Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” Төрийн ордонд болж байна.
Чуулганаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хөгжилд эмэгтэй ахлагч нарын манлайлал, оролцоо, ахлагч нарт тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замыг ярилцаж, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх чуулганд оролцон, эх орон, төр, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө эрчүүдтэй мөр зэрэгцэн хүчин зүтгэж буй эмэгтэй ахлагч нарт талархал илэрхийллээ.
Монгол Улс НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор 17 дугаарт эрэмбэлэгддэг бөгөөд цэнхэр дуулгатан эмэгтэй алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг олон улс өндөр үнэлж байдгийг онцлов.
Иймээс ахлагчийг бүх талаар дэмжих, мэргэжлийн түвшинд бэлтгэх, чадавхжуулан хөгжүүлэх, гэр бүл, нийгмийн хамгааллын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор 2024 оныг “Ахлагчийн жил” болгосон юм.
“Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт”-д 500 гаруй алба хаагч оролцож байна.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 10 гаруй хувийг эмэгтэй ахлагч нар эзэлдэг. Цэргийн тэтгэвэр тогтоолгож байгаа эмэгтэй ахлагчийн дундаж нас 42, ажилласан жил 20 байна.