Засгийн газар Ц.Баатархүү: Төрийн цахим үйлчилгээний тоонд биш чанарт анхаарна admin - 8 сар 22, 2024 0 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “И-Монгол академи” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Тус академи нь төрийн 86 байгууллагын 1251 үйлчилгээг цахимжуулж, иргэд төрийн үйлчилгээг цаг хугацаа орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжийг бүрдүүлээд байна. Уулзалтаар И-Монгол академийн хийж хэрэгжүүлж буй ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудтай танилцан, үүрэг чиглэл өгч, санал солилцов. Энэ үеэр ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: “И-Монгол академи” УТҮГ-ын хамт олон үүрэг чиглэлийнхээ хүрээнд маш сайн ажилласан. Цаашид орон нутгийн иргэдийн дижитал ур чадварыг сайжруулах сургалтыг эрчимжүүлэх, зарим үйлчилгээг хувийн хэвшил рүү шилжүүлж, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж ирэх, e-mongolia системийн үйлчилгээнд дүн шинжилгээ хийж, үйлчилгээ авахад хялбар болгох, судалгаа, хөгжүүлэлт, мониторинг хийж, төрийн цахим үйлчилгээний чанарт анхаарах хэрэгтэй гэдгийг онцоллоо. Дашрамд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам И-Монгол академи нь Монгол Улсын Засгийн газрын 100 хоногийн ажлын төлөвлөгөөний хүрээнд Засгийн газрын нэгдсэн цахим хуудас, dashboard болон цаасгүй цахим төр болгох ажлыг хэрэгжүүлж байна.