Site icon Nlive.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах зөв, зүйтэй санал, санаачилгыг бүх талаар дэмжинэ

2023 оны арванхоёрдугаар сарын 08. Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойн хүрээнд "Хүний эрхийн Үндэсний Форум-2023" Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байна. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн үндэсний форум- 2023” Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх форумд оролцогсдод амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уламжиллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах тогтолцоо, бодлого, хэрэгжилт нь тасралтгүй үргэлжилж байх ёстой гэж үздэг бөгөөд энэ чиглэлээрх зөв зүйтэй санал, санаачилгыг бүх талаар дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хангаж хамгаалах тогтолцоог өөрийн орны эрх зүйн өвөрмөц онцлогийг харгалзан боловсронгуй болгох, хүний эрхийг баталгаатай хангаж байхын төлөө төрийн байгууллага, албан тушаалтнууд цаг ямагт хичээж ажиллах нь чухал байгааг тэмдэглэжээ.

Эх нялхас, хүүхдийн язгуур эрх, ашиг сонирхлыг тэргүүн зэрэгт хангаж байх, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, байгаль орчноо хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах чиглэлд дорвитой ахиц гаргах шаардлагатай.

Мөн кибер аюулгүй байдал, цахим орчин дахь хүний эрхийн зөрчилтэй тэмцэх, зөрчигдсөн эрхийг сэргээх эрх зүйн орчныг олон улсын сайн туршлагад үндэслэн бүрдүүлэх шаардлагатай гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Нөгөө талаар иргэн бүр эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдлыг сахиж, бусдын эрхийг хүндэтгэн, хэв журмыг чанд баримталж байх, хүмүүнлэг, энэрэнгүй, сахилга, хариуцлагатай, зохион байгуулалттай нийгэм бүтээхийн төлөө хамтдаа хичээн зүтгэхийг уриалжээ.

Exit mobile version