Home Нийгэм Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурриг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурриг хүлээн авч уулзав

0
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурриг хүлээн авч уулзав

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл 2023 онд дуусгавар болж байгаатай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.12.11) тус агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурриг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар манай улсын хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах, парламентын ардчиллыг бэхжүүлэх, төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэрэг Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтой олон салбарт дэмжлэг үзүүлж ирсэн Швейцарын хөгжлийн агентлаг, тэр дундаа хатагтай Стефани Буррид Монгол Улсын Их Хурал болон өөрийн нэрийн өмнөөс гүнээ талархаж байна гэв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал ардчилсан, зөвлөлдөх, цахим парламент байх зорилтын хүрээнд d.parliament.mn цахим платформд нийтийн өргөдөл хүлээн авах petition.parliament.mn системийг  амжилттай нэвтрүүлснээр хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад дэвшилтэт тэргүүн туршлага болсныг тэмдэглэж, өнгөрсөн 6 жилийн хугацаанд манай хоёр улсын парламентын Тамгын газрууд “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” I, II дугаар шатны төслийг хэрэгжүүлээд байна. Эдгээр төслийн хүрээнд Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Улсын Их Хурлын Тамгын газрын чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд дахин талархал илэрхийлэв.

Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Монголын парламентын хууль тогтоох, хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэхэд чиглэгдсэн төслүүд нь тогтвортой, амжилттай үргэлжлэхэд Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газрын удирдлагуудын алсын хараатай манлайлал чухал байсныг онцлов. Тэрбээр хэлэхдээ, Швейцарын хөгжлийн агентлаг 2024 оноос төсөл, хөтөлбөрүүдээ албан ёсоор зогсоох шийдвэр гаргасан. Нэг хаалга хаагдахад, нөгөө хаалга үргэлж нээгддэг гэдэг сайхан үгс бий. Монгол Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран хэрэгжүүлсэн өмнөх төсөл, хөтөлбөрүүд маань амжилттай хэрэгжсэн тул дараагийн шатны хамтын ажиллагааг бид 2024 онд үргэлжлүүлэхээр төлөвлөж байгааг дуулгахад таатай байна. Бид зөвхөн хамтран ажиллаад зогсохгүй парламентын ардчиллыг бэхжүүлэх Монголын туршлагаас суралцах зүйл их байна гэлээ.

Талууд өнгөрсөн 6 жилийн хугацаанд хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийх тогтолцоог бүрдүүлэх, парламентын хяналт шалгалтын процесс, арга зүйг сайжруулах чиглэлээр тогтвортой, хамтран ажилласан үр дүнг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Швейцарын хөгжлийн агентлаг нь Монгол Улсад ардчилсан парламентын засаглалыг хөгжүүлж, төвлөрлийг сааруулах, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран ажиллаж, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь”, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь”, “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” зэрэг төслийг амжилттай хамтран хэрэгжүүлсэн. 2016-2021 онд “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн нэгдүгээр үе шатанд Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиуд, Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг шинэчлэхэд техникийн дэмжлэг үзүүлж, хуулийн хэрэгжилтэд парламентын хяналт тавих чадавхыг сайжруулах чиглэлээр Швейцар, Монголын парламентын Тамгын газрууд хооронд техникийн хамтын ажиллагааг эхлүүлсэн. Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хооронд хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлээд байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here