Home Улс төр Засгийн газар Хуулиар тусгайлан эрх олгосон заалт, Захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

Хуулиар тусгайлан эрх олгосон заалт, Захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

0
Хуулиар тусгайлан эрх олгосон заалт, Захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад авч, зургаан сарын хугацаагаар дахин онцгой дэглэм тогтоолоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дахин үргэлжлүүлэн компанийн үйл ажиллагааг жигдрүүлж, цаашид хэвийн, тогтвортой ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, нүүрсийг биржээр дамжуулан худалдах үйл ажиллагааг тогтворжуулан улс орны эдийн засгийг эрчимжүүлэх болон компанийн удирдлагыг мэргэшсэн, чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдүүлж, засаглалыг сайжруулах, үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх, нөхцөл бололцоог хангуулах шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо.
Онцгой дэглэмийн хугацаанд компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томиллоо.
Онцгой дэглэмийн нэг жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тн нүүрс борлуулан, төсөвт 3.0 их наяд төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлсэн байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн онцгой бүрэн эрхт төлөөлөгч Засгийн газрын 2022 оны 362, 385 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс олборлолт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг хангах, нүүрсийг хил нөхцөлөөр биржээр арилжих, шаардлагатай төсөл хөтөлбөрийг эрэмбэлэн хэрэгжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Тухайлбал,
-Нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулж, нүүрсний үнэ, борлуулалтыг нэмэгдүүлсэн.
-Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдсэн.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаас нүүрс дутсан асуудлыг эцэслэн шийдвэрлэв.
-Нүүрс худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг өөрчлөн, уурхайн ам нөхцөлөөс, хил нөхцөлд шилжүүлэв.
-Уулын ажил гүйцэтгэх зардлыг бууруулав.
-Компанийн өр төлбөрийг барагдуулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэв.
-Ил тод байдлыг хангах үүднээс нууцад хамруулсан төслийн гэрээнүүдийг ил тод болгов.
-Уурхайн хүчин чадлыг өсгөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, өртөг, зардлыг бууруулах төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх бодлого баримтлан ажиллав.
-Хууль зөрчсөн байж болзошгүй тохиолдлуудыг хяналт, шалгалтын байгууллагад гомдол гарган шилжүүлсэн.

Хуулиар тусгайлан эрх олгосон заалт, Захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хууль зүй, дотоод хэргийн яам захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт 2023 онд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын тайлан, Ерөнхий сайдын 2023 оны 133 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн танилцуулга, Ерөнхий сайдаас өгсөн шуурхай үүргийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хийсэн “Хуулиар тусгайлан эрх олгосон заалтын судалгаа”-г тус тус нэгтгэн  цаашид авах арга хэмжээний талаарх саналаа Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Монгол Улсад нийт 437 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тэдгээрээс Улсын Их Хурал нийт  318 хуулийн 2493 заалтаар захиргааны хэм хэмжээний акт батлах эрхээ холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 111 байгууллагын 2357шийдвэр бүртгэлтэй, харин хуулиар тусгайлан эрх олгосон боловч шийдвэр нь батлагдсан эсэх нь тодорхойгүй  850 хуулийн заалтын хэрэгжилт хангалтгүй байгаа нь хуулийг нэг мөр хэрэгжүүлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх, тэгш байдлын зарчмын хэрэгжилт хангалтгүй байна гэж үзэж байна.
Ач холбогдлоо алдаж дагаж мөрдөхгүй болсон, эрх зүйн үйлчлэлийн хугацаа дууссан, хууль тогтоомжтой давхардсан, зөрчилдсөн Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хүргүүлсэн дүгнэлтийн дагуу хуульд нийцүүлэхээр ажиллагаа хийгдэж байна гэсэн хариу ирүүлсэн шийдвэрүүдийг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан хүчингүй болгох, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй  шийдвэрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн үр дүнгийн тайланг үндэслэн зарим эрх бүхий албан тушаалтны нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг Ерөнхий сайдын захирамжаар хүчингүй болгохоор боллоо.
Хуулиар Засгийн газарт эрх олгосон 642, төрийн захиргааны төв байгууллагад эрх олгосон 919, төрийн захиргааны байгууллагад эрх олгосон 258 заалтыг тус бүр хоёр дахин бууруулах чиглэлийг Ерөнхий сайд өглөө.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд авч хэрэгжүүлнэ. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө баталж, хэрэгжүүлж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин нарт даалгалаа.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд өвлийн улирлын амралтаар хэрэгжүүлэх үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулах, салбаруудын төлөвлөгөөнд тусган салбар дундын зохицуулалтыг сайжруулж дотоодын аялал, жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй үнийг иргэдэд санал болгож ая тухтай амрах нөхцөл боломжийг, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар сайжруулахаар төлөвлөж байна.

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэнэ
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэх талаар зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр холбогдох албан тушаалтанд даалгалаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулах, шүүхийн шийдвэр шуурхай биелүүлэхгүй байгаа байдлыг таслан зогсоох чиглэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах болон хяналт тавих эрх бүхий этгээд нотлох баримт, үндэслэлгүйгээр иргэнийг хорьж, мөрдөж байгаа явдлыг зогсоох зорилгоор Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, ирэх сард багтаан тус тус танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт даалгалаа.
Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 72 хувь нь геологи, уул уурхай, газрын тосны салбарт, 11 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбарт, 17 хувь нь бусад салбарыг эзэлж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд шинээр хөрөнгө оруулалт татахаас гадна нэгэнт хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, үүссэн асуудлыг хуулийн дагуу шуурхай шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх нь чухал. Олон улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалын 50 орчим хувийг дахин хөрөнгө оруулалтын орлого бүрдүүлдэг байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here