Nlive.mn

Халхын голын байлдааны ахмад дайчин Ц.Чимэдцэрэн Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан боллоо

Энэ өдрүүдэд Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ой тохиож байна.

“Суман дундуур гүйж явлаа” хэмээн дурсах Ц.Чимэдцэрэн гуай өдгөө 100 гаруй нас зооглож байна. Ялалтын ойн баярын хамгийн хүндтэй зочин тэр бээр Халхын голын байлдаанд сайн дураараа оролцсон 14-18 насны 16 охины нэг. Чөлөөлөх дайнд цэргийн сувилагчаар ажиллаж байсан ахмад дайчин юм.

Ц.Чимэдцэрэн гуай 1939 онд Халхын голын байлдаан эхлэхэд 15 настай, Баяндунгийн охидын түр сургуульд сурч байсан. “Гэнэтийн дайралт боллоо гэхийг сонсоод, дайн болж байгаа газарт очиж туслая. Юу хий гэснийг хийнэ” хэмээн бусдыгаа уриалан тэргүүн фронтод очиж байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар гардуулж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө.

    Тэрбээр түүхт ялалтын баярын хуралд оролцож, Монгол, Оросын ахмад дайчид, генерал, офицер, ахлагч, зочид, иргэдийн төлөөлөлд баяр хүргэлээ.

Энэ ялалт монголчууд нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг хамгаалах, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа баталгаажуулах үндсэн нөхцлийг бүрдүүлсэн түүхэн үйл явдал гэдгийг онцоллоо.

Мөн эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэн, түүхэн сургамжийг ирээдүй хойч үедээ өвлүүлж, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх ёстойг тэмдэглэв.

Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн Чойбалсан хотод ЗХУ, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөг нээж, Зөвлөлт, Монголын дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө.

Монгол, Оросын Зэвсэгт хүчний анги, салбаруудын цэргийн ёслолын жагсаалын өмнө Халхын голын байлдаанд оролцсон Монгол Ардын Хувьсгалт цэргийн нэгтгэл, ангиудын байлдааны тугийг залж, хүндэтгэл үзүүллээ.

Мөн энэ өдрүүдэд Монгол-Оросын хамтарсан байлдааны буудлагатай “Сэлэнгэ-2024” цэргийн сургууль боллоо. Сургуульд хоёр улсын хуурай зам, агаарын цэрэг, тусгай ажиллагааны 700 гаруй цэрэг, 200 орчим техник, хэрэгсэл оролцлоо. Энэ сургуулийг  2008 онд “Дархан”, 2011 оноос “Сэлэнгэ” нэртэйгээр хоёр улсын нутагт жил бүр зохион байгуулж байна.

Энэ нь хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, алба хаагчдын мэдлэг, дадлага, чадварыг нэмэгдүүлэх, зэвсэглэл-техникийн бэлэн байдлыг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Халхын голын түүхт ялалтын 85 жилийн ойн арга хэмжээ Халх гол суманд үргэлжинэ.

 

Exit mobile version