Nlive.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв.

Бүгд Найрамдах Беларусь Улсын төрийн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Айлчлалын үеэр байгуулах “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бататгах, найрсаг харилцааг хөгжүүлэх суурь баримт бичиг мөн болохыг тэмдэглэв.

Хэлэлцээний үеэр Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан зорилтууд болон “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах талаар ярилцлаа.

Худалдаа, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, онцгой байдал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.

Талууд төрийн айлчлалын үеэр хийсэн хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард иргэдийн сайн сайхны төлөө биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.

Exit mobile version