Nlive.mn

“Дэлхийд үнэлэгдэх боловсон хүчнийг эх орондоо бэлдэнэ”

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү ШУТИС-ийн захирал Т.Намнан, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

ШУТИС нь шинжлэх ухаан,  мэдээллийн технологийн боловсон хүчнийг бэлдэж буй гол сургууль юм. Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж, үүнийгээ дагаад энэ чиглэлийн мэргэжлийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа тул суралцагчдын квотыг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага бий гэдгийг тус сургуулийн удирдлагууд салбарын сайдад уламжиллаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хууль батлагдсантай холбоотойгоор Монгол Улсад гаднын программ хангамжийн компаниуд хөгжүүлэлтээ хийдэг болох орчин нөхцөлийг бүрдүүлэх, түүнийг дагаад чадварлаг боловсон хүчнийг бэлдэх, Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам харилцан ойлголцож, энэ салбарын боловсон хүчнийг бодлогоор бэлдэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.

ШУТИС нь өнөөдрийн байдлаар ОХУ, БНСУ -тай хамтарсан 2+2 нийт 16 хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан, дата инженер, дата анализ зэрэг мэргэжлүүд эрэлт хэрэгцээтэй болсонтой зэрэгцээд дээрх чиглэлийн хөтөлбөрүүдийг шинээр бий болгож,  анхны төгсөгчдөө 2024 онд хүлээн авчээ.

Exit mobile version