Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Морин хуур” үндэсний анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Соёлын салбарын хөгжлийн бодлого, хэрэгжилт”, “Морин хуур ба хөгжмийн зохиолчдын уялдаа холбоо”, “Морин хуур урлал, түүнийг тойрсон асуудлууд”, “Морин хуур-Өнөөгийн байдал” сэдвээр илтгэл сонсож, хэлэлцэх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх анхдугаар чуулганыг нээж үг хэлэхдээ, морин хуураа хөгжүүлэн дэлгэрүүлэх их үйлсийг бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:
“Эрхэм хүндэт морин хуурчид аа,
Эрхэм хүндэт морин хуур урлаачид, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид аа,
Эрхэм хүндэт үндэсний соёлоо өвлөн уламжлагчид, түгээн дэлгэрүүлэгчид ээ.
Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэстний бахархал, монголчууд бидний түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурынхаа хөгжил дэвшил, цаашдын ирээдүйг хэлэлцэхээр улс орныхоо өнцөг булан бүрээс Төрийнхөө ордонд хуран цугласан Та бүхэнд энэ бэлгэт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Хос чавхдасаараа хорвоо дэлхийг уярааж, хүмүүний сэтгэлийг хөглөх увдистай, монгол үндэсний соёл урлагийн хосгүй хөгжмийн зэмсэг морин хуур бол тал нутгийн монгол аялгууны үндэс, монгол хөгжмийн хаан, монголчууд бидний өв соёл, үнэт зүйл бөгөөд морин хуурын хөг аялгуу монголчууд бидний зүрх сэтгэлд хоногшин, эх орны газар шороо, нутаг ус, өв соёл, үүх түүх, нүүдлийн соёл иргэншлийн дүр зургийг уран яруу буулгаж, баатарлаг өвөг дээдсийн бахдам гавьяаг монгол түмний ой санамжид ямагт сануулж байдаг билээ.
Үеийн үед “Та монгол хүн шүү, та монгол үндэстэн шүү” хэмээн мэдрүүлж байдаг морин хуураа аялгуулан эгшиглүүлж, алдаршуулан хөгжүүлж, үр хойчдоо өвлүүлэн уламжлуулж, дэлхий дахинаа сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь монголчууд бидний эрхэм чухал үүрэг мөн.
Тиймээс сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Монгол төр морин хуурынхаа хөгжлийг төрийн бодлогын түвшинд онцгойлон анхаарч ирсэн.
1992 онд төр, засгийн бодлого, түмэн олны дэмжлэг, Төрийн тэргүүний шийдвэрээр Төрийн хан хуурыг бүтээн залж, Засгийн газрын тогтоолоор Морин хуурын чуулгыг байгуулж, улмаар 2002 онд Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх Ерөнхийлөгчийн зарлиг гарч байсан түүхтэй.
Мөн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч ерөнхий боловсролын сургууль, дотоод, гадаадын соёлын байгууллагууд морин хуурын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, морин хуур урлал, үйлдвэрлэлийг дэмжих, монгол айл бүр морин хуураа эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургахыг уриалсан, олон чухал агуулгыг тусгасан “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн.
Монгол Улсын Засгийн газраас тус зарлигийн хүрээнд холбогдох тогтоол, шийдвэр гаргаж, бодит ажил хэрэг болгохоор ажиллаж байна.
Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуур” үндэсний анхдугаар чуулган зохион байгуулж байгаа нь морин хуураа эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх энэхүү үйл хэрэг төр, засгийн бодлого, түмэн олны дэмжлэгтэйгээр өргөжин тэлж, тодорхой үр дүнд хүрч байгаагийн бас нэгэн бодит илрэл юм.
Чуулганы бэлтгэл ажлын хүрээнд холбогдох яам, төрийн захиргааны байгууллагууд мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачидтайгаа хамтран чиглэл чиглэлийнхээ дагуу урьдчилсан хэлэлцүүлгүүд, эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулсан бөгөөд өнөөдрийн чуулганаар санал, зөвлөмжөө нэгтгэн танилцуулах гэж байна.
Анхдугаар чуулганаар морин хуурыг түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт тулгамдаж буй асуудлууд болох мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, материаллаг баазыг нэмэгдүүлэх, сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, холбогдох төсөв, санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг хэлэлцэн ярилцаж, санал зөвлөмж боловсруулан, холбогдох яамдад хүргүүлж, төрийн бодлого, үйл ажиллагаанд тусган ажиллах явдал чухал байна.
Мөн морин хуураа Монголд төдийгүй дэлхий дахинаа сурталчлан таниулж, заан сургахад авьяас билиг, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа Та бүхэн хамтын зохион байгуулалтад орж, “Морин хуурын нэгдсэн холбоо” байгуулан, төр засаг, түмэн олныхоо дэмжлэгийг хүлээж, зүрх сэтгэлээрээ хамтран ажиллахыг уриалж байна.
Түүнчлэн манай эрдэмтэн судлаач, багш мэргэжилтнүүд морин хуурынхаа үүх түүх, өв соёлыг шинжлэн судалж, судалгааны ном бүтээл туурвих, заавал сурах ая дууны жагсаалт бүхий сургалтын хөтөлбөр, сурах бичиг зохион хэвлүүлэх зэргээр дотооддоо төдийгүй олон улсад морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, заан сургах ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатай байна.
Мөн молор эрдэнийн бэлгэдэлт морин хуурын аялгуу айл бүрийн хойморт эгшиглэн хөгжиж, монгол өв соёл, зан заншил үеийн үед түгэн дэлгэрч байх үүднээс Төрийн хан хуурч байдагтай адил монгол айл бүр өргөө гэрийн хуурчтай болохыг нийт ард түмэндээ уриалж байна.
Монголчууд бид морин хуураа хүндлэн дээдэлж, эрхэмлэн залахын зэрэгцээ суралцан эзэмшиж, хуурдан эгшиглүүлж байх учиртай.
Эрхэм хүндэт чуулганд оролцогчид оо,
Монгол Төрийн тэргүүн Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэстний бахархал болсон морин хуураа дээдлэн дэлгэрүүлж, ард түмнийхээ үндэсний ухамсар, соёл сэтгэлгээг хөгжүүлэн сэргээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн, монгол түмний өв соёл, үнэт зүйлийг сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулгад Төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээсэн билээ.
Эзэн Чингис хаанаараа овоглох эрхэм дээд алдар хүртсэн “Морин хуур” найрал хөгжмийн хамт олонд Та бүхэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс дахин баяр хүргэж, морин хуураа хөгжүүлэх их үйлсэд нь амжилт хүсье.
Мөн монгол түмний бахархал, морин хуураа эрхэмлэн дээдэлж, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт нэгэн насныхаа амьдралыг зориулан, хичээл зүтгэл гаргаж яваа эрхэм хүндэт Та бүхнийхээ ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.
Тал нутгийн монгол аялгууны үндэс, монгол хөгжмийн хаан морин хуураа хөгжүүлэн дэлгэрүүлэх их үйлсэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн Та бүхнийг бүх талаар дэмжиж, хамтран ажиллах болно.
Хорвоод хосгүй морин хуурын монгол аялгуу дэлхий ертөнцөд уянгалан эгшиглэж, хүн төрөлхтнийг уяраан баясгаж, өнө мөнхөд аялгуулан дуурьсаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэжээ.