Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт хүндэрсэн үед төр засгаас авч хэрэгжүүлж буй шийдвэрийн биелэлтэд үнэлэлт, дүгнэлт өгч, шаардлагатай арга хэмжээг авахаар Төв, Хэнтий аймгийн зарим сумд болон нийслэлийн Багануур дүүргийн зарим малчинтай уулзлаа.
Төв аймагт өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад өвөлжилт өнтэй байгааг Баяндэлгэр сумын малчид хэлж байв. Аймгийн ЗДТГ-аас малчдыг хоршооллын хэлбэрээр ногоон тэжээл тариалах боломжоор хангасан тул малчид өөрсдийн хэмжээнд хивэг, тэжээл бэлтгэжээ.
Нийслэлийн Багануур дүүрэгт энэ жил 775 өрхийн 169 мянган толгой мал өвөлжиж байгаа бөгөөд нийт нутгаар хөр цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндрэх нөхцөл үүссэн байна.
Шадар сайд Төв аймгийн Баяндэлгэр сумын залуу малчин П.Эрдэнэбат, Багануур дүүргийн малчин С.Даваасүрэн, Хэнтий Цэнхэрмандал сумын малчин Д.Машбатын хот айлаар зочилж, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулан, малчдын санал бодлыг нь сонссон юм.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан малчдад тулгамддаг гол асуудал хүн хүчний хомсдол байдаг учраас “Хот айл” загвар төслийг НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, малчдыг хот айлаараа нэгдэж хорших жишиг тогтоохоор бодлогын ажлууд хийгдэж байгааг хэллээ.
Аймаг дундын отрын бүс нутагт Хэнтий, Төв, Архангай, Говь-Алтай, Ховд, Баянхонгор, Говьсүмбэр аймаг болон нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн 532 өрхийн 288.7 мянган мал отроор өвөлжиж байгаа талаар Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав мэдээллээ.
Д.Машбат “Өнгөрсөн жил өвөлжилт хүндэрч, зүтгүү орсон тул энэ жил бог малаа айлд тавьж, өөрсдөө үхэр сүргээ өвөлжүүлж байна. Энэ жил өнгөрсөн жилийнхээс цас багатай ч намар эрт эрс хүйтэрч, мөсөн бүрхүүл тогтсон нь малд халгаатай байна” гэлээ. Мөн оны өмнө хивэг, тэжээлийн үнэ өсөж 30 мянган төгрөгөөс даваад байсан бол өнөөдрийн байдлаар 25 мянган төгрөг болж буурч байна гэлээ.
УОК-оос Төв, Хэнтий аймагт нөхцөл байдалд нь үнэлэлт дүгнэлт өгч, шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүллээ. Тодруулбал,
Хэнтий аймагт Улсын нөөцөөс туулах чадвар сайтай автомашин, 20 тн шатахуун болон 175 тн тэжээл хөнгөлөлттэй үнээр олгох бол Төв аймагт Засгийн газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор Улсын нөөцөөс 100 тонн хивэг, 130 тонн хорголжин тэжээл тус тус олгохоор шийдвэрлэсэн.
Харин нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэгт тус шийдвэрээр 200 тн хорголжин тэжээл, 100 тн хивэг олгох юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.