Дархан-Уул аймаг Монгол Улсын анхны жишиг “Цахим аймаг” -ийн эхлэлийг тавилаа. Тус аймгийг 2023 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр жишиг “Цахим аймаг” болгох санаачилга дэвшүүлсэн бөгөөд энэ хүрээнд дарханчууд дижитал шилжилтийг салбар бүрд нэвтрүүлж, эдгээр өдрүүдэд үр дүнгээ олон нийтэд танилцууллаа.
Тус арга хэмжээг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын хойд нийслэл, Төв Азийн ирээдүйн том хот болох Дархан-Уул аймгаас жишиг “Цахим аймаг” концепцийг эхлүүлж байна. Дархан-Уул жишиг “Цахим аймаг” болж, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байгаатай адил энэ өдрөөс эхлэн төрийн үүд хаалга нээлттэй болж байна. Иргэн, аж ахуй нэгжүүд цаг хугацаа орон зайнаас үл хамааран төрийн үйлчилгээг авах боломжтой боллоо.
Цахим шилжилт хийгдсэнээр төрийн үйлчилгээ иргэдэд ойртож, төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхэх үйл явц багасаж, хээл хахууль, хүн суртал сууриараа алга болно. Тендерийг хиймэл оюун ухаанаар шалгаруулдаг болно. Дарханчууд үүнийг хамтарч хийж чадвал бусад аймгууд үлгэр жишээ авч, Монгол Улс авлигагүй, нээлттэй байх боломж бүрдэнэ. Энэ эхлэлийг дарханчууд өнөөдөр тавьж байна. Дархан-Уул аймгийн нэвтрүүлсэн 10 систем амжилттай хэрэгжиж чадвал ирэх жилүүдэд Монгол Улсын Засгийн газар энэхүү сайн жишгийг олон аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Цаашид улс орны хэмжээнд ухаалаг хот, ухаалаг аймагт шилжих ажил эрчимтэй хийгдэнэ” гэдгийг онцлов.
Дархан-Уул аймаг нь цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд дараах 10 системийг нэвтрүүлжээ. Үүнд
- Өгөгдөл солилцооны үндсэн систем
- Аж ахуй нэгдсэн систем
- Шуурхай удирдлага хяналтын систем
- Инженерийн систем
- Хогны машины хяналтын систем
- Цахим Дархан дашбоард
- Тээврийн хэрэгслийн танилт нэвтрэлтийн систем
- Төлбөр тооцооны систем
- Иргэдэд зориулсан аппликейшн зэрэг системийг нэвтрүүлж, “Дижитал Дархан” аппликейшнаар дамжуулан нэгдсэн удирдлагаар хангаж байна. Эдгээр системүүдийн үйл явцтай ЦХИХХ-ын сайд Ц.Баатархүү тэргүүтэй УИХ-ын гишүүд, яамны харьяа болон салбар байгууллагын удирдлагууд танилцлаа.
Дархан-Уул аймгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд хийгдсэн ажлуудтай танилцлаа
Дархан-Уул аймаг цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд 10 системийг нэвтрүүлсэн. Үүнийг нэг нь төлбөр тооцооны систем бөгөөд тус аймагт амьдарч буй өрх, түүнтэй холбоотой бүх тооцоог нэг цонхоор төлөх боломжийг бүрдүүлж өгчээ. Энэхүү систем нь Дижитал Дархан аппликейшнд холбогдсон бөгөөд тус аппликейшнээс дээр дурдсан 10 системийн үйлчилгээг авах боломжтой юм.