Nlive.mn

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког  Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй  мэндчилэв.

Хоёр орны Ерөнхийлөгч угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улсын  болон Бүгд Найрамдах Беларусь Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчиллээ.

Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.

Хоёр улс 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд беларусийн талаас Монгол Улсад анх удаа Төрийн тэргүүний түвшинд айлчилж байна.

Exit mobile version