Nlive.mn

Монгол Улс цахим хөгжил, инновацын чиглэлд Казахстан Улстай хамтран ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Габит Койшибаевыг өнөөдөр (2024.08.28) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Казахстан Улсад Монгол Улсын олон стартап компани бойжиж, хөгжиж байгаад талархал илэрхийлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ Казахстан Улс нь цахим хөгжил, инновацийн чиглэлээр дэлхийд үлгэр жишээ орноор тооцогдож байгаа бөгөөд Ази тивийн стартап компаниудыг бойжуулж, дэлхийд гарахад дэмжиж ажиллаж буйг онцлоод Монгол Улсын стартап компаниуд Казахстан Улсад үйл ажиллагаа явуулах, Астана Hub –д туршлага солилцох хүсэлтэй байгааг уламжлав.

Мөн Монгол Улсын Засгийн газар бүх яамд, төрийн байгууллагуудын мэдээллийг нэг дороос авах боломжтой нэгдсэн цахим хуудсыг хөгжүүлж Казакстан улсын туршлагаас хуваалах хүсэлтэй байгааг онцлов.

Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Габит Койшибаев ЦХИХХ-ын сайд Ц.Баатархүүд хандаж, УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд гурван намын хамтарсан Засгийн газар байгуулагдаж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсонд баяр хүргэв. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртэй танилцсан, бүх яамд, төрийн байгууллагуудын нэгдсэн платформтой болох гэж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Казахстан Улсын зүгээс иргэдийн цаг хугацааг хэмнэсэн төрийн үйлчилгээг цахимжуулсан туршлага, төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас болон бусад олон асуудлаар туршлага хуваалцах, цаашид мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэлд дэмжин ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлсэн юм.

Exit mobile version