Nlive.mn

“Кибер аюулгүй байдлын төлөвлөлтийн загвар стандарт-2024” семинар зохион байгуулагдаж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (Жайка)-тай хамтран “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр (2024.01.25) “Кибер Аюулгүй Байдлын Төлөвлөлтийн Загвар Стандарт-2024” ээлжит семинарыг зохион байгуулж байна.

Семинарыг нээж ЦХХХЯ-ны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Насанбат үг хэлэн, Монгол Улсын Засгийн газраас кибер аюулгүй байдлын чиглэлээр баримталж буй стратеги, үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Мөн “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийн зохицуулагч Фүживара Аи төслийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийв.

Кибер аюулгүй байдлын чиглэлээр олон улсад хэрэгждэг стандарт, баримт бичгийг таниулах зорилготой энэхүү семинарт төрийн захиргааны онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага, их дээд сургуулийн кибер аюулгүй байдлын асуудал хариуцсан нийт 100 гаруй албан хаагч оролцож байна.

Exit mobile version