Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх орондоо хар тугалганы батарейг дахин боловсруулах үйлдвэр байгуулсан “Электрокем Монгол” ХХК-д ажиллалаа.
Тус компани ХБНГУ, БНЭУ, Италийн өндөр технологи бүхий, хар тугалганы батарейг дахин боловсруулах үйлдвэрээ нэг сарын өмнө ашиглалтад оруулсан байна. Үйлдвэр жилд 800 мянган ширхэг буюу 12 мянган тн батарей дахин боловсруулах хүчин чадалтай, энэ нь ойрын 10 жилд ч ашиглалтаас гарах бүх батерейг дахин боловсруулж чадна гэсэн үг юм.
Үйлдвэр технологийн хаягдал гаргадаггүй, хэрэглэсэн усаа цэвэрлэж дахин ашигладаг, ижил төстэй бусад үйлдвэртэй харьцуулахад 30 орчим хувийн бага дулаан, цахилгаан зарцуулдаг зэрэг давуу талтайг компанийн удирдлагууд танилцууллаа.
“Электрокем Монгол” ХХК батарейны хайрцгийг дахин боловсруулж, полипропилен хуванцар гарган авч хуванцар поддон, арматурын тусгаарлагч үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн байна.
Тухайлбал жилд 5,000 тн батарей дахин боловсруулж 360 тн полипропилен хуванцар гарган, 36 мянган ширхэг хуванцар поддон үйлдвэрлэх боломжтой. Энэ нь модон поддоныг орлох бөгөөд ашиглалтын хугацаандаа 4,000 орчим нарс модыг тайрахаас хамгаална гэсэн үг юм.
Жилд мөн тооны батарей дахин боловсруулж, түүнд агуулагдах 1,000 тн хүхрийн хүчлийн уусмал хаягдахаас сэргийлж, 200 орчим тн гөлтгөнө үйлдвэрлэх юм байна.
“Электрокем Монгол” ХХК өмнө буюу 2018 оноос үүрэн телефон компаниудын болон тээврийн хэрэгслийн ашиглалтаас гарсан батарейг дахин сэргээх үйлчилгээ үзүүлж байжээ.