэр зохиолч, хэвлэн нийтлэгчид бүтээлээ нийтэд толилуулж, үзэсгэлэн, уралдаан, өдөрлөг, уншигч, зохиолчдын уулзалт, шинэ номын нээлт, сэдэвчилсэн бүтээлийн танилцуулга зэрэг үндэсний бичиг соёлоо сурталчилсан, ном унших идэвх, санаачилгыг өрнүүлсэн олон арга хэмжээ, соёл, урлагийн тоглолт болох юм.

Мөн зохиолч, хэвлэн нийтлэгчдийг урамшуулах, дэмжих зорилготой “Мэргэн ном” цомын эзнийг тодруулна. Баярын үеэр Ерөнхийлөгчийн ивээл дор эрхлэн гаргаж буй Монгол Улсын түүхийн 12 боть номын нээлт боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг юм.

 Хавар, намрын “Номын баяр”-ыг дунджаар 240 гаруй мянган хүн үзэж сонирхдог гэсэн судалгаа гарчээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here