Nlive.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хааж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:

“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм хүндэт зочид оо,

Эрхэм хүндэт наадамчид аа,

Хөх тэнгэрийн ивээл, хөрст дэлхийн хэвлийд, нар, хур тэгширсэн зуны сайхан цагт монголчууд бид төрт ёсны их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр, ёслол төгөлдөр сайхан тэмдэглэлээ.

Эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ шалгаж, эрэмгий цовоо хүүхдүүд аргамаг хүлгээ хурдлуулж, идэр чийрэг бөхчүүд эр бяраа гайхуулж, монгол түмэн төрт ёсоо хүндэтгэн, түүх соёлоо дээдэлж, сүлд хийморио бадраан, бахдам сайхан наадацгаалаа.

“Наадмын маргааш намар” гэж манай ард түмэн хэлдэг билээ.

Тиймээс аливаа ажлын бэлтгэл амжилт бүтээлийн үндэс байдгийг сайтар санаж, намрын ажил, өвлийн бэлтгэлээ одооноос базаан, төр, засаг, түмэн олноороо эрч хүчээ нэгтгэн улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе.

Монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулах учиртай.

“Хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт бат бөх, хорин хүн эвгүй бол нурсан балгас мэт хэврэг” хэмээн Эзэн Чингис хаан сургасан билээ.  

Их хааныхаа энэхүү сургаалыг даган мөрдөж, эв эеэ сахин, эх орны хувь заяа иргэн таны гарт бий гэдгийг ямагт санаж, улс орныхоо хөгжил дэвшил, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө өндөр заяат улс Монголоо хамтдаа хөгжүүлэх учиртай.

Аргамаг хүлгүүд нь хурдан, аварга бөхчүүд нь хүчтэй, эрэмгий харваачид нь цэцтэй, хотол олноороо бахдалтай, өндөр төр, өргөн түмний их баяр цэнгэл – Үндэсний их баяр наадам ийнхүү цог хийморь дүүрэн, ёслол төгөлдөр өндөрлөж байна. 

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

Exit mobile version