Nlive.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Унгар Улсын Ерөнхийлөгч Каталин Новак-тай уулзлаа

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Унгар Улсын Ерөнхийлөгч Каталин Новак-тай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, олон улсын зарим асуудлаар санал солилцов.

Уулзалтаар талууд Монгол, Унгарын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамж хадгалагдаж, хоёр талын харилцаа олон салбарт идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Цаашид хоёр улсын хөгжлийн бодлогод тусгасан харилцан уялдаа бүхий зорилтуудыг хэрэгжүүлэх замаар хамтын ажиллагааг тэлэх боломжийн талаар ярилцлаа.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол зэрэг олон улсын хамтын нийгэмлэгт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүчин чармайлтад хувь нэмрээ оруулан хамтран ажиллахаа талууд нотлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Унгар Улсын Ерөнхийлөгч Каталин Новак-ийг ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Дэлхийн эмэгтэй манлайлагчдын чуулган”-д оролцохыг урив.

Exit mobile version